Улс төр
2015.06.22 08:06

“Эрдэнэс Тавантолгой” олборлолтоо хийхэд алдагдалгүй

Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд "Эрдэнэс Тавантолгой" компанид ажилласан байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн агуулахад өнөөдөр 2.3 сая тонн нүүрс бэлэн болсон, мөн хоёр сая тонн хөрс хуулж олборлоход бэлэн болгожээ. Нийт 140 сая ам.долларын үнэлгээ бүхий эдгээр нөөцөөр “Чалко”-гийн 142 сая ам.долларын өрийг дарахад хүрэлцэх гэнэ. Тус компани нүүрсээ уурхайн амнаас тээвэрлэж, авто зам нь хүнд даацын зам биш учир худалдан авагч, тээвэрлэгч компаниуд алдагдал хүлээж байгаа гэнэ. Түүнчлэн нүүрсний гадаад зах зээл өдөр тутам унаж байгаа учир жижиг Тавантолгой, "Эрдэнэс Тавантолгой" аль алийнх нь борлуулалт буурсан дүнтэй байна. Цаашид нүүрсний үнэ олон улсын зах зээлд унах төлөвтэй байгаа тул хямд өртгөөр олборлолт тээвэрлэлт хийх нь чухал болсон байна. Үнэ өндөрсгөж байгаа гол хүчин зүйл нь тээвэрлэлт. Иймд төмөр замаа ашиглалтад оруулах шаардлага байна гэж ажлын хэсгээс үзжээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Тавантолгойн орд газрыг ашиглахад томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагагүй. Нүүрс олборлогч ямар ч компани үүнийг мэднэ. Хөрсөө хууллаа, хуулсан хөрсөн доороос шууд нүүрс гарч ирж байгаа. Үүнийг нь машинд ачлаа, зөөлөө. Үүнд томоохон машин тоног төхөөрөмж хэрэгтэй болохоос том хөрөнгө оруулалтын шаардлага алга байна. "Эрдэнэс Тавантолгой"-д өнөөдөр монгол компаниуд боломжтой хэмжээнд нүүрсээ олборлоод үйл ажиллагаагаа явуулаад болж байна. Энд ганцхан хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Энэ нь төмөр зам. Төмөр зам маань өөрөө ашигтай төсөл. Цаашдаа "Эрдэнэс Тавантолгой" компани өнөөдрийнх шиг олборлолтоо хийгээд төмөр замаа Монгол Улс өөрөө эзэмшээд явахад алдагдалгүй, илүү ашигтай байх нь харагдаж байгаа. Иймд энэ гэрээг цааш нь явуулах боломжгүй.

Бид дүгнэлтдээ хууль зөрчсөн асуудлыг тусгаж өгнө. Мөн ашигтай хувилбар аль нь байх вэ гэдгийг тусгаж өгнө. Төмөр зам нь голлох ашигтай хувилбар. Иймээс төмөр замын асуудлаа Монгол Улс өөрөө хариуцаж дуусгах ёстой юм байна, мөн хөндлөн чиглэлийн төмөр замын асуудлыг дүгнэлтдээ оруулж өгнө. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт ажлын хэсэг дээр гэрээгээ буцааж татаж авна гэдгээ мэдэгдсэн. Харин буцааж оруулж ирэх эсэх асуудлыг мэдэхгүй байна” гэв.

Онцлох нийтлэлүүд