Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Цаг үе
2020.09.11 08:09

Э.Эрдэнэжамъян: АН, Шинэ нам болон бусад улс төрийн намуудтай нэгдэж цэгцтэй улс төрийн намыг байгуулах түүхэн хэрэгцээ шаардлага үүссэн


Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.


-Орон нутгийн сонгуульд МАХН, АН, Шинэ нам эвсэж оролцохоор болсон. Яагаад нэгдэж сонгуульд орох болсон талаар ярилцлагаа эхэлье?

-Иргэдийнхээ сонгох эрхийг хамгаалж, ардчиллыг хадгалж үлдэхийн тулд бид бодлогоо нийлүүлж байгаа юм. УИХ-ын сонгуулийн үр дүн нь Монголд шударга ардчилсан сонгуулийн шинж алдагдсан гэдгийг бүх нам, нэр дэвшсэн хүмүүс, улс төр судлаачдад ил боллоо. Үндсэндээ нэр дэвшигчид буюу улс төрийн намууд хоорондоо шударгаар өрсөлдөж байвал үүнийг ардчилал гэж байгаа юм. Төртэйгөө буюу төрийн байгууллагатайгаа өрсөлдөж байвал ардчилал биш тоталитор юм уу дарангуйлсан нийгэм гэж үздэг. Одоо улс төрийн намууд, нэр дэвшигчид хэн нэгэн нэр дэвшигчтэй биш, бүхэл бүтэн төрийн байгууллагуудтай буюу төр засагтай өрсөлдөж байна гэсэн үг. Шүүх, цагдаа, прокурор, иргэний бүртгэлийн байгууллага нь эрх баригчдад үйлчилж Сонгуулийн ерөнхий хороо нь нэг намаас томилсон төрийн албан хаагчдаас бүрдэж байгаа. Ийм нөхцөлд тэгш өрсөлдөөн, шударга өрсөлдөөн гэж байхаа больж байна. Энэ нь сонгуульд орсон бүх нам эвсэл, нэр дэвшигчдэд том сануулга болсон. Бүгд л луйвар булхай боллоо, царцаа нүүлээ, мөнгө тараалаа гэж ярьж байна. Хамгийн гол нь сонгуулийн булхайнаас гадна төсвийн хөрөнгөөр эрх баригч нам сонгууль хийгээд байгаа юм. Цар тахлаар далимдуулж хүүхдийн мөнгө, хүнсний талон гэдэг нэрээр ард иргэдийг барьцаалж байна. Эрх баригч намд саналаа өгөхгүй бол чиний хүнсний талоныг хасна гэж байгаа юм. Айлгаж байж хүмүүсийг сонгуульд оруулж байна шүү дээ. Төрийн байгууллага дангаараа зохион байгуулаад, төрийн мөнгөөр сурталчилгаа явуулаад, төрийн албан хаагчдаар сүрдүүлж нөлөөлж сонгууль хийж байхад сөрөг хүчний намууд нийлж сонгуульд орохгүй бол болохгүй нь гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тийм учраас орон нутгийн сонгуульд Ардын нам ба бусад гэдэг сонголтыг ард түмэнд тавина. Эрх баригчдад ард түмэн нийтээрээ сайн байгаа зүйлгүй. Санал өгсөн нийт тоог харахад бүх сонгогчдын 25-30 хувь нь МАН-д саналаа өгч байхад нийт авч байгаа суудлынх нь бараг 80-90 хувь нь МАН-д ногдоод байх нь шударга биш шүү дээ. Тийм учраас үлдсэн 70-80 хувиа бүрдүүлж байгаад улс төрийн намууд нэгдэх юм бол МАН-ыг ялах нь гарцаагүй юм. Орон нутгийн сонгуульд ингэж оролцсоноор нэн түрүүнд хяналт хариуцлагын тогтолцоог бий болгох гэж байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгө буюу иргэдийн хуруу хумсаа хуйхлан байж төлсөн тэр татварыг зүй зохистой орон нутагт нь зарцуулж чадаж байна уу гэдэг чухал асуудал. МАН-ын дангаараа бүрдүүлж буй Засгийн газрын хэтэрхий эрээ цээрээ алдсан төсөв, зардлыг хянах ард түмний хяналт л хэрэгтэй болоод байна.

-Төсвийн тодотголд ямар байр суурьтай байна?

-Иргэдийнхээ ахуй амьжиргаа руу чиглэсэн байдлаар эдийн засгаа бодож төсвөө өөрчил гэж бид өнгөрсөн хагас жилийн хугацаанд шаардлаа. Гэтэл Сангийн сайд бүх юм сайхан байгаа гэж ярьж байснаа сонгуулийн маргааш болохоор төсөв болохоо больчихож байгаа юм. Тэгэхээр энэ төсөв дээр эрх баригч нам дэндүү дураараа хандаж, төсөвтэй холбоотой бүх хуулийг зөрчиж, бүх болохгүй зүйлийг хийж байна. Эхлээд хууль зөрччихөөд дараа нь тэрийгээ хуулиар засаж байна гэсэн үг. Уг нь хууль зөрчсөн хүнд ял өгөх ёстой, хууль зөрчсөн хүнд хариуцлага тооцох ёстой байхад засгийн газар, УИХ нийлж байгаад хууль зөрччихөөд дараа нь тэрийгээ өөрсдөдөө тааруулж засна гэдэг маш том гэмт хэрэг. Тэгэхээр ийм гэмт хэрэг хийгээд байгаа бүлэглэлийн эсрэг бид хүчээ нийлүүлэхгүй бол төсвийн хөрөнгөөр гараа угааж байгаа, тендер будлиулж байгаа, 60 тэрбум идэж байгаа бүлэглэл чинь хоорондоо хүчээ нийлүүлчихээд бусад хүмүүсийг төрийн мөнгөөр пять нольдчихож байна шүү дээ. Ийм зүйл байж болохгүй гэж л үзээд байгаа юм.

-Ардчилсан нам, Шинэ нам, Хувьсгалт нам гурав үзэл баримтлал хэр нийлэх вэ?

-Нийслэлийн сонгуульд найман нам өрсөлдөнө. Бусад орон нутгийн сонгуульд үүнээс цөөхөн нам бүртгүүлж байгаа. Бусад бүртгүүлээгүй нам, эвсэл орон нутгийн сонгуульд энэ гурван намыг дэмжиж оролцохоо илэрхийлж байгаа юм. Тэгэхээр гурван намын цаана өөр олон нам бий. Мөн бие даагчдын тодорхой платформууд бий. Санал хувааж, хагалах, эрх баригчдад туслах маягаар оролгүйгээр ингэж явъя гэж байгаа юм. Бие даагаад юм уу эсвэл дангаараа оролцож байгаа нам, эсвэл нэр дэвшигчийг үндсэндээ Ардын намд тусалж байна л гэж ойлгох хэрэгтэй. Ийм тодорхой сонгуулийн тогтолцоотой үед Ардын намд тусалж санал хуваах, хагалах маягаар орно гэдэг бол Ардын намд тусалж байгаагаас өөрцгүй.

-Эдгээр гурван нам ямар үзэл санаан дээр нэгдэж байгаа вэ?

-Нэгдүгээрт, хамгийн чухал үзэл санаа бол ардчилал, монгол хүний сонгох, сонгогдох эрхийг хамгаалах асуудал маш чухал байна. Өмнө нь үндсэндээ хоёр намын тогтолцоотой шахуу явж ирсэн шүү дээ. Голлох хоёр нам ба бусад жижиг намууд гэсэн үр дүн гардаг байсан. Гэтэл одоо голлох нэг нам ба туслах дүрийн жижиг намууд гэсэн хувилбарыг эрх баригчид тулгах гэж оролдож байна. Ийм үед төрд ямар ч хариуцлага байхгүй, буруутай хүмүүс хэзээ ч хариуцлага хүлээдэггүй, иргэдийн сонгох эрх бол зүгээр л цаасан дээр үлдсэн тунхаг болж хувирна. Эрх баригчид хариуцлага хүлээдэггүй болж эхлэх үед, ардчилал дүр эсгэсэн хэлбэрт орох тусам эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, ядуурал улам бүр газар авна гэсэн үг. Зөвхөн шударга сонгуулийн үр дүн л иргэд нь дарга нартаа хариуцлага тооцож, хянаж чаддаг үндсэн хуулийн үзэл санааг амилуулж чадах юм. Тэгэхээр гурван нам нийлж оролцож байхад сонгогчдын саналыг луйвардана гэж үзвэл эрх баригчдад тийм ч амаргүй. Хоёрдугаарт, хяналт хариуцлага, тэнцвэр гэдэг зарчим дээр нэгдэж байгаа. Үндсэндээ УИХ төсвийг баталж байгаа хэдий ч хийж хэрэгжүүлж үрэн таран хийж байгаа нь яам, эсвэл орон нутгаар л дамжиж хэрэгждэг. Олон зардал орон нутгийн төсвөөр дамжиж угаагдаж байгаа. Үүнийг л иргэдэд нээлттэй болгож өөрчлөх ёстой. Нэн түрүүнд хүнээ боддог нийгмийг байгуулах цаг ирсэн. Нийслэлд хэчнээн хөшөө дурсгал бариад хэрэг байна уу. Ингэлээ гээд монгол хүний амьдрал сайжрахгүй. Нийслэлд ажилгүйдэл, утаа, түгжрэл, тоосыг шийдэх хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг шийднэ гэдэг нь цаашдаа монгол хүний таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Мэдээж нам намын тусдаа мөрийн хөтөлбөрүүд байдаг. Манай нам иргэдийнхээ ахуйн амьдралыг шийдэх хамгийн сайн гарц орон сууцныхаа хүртээмжийг нэмэгдүүлж, орон сууцанд орох нөхцөлийг сайжруулах хэрэгтэй гэж үздэг. Бид ялаад гараад ирвэл түүнийгээ хэрэгжүүлнэ.

-Намууд хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлж байгаа бол?

-Бидний үндсэн тохиролцоо нэр дэвшигчийн тоог УИХ-ын сонгуулиар тухайн дүүрэг тойрог дээр аль нам хэдэн санал авсан гэдгийг харгалзана. Энэ бол гол зарчим. Жишээ нь, Сонгинохайрхан дүүрэгт манай нам илүү санал авчихсан учраас бид илүү хүн дэвшүүлж байгаа. Хан-Уул дээр Шинэ нам тодорхой хэмжээний их санал авсан. Ардчилсан нам ч авсан, манайх ч авсан учраас аль алинаас нь нэр дэвшүүлж байгаа юм. Сонгогчдынхоо саналыг ч хүндэтгэж байгаа, хамгийн шударгаар л тохиролцож байгаа тохиролцоо гэсэн үг. Нийслэлийн хэмжээнд МАХН найман хүнийг ИТХ-д дэвшүүлж байгаа бөгөөд үүнийхээ нэгийг өнгөрсөн сонгуульд Та бидний эвсэл болон оролцсон ИЗНН-д санал болгосон.

-Өнгөрсөн сонгуулиар МАХН УИХ-д нэг суудал авсан. Гишүүнтэйгээ хуулийн төслүүд дээр ажиллаж байна уу?

-Манай намын дэд дарга С.Ганбаатар маань намынхаа болон сонгогчдынхоо бодлогыг УИХ-д төлөөлөн ажиллана. Нэлээд олон хуулийн төсөл өргөн бариулахаар ажлын хэсэг болон хуваагдаад ажиллаж байгаа. Шинэ мөнгөний бодлого буюу Монголын банк санхүүгийн тогтолцоонд реформ хийх, зээлийн хүүг бууруулах талаар бид цоо шинэ бодлого боловсруулсан. Үүнийгээ С.Ганбаатар даргаар өргөн бариулна. Орон сууцны зээлийг урьдчилгаагүй, хүүгүйгээр өгнө гэдэг бодлого ч банк санхүүгийн харилцаан дотор орж байгаа учраас энэ төслөө хамтад нь өргөн бариулна. Үндсэн хуулийн 6.2-той холбоотой буюу Монголын газар байгалийн баялагтай холбоотой асууудлаар төсөл дээр ажиллаж байна. С.Ганбаатар дарга өөрөө үйлдвэрчний эвлэлийн угшилтай учраас цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр тодорхой бодлого түлхэнэ гэж бодож байгаа. Энэ бүгдээ өргөн барина. Гэхдээ 76 дотор нэг хүний санаачилсан хууль тогтоомж амархан шийдэгдэхгүй байх. Ямартаа ч өргөн бариад, эрх баригчид суудал дээр ямар хариу үйлдэл үзүүлэхийг харна. Бид хоосон, бүтэшгүй ажлуудыг амлахгүй. Тодорхой хэмжээний эдийн засгийн судалгаатай, үндэслэлтэй, бодитой хуулийн төслүүдийг өргөн барина. МАН үнэхээр ард түмнээ боддог эсэх эдгээр хуулиар харагдана.

-Таны хувьд зээлийн хүүг бууруулах боломж хэр байна гэж харж байна?

-Зээлийн хүүг бууруулах боломж байсаар л байгаа. Цаашдаа ч байна. Тэр боломжоо олж хараад хийх үү, үгүй юү гэдэг улс төрийн шийдэл байхгүй юу. Дэлхийн 200 орчим улсаас бараг тал нь мөнгө хүүлдэггүй системтэй. Зээл олгоддоггүй, зээлээ хүүтэй өгдөггүй систем дэлхий даяар байсаар байхад яагаад бид зөвхөн барьцаатай зээл өгдөг ломбардны системийг дэмжих ёстой юм. Монголчууд бид хүүгүй, хүүлэхийг хориглодог банктай улс орнууд байдаг гэдгийг одоо хүртэл мэддэггүй. Мэдэхийг хүсдэггүй, эрдэмтэд нь судалдаггүй. Судлаад үзүүлэхээр гайхдаг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн мэдлэг олгодог боловсролын тогтолцоонд нь тийм зүйл байдаг тухай заадаггүй. Өнгөрсөн 30 жил манай эдийн засагчдад хичээл заасан гадны багш, зөвлөхүүд нь ерөөсөө л мөнгө хүүлдэг банкны тухай л заасан байдаг юм байна. Монгол хүний мөнгийг аваад, эргээд өөрт нь барьцаатай, хүүтэй зээлүүлж өгдөг мөнгө хүүллийн тогтолцоог л заасан болохоос биш бусад санхүүгийн арга хэрэгслийг нь зааж өгөөгүй л байхгүй юу. Бид хөрөнгө оруулалт авахдаа жилийн 20 хувь, таван жилд 100 хувийн хүүтэй мөнгө хүсээд байгаа юм уу, эсвэл хүүгүй мөнгө хүсээд байгаа юм уу. Орон сууцанд орохдоо жилийн найман хувь, 20 жилийн хугацаанд 160 хувийн хүүтэй мөнгө төлөх нөхцөлтэй ипотекийн зээлийг болж байна гэж үзээд байгаа юм уу, үгүй юм уу. Болохгүй байна гэвэл тэгээд өөрчилж болно. С.Ганбаатар даргын хэлдгээр энэ бүх тогтолцоо бол хэзээ ч өөрчилж болохгүй байгалийн хууль, бурхны сургааль, богдын лүндэн биш шүү дээ. Хэн нэг хууль баталсан монгол дарга нарын л шийдэж олсон шийдэл. Ард түмэн нь одоо өөрчилмөөр байна гэвэл өөрчлөх боломжтой, өөрчлөх шаардлагатай л хуулиуд юм.

-Гурван нам орон нутгийн сонгуульд хамтарч орчихоод цаашдаа тус тусын намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах уу?

-Одоо ер нь Монголд 30, 40 намын хэрэг байгаа юм уу. Энэ удаа хамтарч байгаа хамтын ажиллагаа нь бүтэлтэй болоод, сонгогчид бидэнд итгээд олонх болох юм бол үндсэндээ та нар эвсэж нэгд гэсэн ард түмний захиалга болж таарч байгаа юм. Салж яваад байвал та нар ялагдаад байх юм байна, нэгдэж нийлээд байх юм бол бид дэмжихэд бэлэн гэсэн ард түмний хүсэл эрмэлзэл гэж ойлгоно. Миний хувьд бол цаашдаа Ардчилсан нам, Шинэ намтай болон бусад улс төрийн намуудтайгаа нэгдэж нийлж илүү том цэгцтэй улс төрийн намыг байгуулах түүхэн хэрэгцээ шаардлага үүссэн гэж боддог.

-Анх аль намаас хамтрах санал тавьсан бэ?

-Ер нь аль аль нь хамтрах санал тавьсан. Сонгуулийн дараа луйвар булхай болчихлоо гэдгийг бүгдээрээ ярьсан. Эхлээд юун дээр луйвар хийчихэв. Яагаад ийм нөхцөл байдал үүсчихэв гэдгийг баримтжуулах ажлын хэсэг байгуулсан. Үүнд гурван нам бие даагчдын эвсэл нийлж байгаа юм. Ингээд бид бүх булхай луйвруудыг илрүүлээд, илчлээд Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ийм булхай луйвартай гэдгийг мэдсээр байж цаашид тус тусдаа яваад байж болохгүй гэдгийг ойлгосон. Одоо тус тусынхаа амбицыг бодоод, хэн нэгэн нь ганцаараа сугалаанд хожих гэж байгаа юм шиг эрх баригчдыг ялчихна гэж зүүдлээд цаашаа явах боломжгүй гэдэг нь туйлын тодорхой. Монгол ардын хувьсгалт намын хувьд үзэл баримтлал олон нийтэд ил тод байдаг. Бидний бодлоор өнөөгийн улс төрийн тогтолцоонд нэг сайн реформ хийх цаг нь болсон гэж боддог. Үүнийгээ Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулаад цаасан дээр буулгачихсан. Улс төрийн тогтолцоо, эдийн засгийн тогтолцоо, боловсролын тогтолцоо гээд бүх зүйлээ эргэн харж өөрчлөхгүй бол бүгд асуудалтай болчихлоо. Товчхондоо Монгол Улсын тогтолцоо гашилчихсан байна. Бидэнд болж байгаа салбар гэж юу байгаа юм. Шүүхийн тогтолцоо, хуулийн тогтолцоогоо хар. Болж байгаа зүйлгүй. Банк санхүү эдийн засгийн тогтолцоо ард иргэддээ ээлгүй. Тэгэхээр бүх зүйлийг эхнээс нь эхэлж засахын тулд сууриас нь эхэлнэ. Улс төрийн намууд магадгүй татан буугдах ёстой. Тэгэж байж цоо шинэ улс төрийн намуудыг бий болгох ёстой. Сонгууль улсын төсвөөр биш, хувийн мөнгөөр хийгдэж байгааг таслан зогсоох ёстой гэх мэтээр яриад байвал орвонгоор нь өөрчилмөөр олон асуудал байна даа.

С.ОТГОНГЭРЭЛ

Онцлох нийтлэлүүд