Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
Соёл урлаг
2021.08.06 12:08

Э.Очирсайхан: Монголын дуучид байгалийн өгөгдлөөрөө л гадны дуучидтай эн тэнцүү өрсөлддөг

Соёлын тэргүүний ажилтан дуурийн дуучин Эрдэнээгийн Очирсайхантай ярилцлаа.

Тэрээр дэлхийн чансаа өндөр уралдаануудад Монголынхоо нэрийг чамгүй гаргаж буй залуу уран бүтээлч юм. Ингээд та бүхэнд залуу уран бүтээлч Э.Очирсайхантай ярилцсанаа хүргэе.


-Та олон улсын дуурийн дуучдын нэлээд нэр хүндтэй уралдааны финальд шалгараад байгаа. Энэхүү уралдааны талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Дэлхийн алдартай гурван тенор хоолойтой дуучны нэг болох Пласидо Домингогийн нэрэмжит уралдаанд материалаа явуулаад урьдчилсан шатанд тэнцэж финальд өрсөлдөх эрхтэй болсондоо баяртай байна. Мөн өнгөрсөн онд Литва улсын Вильнюс хотод зохиогдсон дуурийн дуулаачдын олон улсын Б зэрэглэлийн уралдаанд шилдэг долоон дуучинд шалгарсан боловч харамсалтай нь “Ковид-19” цар тахлын улмаас хил хаалттай төгсгөлийн шатанд оролцоогүй. Гэхдээ 2023 онд зохиогдох тус тэмцээнд сүүлийн шатнаас оролцох эрхтэй болсон.

-Энэ удаагийн уралдаанд хичнээн орноос хэдэн дуучин оролцсон бэ?

-Урьдчилсан шалгаруулалтад 700 гаруй дуурийн дуучид оролцсоноос 20 гаруй орны 34 дуучин тэнцсэн. Финалийн шалгаруулалт аравдугаар сард Москвад Большой театрын зааланд болж шилдгээ тодруулах юм.

-Бэлтгэлээ хэр хангаж байна. Ер нь дуурийн олон улсын томоохон тэмцээнд оролцохдоо бэлтгэлээ хангахдаа юуг анхаарах чухал байдаг вэ?

-Миний бэлтгэлийг МУГЖ Б.Эрдэнэтуяа багш голчилж зөвлөгөө өгч ажиллаж байна. Түүнчлэн дуурийн урлагийг төгөлдөр хуурчгүй төсөөлөхийн аргагүй. Энэ утгаараа төгөлдөр хуурчнаар УДБЭТ-ын төгөлдөр хуурч Намуун ажиллаж байгаа. Бид гурав хамтарсан бэлтгэлээ хийгээд арваад хонож байгаа. Өөрийн зүгээс анхаарах зүйл гэвэл аль болох бие физиологийн хувьд өвдөхгүй байх, хоолойгоо өвтгөхгүй байх, дархлаагаа дэмжих зэрэгт анхаарч байна. Манай салбарт 200 хувь бэлдэж байж тайзан дээр 100 хувь үзүүлбэрээ үзүүлнэ гэсэн үг бий. Тиймээс тайзан дээр маш сайн гүйцэтгэлтэй байхын тулд шаргуу бэлтгэл хийж байна.

-Өөрийнхөө төгөлдөр хуурчтай явах уу?

-Үгүй ээ. Энэ уралдаанд цаанаас төгөлдөр хуурч тавьж өгнө гэсэн. Уг нь би өөрийнхөө төгөлдөр хуурчтай явах сонирхолтой байсан.

-Олон улсын тэмцээнд оролцохдоо зардал мөнгөө хэрхэн шийддэг вэ?

- Ерөөсөө л 100 хувь өөрөө л гаргана. Энэ жилээс манай салбар яамтай болсон. Одоохондоо нүдэнд үзэгдэж гарт баригдтал урлагийнхнаа дэмжээд байгаа зүйл харагдахгүй л байна. 2014 оноос хойш гадагшаа томоохон уралдаануудад оролцож Гран при, тэргүүн дэд байр ч авч байсан. Тэр болгонд дандаа л өөрөө зардлаа зохицуулдаг. Мэдээж тэмцээн болгонд амжилттай оролцоно ч гэж юу байхав. Мултрах үе ч байна. Алдаа, оноотой явж л байна. Зөвхөн би ч гэлтгүй уран бүтээлчид хамаг юмаа шавхаад бүх зүйлээ дэнчин тавиад л явдаг даа.

-Дуурийн олон улсын наадмуудад аль улсын дуучид илүү байдаг вэ?

- МУГЖ Ариунбаатар, МУГЖ Э.Амартүвшин нарын дуучдыг ид гарч ирж байх үед Монголын баритон хоолой дэлхийд ноёрхож байсан. Сүүлийн үед БНСУ- ын баритон хоолойтой дуучид хүчтэй гарч ирж байна. Манайхыг бодвол хөрөнгө мөнгө урлагтаа хангалттай зарцуулдаг учраас Италийн чадалтай багш нарыг нутагтаа гэрээгээр урьж ажиллуулах болсон. Итали школыг нутагтаа сурна гэдэг маш том давуу тал. Тийм учраас маш сайн дуучид бэлтгэгдэж байна. Мөн Хятад, Гүрж болон баруун Европынхон хүчтэй өрсөлдөгчид байдаг даа. Харин монгол дуучдын тухайд гэвэл сонсохоор цаанаа нэг тос даасан өнгө бий. Түүгээрээ л илүү. Түүнээс техникээрээ бол багаасаа бэлтгэгдэж буй орныхон илүү байгаад байна. Манайхан бол арван жил төгсөөд оюутан болоод л төгөлдөр хуур гээч хөгжимтэй танилцаад л дуулаачийн мэргэжлээр сурч эхэлж байгаа байхгүй юу. Сүүлийн үед бага багаар өөрчлөгдөж л байна. Энэ хооронд асар ялгаа бий. Бидэнд ганц суурь болж байгаа зүйл бол монгол ардын уртын дуу байна. Дээр нь манай ард түмэн бүгд дуучин гэж болохоор байгалийн өгөгдөл нь их түлхэц болдог болов уу гэж боддог.

-Та нэг хэсэг Италид театрт дуулж байгаад ирсэн. Ер нь Монголдоо сонгодог урлагийг хөгжүүлэх тал дээр юу хийе бүтээе гэж боддог вэ?

-Хүн бүрийн хөгжмийн боловсролыг дээшлүүлж, театрынхаа үзэгчдийг илүү их болгохыг хүсдэг. Хүүхэд залуучуудыг багаас нь сонгодог урлагаар хичээллүүлж хайртай, дуртай болгохыг хүсдэг. Уран бүтээлч хүний хувьд дэлхийн бүх том тэмцээнүүдэд түрүүлэхийг мэдээж хүсдэг. Уралдааны хязгаарлах нас ч дөхөж байгаа.

- Хэдэн нас хүртлээ дуурийн дуучид олон улсын тэмцээнд оролцдог юм бэ?

- Эрэгтэй дуучдыг 33 насаар уралдааны насыг хязгаарладаг.

- Таны хувьд дахиад хэдэн жил тэмцээнд оролцох боломж байна?

-Би энэ жил 28 настай. Тэгэхээр дахиад таван жил байна. Тиймээс оролцож буй бүх тэмцээндээ л чадах чинээгээрээ оролцох болно. 33 наснаас хойш хувийн карьераа хөөгөөд театруудад дуулаад явдаг. Үүнээс өмнө уралдаануудад амжилттай оролцож өөрийнхөө туршлага, чадварыг нэмэгдүүлж нэр хүндтэй агентлагуудтай гэрээ хийх чухал байдаг. Харин манайд сургуулиа төгсөөд шууд театрт дуучнаар орох тохиолдол их. Миний хувьд арай өөр замналаар явсан. Би сургуулиа төгсөөд бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн. Улмаар Италид театрт хоёр ч удаа дуулсан. Ингээд эх орондоо ирээд “Очир” нэртэй продакшнаа нээгээд өөрөө уран бүтээл хийхээс гадна шинэ залуу дуучдаа дэмжих зорилгоор клип, аудио, бичлэгийг аль болох цогцоор нь хийх, чадах чинээгээрээ зөвлөж ажиллаж байна.

-“Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгээс эхлээд дэлхийн сонгодгуудын гол дүрүүдийг нэлээдгүй бүтээснийг уншигчид мэдэж байгаа байх. Харин бие даасан уран бүтээлээс тань онцолж асуумаар байна. Ялангуяа “Зандан шоо” дууг сэргээж дуулсан нь ард түмэнд их хүрсэн, танигдсан ч гэж хэлж болох болов уу. Энэ дууг дуулах сэдэл юунаас төрсөн юм бэ?

-Баярлалаа. Бие даасан уран бүтээлээ сургуульд суралцах үеэсээ л хийж эхэлсэн. Гэхдээ 2020 оноос бие даасан уран бүтээлээ илүү эрчимтэй хийж байна. “Зандан шоо” дууны хувьд МҮОНРТ-ийн “Сэтгэлд хоногшсон дуунууд” нэвтрүүлэгт зориулж дуулсан. Нэвтрүүлгийн гол зорилго нь 1960, 1970-аад оны дуунуудыг сэргээж дуулах. Миний зүгээс Г.Бирваа гуайн хөгжим, Ж.Бадраа гуайн шүлэг “Зандан шоо” дууг сэргээж дуулсан. Д.Мяасүрэнгийн хөгжим, Б.Цэдэндамбын шүлэг “Хангайн дуу”-г мөн сэргээж дуулсан. Үүнээс “Зандан шоо” дуу үзэгчдэд илүү хүрсэн юм болов уу.

-Энэхүү дууг дандаа эмэгтэй дуучид дуулж байгаад эрэгтэй хүн дуулахаар үзэгчдэд илүү хүрсэн санагддаг?

-Тийм байж магадгүй. Уг дуу бүтсэн түүх нь Г.Бирваа гуай залуу байхдаа нэг бүсгүйд дурлаад тэр бүсгүйтэйгээ Архангай аймаг руу очиж уулзахын тулд таван тугалтай үнээгээ зандан шоо мориор сольсон байдаг. Ингээд зандан шоо морин дээр давхиж явахдаа дууны ая орж ирсэн гэдэг юм билээ. Дууны утга нь хайртай хүн рүүгээ тэмүүлсэн эрэгтэй хүний өгүүлэмжтэй л дээ. Тиймээс надад их таалагдаж уг дууг сонгож дуулсан юм. Мөн найз А.Энхнарангийн ая СГЗ Д.Нямаа гуайн шүлэг “Чамайг хайрлах хайрандаа” дуу болон найз Ш.Сугарцэрэнгийн ая, С.Төрмөнхийн шүлэг “Үр минь” дуунууд маань ард түмэнд их сайхан хүрсэн санагддаг.

Онцлох нийтлэлүүд