ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.28 08:10

Үйлийн үрээ хойд насандаа биш энэ насандаа үүрдэг болчихжээ

Хуучин цагт хүмүүс богино насалдаг байлаа. Дундаж нас дөч хавьцаа байсан юм болов уу. Тээр хойно жараад оны сүүл хавьцаа намайг бага байхад тавин насны ой гээд л нижгэр найр болдог байв. За тэр ч яахав би энд шал өөр юмны тухай ярих гэсэн юм. Бурханы сургаалд энэ насандаа нүгэл үйлдвэл хойд насандаа зовж үйлдсэн нүглийнхээ төлөөсийг төлдөг гэж сургадаг байв.

Тиймдээ ч бурханы шашинтай хүмүүс их хүмүүжилтэй хүлцэнгүй даруу байдаг. Харин сүүлийн үед "Бурхан гэж хэзээ байсан юм. Бас хойд нас гэж байгаа ч уу үгүй ч үү. Байлаа ч хаа байсан хойд нас вэ" гэсэн бодлоор аливаад ханддаг болсон. Иймдээ ч хүмүүс их эвдэрч ёс жудаг муутай, "ер юу ч хийсэн яадаг юм" гэсэн бодлоор даруулгагүй, аливааг дээрэнгүйлж өөрийгөө ихэд бодон явах нь ихсэв.

Энэ бүхний хариуг бурхан дор нь барьж энэ яваа насанд нь аливаа үйлдсэн нүглийн нь төлөөсийг амсуулаад байх болсон нь хачирхалтай. Бид бүхний хамгийн сайн мэдэх Н.Энхбаяр дарга байна. Тэр бээр нэгэн цагт титэмгүй хаан, амилсан бурхан мэт шүтэгдэж толгойтой болгоныг бөхийлгөж тойгтой болгоныг сөгдүүлж явсан. Түүний ариун нэр төрийг хялгасын төдий буртагласнаас болоод хэвлэл мэдээллүүд цагдаагийн өмнө шавааралдан байж байцаагддагсан. Гэтэл тэрбээр авлигын хэргээр шүүхээр яллуулж шоронд суулаа. Бас Гаалийн хэмээх Баатар, Цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд гэх зэрэг нөхдүүд үйлдсэн үйлийн үрийн төлөөсөө энэ насандаа эдлэв. Бурхан ийм яаруу болчихсон юм уу гэтэл тийм биш бололтой. Хүмүүс урт насалдаг болчихсон болохоор л бурхад хойд нас гэж алгууралгүйгээр энэ насанд нь үзүүлэх юмаа үзүүлж, харуулах юмаа харуулдаг болсон юм болов уу.

Ж.САНДАГДОРЖ

Онцлох нийтлэлүүд