ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2019.09.07 04:09

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сараас мөрдөнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг анх удаа хэлэлцэв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагт дагаж мөрдөх С.Бямбацогт нарын саналыг гишүүдийн олонх дэмжлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос гадна Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх үеэр “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” хэмээн өөрчлөн найруулах санал дэмжигдсэн билээ. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар энэхүү дагаж мөрдөх хугацааг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацаатай адил байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ санал мөн дийлэнхийн саналаар дэмжигдлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал гаргасан. Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг нар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбоотой хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлэхээр санал гаргасан байна. Дээрх хоёр саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн юм. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Онцлох нийтлэлүүд