Онцлох нийтлэл
2015.01.20 09:01

“Эх орончид”-ын жүжгийг хаах цаг нь болжээ

УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаан хаалттай байх талаар бид урьд нь бичиж байлаа. "...УИХ нь популизм хийдэг гол индэр болчихсон байна. Иргэдийн анхаарлыг татсан гол гол хуулиудыг хэлэлцээд эхлэхээр нийгмийн сэтгэл зүй УИХ дээр төвлөрдөг. Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнд анхаарч дамжуулдаг. Үүнийг нь мэддэг Их хурлын гишүүд өнөөх амин чухал, улс эх оронд хэрэгтэй хуулиуд хэлэлцэх чуулган дээр шударга, мундаг хүн болж тодрохын тулд, дараа нь ямар үр дагавар дагуулахыг мэдрэхгүй, тооцохгүйгээр өнөөх чухал хуулиудыг жадлан эсэргүүцэж дайрах нь их боллоо. Үүнийг нь мэдээллийн хэрэгслүүд дамжуулж, өнөөх гишүүд ардын баатар болцгоосон мэт өөрсдийгөө ойлгож хөөрцөглөцгөөсөөр. Гэхдээ юм мэддэг иргэд бол ялгаж салгана, зэвүүн, худлаа, дэмий донгоссон төрийн түшээ гэж хэлэх нь бий. Гэхдээ иргэдийн цөөнгүй нь тэдгээр популистуудыг шударга гишүүд гэж ойлгоод байна. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хууль, Гэмт хэргийн тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль, Өмч хөрөнгө эзэмших эрхийн тухай хууль... гэх мэт гишүүд ядуучуудыг өмөөрсөн нэр зүүж, шударга харагдах болно хэмээн горьдож байгаа хуулиудыг туушинд нь хаалттай хэлэлцэх нь улс эх орны эрх ашигт нэн ашигтай, зөв үйл хэрэг болох гээд байна..." гэхчлэн бичиж байсан нь урьд оны тавдугаар сарын 12-ны өдрийн дугаарт юм байна. Энэ нийтлэлд УИХ дахь популистуудыг нэр цохон бичсэн юм байна шүү. Тэгэхээр энэ асуудлыг орхиж болохгүй нь. Үнэнийг эрхэмлэдэг, үнэн үг, үнэн зөв шийдвэр хүсдэг хүн бүхэн үүнд анхаарлаа хандуулъя. Өнөөдрийн байдлаар УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдааныг тогтмол, тусгайлан үзүүлдэг телевизийн гурван суваг байна. МҮОНТ-ийн 2 дугаар суваг, ETV, Парламентын суваг. Эдгээр телевизийн сувгуудын буруу гэж юу байхав. Ганцхан эх оронч бус оюун сэтгэлгээтэй мөртлөө, өөрийгөө "эх оронч" дүрээр олон нийтэд харуулах гэсэн Их хурал дахь нөхдийн гарц нь, ганц боломж нь эдгээр сувгууд болчихоод байгааг хэлмээр байгаа юм.

За яахав, нэг сая хүн үздэг юм байгаа биз гэж бодъё. Нэг сая хүний нүдэн дээр наад УИХ-ын гишүүд чинь жүжигчид болж хувираад байгаад л эмгэнэл нь байна. Монголын хамгийн амин чухал хувь заяаг хэлэлцэн хуульчилдаг УИХ-ын чуулган нь жүжиг, гишүүд нь жүжигчид болоод хувирчихаар энэ эх орон чинь одоо яах болж байнаа. Үнэн үнэртэх үү. Үнэн байдаггүй, худал дүүрэн газраас ард түмэн эерэг тустай ямар ч шийдвэр хүлээх хэрэггүй биз дээ. Ингэж эх захаа алдсан жүжиглэлтээ зөвтгөн ярихдаа тэд "Бид ард түмнээсээ нууж муу юм хийхгүй, эх орноо худалдахгүй гэсэндээ ийнхүү нээлттэй хуралдах боллоо" хэмээсэн. Ер нь үүнийг л ярьсаар байгаад УИХ-ын чуулганыг ил тод нэрээр нээлттэй болгосон юм. Философи нь хэдүүлээ хуйвалдаад (76-уулаа) Монголыг зарахгүй л гэсэн үг юм биз дээ.

Тэгвэл цаг хугацаа л үнэнийг хэлж өгдөг. Одоо харцгаа, Их хурлын чуулган ил тод байснаараа ямар сайн хуулиуд батлаад, хэрэгжээд эх орон хөгжиж цэцэглэчихээд байна. Ил тод байснаараа эх орноо сүйрүүлчих шахсан ямар хуйвалдааныг ард түмэн мэдэж зогсоов. Үнэндээ энэ улс орныг хэрхэн тамирдуулж байгааг л ард түмэн харж байна. Яг амьдрал дээр нэг сая хүний нүдэн дээр УИХ-ын чуулган ил тод байж, жүжгээ тоглоцгоох нь хаалттайгаасаа илүү хорлонтой, гаслантай байна. Сая хүний нүдэн дээр үнэнийг хэлдэг "тэнэг" гишүүн гэж байдаггүй юм байна. Зүгээр л эх оронч дүрд тоглодог. "Эх орончид"-ын эх оронч гэж байгаа шийдвэр, шударга дүр эсгэн гаргаж байгаа шийдвэрүүд нь улс эх оронд нэмэр болохоосоо нэрмээс гай болж байна. Оны өмнө яав, УИХ-д баахан шударга нөхөд бий болж Засгийн газраа огцруулсан. Шинэ Засгийн газар бүрэлдээд ард түмнийг амар сайханд нь жаргааж эхлэх юм ярьцгаасан. Наад захын жишээ хэлье. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд армиа тэжээж дийлэхгүйдээ хүрч чимээгүйхнээр цэргүүдээ хугацаанаас нь өмнө халж эхэллээ шүү дээ. Үүнийгээ бас нэг муу төсвийн хэмнэлт таналт нэрээр нуух байх даа. Ч.Сайханбилэгийн Засгийн газар гурван тэрбум ам.доллар зээлж байж л эдийн засгийн цусны эргэлтээ сайжруулахаас өөр гарцыг одоохондоо олоогүй байгаа. Гэтэл өрийн даац юм уу, тааз юм уу, тэр нь хэтэрчих нэрээр МАН-ынхан нь чуулган дээр жинхэнэ жүжиг тавьж байна. Гол дүрд тоглохоор уралдацгааж байна. Ард түмэн өрөндөө баригдаж, өтөндөө идэгдлээ гэж гишүүн бүр нь жүжиглэж байна. Үүнийг нь өнөө телевизийн сувгууд нь дамжуулаад, ард түмэн итгээд. Сонгууль ойртсон энэ мөчид МАН-ынхан АН-ын нэртэй энэ Засгийн газрыг элгээр нь хэвтүүлж байж л сонгуульд ялна. Тэгсгээд тэд Засгийн бүрэлдэхүүнээс гараад явчих нь тодорхой шүү дээ. Өрийн таазын хуультай орон хоёр хөршийг эс тооцвол өөр газар оронд байх ч үгүй юм билээ.

Яахаараа эх орныхоо төлөө цохилох зүрхтэй байх ёстой "эх орончид"-ын шийдвэр нэрмээс болоод байдаг юм бэ. Монголчууд ажил хийхгүй зүгээр л төрөөр тэжээлгээд суухыгаа сайн төртэй байна гэж үздэг. Төрийн зүгээс гарч буйтэжээн тэтгэх шийдвэрүүдийг ард түмэнд таалагдсан сайн шийдэл гээд хаа хаанаа ойлгодог болчихсон. Ард түмэн ч тэр, жүжигчид нь ч тэр яг ингэж ойлгодог болсоор удлаа. Монголчууд бидний үлгэр домог ч тэгж дуусдаг уламжлалтай байх юм. 80 хоногийн найр, 60 хоногийн жаргал эхэлж, хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уунаа л гэж жаргаад байдаг. Манай ард түмний дунд яригдаж ирсэн хамгийн сайн үлгэр бүхэн ингэж амар сайхандаа жаргаваа л гэж төгсдөг юм шүү дээ. Тэгвэл амьдрал дээр, хүний нийгэм тийм биш шүү дээ. Тэмцэлтэй, зөрчилтэй, тэр бүхнийг заавал туулж цаана нь гардаг зовлон бэрхшээлтэй байдаг. Нийтээрээ жаргах шийдвэр гаргах нь УИХ-ын зарчим байх. Гэхдээ улс орон оршин тогтнохын тулд, нийтийн эрх ашгийн төлөө нэгээхэн хэсэгт нь таалагдахгүй шийдвэр гардаг. Гэхдээ тийм шийдвэрийг, тийм шийдвэрийн төлөөх үгийг нэг сая иргэний нүдэн дээр УИХ-ын гишүүдийн хэн ч хэлж чадахгүй. Чадах ч үгүй байгаа биз дээ. УИХ-ын чуулган цаашид энэ хэвээр нээлттэй байвал жүжиг дуусахгүй үргэлжилсээр байх болно. Монголын хувь заяаг шийдэж байгаа чуулган жүжгийн тайз болчихоор яаж эх оронд хэрэгтэй шийдвэр гарах юм. Аль нам, хэн гэдэг гишүүн ямар санал өгснийг нь хүртэл хаалттай болгох цаг нэгэнт болж. УИХ ийм шийдвэр гаргасан л гэж дараа нь сэтгүүлчдэд хэлж байх хэрэгтэй.

Энэ өдрүүдэд гэхэд УИХ дээр үнэхээр нэг "эх оронч" шийдвэр яригдаж байгаа харагдана. "Ноён" уулыг хамгаалах хөдөлгөөнийг гишүүд өрнүүлжээ. "Ноён" ууланд битүү Хүннүгийн булш байдаг юм уу. Дөрөв таван хиргисүүр л тааралддаг шүү дээ. Хамгийн шог нь наад "Ноён" уулыг чинь өмнөх нийгэмд оросууд сайтар ухаад, олдсон жаахныг нь Эрмитаждаа аваачаад овоолчихсон байдгийг бүгдээрээ л үзсэн биз дээ. Тэгээд ч Ашигт малтмалын тухай хуульд түүхийн онц чухал гэх дурсгалуудыг хамгаалах, олдворыг нь тушаах тодорхой зүйл заалт бий. Хуулиа л хэрэгжүүл, жүжигчид бол илүү л байна. Хэрэвзээ УИХ-ын чуулган хаалттай хуралддаг бол энэ асуудал дээр огт өөр шийдвэр гарна. Ер нь хаалттай чуулган байж гэмээнэ л амьдралд ойр, үнэн яригдаж, зөв шийдвэр гарна даа. Тэрнээс УИХ-ын нээлттэй тайзан дээр бол дахиж сонгогдохоо бодоод "Ноён уул мину" хэмээн маш чангаар орилсон жүжигчид байхаас өөр аргагүй юм.

Гэхдээ бүгдийг хаалттай байлгая, амыг нь таглая гэсэн үг биш юм шүү. Чуулган дууслаа, намын бүлгүүд нь, хувь гишүүд нь хэвлэлийн бага хурал зарлаад юугаа ярьж, яаж мандааж, сандаах нь бүрэн нээлттэй байх юм.

Онцлох нийтлэлүүд