Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө DNN.mn Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо DNN.mn Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn “Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 86.1 хувьтай байна DNN.mn АТГ-аас эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn Өчигдөр 122 жолооч согтуугаар жолоо барьж, 154 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө DNN.mn Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо DNN.mn Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn “Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 86.1 хувьтай байна DNN.mn АТГ-аас эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn Өчигдөр 122 жолооч согтуугаар жолоо барьж, 154 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn
Улс төр
2022.11.28 09:11

Э.Бат-Үүл: 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн хуулийн дагуу зөв менежмэнт хийвэл дөрвөн их наяд төгрөг босгож, метро ч барих боломжтой DNN.mn

Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-Та хаагуур, юу хийж явна вэ. Сэлэнгийн жижиг аж ахуйтайгаа л “ноцолдож” явна уу?

-Сэлэнгийн Зүүнбүрэн суманд амьдарч байна. Үхрийн ферм байгуулж бизнес хийх гэж үзлээ. М.Зоригт хүртэл манайд очиж “Бидний цөөхөн монголчууд” нэвтрүүлэгтээ оролцуулж ярилцлага хийснийг олон хүн үзэж. Гэхдээ үхрийн ферм гэдэг чинь ярихад амархан, хийхэд хэцүү ажил юм билээ. Нийслэл хүү малчин болох ч амаргүй байлаа. Дийлэхээ болиод үхэрнүүдээ зарж нэг юм “санаа амарсан”. Ашгүй, эхнэр, охин хоёр маань йогийн багш нар байж таараад нөгөө фермээ йогийн кемп болгоод, түүнийгээ хардаг "хаминдаагийн" ажил хийж байна даа. Ном уншиж, нийтлэл бичих завтай, харин сайхан ажил юм аа.

Эрх чөлөөний цочролын тухай ном бичиж эхэлж байснаа явсаар олон түмэн өөрөө дарангуйлал руу тэмүүлдэг болохыг ойлгож, одоо энэ тухай ном бичих санаатай нухаж байна. Ер нь хүн чинь эрх чөлөө, дарангуйллын хооронд савлаж байдаг амьтан бололтой. Өөртөө эрх чөлөөг хүсэх атлаа бусдад бол чанга гар хүсэн алцганаж явдаг амьтан аж.

-Та хууль хяналтын байгууллагаар яваад байгаа асуудлынхаа талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Би шоронгоос гараад зөндөө мэдээлэл өгсөн л дөө. Өөрөө үзээгүй бололтой. Хачин шүү. Хүмүүс хэн нэгнийг гүтгэхэд сенсацилахдаа сайн атлаа няцаалтыг нь сонирхож тоодог ч үгүй юм. Нэгэнт асуусан болохоор чинь хариулъя л даа.

Дөрвөн сар шоронд суугаад Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, дөрөвдүгээр сард шүүх болсон. Шүүх хурал нээлттэй болсон тул шүүх хурлын заал дүүрэн оролцож ажиглагчаар суусан. Намайг хэрхэн нотолгоогүй хэрэгт хууль бусаар холбогдуулсныг хараад шүүгч нар төдийгүй тэнд сууж байсан хүмүүс бүгд л гайхаж сүүлдээ тэсгэлээ барж дуу алдацгааж байсан. Тэнд сэтгүүлчид ч цөөнгүй харагдсан. Харин шүүхийн шийдвэр гарсны дараа мэдээг нь хүмүүс нэг их сонирхохгүй байна лээ. Харин прокурор шүүхийн тогтоолын дагуу хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгосон. Ардын яриагаар хэрэг хэрэгсэхгүй болсон гэсэн үг.

-Та “Түгжрэлийг шийдэхийн тулд Энхтайваны өргөн чөлөөний газар доогуур метро барих, хотын дундуур тавьсан төмөр замыг хос болгох асуудлыг яаралтай эргэж сэргээх ёстой. Хувийн хэвшилд хариуцуулбал 2-3 жилийн дотор хийчихнэ” гэж жиргэсэн. Үүний бүх тооцооллыг яриад өгөхгүй юү?

-Намайг хотын дарга болохоос өмнө метро барих урьдчилсан судалгаа Монголын засгийн хүсэлтээр Жайка байгууллага хийгээд урьдчилсан ТЭЗҮ-ийн тайлангаа гаргачихсан байсан. Жайкагийн судалгаа маш чамбай судалгаа болсон байсан. Хамгийн хачирхалтай инээдэмтэй, егөөтэй нь багагүй хэмжээний төлбөр төлсөн тэр том судалгааны ажлыг нөгөө захиалга өгсөн Засгийн газар нь тоож ч хараагүй. Хараагүйгээр барахгүй, БРТ гэх мэтийн шал өөр тээврийн хэрэгслийн тухай яриад яваад өгсөн юм билээ. Ер нь манай төр засгийн байгууллагууд баахан судалгаа захиалчихаад түүнийгээ “ор тас мартчихдаг” нь донор байгууллагуудыг цочирдуулж, гайхшилыг нь бардаг. Би хотын дарга болоод Жайкагийн хийсэн урьдчилсан ТЭЗҮ-ийн тайланг уншаад Улаанбаатар хотын замын түгжрэлийг шийдэх нэг гол шийдэл нь метро болохыг сая ойлгосон.

Энхтайваны өргөн чөлөөний дагуу газар дээгүүр давхих трамвай, БРТ мэтийн бусад хэрэгсэл түгжрэлийг бүр тэг зогсолт болгох аюултай юм. Хөндлөн гарсан замуудаа бүгдийг хаасан том хаалт болж хувирана.

Жайкагийн судалгааны сонирхолтой нь Улаанбаатар хот маань Энхтайваны өргөн чөлөө хэмээх ганц тэнхлэг рүү сунасан хот байв.

Бодоод үз дээ! Энхтайваны өргөн чөлөөний дагуу эмнэлэг, их дээд сургууль, төрийн захиргааны байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд, их дэлгүүрүүд, захууд гээд л хүн амд чухал хэрэгцээтэй бараг бүгд бий. Дээрээс нь Улаанбаатар хотын цаг агаар метронд зориулсан мэт өндөр хэлбэлзэлтэй байж таарсан. Ер нь л Энхтайваны өргөн чөлөө бол метронд зориулсан мэт өргөн чөлөө аж!

-Метро баривал ТЭЗҮ-ийг нь хэрхэн хийвэл зүгээр вэ?

-Жайкагийн эхлүүлсэн үйл ажиллагааг яаралтай дахин сэргээх хэрэгтэй. Тоо баримт мэтийн олон зүйл өөрчлөгдсөн учраас өмнөх судалгаа, тооцооллуудыг шинэчлэх багагүй ажил хийгдэх ёстой болно. Цаг хугацаа алдсаны төлбөрөө төлөхөөс өөр аргагүй. Дээрээс нь метро барих ажлыг баталгаатай болгох эрх зүйн орчныг сайтар бүрдүүлэх хэрэгтэй. Хотын даргын дур зоргоор төсөл гацдаг байдлыг дахин гаргуулахгүй байх хэрэгтэй. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх хэрэгтэй. Улстөрчдийн “идээ уугаа”-аас хол байлгах нь зүйтэй.

Жайкагийн урьдчилсан төлөвлөгөөний тайланд төр ,хувийн түгшлэлээр хийх нь зүйтэй гэсэн санал тусгагдсан байсан.

-Метро барилаа гэхэд бид зардлаа дийлэх юм уу. Бөөн өр алдагдалд орчих асуудал үүсэх юм биш биз?

-Уг нь метро бол сая орчим хүн амтай,нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянга орчим доллартай тэнцэх хотод ашигтай ажилладаг гэсэн тоооцоо тухайн үед жишиг болдог байсан. Гэхдээ, жишээ нь Америкийн хотууд төлөвлөлтөөсөө болоод их хүн амтай, орлоготой ч гэсэн метро нь ашиггүй ажилладаг явдал байдаг. Харин манай хотын нягтрал ихтэй орон сууцны хороолллоос, мөн эрс тэс уур амьсгалаас болоод метро ашигтай байх магадлалтай гэсэн тооцоо гарч байсан.

-Метрог улирал харгалзахгүй барих боломжтой юу. Зохион байгуулалтыг яаж хийвэл 2-3 жилийн дотор барина гэж та харж байгаа вэ?

-Үнэндээ Жайкагийн тооцоогоор дөрвөн жилд барьж дуусгах тооцоотой. Гэхдээ сайтар бэлдэж чадвал манай хувийн хэвшлийнхэн хурд ихтэй гэдгээ олон удаа харуулсан. Гадныхан ч үүнийг бас анзаарсан байдаг. Намайг хотын дарга байхад Монголын замын компаниуд ямар хурдан зам тавьж чадаж байгааг гадныхан хараад гайхаж байсан юм шүү. Бид өөрсдийгөө үндэслэлгүй доош хийх өвчтэй л дээ. Сайн харах юм бол нөхцөл нь саадгүй бүрдсэн манай компаниуд бүтээмж өндөртэй. Манай барилгын компаниудыг хар л даа. Өвлийн урт улирал гээд бэрхшээлтэй атлаа дулаан орны барилгатай уралдаж хороолол босгож байна шүү дээ. Одоо оросуудыг хол хаяад, хятадуудтай бүтээмжээрээ өрсөлдөж байна. Тийм учраас ажил эхлэх зөвшөөрөл хурдан өгөгдвөл манайхан тэр хэрээрээ л хурдан хийж гүйцэтгэнэ.

Метро барихад онцлог нь улирал харгалзахгүй, газрын гүнд хийгдэх учраас! Тэр битгий гол шинэ технологиор хийгдэх учраас бид унтаж байхад ч чимээ гарахгүй хийгдэнэ гэж Японы мэрэгжилтнүүд надад хэлж байсан юм.

-Хувийн хэвшилд хариуцуулаад бариулах боломжтой гэлээ. Гэтэл Монголд метро барих хэмжээний хувийн хэвшил байгаа юм уу?

-Оюу толгой хэмээх дэлхийд ховорхон уурхайн газар доорх байгууламжийн дотоод хонгилыг манай компаниуд доторлогоо хийж гүйцэтгэж байна даа.

-Хотын асуудлыг шийдэх том төслүүдийн санаа, ТЭЗҮ нь байгаа ч хөрөнгө дээрээ гацчихаад байх шиг байна. Үүний гарцыг та хэрхэн харж байна. Бид мөнгө яаж босгох вэ?

-Япончуудтай хамтарч хийсэн төсөлд мөнгө амархан босдог. Япон бол хөрөнгө оруулагчдыг дууддаг “том дуудагч” юм гэдгийг бид хаа хаанаа ойлгож, үүнийг нь ашиглах цаг болсон..

-Улаанбаатар хот түүхэндээ анх удаа 420 тэрбум төгрөгийн төсөв зарцуулах эрхтэй болсон. Энэ мөнгийг та яаж зарцуулах ёстой гэж бодож байна. Олон ажил руу орж цалгардаж байхаар зорилтот нэг төсөл хэрэгжүүлэх ёстой юу?

-Энэ эх үүсвэрийг төсвийн хуулийн дагуу зөв менежмэнт хийвэл дор хаяж дөрвөн их наяд төгрөг одоо босгож метро ч барих боломжтой. Үүнийг Ерөнхий сайд ч ойлгохгүй юм. Сангийн сайд ч ойлгохгүй юм. Хотын дарга бол бүр ч ухаарахгүй байна. Хотын мэдэлд уурхай байна гэнэ, түүнийгээ барьцаалж зээл авна ч гэх шиг тэс хөдлөнгийн зүйл ярьж байх юм. Уурхайгаар барьцаалж өөр төсөлд зээл өгдөг ганцхан л улсын банк бий. Тэр Хятадын банк!

Зах зээлийн цэвэр эдийн засгийн зарчмаар бол уурхайгаар барьцаалж уурхайн бизнест л зээл өгнө шүү дээ! Хятадын төрийн банкууд л улс төрийн зорилгоор уурхайгаар барьцаалж сургууль, эмнэлэг, спортын ордон зэрэгт зээл өгч Африкийн орнуудыг дампууруулж байгаа. Хятадын банкууд өөрсдөө ч дампуурч эхэлж байх шиг байна даа!

-Хот хариуцсан сайдтай болсон. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хотын даргаа ажил хийж чадахгүй байна гээд хусчихаж чадахгүй болохоор нь ийм шинэ арга нэвтрүүлж үзсэн юм байлгүй. Бидний үед Засгийн газар нь хотоо дэмжих бус, харин хот нь Засгийн газраа дэмжээд болоод л байсан даа.

-Та Хотын даргатай уулзаад байх шиг харагддаг. Д.Сумъяабазар даргад ямар зөвлөгөө өгч байна?

-Төсвийн хуулиа л сайн ойлго, бас мэдэхгүйгээ мэддэг бай, даруухан хэрэглээтэй бол гэж зөвлөх байна. Би хотын дарга байхдаа юу ч мэдэхгүйгээ мэдэж, гадны төслийнхнийг эрээ цээргүй даган гүйж шпиргалк их авдаг байсны ачаар овоо юм сурч, ойлгож, мэдэж авсан. Мэдэхгүйгээсээ ичих хэрэггүй. Бас хотын дарга нь даруухан хэрэглэгээтэй байхад иргэд нь их дуртай байдаг юм. Төсвөө сайн ойлгож харвал хэрэгтэй мөнгө олдохоор байгаа шүү! Монголын нийт хадгаламж, мөнгөний эргэлтийн 80 гаруй хувь нийслэлд байгаа.

-Тантай ярилцаж байгаагийнх АН-ын эв нэгдлийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Залуучуудад АН-ыг нь даатгаад орхиж болохгүй юу?

-Шүүхээр дарга бүртгэгдвэл манай асуудал шийдэгчих юм л даа. Тийм учраас шүүхийн шийдвэрийг л биелүүлэх хэрэгтэй. Өөр юм байхгүй. Тухайн үед М.Тулгат, О.Цогтгэрэл хоёр тохироод л Их хурлаа хамт хийгээд шүүхийн шийдвэр биелүүлчихсэн бол өдийд манай залуус ард түмнээ манлайлчихсан ялалт өөд явж байх байсан юм. Ард түмэн бараг л нийтээрээ манай намыг дэмжихээр болчихоод байна.

Сүүлийн 30 гаруй жил манай сонгогчид, МАН гэдэг живхээ норчихоор нь АН гэдэг хуурай живхээр солиод, тэр нь норчихвол эргээд хатаасан МАН гэдэг живхээ хийдэг байсан юм. Манай ард түмэн ардчиллыг ингэж ашиглаад сурчихсан. Өдгөө МАН гэдэг живх нь шал нойтон болчихоод хайраад болохгүй байна шүү дээ!

Онцлох нийтлэлүүд