Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn
Нийгэм
2014.07.04 10:07

Үнэтэй азарга хурдалдаг бол Б.Наранхүүгийн “Монгол хээр” энэ жил өнгөлнө дөө

Төрийн их баяр наадамд Б.Наранхүүгийн ажнай шарга азарга буюу Тод манлай уяач Эрдэнэчулууны уясан ах дүү шаргууд хол тасархай түрүүлж моринд дуртай мон­гол түмний сэтгэлийг уясааж байсан нь саяхан. Алдарт шаргуудад зориулж “Хос шарга” хэмээх сайхан дуу ч олноо түгж, адууны тэнгэртэй монгол түмний амны шившлэг болсон. Тэг­вэл энэ цаг дор халхын наа­дамд түрүү магнай болдог олон сайхан азаргануудын дундаас “Монгол хээр” хэмээх нэгэн ажнай наадамчин олны дуранд ээрэгддэг болоод байна. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн алдарт уяач Батсүхийн Наран­хүүгийн алдарт Монгол хээр азарга бол өөрийнх нь унаган адуу биш юм. Хүл­гийн сайн эл ажнай хэрхэн өнөөгийн эзэндээ ирсэн түү­хийг наадамчин олон магад санаж буй байх. 2010 оны бар жил Монгол орны нийт нутгийг хамарсан цас, зуд ихтэй хатуухан өвөл тохиов. Хаврын тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр уламжлал болгон зохион байгуулагддаг “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаан цагийн байдалд хавчигдан багагүй оройтож, 2010 оны гуравдугаар сарын 7-нд бол­сон. Хаврын уриар зохиогдсон энэ уралдаанд тоосоо өргө­хөөр монгол нутгийн тал талаас газар газрын алтан туурт Богд Дүнжингарав уулын өвөр бэлд цуглараад байлаа. 

Гурван насны мянга гаруй хүлэг шандас сорьсон энэ наадмын соёолонгийн уралдаан адуунд дуртай хүн бүхний сэтгэлд одоо ч тодхон байгаа. Бага гурван насандаа улс, бүсийн наадмаас айраг түрүү алдаагүй, аймаг орондоо тогтмол дээгүүр хурдалдаг 384 соёолон гарааны зурхай тийш хөдөллөө. 16 км-ээс эргэ­сэн соёолонгийн түрүүч Бор үзүүрийг тойроод барианд орж ирэхэд Орхон аймгаас ирсэн Зээрэн зээрд гэдэг ажнай холхон шиг түрүүлж, наадамчдыг огшоох хооронд арын үрээнүүд  ч сүүл дэрлэн ирэв. Тав, зургаагийн хоёр үрээ амгай зуузай холбоотой. Айргийн тавд аль нь орж, торгон жолоо өргүүлэх бол гэсэн аз эзийн дэнс бариа­ны торгон зурхай дээр Төв аймгийн Архуст сумын уяач Ч.Махбалын халзан үрээ хошуу өлгөж, Төв айм­гийн Сэргэлэн сумын уяач Б.Сүхбаатарын хээр үрээ удаад хурдаллаа. Тавд давхисан халзан үрээ эрлийз адуу байсан учир баяр наад­мыг зохион байгуулах комиссын шийдвэрээр Б.Сүх­баатарын хээр үрээ айргийн таваар баригдаж, цоллуулав. Морь сонирхогчид, уяачдын анхааралд өртсөн хээр үрээ бол Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, аймгийн алдарт уяач Пүрэвдоржийн унаган адуу бөгөөд хязаалан насандаа сумын сургуулийн ойд айраг­даад байсан битүү шахуу адуу шинэхэн эзэндээ ирээд ийнхүү бүсийн наадмын айраг амсуулсан нь энэ аж.

Дүнжингаравын хурдаас анхны айргаа хүртсэн Б.Сүх­баатар уяач хээр үрээнийхээ шандсыг жинхэнэ сорихоор улсын наадмыг хоног тоолон хүлээв. Ардын хувьсгалын 89 жилийн ой эртний домогт Хүйн мандалын торгон ногоон хөндийд уламжлал ёсоор эхэлж, долдугаар сарын 12-ны ургахын улаан нартай зэрэгцэн соёолон морь гараанд гарлаа. Уяа сойлго нь жигдэрсэн 200 гаруй үрээ гарааны зурхайгаас эргэхэд хээр үрээний хүүхэд унажээ. Улсын наадмын айраг зүү­дэлж байсан уяачийн бүтэн жилийн хөдөлмөр хэдхэн хормын дотор ийн талаар болов. Хүүхэдгүй хээр үрээ тааваараа давхисаар барианд ирэх­дээ есөөр хурдлав. “Хүүхэд нь ойчоогүй бол ч айрагдах л адуу юм даа” гэх халаг­лал наадмын дэвжээгээр хэсүү­чилнэ. Гэвч, Б.Сүхбаатар уяач шантарсангүй. Давхар уяагаар хоймор нутгийг зорьж, Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой “Хотгойдын их хурд” хан­гайн бүсийн уралдаанд тод магнай торгон жолоо өргүүлж, хурдан буянаа баталсан юм. Бүсийн наадмын нэг түрүү, нэг айргаар мялаалгасан зургаан настай хавчиг хээр азарга “Дүнжингарав-2011” уралдаанд айргийн гурваар хурдалж, амжилтаа ахиулсан бол давхар уяагаар Нүүрэнтэйн хөн­дийд зохиогдсон зүүн бүсийн хаврын уралдаанд хол тасархай түрүүлэн ирж, энэ цагийн цуут хурдан хүлгүүдийн нэг гэж нэрлэгдэх боллоо. 

Ардын хувьсгалын 90 жилийн ой уяач бүхний зүрх сэтгэлийг догдлуулж, хэний хүүгийн уясан ажнай түрүүлэх бол гэсэн таамаг битүүхэн хэсүүчилж эхлэв. Тэгш дөрвөн ой тохиосон үндэсний их баяр наадам ч хоног хоногоор ойртож, наадмын өмнөх сунгаануудын сураг амнаас ам дамжин яригдах мөчид “61-ийн сунгаанд Сүхээгийн хээр азарга онцгой хурдан байна” гэх мэдээ уяачдын зүрхэнд шар ус хуруулж байв. Хурдан морь сонирхогчид ч ялгаагүй дор бүрнээ л таамаг дэвшүүлж байсан ч Монгол төрийн наадамд зургаан удаа түрүүлсэн “Амгалан төрийн ажнай шарга” азаргыг Хүй долоон худагийн дэнжид уягдаж байгааг мэдээд шарга азаргаа түрүүлчихээсэй гэж моринд хайртай монголчууд битүүхэн залбирч байв. Гэвч шарга азарга долдугаар сарын 11-ний өглөө зодог тайлахаар болжээ. Алдарт шарга азарганы эзэн “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү улсын наадамд түрүүлэх азарганы эрэлд гарсныг харин хэн ч мэдэхгүй байлаа. Сэргэлэн сумын уяач Сүхбаатарын хээр гарцаагүй түрүүлэх азарганы тоонд багтаж буйг хашир уяач анзаарав. Наранхүү уяач Сүхбаатартай уулзаад азарганы наймаа хийх санал тавьсан ч хүлээж авсангүй. “Хэчнээн төгрөг амласан ч хээр азаргаа зарахгүй” гээд мад тавин буцаажээ. Шарга азарганыхаа орыг залгах аргамаг хүлгийн эрэлд гарсан мань эр хүн замын дундаас буцсангүй. 

Төрийн наадам эхлэхээс арваадхан хоногийн өмнө адууны ханиад гарч олон хурдан хүлгийн уяа сойлго алдагдахад хүрэв. Б.Сүхбаатар уяач хээр азаргаа олны хөлөөс дайжуулж, нэг гүүний хамт хөтлөн Богд уулын бэл бараадав. Хээр азарганыхаа их сунгааг уулын бэлд ганцааранг нь давхиулж хийгээд баяр наадмыг зорилоо. Улсын наадмын урьд өдөр Төв аймгийн баяр наадам болж Сүхбаатар уяач зарим морьдоо аймгийнхаа наадамд уралдуулчихаад хот руу орох замд нь Айдасын даваан дээр Б.Наранхүү мөн л түүнийг угтжээ. Маргааш өглөө улсын наадмын азарганы уралдаантай. Наранхүү уяач хээр азаргыг нь маналцаж хонохоор Сүхбаатарын хамт Хүй долоон худагийг зорьсон байна. Тэр шөнө Монголын хоёр сайхан уяач ямархан наймаа тохирсныг талын салхи л гагц гэрчлэх байх. Улсын баяр наадмын хурдан азарганы уралдаанд 355 алтан туурт Хүй мандалын цэцэгт ногоон дэнжийг даргиулан зурхайгаас эргэж, зул задрахад хээр азарга нумнаас алдуурсан сум шиг цойлон хурдалж явлаа. Цамцан дээрээ “006” дугаартай хүүхэд унасан хээр азаргыг тайлбарлагч “Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, “Мон уран” компанийн захирал, аймгийн алдарт уяач Батсүхийн Наранхүүгийн хээр азарга толгойдоо тоосгүй хурдалж явна” гэхэд монгол түмэн “Хос шарга”-ын алдарт эзэн бас нэгэн гайхамшигт хурдыг өөрийн болгосныг ухаарав. 

Азарганы уралдааныг өнгөлж яваа Б.Наранхүүгийн хээр азарга Цагаан хөтөл даваад уруудаж байхад арын азарганууд нь Цагаан хөтөл дээр гарч ирээгүй байлаа. Шарга азарга л яг ингэж тасраад бариан дээр хол саахалтын зайтай түрүүлдэгсэн. Тэр өдрийн наадамд дөрвөн хөлтэй амьтан дөхөж уралдахааргүй хол тасарсан хээр азаргыг наадамчин олон түрүүлэх нь нэгэнт тодорхой боллоо гэцгээж байтал барианд орохоос гурав дөрвөн километрт арын гурван азарга тохож ирэв. Эдгээр нэхэгч хурдан буянууд бол Монгол Улсын манлай уяач Ч.Улааны зээрд, Ч.Хүсэлзулын Ембүү зээрд, аймгийн алдар уяач А.Отгонбаярын хилэн хар гурав байв. Хээр азарга өнгөлсөөр үзэгчид чуулсан үзүүр рүү орж ирэхэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул аймгийн алдарт уяач Ө.Шинэтулгын уясан Ч.Хүсэлзулын Ембүү зээрд азарга буруу талаар нь шургаж, зурхай дээр гишгэхэд хээр азарга аман хүзүүнд баригдав. Б.Наранхүү уяач 90 жилийн түүхт ойд бас нэг хээр азарга мордуулсан нь зургаад хурдалжээ. “Амгалан төрийн ажнай шарга” азарга нь зодог тайлахтай давхцаад хээр азарга аман хүзүүдсэн бол шаргын төл даага түмэн эх болов. 

Азарга барианд орсны дараа “Аман хүзүүдсэн хээр азаргыг наадмын урьд шөнө 500 сая төгрөгөөр Наранхүү худалдан авчээ” гэсэн мэдээ олны салхиар хуурай өвсөнд тавьсан цучил шиг тархах нь тэр. Төдий л удалгүй “Хээр азарганы эзэн Сүхбаатарт унаж явсан “Lexus-570” маркийн авто машинаа бэлэглэжээ” гэсэн дуулиан наадмын чимэг яриа болсныг уншигчид санаж буй нь лавтай. Хурдан моринд зүрх сэтгэлээ зориулсан хийморилог эрчүүдийн ханцуй доторх зангаргатай наймаа гэдэг чухам энэ биз. Хамгийн өндөр үнэ хүрсэн хурдан хээрийг үүнээс хойш Наранхүүгээр овоглож, “Монгол хээр” хэмээн монгол түмэн шагшин бахдах болсон юм. Монгол хээрийн амжилтын цуваа луу жилийн хаврын тэргүүн сард зохиогдсон “Дүнжингаравын хурд”-ын түрүүгээр үргэлжилсэн ч одоогоор улсын наадмаас өмнөх амжилтаа эвдээгүй байгаа. Б.Наранхүү хэдийгээр “Дөчин сая төгрөгөөр авсан” гэж даруу загнан цагаан хэл амнаас бултуулдаг ч хагас тэрбумын үнэд найдвартай хүрсэн гэгддэг Монгол хээр азаргыг наадамчин олон “Энэ жил л ид шидээ үзүүлж, эзэндээ түрүү авчрах байх” хэмээн таамагласаар байна.

Ноднин жилийн хурдан азарганы уралдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын манлай уяач  Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Улс халзан азарга өнгөлж, улсын наадамдаа гурван жил дараалан торгон жолоо өргүүлээд байгаа. Улс халзан үндсэндээ Б.Наран­хүүгийн ажнай шаргын амжил­тыг эвдэх дөхсөн. Монгол хээр азарга ноднин жилийн улсын наадамд хорь гаргаж ирсэн нь уяачийн муугийнх уу, унаачийн тааруугийнх уу гэсэн бор шувууг нисгээд амжсан. Харин өнгөрөгч хавар, өвлийн уралдаануудад гаргасан амжилт нь Монгол хээр энэ жилийн наадмыг ёстой нэг өнгөлөөд өгнө гэсэн хүлээлтийг бий болгоод байгаа билээ. Монгол хээр азаргын амжилтыг дахин дурдвал соёолон насандаа “Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж, Хөвсгөл аймагт зохиогдсон Хотгойдын хурдад түрүүлж, 2011 онд хавчиг зургаан настайдаа “Дүнжингарав”-т айргийн гур­ваар хурдалж, давхар уяа­гаар “Нүүрэнтэйн их хурд” зүүн бүсийн уралдаанд түрүүлэн алдаршиж эхэлсэн. Тэр жилийн төрийн их баяр наадмаар гарсан цагаасаа эхлэн хол саахалтын зайтай өнгөлсөн ч барианы үзүүр дээр бага зэрэг сууж, аман хүзүүнд хурдалсан “Дүнжингарав-2012” уралдааны түрүү магнай юм. “Монгол хээр”-ээс цагаан хэл ам холуур байж, Хүй долоон худагийн ногоон зурхайд тоос­гүй ирэх болтугай.

 Л.БАТЦЭНГЭЛ


Онцлох нийтлэлүүд