Улс төр
2015.06.22 01:06

Японы ерөнхий сайд, Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдтай уулзав

Япон, Өмнөд Солонгос улсын дипломат харилцааны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Хоёр орны харилцаа дэлхийн II дайны үеийн Японы эзлэн түрэмгийлэл, газар нутгийн маргаан зэрэг хүчин зүйлээс үүдэн амаргүй явж ирсэн билээ.

Ойг тохиолдуулан Сөүл, Токио дахь элчин сайдын яамдуудын арга хэмжээнд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе, Японы ерөнхий сайд Шинзо Абе нар оролцох аж. “Хоёр орны хойч үеийхний төлөө би ерөнхийлөгч Пак Кын Хетэй дараагийн 50 жилд харилцаагаа сайжруулахын төлөө хамтран ажиллах болно” хэмээн Японы ерөнхий сайд Шинзо Абе Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ мэдэгджээ.

Өчигдөр хоёр орны гадаад хэргийн сайд нар уулзсан юм. Энэ уулзалт нь дөрвөн жилийн хугацаан дахь анхных аж. Уулзалтаар хоёр орон батлан хамгаалах, худалдаа наймааны хамтын ажиллагааны талаар дээд түвшний уулзалт зохион байгуулахаар тохиролцсон байна. Япон, Өмнөд Солонгос улсууд 2012 оноос хойш дээр дурьдсан уулзалтыг хийгээгүй аж. Мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе, Японы ерөнхий сайд Шинзо Абе нар албан тушаалаа авснаас хойш хоёр талын яриа хэлцэл хийгээгүй байгаа юм.

Онцлох нийтлэлүүд