Цаг үе
2021.04.16 07:04

ҮХЦ: Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэж үзжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан боллоо.

Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа.

Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.

Үндсэн хуулийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ 15 хоногт авч хэлэлцэнэ. Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хүлээн авбал уг шийдвэр эцсийнх буюу хүчин төгөлдөр болох юм.


УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж байгаа. Цэцийн гишүүн Д.Одбаяр өмнөх бага суудлын хуралдааныг даргалж байсан. Шийдвэр гарч албажих мөчид өөрөө хурал хаяж гарсан хүн дунд суудлын хуралдааныг даргалж байгаа нь улстөрчдийн гар хөл болсон гэж харагдаж байна.

Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан шийдвэрийг гаргах гэсэн үйлдэл юм. Үндсэн хуулийн Цэц шийдвэрээ хэнээс ч хараат бусаар гаргах ёстой. Гэтэл хөл хориотой үед хүчний байгууллагуудын хамгаалалт дор улстөржсөн шийдвэр гаргаж гэж байгаад харамсч байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бүрэн эрх нь дуусгавар болсон Цэцийн гишүүн Д.Солонго оролцож байна. Ш.Цогтоо, Д.Солонго гишүүн хоёрын хугацаа нь дуусаад 1.4 жил болсон. Гэтэл Ш.Цогтоог бага суудлын хуралдаанаар чөлөөлсөн мөртлөө дунд суудлын хуралдаанд Д.Солонго гишүүн оролцож байгаа нь хууль бус үйлдэл. Үндсэн хуулийн Цэц аль нэг улстөрч, намын хүсэл зорилгыг биелүүлээд эхлэх юм бол ард түмэн хэнд итгэх юм бэ. Үндсэн хууль өөрөө шүүхийн нэг хэлбэр учраас бүх шатны шүүгчид эрх баригчдын талд л шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж байна” гэлээ.

Онцлох нийтлэлүүд