ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2020.06.26 12:06

Э.Бат-Үүл: Үндсэн хуулийг зөрчиж, сонгууль хийсэн, Хууль зөрчин нэр дэвшигчийг хорьсон тул эдгээр тойргийн саналыг хүчингүй болгох ёстой


Э.Бат-Үүл:“Сонгууль ид явагдаж байх үед буюу зургадугаар сарын 18-нд Да.Ганболд нар тэргүүтэй АН-ын нэр дэвшигчдийг цагдан хорьсон. Тэднийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр шууд шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Да.Ганболдын өмгөөлөгчийн хэлснээр энэ нь шүүхийн зүгээс Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон. Шүүхээс зургадугаар сарын 15-ны өдөр Да.Ганболдын өмгөөлөгчтэй холбогдсон байдаг. Ингэхдээ Да.Ганболд хаана байна вэ гэж асуухад өмгөөлөгч нь сонгуулийнхаа ажлаар явж байгаа гэж хэлээд дуудах ёстой юу гэтэл дуудах шаардлагагүй гэж шүүхийн зүгээс хэлсэн байгаа юм. Гэтэл ингэж хэлчихээд шүүхээс зургадугаар сарын 15-ны өдөр 10 тэрбум төгрөгийн барьцааг байршуулах ёстой гэдэг шийдвэр гаргасан.Д.Ганболд тэргүүтэй зургаан хүнийг цагдан хорьсоор байгаад сонгуулийн санал хураалт боллоо. Шүүх сонгуульд нөлөөллөө. Тухайн үед би СЕХ-нд асуулга тавихад эдгээр нэр дэвшигчдийг цагдан хориход СЕХ-д мэдэгдээгүй гэсэн. Тухайн нэр дэвшигчдийг цагдан хорьсноор сонгогчид санал өгч болох эсэхэд эргэлзээ үүссэн. Тиймээс сонгуулийн дүнд нөлөөлсөн. Тиймээс энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхдээ үүнийг заавал хэлэлцэх ёстой. Сонгуулийн дүн хуульд нийцэж явуулсан байх ёстой. Сонгуулийн хуулийг зөрчиж, сонгуулийг явуулсан бол эдгээр тойргийг шууд хүчингүй болгох ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг чандлан барих ёстой байтал тэгсэнгүй. Шүүхээс хүний эрхийг дураараа зөрчиж байгаа энэ үйлдлээ зогсоохгүй бол дарангуйлал тогтож, сонгууль болмогц нэр дэвшигчдийг цагдан хорьдог жишиг тогтоно" гэв. Тэрбээр нэр дэвшигчдийг цагдан хорьсон асуудлыг мэдсэн даруйдаа Хэнтий аймагт сонгуулийн сурталчилгаа хийж байсан ч эсэргүүцэж мэдэгдэл хийсэн гэдгээ хэллээ. Энэ асуудлаар албан ёсоор СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд албан ёсоор шаардлага хүргүүлсэн байна.

Х.ЕСҮ

Онцлох нийтлэлүүд