Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
Нийгэм
2021.03.05 01:03

Э.Цог-Эрдэнэ: Хулхи хүмүүсийг шахах, сайн гүйцэтгэлтэй хүмүүсийг ялгахад анхаарч, шинэ систем зохиож эхэлсэн дээ

Ажлын хажуугаар цахимаар ажил гүйцэтгэж, нэмэлт орлого олох боломж олгодог www.task.mn системтэй хөл хорионы үеэр зарим хүмүүс танилцсан буй за. Ажилтан, ажил олгогчийг цахимд холбож, ажлаа хийлгэчихээд мөнгөө өгдөг болов уу, мөнгө авчихаад ажлаа бүрэн гүйцэтгэхгүй алга болчих вий дээ гэсэн айдас хүйдсийг арилган, хөдөлмөрийн зах зээлд цахим шинэчлэл хийсэн Э.Цог-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр Японд Тохоку их сургуульд суралцаж, тэндээ олон төсөл дээр ажиллаж байсан ч нутагтаа гүйж ирсэн нэгэн. Өдгөө тэрбээр UNIT-Юу Эн Ай Ти ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.


-Ингэхэд www.task.mn системийг хийх санаа хэзээ төрөв?

-Амьдралаас үүдэлтэй л дээ. Бараг гурван жилийн өмнө зуслангийн байр бариулахаар хүнд багагүй мөнгө өгөөд алдчихсан. Тэгээд л ийм эрсдэлээс сэргийлье гэж бодогдсон юм. Түүнээс ч өмнө 100 айлын “Би чадна”-ууд гадаа хүлээж зогсохоор гэрээсээ ажиллах нөхцөл бүрдүүлж яагаад болдоггүй юм бол гэж бодож байсан л даа. Хулхиддаг хүмүүсийг яаж зах зээлээс гаргах вэ, үнэхээр сайн гүйцэтгэлтэй хүмүүсийг хэрхэн ялгах вэ гэдэг дээр хамаг анхаарлаа төвлөрүүлж ийм систем зохиож эхэлсэн дээ.

-Гадаадын ижил төстэй системүүдээс санаа авсан уу?

-Яг ийм систем байна уу гээд тухайн үедээ нэлээд судалсан. Freelancer гээд систем байсан. Тэрнээс нэлээд санаа авсан л даа. Чөлөөт, гэрээгээр ажилладаг хүмүүс гадаадад нэлээд байдаг. Орчин үед ийм хандлага түгээмэл болоод байгаа юм билээ. Өглөө ажилдаа ирээд, орой харьдаг хэв маяг ковидоос болоод өөрчлөгдөж эхэлсэн. Чадварлаг мэргэжилтнүүд гэртээ сууж байгаад, өдөрт хоёр, гурван цаг л ажилладаг. Зуслангаасаа ч юмуу аялж амрангаа ажилладаг хүмүүс ч бий. Манай Монголд бол ийм систем огт байгаагүй.

-Ажил захиалагч, ажил гүйцэтгэгч хоёр цахимаар биенээ олоод, үнэ хөлсөө тохирч, гэрээ байгуулаад дараа нь ажил гүйцэтгэсэн хүндээ захиалагч нь үнэлгээ өгөх юм билээ. Тэгэхээр сайн ажилтнуудыг ялгаж таних боломж бүрдэх юм байна гэж бодогдсон?

-Хүнээс мөнгө луйварддаг хүмүүс маш гоё ярьдаг. Сайн ажил хийдэг мөртлөө нэг их сайн ярьж чаддаггүй хүмүүс ч байдаг. Хүн болгон үнэлгээтэй болчихвол сайн хүнийг ялгаж танихад тустай гээд ажил захиалсан хүмүүс сэтгэгдэл үлдээдэг болгосон. Дараагийн хүн үнэлгээ сайтай хүнээр ажлаа хийлгэхийг бодно. Тийм учраас гүйцэтгэгч нар ч сайн үнэлгээ авахыг хичээнэ. Task системээс хамгийн сайн ажилтныг үнэлгээгээр дамжуулж олох боломжтой. Зөвхөн гүйцэтгэгч үнэлгээтэй байхаас гадна ажил захиалагч нь бас үнэлгээтэй. Цагтаа мөнгөө өгөхгүй байх, магадгүй бүх ажлаа хийлгэсэн мөртлөө мөнгөө төлөх болохоор асуудалтай ч юм уу тохиолдол байдаг шүү дээ.

-Ажилтан, ажил олгогч аль алийгаа үнэлэх юм байна шүү дээ. Энэ ер нь мөнгөө өгөхдөө гар татдаг уу гээд хамт ажиллаж байсан хүмүүсээс нь асууж сурах шаардлагагүй болох юм байна. Шинэ системийг таньж мэдтэлээ хандалт бага байдаг байх. Хөдөлмөрийн зах зээлийн онцлог байдаг уу?

-Шинэ систем танигдах хүртлээ хугацаа орно. Манайхан уламжлалт системээр олон жил явсан. Шинэ систем рүү шилжихэд аль ч улсад цаг орно. Ковидын үед цахимаар ажиллах шаардлага гарч ирж байна. Заавал 100 айл дээр очиж зогсох шаардлага байхгүй. Чадварлаг ажилтан заавал найман цаг ажиллах шаардлагагүй. Хүссэн газраасаа бага багаар ажил аваад явахад амьдралд нь хүрэлцээтэй мөнгө олох боломжтой гээд ойлгоод эхлэхээр бага багаар ороод эхэлж байгаа юм.

-Task ажиллаж эхлээд удаагүй. Одоогоор хэр олон хүн бие биенээ олж аваад байна?

-Одоогоор хэрэглэгчийн тоо 2300 орчим байна. 40 гаруй ажил гүйцэтгэж, мөнгө төгрөг нь шилжсэн. Одоогоор хамгийн өндөр дүнтэй ажлууд гэвэл хоёр, гурван сая төгрөгийн ажлууд хийгдсэн. Бага дүнтэй гэвэл 5000-10000 төгрөгийн үнэлгээтэй жижиг ажлууд ч бий.

-Том компаниуд нэгдсэн үү?

-Том байгууллагууд нэгдэх боломжтой. Тэд цагийн ажилтан, тухайн нэг ажлыг гүйцэтгэх хүн хайдаг шүү дээ. Зөв чадварлаг хүн олж авахад дэмтэй. Энэ ажлыг хийлгэе гээд зар тавьдаг. Одоо бол Task дээр бичингүүт, Task өөрөө хүмүүст ийм ажил байна гээд зарлаад өгнө.

-Танайд бүртгүүлсэн хүмүүс ямар төлбөр төлдөг вэ?

-Одоогоор онцгой нөхцөлийн үед ямар нэг төлбөр авахгүй байгаа. Яваандаа үйл ажиллагааны зардлаа нөхөх үүднээс бага хэмжээний төлбөр ажил гүйцэтгэсэн хувиас авч таарах байх.

-Ажил захиалагч дундын дансанд төлбөр мөнгөө хийх юм байна гэж ойлгосон. Ажил захиалах гүйцэтгэх үйл ажиллагаа яаж өрнөдөг вэ?

-Эхлээд ажил захиалж байгаа хүн ажлын зараа манай системд байршуулна. Тэгэнгүүт энэ ажлыг хийх сонирхолтой хүмүүс саналаа өгнө. Санал өгсөн хүмүүсээс хамгийн боломжтойг нь сонгоод, ажил эхэлнэ. Ажил эхлэх үед ажил олгогч мөнгөө дундын дансанд байршуулах ёстой. Энэ нь хоёр талыг эрсдэлээс хамгаална. Мөнгийг нь урьдчилж аваад зугтах асуудал гарахгүй. Мөнгөгүй байж юм хийлгээд байдаг хүмүүс байдаг. Тэр эрсдэлээс хамгаалж байгаа юм. Мөнгө нь оронгуут ажил эхэлнэ. Ажлын даалгаврыг хувааж бас болдог. 100 мянган төгрөгийн ажил байлаа гэхэд 10000 төгрөгийг ажил эхлэх бэлтгэл дээр өгнө. Явцын дунд 40-ийг өгнө. Дуусахаар нь үлдсэнийг нь өгнө гээж хувааж болдог. Даалгавар биелэхэд гүйцэтгэгч захиалагч ажил дууссан гэж хоёулаа зөвшөөрвөл мөнгө нь гүйцэтгэгчийн дансанд шилждэг.

-Бас ажиглагч гэж хүн байсан. Тэр ямар учиртай вэ?

-Тухайн захиалагч мэргэжлийн бус тохиолдолд мэргэжлийн хүнийг хянагчаар тавиад, ажлын явцыг хянуулах боломжтой. Магадгүй би байшин бариулах гэтэл өөрөө барилгын мэдлэггүй учраас барилгын инженер хянагчаар тавина гэсэн үг. Хянагч даалгавар болгоны үе шатууд дээр орж ирээд хяналт тавьж зөвшөөрөл өгнө.

-Хөдөлмөрийн цахим систем бий болоход Хөдөлмөрийн бирж, Хөдөлмөрийн яамнаас яаж хүлээж авсан бэ, ямар нэгэн дэмжлэг байдаг уу?

-Бид өөрсдөө бор зүрхээрээ гэдэг шиг яваад байна л даа. Хөдөлмөрийн бирж тогтмол ажлын байранд зуучилдаг шүү дээ. Манайх жижиг ажлууд, магадгүй нэг хаалга солих ч байдаг юм уу, таван хуудас материал шивүүлье, хэдэн хуудас орчуулга хийлгэе гэх жишээтэй. Нэг удаагийн ажлууд ихэнхдээ орж ирдэг.

-Танай систем хэр их хүчээр ажилладаг вэ?

-Одоогоор долоо, найман программист тогтмол сууж ажилладаг. Сая вэбийн систем нь дууссан. Одоо аппликэйшнээ энэ сардаа дуусгахаар ажиллаж байна. Тэгэхээр бүр олон хүн хамрагдах боломжтой болно.

-Программистууд хүмүүсийн асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж байгааг мэдлээ. Өмнө нь энэ мэргэжлийн хүмүүсийг ямар нэг үл мэдэгдэх код бичиж суудаг тэнгэрийн хүмүүс мэт төсөөлдөг байлаа?

-Ер нь хүний өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх ажил хийж байгаа юм л даа. E-Mongolia гэхэд л олон байгууллагын үүд татах их ажлыг цэгцлэх жишээтэй. Хиймэл оюун ухаан хүний боддог ажлыг бас хийж эхэлсэн. Дэлхийн нийт ажлын 30 хувийг хиймэл оюун ухаан, роботууд хийж байна. 25 жилийн дараа нийт ажлын байрны 70-80 хувийг хиймэл оюун ухаан хийнэ гэсэн судалгаа гарсан байна лээ. Хиймэл оюун ухааны чиглэлээр бид бас ажиллаж байгаа. Одоо бол бид нийгмийн сүлжээний бүх постыг татаж аваад, фэйсбүүк, твиттер, мэдээний сайтуудын бүх мэдээ сэтгэгдлийг уншиж, хүмүүсийн хандлагын анализ гаргадаг систем Монголдоо хийсэн. Тухайн байгууллагын маркетинг хийх үед хүмүүсийн хандлага хэр байсан талаар анализ хийдэг. Магадгүй тухайн байгууллагын удирдлагын талаар хүмүүс юу ярьж байна, бүтээгдэхүүний талаар ямар сэтгэгдэлтэй байгааг мэдэхийг хүсч болно. Бүгдийг анализ хийж гаргадаг болсон. Одоо бол хүмүүс ихэнхдээ телевизээр яриад, мэдээллээ сошиалаар цацаад л орхидог. Эргүүлээд нөгөө хүмүүсээс ямар хандлага гарч байгааг мэдэхэд хэцүү байгаа шүү дээ. Магадгүй судалгаа авдаг. Тэр нь тухайн цаг үеийг л хамардаг. Манай систем бол маркетинг хийнгүүт ямар байна, цаг минут секундээр л амьд датан дээр анализ хийдэг. Цагийн өмнө тухайн хүнийг магтаж байснаа цагийн дараа муулах магадлалтай шүү дээ.

-Улстөрчдийг бол үг хэлэхээс нь өмнө хүмүүсийн хандлага сайн байснаа ийм өгүүлбэр хэлсний дараа сөрөг сэтгэгдэл нэмэгдсэн гээд гаргах нь байна шүү дээ?

-Тийм тийм. Байгууллагууд бол өрсөлдөгч байгууллага, өөрийн бүтээгдэхүүн дээр анализ хийдэг болсон байгаа.

-Өөрөө Японд сурсан юм билээ. МУИС-ийг программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн гэсэн. Японд сурахад хэл шаарддаг уу, эсвэл дэлхий нийтээр программ хангамжийн нэг хэлээр ойлголцдог юм уу?

-Монголдоо суралцаад, Азийн шилдэг инженерүүдийн тэтгэлэг зарлагдахад, оролцож, дөрвөн инженерийн нэгээр шалгарч байлаа. Очоод хиймэл оюун ухаанаар сураад, сүүл рүүгээ жинхэнэ оюун ухаан руу оръё гээд биоинженерийн чиглэлээр багагүй судалгаа хийсэн. Японд төгсөөд нэлээд хэдэн төсөл дээр ажилласан даа. Программ бичихэд япон хэл шаардахгүй. Гэвч япон хүмүүсээс ажил авч хийхэд японоор ярих хэрэгтэй болохоор яалт ч үгүй хэл сурахаас өөр аргагүй л дээ.

-Ямар төслүүд дээр ажилласан бэ?

- Японы Макдоналдс гээд 3000 салбартай байгууллагын хүний нөөцийн программыг бичиж байсан. Ажилтнуудынх нь 80-аад хувь нь цагийн ажилтан байдаг болохоор тэднийг яаж зохицуулах вэ гээд толгойгоо нэлээд ажиллуулж байлаа. Тоёотагийн программ дээр ажиллаж байсан. Ногояагийн их сургуулийн цаг бүртгэлийн систем дээр ажиллаж байв.

-Тэдний цаг бүртгэлийн систем өвөрмөц онцлогтой юу. Манайхан бол зарим нь ажил дээрээ очиж картаа дарчихаад гарна гэж ярьдаг?

-Япончууд үнэнч ажилладаг хүмүүс. Ийм асуудал гарахгүй байх л даа. Гэхдээ цаг уншуулахад шийдэл бол байж болно.

-Байгууллага, үндэстний онцлогоос хамаараад шийдлүүд нь өөр байх нь ээ?

-Тийм. Бид программаа хийхдээ тухайн байгууллагын шаардлагыг эхлээд сонсдог. Цаг бүртгэл гэхэд манай хүмүүс орж ирчихээд гараад байна гэвэл яаж буцаж гарсныг нь мэдэх талаар бодож эхэлнэ гэсэн үг. Магадгүй гарч орохыг нь бүртгэдэг байх юм уу, эсвэл тухайн хүн өрөөндөө байна гэдгийг мэддэг байх ёстой юм уу гээд шийдлүүд бол бий.Аль технологиос аль хэсгийг нь авч ашиглах гэдэг л асуудал. Барилгаар бол бүх л орц гарцыг нь тооцно гэсэн үг. Хаана ямар шат, цонх хийхээ тооцож байгаад хэрэгжүүлнэ.

-Task гэдэг нэрийг яагаад сонгов?

-Task гэдэг нь жижиг жижиг ажлуудыг хэлдэг. Тэр утгаараа өгсөн. Одоо бодоход яг таарсан нэр шиг санагддаг.

-Та Японд ажилласан бол их мөнгө олох боломжтой байсан. Япон мөрөөдлийн төлөө ажиллахыг хүсээгүй гэж нэг ярьсан байна лээ. Ингэхэд монгол мөрөөдөл гэж юу вэ?

-Яагаад ингэж хэлснээ эхлээд тайлбарлая л даа. Манай Монголын олон мундаг залуус гадагшаа гарч, гадны улс орныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа. Гадны нэг компанид ажиллана гэдэг тухайн компанийн захирлын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө ажиллана гэсэн үг. Сурсан мэдсэнээ Монголдоо зориулъя гэдэг бодол байсан. Монголынхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй л гэж бодсон.

-Хүмүүс монгол программист тааруу, Японых мундаг гэж бодож магадгүй. Өөрийн чинь хувьд ямар санагдсан бэ?

-Монголын боловсролын систем муу биш. Монголдоо сураад Японд очоод код бичихэд дутах юм байгаагүй. Биднийг МУИС сайн сургажээ гэж бодсон. Монгол хүний онцлог гэж байна. Ямар ч хэлийг хурдан сурдаг, түүн шиг программ хангамж дээр хэл гэж байдаг. Тэр хэлийг маш хурдан сурдаг. Программчлалын технологи хэл маань маш хурдан өөрчлөгдөж байдаг. Өөчрлөлтөд маш хурдан дасан зохицож сурдаг нүүдэлчин хүмүүсийн онцлог байна л даа. Ийм чадвар дэлхийн хаана ч хэрэгтэй.

Онцлох нийтлэлүүд