Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Цахим бугуйвчаа устгаж, эвдсэн тохиолдолд хорих ялаар шийтгэнэ DNN.mn Энэ сарын 28-нд захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна DNN.mn “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам шилдэг бүтээлээ шалгарууллаа DNN.mn Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ DNN.mn ЖДҮ эрхлэгчдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn Ирэх сарын 1-нээс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө төлнө DNN.mn Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn DNN-SPEAK OUT: Иргэд "Монголд мод тарихаас илүү шийдэх олон чухал асуудал байна" гэв DNN.mn Гурван сарын өмнө сураггүй болсон иргэний цогцос олдлоо DNN.mn Цахим бугуйвчаа устгаж, эвдсэн тохиолдолд хорих ялаар шийтгэнэ DNN.mn Энэ сарын 28-нд захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна DNN.mn “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам шилдэг бүтээлээ шалгарууллаа DNN.mn Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ DNN.mn ЖДҮ эрхлэгчдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn Ирэх сарын 1-нээс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө төлнө DNN.mn Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn DNN-SPEAK OUT: Иргэд "Монголд мод тарихаас илүү шийдэх олон чухал асуудал байна" гэв DNN.mn Гурван сарын өмнө сураггүй болсон иргэний цогцос олдлоо DNN.mn
Нийгэм
2022.01.21 10:01

ЭХЭМҮТ хөл, толгой нь мэдэгдэхгүй болтлоо олны хөлд дарагджээ

- ЦАГ АВЧ, ДУГААРААРАА ҮЙЛЧЛҮҮЛЬЕ ГЭВЭЛ 21 ХОНОГ ХҮЛЭЭНЭ -


Бүхэл бүтэн хагас сарын дараа эмнэлэгт үзүүлэхээр байтал нөгөө өвчин, зовиур нь хүндрэх нь хүндэрч, аясаараа эдгэрэх нь эдгэнэ дээ. Тиймээс л өнөө маргаашдаа яаралтай эмчид үзүүлэх гэсэн хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн гадаа дарааллаа хүлээн зогсох нь эмгэнэлтэй. Бид энэхүү нөхцөл байдлыг газар дээрээс нь очиж сурвалжиллаа.


Дээрх эмнэлгийн хашаа руу орж автомашинаа зогсоолд тавих гэж 20, 30 минут болов. Зогсоол үнэндээ алга. Зогсоол руу орох, гарах гарц хоёр талдаа ачаалалтай, таг гацчихсан байх. Сурвалжлага бэлтгэж байгаа бид ингэж мунгинаж байхад, өвчиндөө болоод шаналж, зовиурлан орь дуу хадаан уйлах хүүхдийнхээ биед сэтгэл нь зовж, яаралтай эмчид үзүүлэх гэсэн эцэг, эхчүүдэд автомашинаа зогсоолд тавихаас эхлээд л бухимдал үүсч байна.

Бидний нүдэн дээр нэг ээж машинаа эмнэлгийн хашаа руу дөнгөж оруулчихаад машинаасаа яаран бууж, хүүхдээ тэврэн хар хурдаараа гүйлээ. Гарц хаагаад зогссон энэ ээжийн автомашиныг яах ийхээ мэдэхгүй байтал цаанаас нэг эрэгтэй сандран гүйн ирж машиныг холдууллаа. Яалтай билээ л гэж бодох. Үүднээсээ л эхлээд энэ мэт бөөн асуудал байхад эмнэлэг доторх нөхцөл байдал ямар байгаа нь тодорхой биз. Хүүхдийн эмнэлэг гэсэн хаягтай хаалга урт өндөр шатны цаана харагдана. Энэ шат бас л асуудал. Гулгаа ихтэй нь дээр яасан ч огцом өгсүүр юм билээ. Яарч сандарсан, хүүхдээ тэвэрсэн хүмүүс уг шатаар ухаан жолоогүй л өгсөж, уруудах. Ээ дээ болгоомжтой л яваасай даа гэж харсаар эмнэлэг рүү орлоо.

Эмнэлэг дотор эмч, сувилагч, эцэг, эхчүүд нааш цааш шахалдан холхилдож, энд тэндгүй хүүхдийн ёолох, уйлах чимээ сонсогдоно. Хаана бүртгүүлж, аль өрөөнд орж эмчид үзүүлж байгаа юм, бүү мэд. Юутай ч орж ирсэн иргэдийг үүдэнд эмнэлгийн хоёр ажилтан хүлээн авч, эхлээд гадуур хувцсаа өлгүүлэн дугаар авч үйлчлүүлэхийг тайлбарлан зогсож байв. Зарим эцэг, эх хүүхдээ тэврээд хоёр сувилагчийн тайлбарыг сонсох чөлөөгүй "эмч ээ "гэсээр шууд дайран орж харагдана. Зарим нь хувцсаа өлгүүлэхээр шахалдан, бөөгнөрч зогсоно. Энд юун тэр ковидын халдварын сэргийлэлт. Нөгөө хүн хоорондын зай барьж, халуунаа хэмжүүлэн, гараа ариутгаж орох манатай. Үнэндээ ковид хоёр дахь асуудал болж. Эхлээд хүүхдээ эмчид үзүүлье гэсэн хүмүүсийн хөлд энэ эмнэлэг бүхэлдээ дарагджээ. Ачаалал дээд цэгтээ тулж. Энэ нөхцөл байдлын талаар тус эмнэлгийг зорин ирсэн иргэдээс дараахь сэтгэгдлийг тодруулан авлаа.


ХОРВОО ДЭЭР ГАНЦХАН КОВИДООР Л ХҮН ӨВДДӨГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ


Баянгол дүүргийн V хорооны иргэн Б.Жаргалбуян: -Охин маань хоёр настай. Халуураад ханиалгаад байхаар нь эмчид үзүүлэх гээд ирлээ. Сая ээж нь аваад орсон. Өчигдөр бид гурав ирсэн. Гэхдээ их хүнтэй, ачаалал ихтэй байсан болохоор халдвар хамгааллын дэглэмдээ анхаараад харьсан л даа. Гэвч өөр очиж үзүүлэх газар байхгүй. Өрхийн эмнэлгүүд үзээд та хүүхдээ Эх нялхаст очиж нарийн мэргэшсэн эмчид үзүүл гэсэн. Тэгээд л ирлээ. Бас л хүн ихтэй байна. Өглөө 08:00 цагт ирээд дугаар авч, цагаа бүртгүүлээд хүлээж байгаад сая ээж нь аваад орлоо. Уг нь утсаар цаг захиалсан боловч бараг сарын дараа ирэхээр юм билээ. Яаж сар хүлээх вэ дээ. Ер нь эмнэлгийн ачаалал их байна. Миний бодлоор ковид гэж худлаа сенсаацилж, иргэдээ айлгаж байхаар яаж эмчлэх вэ гэдгээ сайн сурталчлах хэрэгтэй байна. Манай гэр бүл гурван сарын өмнө ковид тусаад эдгэрсэн. Одоо ч тэгээд ковид уу, ханиад уу гэдгээ мэдэхээ болчихсон юм биш үү. Ханиад хүрчихээд шинжилгээ өгөхөөр эерэг л гардаг юм билээ. Хорвоо дээр ганцхан ковидоор л хүн өвддөггүй юм шүү дээ. Бусад олон өвчин байна. Тэр бүгдэд анхаараад, эмнэлгийнхээ ачааллыг жаахан бууруулах тал дээр арга хэмжээ авах шаардлагатай байна.

Чингэлтэй дүүргийн XIII хорооны иргэн Э.Өлзий: -Ачаалал их байна. Охиноо үзүүлэх гээд гадаа хүлээгээд зогсож байна. Дотор байхаар ковидоос бас айгаад байх юм. Хувцсаа өлгүүлчихсэн дахиад авч чаддаггүй, гадуур хувцасгүй жаахан даарч л байна. Цаг авсан одоо 30 минутын дараа орно. Ороод шууд үзүүлэхгүй бас оочертой байгаа. Мэдрэлийн тасагт үзүүлэх юм. Түрүүн орж үзсэн чинь үүдэнд нь 14 хүн хүүхдээ тэврээд сууж байсан. Одоо арай цөөрсөн байлгүй. Ороод сууж байтал учир нь олдох байх.

Сонгино Хайрхан дүүргийн IX хорооны иргэн Б.Ган-Очир: -Эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ хийлгэх цахим нэрийн дор маш их хүндрэлтэй, цаг олдохгүй доод тал нь сарын дараа үзүүлэх цаг авч байна. Хөнгөн хүмүүс бол явцдаа цаг нь болохоор үзүүлнэ байх. Байнгын эмчийн хяналтад байдаг, тахир дутуу, даралт ихтэй зүрх судасны хүнд өвчтэй, яаралтай үзүүлж шинжилгээ өгөх хүмүүст бол хэцүү байна. Манай хүүхэд зүрхний өвчтэй. Байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Долоо хоногт би хүүгээ дагуулаад энэ эмнэлэгт хоёр удаа ирдэг. Оны өмнө ачаалал арай л гайгүй байсан. Харин нэгдүгээр сараас эхлээд ачаалал огцом нэмэгдчихлээ. Юунаас болж нэмэгдэж байгааг мэдэхгүй ч ханиад томуутай хүүхдүүд их ирж байх шиг байна лээ. Машины зогсоол олох бас хэцүү болсон. Уг нь зогсоол сайтай, зай талбай ихтэй газар шүү дээ. Гэвч эмчлүүлэх гэж ирж байгаа иргэд их байгаа болохоор зогсоол нь хүрэлцэхгүй хэцүү байна.



ӨӨРСДИЙНХ НЬ ХҮҮХДҮҮД ГАДААДАД ЭСВЭЛ ХУВИЙН ТОМООХОН ЭМНЭЛГҮҮДЭД ОЧДОГ БОЛОХООР ИРГЭД БИДНИЙ ЭНЭ ЗОВЛОНГ МЭДЭХГҮЙ БАЙНА


Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн Г.Мягмарсүрэн: - Хүүхдийн суулгаж бөөлждөг ханиад гадуур их байна. Манай хүүхэд бас ийм оноштой болов уу гэж бодож байна. Юутай ч эмчид үзүүлж, зөвлөгөө эмчилгээ бичүүлж авъя гэж бодоод ирсэн. Эмнэлгийн ачаалал аймаар байна. Яах ч ёстой юм. Хувийн эмнэлэг суулгасан бөөлжсөн хүүхдүүдийг хэвтүүлэхгүй гэж байсан. Эцэг, эхчүүд хүүхдүүд нь өвдлөө гэхэд Эх нялхаст л ирэхээс өөр очиж үзүүлэх газар байхгүй. Бусад нь эмчилгээ муу, зарим нь хүлээж авахгүй ийшээ яв гэдэг. Тийм болохоор бүх дүүргийн, бүх хороодын иргэд ганцхан эмнэлэгт ирж үзүүлж байгаа болохоор ачаалал их байгаа юм болов уу даа гэж бодож байна. Бас ковидоос ч болж байгаа байх. Гэхдээ энэ хүүхдийн эмнэлгийг илүү өргөжүүлэх, өөр том эмнэлэг барьчихвал ямар сайхан бэ л гэж бодож байна. Хараад байхаар энд тэндгүй л нам, төр захиргааны том шинэ байрууд баригдаад байх юм. Гоё сайхан сургууль, цэцэрлэг ч олон баригдаж байх шиг. Энэ эрүүл мэндийн салбартаа анхаарч, ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ эрүүл саруул байхад нь зориулсан том эмнэлэг барьчих хэрэгтэй шүү дээ. Дээгүүрээ баахан л идэж уусан хүмүүс байна. Өөрсдийнх нь хүүхдүүд дандаа гадаадад эсвэл хувийн томоохон эмнэлгүүдэд очдог болохоор иргэд бидний энэ зовлонг мэдэхгүй байна гэв.

Биднийг эмнэлгийн гадаа иргэдээс ийн сэтгэгдлийг нь сонсох зуур эмнэлэг дотор хүмүүсийн дунд маргаан болж байгаа нь хаалганы завсраар сонсогдлоо. Ороод хартал нэг хүн дугаар авалгүй шууд эмчийн өрөө рүү орсонд дугаарлаж байсан ээж аавуудын бухимдлыг төрүүлжээ. Бас л яалтай ч билээ. Энэ их дараалал, оочертой үед хэн бүхэн л таньдаг эмч, таньдаг хүн юу билээ л гэж бодох нь тодорхой биз.


Э.Наранцацрал: Ачаалал үүсгээд байгаа хүмүүс нь урьдчилж цаг аваагүй, өөрсдийнхөө хүсэл сонирхлоор шууд ирж байгаа иргэд байна


Бид эмнэлгийн ачааллын талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх, поликлиникийн эрхлэгч Э.Наранцацралтаас тодрууллаа.


-Эмнэлгүүдийн ачаалал их байна. Тэр дундаа танай хүүхдийн эмнэлгийн ачаалал үнэхээр их байна лээ. Ачаалал яагаад ийм их байна вэ?

-Монгол Улсад эх, хүүхдэд нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг ганцхан эмнэлэг байдаг нь манайх. Тухайлбал, бөөрний мэс засал, бөөр, дотоод шүүрэл, зүрх судас гэх мэт бусад аймгийн төв болон дүүргийн эмнэлгүүдэд байдаггүй нарийн мэргэжлийн эмчилгээ манайд байдаг. Улс даяар зөвхөн манайд ирж эцсийн шатны оношилгоо эмчилгээг хийлгэж, оношоо тодруулдаг газар. Энэ утгаараа бүх хүн ганцхан Эх нялхсын төвд хандаж байгаа нь эмнэлгийн ачааллыг нэмэх нэг том шалтгаан болж байна. Олон улсын стандартаар нэг эмч өдөрт ажлын найман цагт 24 хүүхэд үзэх товтой байдаг л даа. Манай эмнэлэгт бүх төрлийн үзлэгийн тасаг бий. Иргэд Эх нялхас гэдэг нэрээр нь ч бас бүх төрлийн нарийн мэргэжлийн үзлэг хийгддэг учир манайх руу шууд ирээд байна. Угтаа өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэгтээ үзүүлчихээд тэндээсээ 13А маягт аваад манайх руу ирэх ёстой. Гэвч өөрсдийнхөө хүсэл сонирхлоор манайх руу шууд л хүрээд ирдэг. Ингэж ирж байгаа хүмүүсийн ихэнх нь буюу 60, 70 хувь нь нааш ирэх шаардлагагүй байдаг. Өөрөөр хэлбэл, өрхийн болон дүүргийн эмнэлгүүддээ үзүүлээд мэргэжлийн эмчийн тусламж зөвлөгөө аваад явах боломжтой байдаг гэсэн үг. Энэ нь ачааллыг нэмэгдүүлэх гол шалтгаануудыг нэг болоод байна. Нэгдүгээрт, Эх нялхсын эмнэлэг нь улсдаа ганцхан байдаг нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг учраас иргэд ихээр ирдэг. Хоёрдугаарт, иргэд өөрсдийнхөө итгэл, үнэмшил хүсэл сонирхлоор ирж байна.


-Цагаа урьдчилж аваад ирж үзүүлбэл оочер дараалалгүй үзүүлнэ гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Гэхдээ амьдрал дээр энэ нь бас боломжгүй, цаг авсан ч 14-21 хоногийн дараа ир гэдэг. Үүнээс болж цаг авалгүй шууд очих иргэд их байх шиг байна?

-Цахимаар цагаа захиалдаг үйлчилгээ нэвтрээд гурван жил болж байна. Уг нь аль болох хүмүүсийн бөөгнөрөл дараалал үүсгэхгүйн тулд цагаа урьдчилж захиалаад үйлчилгээ авдаг болгосон шүү дээ. Цагаа авсан хүмүүс Хүүхдийн эмнэлгийн гадаа дугаарлаж, шахалдаж, бөөгнөрч зогсохгүй. Цагаа авсан хүмүүс яг кабинет кабинетийнхээ үүдэнд хүлээж байгаад үйлчилгээгээ авч байгаа. Харин дараалал, бөөгнөрөл үүсгээд байгаа иргэд бол урьдчилж цагаа аваагүй, хүүхэд нь жаахан уйлангуут юм уу эсвэл ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрэнгүүт шууд хүрээд ирсэн хүмүүс. Тиймээс иргэд цагаа авч үйлчлүүлэх шаардлагатай байна. Одоо цагт чинь хүн хаанаас ч мэдээлэл аваад байж болохоор болсон шүү дээ. Бүх эмнэлгүүд урьдчилж цаг өгдөг болсон. Хүүхдийн эмнэлгээс бусад манай эмнэлгүүдэд ийм ачаалал байхгүй. Хүүхдийн эмнэлэг болохоороо л ингэж бөөгнөрөл үүсч байгаа юм. Нөгөөтээгүүр цаг аваагүй шууд хүрээд ирсэн хүмүүст бид цаг аваагүй байна гээд буцаачихаж бас болохгүй. Ингэж хэлэх ч эрх, зориг бидэнд байхгүй. Хэрвээ буцаах юм бол иргэдийн зүгээс асар их шүүмжлэл, гомдол мэдээлэл ирнэ. Тиймээс бид эмчийн үзлэгт нэмэлтээр оруулдаг. Ингэхээр нэг эмч 24 хүүхэд үзэх байсан бол 30-40 хүүхэд нэмэлтээр үздэг болсон. Энэ мэт хүнээ бодоод хүүхдээ бодоод буцааж чадахгүй эмч нарынхаа ачааллыг харж байгаад нэмж үзүүлсээр л байна.

-Өөр ачаалал нэмэгдэх болсон шалтгаан нь ковид болон бусад өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой юу?

-Ковидоос боллоо гэвэл үгүй юм. Ерөөсөө л манай эмнэлгийн ачаалал өдөр болгон л ийм л байдаг. Өдөрт бид нар 1000-1200 хүүхдэд үйлчилдэг. Хөл хорионы үед эмнэлгийн ачаалал буурсан ч хөл хорио тавигдсаны дараа буцаад ихэссэн. Гэхдээ бүр ковидггүй үеийг бодвол харьцангуй гайгүй байгаа нь энэ шүү дээ. Ялангуяа долоо хоногийн эхэнд болон сүүлээр манай эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ нь орон нутгаас зорин ирсэн иргэдийн хөл хөдөлгөөнөөс бас шалтгаалдаг байх. Нөгөөтээгүүр бүх хүмүүсийн сонирхол нь хүүхдээ Эх нялхсын эмнэлэгт л үзүүлье гэдэг нийтлэг хандлага байгаа нь ачаалал нэмэх нэг шалтгаан болж байна.

Мэдээж сайн эмнэлэг, сайн эмчид хэн бүхэн үзүүлье л гэнэ. Тэр сонирхол бол иргэдийн буруу биш ээ. Гэхдээ эхлээд өрх, дүүрэг, дараа нь Эх нялхас гэдэг тогтолцоогоор явбал хаа хаанаа хүндрэл чирэгдэл дагуулахгүй шүү дээ. Мөн 18 наснаас өмнөх насны хүүхдийн эмчилгээ үзлэг үнэ төлбөргүй учраас иргэд манайх руу ирж байна. Энэ бас нэг шалтгаан л байх. Энэ мэт маш олон шалтгаан байна.

-Эмнэлгийн ачааллыг бууруулах, дараалал дугаарлалгүй үзүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бол?

-Нэгдүгээрт иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх шаардлагатай байна. Мөн соёлтойгоор үйлчилгээгээ авдаг болмоор байна. Тэр нь цаг захиалах, цагаа урьдчилж авах шүү дээ. Зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бол эхлээд хажуудаа байх өрхийн эмнэлэгтээ, дараа нь дүүргийн эмнэлэгтээ хандал даа. Бүүр эцсийн мөчид манайх руу хандах учиртай. Манай иргэдэд урьдчилж цаг авах соёл алга. Хүссэн үедээ өөрийнхөө завыг хараад амарч байвал өнөөдөр хүүхдээ үзүүлнэ гэдэг хандлагаа болих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр манай эцэг, эхчүүд хүүхэд нь жаахан уйлахад л мэдрэлийн эмчид үзүүлье гээд манайх руу шууд хүрээд ирдэг. Хүүхэд ямар ч шалтгаанаар уйлж болно. Эхлээд өрхийнхөө эмнэлэгт үзүүлээд болохгүй бол дүүргийн эмнэлэгтээ үзүүлэх хэрэгтэй. Тэгээд онош, юунаас болж зовуурилаад байгаа нь мэдэгдэхгүй бол манайд ирэх ёстой л доо. Ийм нэг систем гэх үү тогтолцоо алдагдчихсан учраас л хаа хаанаа асуудал үүсээд байна. Удахгүй эмнэлгийн шинэ байр барихаар төлөвлөж байгаа юм билээ. Тэр нь хурдан ашиглалтад ороосой л гэж бодож байна гэлээ.

Бид эмнэлгээс гарах замдаа "Эргэлтийн хаалга" гэсэн бичигтэй хэсэг рүү очлоо. Өвчтэй хүнээ эргэхээр очсон ар гэрийнхэн уг эмнэлгийн эргэлтийн хаалга дээр очоод л шууд сэтгэлээр унамаар орчин угтах авч байна. Эмнэлгийн гадна хана нь цөмөрсөн, цуурсан, будаг нь ховхорсон байх. Ойр орчимд нь тамхины иш бөөгнөрчихсөн жижиг хог ихтэй. Эргэлтийн хаалга нь шоронгийн хаалга аятай будаг нь ховхорч төмөр нь ил гарчихсан. Цаанаа л нэг хүйтэн орчин угтаж авах. Дотор нь ороод шат нь гэмтэлтэй, жавар хурчихсан тийм л газар байх аж. ЭХЭМҮТ-ийн байрыг шинэчлэх, орчныг сайжруулах, үйл ажиллагааг нь хэвийн, иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүй болох асуудал дээр тус дүүргээс сонгогдсон гишүүд болон Эрүүл мэндийн яам, холбогдох албаны хүмүүс анхааралдаа авмаар санж.

Монгол Улсдаа цор ганц томоохон эх, хүүхдийн эмнэлгээ тордож засварлахгүй бол гэрэлт ирээдүй үнэндээ харагдахгүй байна.


Онцлох нийтлэлүүд