Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АНУ пуужингийн туршилтаа зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн Зөвлөгөө: ​Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө ОБЕГ: 75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ Улсын Харцага Т.Баасанхүү Лигийн анхны барилдааны аварга боллоо Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа АНУ пуужингийн туршилтаа зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн Зөвлөгөө: ​Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө ОБЕГ: 75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ Улсын Харцага Т.Баасанхүү Лигийн анхны барилдааны аварга боллоо Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа
Улс төр
2021.06.16 09:06

Энэ зуны улс төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд МАН-ын дарга У.Хүрэлсүх ялалт байгууллаа. Сонгуулийн дараа ид өрнөж байгаа сэдэв бол коронавирусийн халдварын тархалт. Зургадугаар сарын 15-наас корона эрс буурч цэгцэндээ орно гэж эрдэмтдийн баг тодорхойлсон гээд байсан ч тэр өдөр нь болчихоод байхад урьдынхаас илүү халдвар тархсаар өдөртөө хоёр мянга хол давсан тоо сонсох боллоо. Үүнтэй зэрэгцээд өнгөрсөн жил өнжсөн наадмаа энэ жил хийх үү, үгүй юү гэдэг маргаан дэгдлээ. Байдал иймдээ тулж байхад наадам хийгээд хэрэггүй гэж иргэд эсэргүүцэж байна. Зарим улстөрч наадмыг наймдугаар сард хийсэн ч болно гэсэн санал хэлж байх юм. Ардын хувьсгалын 100 жилд, МАН-ын зуун жилийн ой, шинэ Ерөнхийлөгч наадмаар нээлтийн үг хэлэх зэрэг хэд хэдэн давхацлаас болоод наадмаа хийх сонирхол эрх баригчдад их байх шиг.

Ковидын хажуугаар баахан сонгуульдсан ч Монголын улс төр бужигнасаар байх нь. Бидний амьдрал сонгуулиас сонгуулийн хооронд өрнөж байх шиг. Сонгуульд зориулсан улс төрд нь тааруулж л өдөр хоногоо өнгөрөөх болж. Ерөнхийлөгчийн сонгууль дуусаад хэсэг амсхийх нь үү гэтэл дахиад л сонгууль. Сонгинохайрханы 28 дугаар тойрогт Д.Сумъяабазарын оронд нөхөн сонгууль болох байсан бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор Хэнтийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нь. Нөхөн сонгуулиас гадна намуудын дарга, генсек хэн болохов, Ерөнхийлөгчийн баг яаж бүрдэхэв, Засгийн газар солигдох уу, яахав гээд л бужигнах нь дээ. Ирэх аравдугаар сарын арван нэгэнд нөхөн сонгууль болох товтой байгаа. АН, ХҮН-ын хувьд сонгуульд ялагдсан учраас одоогийн намын дарга генсек нь хариуцлага хүлээх үү гэсэн асуудал бий. МАН-ын хувьд намын дарга нь Ерөнхийлөгч болсон учраас түүний оронд хэн очих вэ гэдэг анхаарал татаж буй.

ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ДАРААЛСАН ЯЛАЛТ БУЮУ МАН ДАХЬ УЛС ТӨР

Сүүлийн сонгуулиудаар МАН бүх шатандаа ялалт байгуулсан. УИХ-д олонх болж, Засгийн газраа байгуулж, Орон нутгийн эрхийг авлаа. Сая Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа. Мэдээж энэ бүхнийг зөв стратегиар удирдаж сонгуульдсан хүн бол Д.Амарбаясгалан. С.Баярын дараах стратегич гэж ам урцалдан магтуулахад хүрсэн нь МАН-ын дараалсан ялалтууд. Маргах юм алга. Түүний уран нүүдлүүд энэ олон сонгуулийг ялалтаар төгсгөлөө. Генсекийнхээ ажлыг солих боломж ялалт бүрийн ард түүнд нээлттэй байсан. Гэвч намын гал тогоог манаж үлдсэн нь МАН-д хэрэг боллоо. Энэ удаа харин яах бол. Намын даргын ээлжит өрсөлдөөн дотооддоо өрнөсөн энэ үед дараагийн намын дарга хэн бэ гэдэг асуудал хурцдаад байна. МАН-ын дараагийн даргад Д.Амарбаясгалангийн нэр дуулдаад эхэлсэн. Дүрмээрээ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын даргаа авах ёстой. Гэвч коронагийн нөхцөл байдал, зарим сайд нарын алдаатай үйл ажиллагааг илт шүүмжлээд ирвэл Засгийн газар цаашид яах бол гэсэн асуулт гарч ирнэ. Үүн дээр улстөржилт ч нөлөөлнө. Бүр цаашлаад ирэх аравдугаар сар хүртэл барьж байгаад Засгийг огцруулах нь гэсэн мэдээлэл явж байгаа. Хэдийгээр Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс дуртай нь өөрчлөөд байх боломжгүй хуультай болсон ч аль цоорхойг хэлж барахав дээ. Хүсвэл унагаж л орхино.

Сү.Батболд, М.Энхболд нар Засгийн газрыг цаашлаад намын даргыг авч өөрсдийн хүмүүсээрээ бүрдүүлэх нь гэдэг бол зориудаар тарааж буй мэдээлэл юм. Д.Сумъяабазарын хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй дөрөө нийлүүлж яваа. Нэг сая хүнтэй хотын дарга коронагийн тархалт ихсээд байгаад анхаарал хандуулах шаардлагатай байна. Эрүүл иргэдтэй байж л ажил, амьдрал цааш явна шүү дээ. Тэрнээс аж ахуйн ажил яриад л Онцгой комисс, Эрүүл мэндийн сайд руу бурууг чихээд өөрөө сугарч үлдэж болохгүй. Коронатай хүчтэй тэмцэж үлгэрлэл манлайлал үзүүлмээр байна. Коронагийн тархалтыг сонгууль, одон медаль тарааж бөөнөөр нь тарааж байгаатай холбон иргэд дургүйцэж байгаа. Намын даргын төлөөх марафонд нэр нь яригдаж байгаа хүний нэг нь хотын дарга Д.Сумъяабазар. Тэрээр өөрөө биш байлаа гэхэд Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ. Л.Оюун-Эрдэнийн хувьд намын дарга болохын тулд хотын намын хорооны гишүүдийн дэмжлэг хэрэгтэй. Тиймээс Д.Сумъяабазартай энэ тал дээр хамтарна. Бас нэг мэдээлэл нь Засгийн газрыг хөдөлгөхийн тулд хамгийн түрүүнд Байгаль орчны сайд, Соёлын сайд хоёрыг золионд гаргах гэж МАН-аас АН-ын УИХ дахь гишүүдэд захиалга өгсөн гэх. Нэг үгээр хүний гараар могой бариулах тактик. Ингэж сайд нарын золигт гаргаад дараагийн Ерөнхий сайд, намын даргыг гаргаж ирэх хувилбар явж байна. Бүр аравдугаар сард Засаг унаж, МАН-д том хөдөлгөөн өрнөнө гэж үзэж байна. Намын даргад яригдаж байгаа нэг хүн нь Ч.Хүрэлбаатар. Ч.Хүрэлбаатарын хувьд аль ч фракцаас дэмжлэг авах бүрэн бололцоотой.

Мөн МАН-д өрнөөд байгаа улс төр бол Ерөнхийлөгчийн багт орох гэсэн хүмүүсийн өрсөлдөөн. Тамгын газрын дарга хэн болох талаар ид яригдаж байна. Сонгуульд голлож ажилласан Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын нэг нь болох уу. Болоогүй нэг нь Эрдэнэтийн захирлаар очих уу гээд л хөвөрч байна даа. Одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад Я.Содбаатар, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр гэх хувилбар явж байна. Үүнээс гадна нөхөн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг асуудал мөн л энэ зуны улс төрийн нэг хэсэг болно. Н.Энхбаярыг хүү Э.Батшугартайгаа Хэнтий, Сонгинохайрханы нөхөн сонгуульд МАН-аас өрсөлдөнө гэсэн мэдээлэл явсан. Угтаа бол Н.Энхбаяр нөхөн сонгуульд өрсөлдөхгүй, хүү Э.Батшугар нь өрсөлдөх магадлал өндөр байна.

ЭВИЙН ЦАВУУГААР НААГААД Ч ЭВЛЭХЭЭРГҮЙ БОЛСОН АН

АН-д хөл толгой нь мэдэгдэхгүй л байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан С.Эрдэнэ нөхөн сонгуульд өрсөлдөх талаар мэдээлэл яваад эхэллээ. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд дараалан ялагдсан түүний хувьд нөхөн сонгуульд өрсөлдөхгүй гэвэл үнэнд ойр. АН-ын хувьд хоёр даргатай, хоёр тамгатай л Ерөнхийлөгчийн сонгуультай золгосон. Тэгвэл одоогийн нөхцөлд хэд хэд ч тасарч болзошгүй байна. Шинэчлэлийн талаар одоогоор энэ намд яриад ч хэрэггүй. Ардчилсан нам нэртэйгээ хэн нь үлдэх вэ гэдэг л болохоос эвлэрэхгүй явах тал руугаа ханджээ. Бүрэн эрх дуусч байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга намаа авах оролдлого хийж эхэллээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа улс төрөөс явах болоогүйгээ “Амьдрал баян” гэдэг үгээр халхлан илэрхийлсэн. Түүнийг Сонгинохайрханы нөхөн сонгуульд нэр дэвших болов уу гэсэн таамаг бий. Тэр болтол аль АН-аас дэвших вэ гэдэг асуудал гарч ирнэ.

АН-аас өчигдөр яг ижил утга санаатай хоёр хэвлэлийн хурал хоёр талд хийлээ. “Алтан гадас”-ынх гэж хэлж болохоор хуульч О.Алтангэрэл, И.Мөнхжаргал нарын АН-ын зургаан залуу өчигдөр бас л залуу үеийнхэндээ зайгаа тавьж өгөхийг хүсч намын Онц их хурал хуралдуулж, шинээр зохион байгуулалтад орж, шинэ дарга тодруулах санал хэлж байна. Үүний цаана баганы ард Н.Алтанхуяг, З.Энхболд нар байгаа гэж ажиглагчид үзэж байна лээ. Цаашлаад намын гишүүнчлэлээ сэргээсэн Ц.Элбэгдорж ч АН-ын асуудалд оролцож байгаа дуулдана.

Мөн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар мэдэгдэл хийлээ. “Нэг ардчилал”-ынхан гэгдэх тэд мөн л намын даргын дахин сунгаа явуулж, Онц их хурал зарлаж, зуун мянган гишүүний гарын үсэг цуглуулах сонирхлоо илэрхийлэв. Ерөнхийдөө тойргийн гадна үлдсэн хэсэг. Нэг үе АН-ын нүүр царай болж байсан баг ч гэж хэлж болох юм. Эх сурвалжийн мэдээллээр тэд энэ сунгаагаар Б.Пүрэвдоржийг намын даргад өрсөлдүүлэх сонирхолтой байгаа аж. Харин М.Тулгат даргатай АН С.Эрдэнийг тамгаа албан ёсоор өгөхийг хүлээж буй.

Таван намын нэгдлээс бүтсэн АН тэр хэрээрээ фракцалж ирсэн. Энэ нь үе үеийн сонгууль, улс төрийн үйл явц өрнөхөд сэдэрдэг. АН-ын зарим хуучцуулын хэлж буйгаар энэ нам цааш эвлэрэх боломжгүй болсон гэх. Өчүүхэн эрх ашиг нь хатгаад өнөөх фракцуудынх нь удирдлагуудын “зодоон” хүчээ авч, олон ялагдалд энэ нь нөлөөлж ирсэн. Одоо ч анхны партизанууд, алтан хараацайнууд нь намаасаа холдож зайгаа тавихгүй улс төр хийсээр, энэ намын хэрэгт оролцсоор байгаа. Оролцох бүрт нь намын хүч суларсаар байдаг. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар бол МАН-ыг ялахад ихээхэн түлхэц өглөө. Ямартаа ч АН бүр арчигдахгүй ч ардчиллын анхдагчид энэ намаар тоглосоор л байх юм бол мөддөө сэргэхэд хэцүү болж байна. Бүр болохгүй бол зарим нэг хэсгээ заяа нь мэдэг гээд замдаа гээгээд цааш замаа бодох нь илүү дээр ч байж болох юм.

ХҮН СӨРӨГ ХҮЧИН ҮҮ, АН СӨРӨГ ХҮЧИН ҮҮ

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай ХҮН оролцлоо. Тэд “Датаком”-ын Д.Энхбатыг “Ерөнхийлөгчөө захиалъя” нийтийн саналаар дэмжлэг авсан хүн гэдгээр нь дэвшүүллээ. Парламентад ганц суудалтай гэхэд нэр дэвшигч нь 246 мянган санал авсан нь чамлахааргүй амжилт байв. Цагаан сонголт, АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ хоёрын санал нийлээд ч Д.Энхбатын авсан саналд хүрээгүй. Нэг ёсондоо АН дотоодын хэрүүл, хуучцуулынхаа хувийн шуналаас болж, сөрөг хүчнийхээ байр суурийг цоо шинэхэн ХҮН-д алдаж байгаа харагдлаа. ХҮН одоо нөхөн сонгуульд өрсөлдөнө. Тэр сонгуулийн үр дүн яах бол. Сонгинохайрхан дүүрэгт Д.Энхбат маш их санал авсан байсан.

ХҮН-ын Гүйцэтгэх зөвлөл нэр дэвшигчээ хуулийн хугацаандаа тодруулах биз. ХҮН-ын хувьд хэтэрхий хүч тэнцвэргүй тулаанд орсон гэхэд том амжилт байлаа. Сонгуулийн зардалд нийт 600 саяыг л зарсан гэсэн. Энийгээ тайлагнах биз. Өмнөх сонгуулиудыг бодвол 18-20 насны залуус сонгуульд оролцсон идэвх сайн байлаа. Магадгүй хуучин намуудын хэрүүл тэмцлээс залхаж шинийг эрэлхийлсэндээ ХҮН-ын нэр дэвшигчийг идэвхтэй дэмжсэн байх. Мөн ХҮН маш олон сайн дурын дэмжигчтэй байсан нь энэ сонгуулийн онцлог. Сайн дурынхан үнэ төлбөр авалгүй сонгуульд нь оролцож, сурталчлаад зогсоогүй дээр нь нэмээд хандив өргөжээ. Сошиалд маш идэвхтэй дэмжигчид байлаа. Тэдний тооцооллоор 18 мянган хүн сошиалд дэмжсэн аж.

ХҮН-ын хувьд улс төрийн тавцанд богино хугацаанд хүч түрэн орж ирлээ. Парламентад, Орон нутагт төлөөлөлтэй боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч байж чадлаа.

Онцлох нийтлэлүүд