Нийгэм
2021.04.20 09:04

Ёс суртахуунгүй од, нийгмийн зүтгэлтнүүдийг эфирт гаргаж болохгүй

Аливаа нэг үндэстэнд даган дуурайдаг нийгмийн зүтгэлтэн, улстөрч, урлаг соёл, спортын одод байдаг. Тэднийг шүтэн биширч явдаг бүхэл бүтэн нийгмийн давхарга бий. Бишрэн шүтэгсэд нь эдгээр хүмүүсийг дээрээсээ дороо хүртэл даган дуурайчихдаг. Хэрвээ энэ хүмүүс ёс суртахууны уналтад орвол үндэстэн дагаад ёс суртахууны уналтад ордог. Нэгэнт ёс суртахуунгүй болсон үндэстэн цаашид оршин тогтнох нь хэцүү болж ирдэг хүний нийгмийн түүх байдаг. Шүтэн биширч байгаа хүмүүсээ дагаад нийгэмд ёс суртахуун гээч юм алга болно. Яг л ийм зүйл болдог. Урлагийн буюу олны танил хүмүүс ард иргэдэд эергээр нөлөөлж, тэдний хувьд даган дуурайх, сайн сайхан зүйлээр үлгэрлэх хөтөч нь байх ёстой. Өөрөөр хэлбэл, хийж буй үйлдэл, хэлж буй үг бүрээрээ нийгэмд үлгэрлэж, зөв амьдарч, үйлдэл бүрээ хянан цэгнэж, нийгэмд, ялангуяа ирээдүй хойч үеийнхэнд эерэг хандлагыг түгээх хэрэгтэй. Сүүлийн үед олны танил хүмүүсийн биеэ авч яваа байдал, үг, үйлдэл багагүй шүүмжлэлд өртөх болсон. Саяхан гэхэд “Никитон”-ы Б.Батчулуун, дуучин С.Сэрчмаа нар шууд лайв хийж байх үедээ ярьсан зүйл нь олны эсэргүүцэл, эгдүүцлийг ихээхэн төрүүллээ. За тэр яриаг нь үзэхээс ч, дахиж давтаж бичихээс халгамаар бүдүүлэг. Олон нийт ч үүнийг мэдрэн эгдүүцэн, тэднээс уучлалт гуйхыг шаардсан. Бид Бачкаг шүтдэг юм чинь гээд дуурайвал хүмүүнлэгийн сүйрэлд орж дуусахаар бүдүүлэг үйлдэл ярьсан. Харин энэ мэт бүдүүлэг яриаг орчин үеийн нийгэм маш зөвөөр шүүмжилж, мэдрэмжтэй хариу үйлдэл үзүүллээ. Их магтууштай. Хоёр дуучны зүй бус яриа сошиалд түгсний дараа хамтран ажилладаг гэрээт байгууллагууд нь хамтран ажиллахаа зогсоож буйгаа илэрхийлсэн. Тэр дундаа “Капитрон” банк Б.Батчулуунтай, “25 дугаар суваг телевиз” С.Сэрчмаатай хийсэн гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдсэн. Тун зөв зүйтэй шийдвэр. Урлаг, соёлын нэр алдартай эрхмүүдийг хүүхэд залуучууд хамгийн ихээр харж, даган дуурайдаг. Тэд уран бүтээлээрээ, амьдралынхаа хэв маягаар дамжуулан залуусыг, нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй хүмүүс. Энэ мэт ёс зүйгүй үгс хэлж, ярьж, буруу үлгэр дуурайлал болж буй эдгээр этгээдүүдтэй бизнесийн байгууллагууд хийсэн гэрээгээ хэлэлцээрүүдээсээ татгалзаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уран бүтээлийг нь түгээх, сурталчлах зэргээс татгалзах нь зүйтэй. Дэлхийн одууд алдар нэрд хүрч, амжилт гаргасан ч ёс суртахуунгүй үйлдлээсээ болж карьераа сүйтгэх тохиолдол цөөнгүй гардаг. Тэдний карьер бол олон нийтийн хэвлэл мэдээллээр гарах, олон нийтэд зориулсан жүжиг кино арга хэмжээнд оролцож улам олон бишрэн шүтэгсэдтэй болж түүгээрээ реклам сурталчилгаа хийж мөнгө хөрөнгө олох л байдаг. Харин ёс зүйгүй одуудтай хамтран ажиллаж буй байгууллагууд нь гэрээгээ цуцалж, дахин олны нүдэнд өртүүлэхгүй байх зэрэг арга хэмжээнүүд авсан жишээ олон бий.

Манай сонин хар тамхи хэрэглэсэн, ёс зүйгүй, бусдыг зүй бус зүйлд уруу татсан, уриалсан, элдэв хараалын үг хэрэглэдэг урлаг соёлын оддыг мэргэжлийн редакциуд нэвтрүүлэхээ, олон нийтэд сурталчлахаа болих нь зүйтэй хэмээн маш их бичдэг, уриалдаг. Бидний хичээл зүтгэл талаар болсонгүйд баяртай байна. Бидний бичиж, уриалсан зүйлс нийгэмд хэрэгтэй байгаад талархууштай. Олны хайр хүндлэлийг хүлээсэн хүмүүст зохих хэмжээнд ёс зүй байх ёстой. Бид ч тэднээс ёс зүйтэй байхыг шаардах ёстой юм. Энэхүү урлаг соёлын одод гэдэг бидний хайр халамжаар мөнгө олж амьдардаг улс. Бид ч мөнгө төлөхөөс өөр аргагүй авьяаслаг улс байдаг. Угтаа бидний хайр ивээлээр нэрд гарсан улсууд юм. Эдний гол орлого ард түмэнтэй л хамтран ажиллах байдаг. Өөрсдийн тоглолт, үзвэрээ хэвлэл мэдээллээр дамжуулж түгээдэг, сурталчилдаг. Тиймээс ёс зүйгүй ододтой хамтран ажиллахаа больж тэднийг хэвлэл мэдээллээр сурталчлахаа зогсоочих хэрэгтэй. Ард түмэн авьяаслаг хөвгүүд, охидоор дутдаггүй юм. Дахиад нэг нь гараад л ирнэ. Ингэж байж ёс зүйтэй байхыг одууд өөрсдөдөө шаарддаг, хэрэгжүүлдэг болно. Тэрний дараагийн хүн хүссэн ч, эс хүссэн ч ёс зүйтэй байхыг хичээнэ. Урлаг бол хамгийн ёс зүйтэй байх мэргэжил юм аа. Одууд ёс зүйтэй байвал даган дуурайдаг хүмүүс нь ч ёс зүйтэй байдаг. Нийгэм нь ёс зүйтэй байдаг гэсэн үг. Ёс зүйгүй нийгэм мөхдөг, ёс зүйтэй нийгэм хөгждөг. Өнөөдөр манайд ёс зүйн асуудал нийгмийн шүдний өвчин болчихжээ. Ёс зүй, ёс суртахуун гэдэг зүйлээр Монголын нийгмийн бүхий л салбар ангаж байна гэхэд хилсдэхгүй. Бидний шүтэн биширч явдаг хүмүүс маань бүр ч ёс зүйгүй байна. Дээр дурдсан хоёр дуучнаас гадна ёс зүйн доголдолтой одод өчнөөн бий. Жишээ нь, дуучин Т.Дэлгэрмөрөн байна. Сошиалд гэр бүлийн харилцаагаа дэлгэж, хэрүүл маргаан хийж лайвдаж байгаа нь үнэхээр ёс зүйгүй үйлдэл. За тэгээд олимпийн аварга, МУГТ Н.Түвшинбаяр найзыгаа хэвтэрт ортол нь нүдчихсэн. Өдгөө зодуулсан найз нь Солонгос улсад эмчлүүлж байна. Түүнчлэн загвар өмсөгч Н.Эрдэнэцогт хөл хорионы үед цагдаа найзынхаа албаны автомашинаар хүргүүлж буй бичлэгээ сошиалд тавьсан нь олны дургүйцлийг хүргэсэн. Түүний найз бүсгүй сошиал хаягтаа түүнд зодуулсан гэх нотлох баримтууд дэлгэж, шуугиан тарьж байсан цаг саяхан. Энэ мэт олны танил болсон эрхмүүд нэр хүндээрээ халхавч хийж ёс зүйгүй үг, үйлдэл гаргасаар байдагт хариуцлага тооцох, нийгэмд шигшдэг болъё.

Өнөөдөр ёс зүйтэй байна гэдэг тухайн хүний гоо үзэсгэлэнгийн нэг хэсэг болчихжээ. Ёс зүйтэй хүнийг маш гоо үзэсгэлэнтэй хүн гэж хардаг цаг ирж. Ёс зүй гэдэг бол хүний юу хийх ёстой, юу хийх ёсгүй, юунаас татгалзах ёстойг заадаг тэр л зүйл. Энэ нь тухайн хүний хандлага, өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлж байдаг. Ёс зүйгүй байсныхаа төлөө хариуцлага хүлээдэг зарчимтай. “Япон үндэстний ёс зүйн цогц” номон дээр “Хүн ур чадвар, эрч хүчээ шавхан байж, сэтгэл зүрхээрээ хүссэн өндөрлөгтөө хүрдэг хэрнээ ёс зүйгүй, шударга бус нэг л удаагийн үйлдлээсээ болж доод хязгаарт хүртэл унахдаа маш амархан” хэмээн бичсэн байдаг. Ёс зүйтэй байх нь чадвар гэхээсээ илүү бидэнд байх ёстой амьдрах дадал хэвшил юм. Одоо бид урлаг соёлд хатуу цензур тавьж сураад дараа нь үүнийгээ улс төрд оруулах хэрэгтэй байна. Урлаг соёлынхноос ёс зүй нэхэж хүмүүжүүлээд дараа нь улстөрчдөөс ёс зүй нэхдэг болмоор байна. Улстөрийнхөн дээр ч хатуу арга хэмжээ авдаг болох хэрэгтэй.

Дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд өөрсдийн эрхээ хамгаалж, нийгэмд нуугдмал оршдог бэлгийн болон сэтгэл зүйн дарамтыг ил болгож, өөрчлөлт хийхээр #MeToo хөдөлгөөнийг эхлүүлсэн байдаг. Өмнө нь ярихад хорио цээртэй мэт байсан хүчирхийллийн сэдвийг ил гаргаж, хүчирхийлэгчдийг олон нийтээр жигшин зэвүүцэж, хүчирхийллийг даван туулагчдад сэтгэлийн дэм өгөх хөдөлгөөн дэлхийн олон оронд хүчтэй өрнөж байна. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө нийгмийн сүлжээнд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг #Me­too хөдөлгөөн өрнөж, охид бүсгүйчүүдээс эхлээд эрчүүд ч нэгдэж харагдлаа. Хамгийн гол нь энэ хөдөлгөөнийг нийгэм маш сонор соргогоор ажиглаж байна. Энэ хөдөлгөөн үнэхээр олон нийтэд хүрч, цаашид ийм хөдөлгөөн өрнөөд явбал нийгэм эрүүлжинэ. Үүний ард хэдэн улстөрчид яригдаад байгаа хэдий ч үнэн худал эсэхийг нь нийгэм анхаарлын төвдөө авчихсан, хараад сууж байна. Иймэрхүү нийгмийг зөв тийш эргүүлсэн, уриалсан хөдөлгөөнүүд өрнөөд эхэлбэл урлаг соёлын одуудаас эхлээд улстөрчдийг ч ёс зүйтэй байхыг нийгэм даяараа шаардаж эхэлнэ. Ингэж байж хаа хаанаа ёс зүйтэй болно. Олны хүндлэлийг хүлээсэн урлаг соёлын оддоос эхлээд төрийн өндөр дээд албан тушаал хашиж буй улстөрчдөөс ч ёс зүйг нэхэж, ёс зүйгүй үйлдэл гаргавал хариуцлага хүлээлгэдэг болж занших хэрэгтэй байна. Үүний хамгийн эхний шаардлага бол ёс зүйгүй одууд нийгмийн зүтгэлтнүүдийг эфирт гарахыг нь хориглох, хэрэв өөрийн нийтлэл нэвтрүүлэгтээ ийм хүмүүсийг гаргасан хэвлэл мэдээллийг арга хэмжээ авч торгууль шийтгэл оногдуулдаг баймаар байна.

Онцлох нийтлэлүүд