Булангууд
2015.03.24 08:03

Эрчүүд хайртай бүсгүйгээ хэт их хайрлахын хэрээр дургүйг нь хүргэдэг гэсэн

Аргадаж ханилдаг эхнэр, айж унадаг морь шиг хэрэггүй юм байхгүй гэж амьдрал таньсан хүмүүс ярьдаг. Гэхдээ энд эхнэр хүүхдийн асуудал ярих гэсэнгүй. Зүгээр л жишээлж байгаа хэрэг. Ухаандаа ажлын талбар дээр, хамтран ажиллаж байгаа хүмүүсийн дунд тийм нэг арга эв нь олддоггүй, өөрийнхөөрөө муйхарласан, ер ганцаараа ажиллаж амьдарч байгаа мэт ааш авир гаргадаг хүмүүс байдаг. Таны зан араншин бол таны хувь тавилан юм гэдгийг огт мэдэрдэггүй хүмүүс. Таны хэр амьдарч байгаа чинь таны зан араншингаас үүдэлтэй гэдгийг ойлгох ёстой. Тэдэнд л зориулсан үг юм. Амьдрал дээр ч тэр эхнэрээ үргэлж аргадсан, ар өвөрт нь гүйж, яахав ийхэв, хайраа ханиа, энхрийнхэн минь... юу юу ч гэнэ вээ, ертөнцөд олдошгүй амьтныг олоод авсан юм шиг эхнэрийнхээ өмнө бөхөлзөх нь эр хүний үнэ цэнээ алдаж буй хэрэг. “Эрчүүд хайртай бүсгүйгээ хэт их хайрлахын хэрээр тэдний дургүйг нь хүргэж байдаг” гэсэн суутны үг бий.Яг энэ агаар лугаа адилаар Монголд аливаа байгууллагын удирдлагын зүгээс сайн ажилтнаа хэт туйлшран магтахын хэрээр нөгөөдөхөөс нь “Надаас өөр хүн энд алга” гэсэн биеэ тоосон шинж чанар илэрдэг. Аливаад халихгүй, жижгэрэхгүй байх сайхан. Амьдралаас олсон бүхэндээ сэтгэл хангалуун байж, даруухнаар дээшээ өгсөж дэвжиж байгаа хүмүүс олон байна шүү дээ.

П.ХАШЧУЛУУН

Онцлох нийтлэлүүд