Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Монголд байгаа гадаадын байгууллагууд жил бүр зөвшөөрөл сунгуулах шаардлагагүй боллоо Б.Баасандорж: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримтална Бээжинд ирсэн олимпийн оролцогчдоос дахин халдварын тохиолдол илэрчээ "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо  "Тасартлаа уусан учир хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Зэсийн үнэ 171 ам.доллароор уналаа Монгол Улсын ЗГ, ОХУ-ын “Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг өнөөдөр батална Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10,  Б.Ганболд 13 дугаар байрт оржээ Монголд байгаа гадаадын байгууллагууд жил бүр зөвшөөрөл сунгуулах шаардлагагүй боллоо Б.Баасандорж: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримтална Бээжинд ирсэн олимпийн оролцогчдоос дахин халдварын тохиолдол илэрчээ "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо  "Тасартлаа уусан учир хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Зэсийн үнэ 171 ам.доллароор уналаа Монгол Улсын ЗГ, ОХУ-ын “Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг өнөөдөр батална Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10,  Б.Ганболд 13 дугаар байрт оржээ
Нийгэм
2014.12.26 02:12

Өвлийн өглөө сайхан


Монголын нэрт сэтгүүлч Жамбалын Гангаа агсны санаачилгаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, ард иргэд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх зорилго агуулсан шинэ оны анхны өглөөний нар харах ёслолыг эхлүүлж байсан билээ. Манай улсад анх удаа "Өдрийн сонин", Зам тээвэр, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулсан эл сайн үйл хэрэг жил ирэх тусам өргөжин тэлж, гадаад дотоодынхны сонирхдог нэг сайхан баяр болсон гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх байх. Сэтгүүлч Ж.Гангаа агсны бичсэн нийтлэлийгхүргэж байна.

Уламжлал болоод байгаа шинэ оны эхний өдрийн нар харах ёслол ноднин бүтэл муутайхан болсон юм. Төмөр замын "Хангай" хэмээх зөрлөг дээр очсон гадаад дотоодын жуулчид тэр өглөө нар мандахыг харж чадаагүй. Шөнө нь цасаар шуураад үүрээр тэнгэр онгойлгүй байсаар бага үд хүргэсэн тул бүрхэг өдөр гонсгор сэтгэгдэлтэй буцацгаасан. Тэгвэл уржнангийн өглөө хачин сайхан тунгалаг байлаа. Гэвч ёслолын ажиллагаа шоу нь хэрээс хэтэрч арай л нар мандахыг түр хүлээлгэх нь холгүй юм болсон санагдана. Шашныхан, бөө удгад хуран цугларч их хэмжээний түүдэг суунаглууллаа. Дараа нь урлаг соёлынхны эцэс төгсгөлгүй бүжиг наадам, улстөрчдийн хэлсэн үг гэхчилэн бужигнаж байх хоорондуур нар гардгаараа гарч манддагаараа мандчихсан байж билээ. Яг уулын шил дээгүүр гийх тэр агшинд наагуур нь үүрээр шатаасан их галын бөөн хар утаа үүл болон тунараад таглачихсан юм. Хамгийн гол нь өглөөний нар үзэх зорилготой ирснээ хүмүүс сая санаж, утаанаас холдох гэсээр байтал нар аль хэдийнэ нисээд тэнгэрт гарчихсан юмдаг. Өглөөний нар харах гэсэн хүмүүс улам олширч тэр хэрээр их л тохь тухгүй болоод байгаа. Очсон хүн болгоны өргөх тэр их сүү цагааны цацалд өртөн хувцас хунараа завааруулах бол наад захын асуудал. Хамгийн сонирхолтой нь хэдий олуулаа нэг дор цугларсан ч уудам талд багталцахгүй нар өөд чихэлдэн дайрцгаадаг нь инээдтэй. Өглөөний нар хүний биеийн харалдаа эхлээд гийх тул хамгийн түрүүнд зурагтын зураглаач нар гүйлдэн хүмүүсийг халхлан байраа эзэлнэ. Хэн ч гэсэн нар биш хүний нуруу харах гэж очсон биш. Энэ мэтчилэн хэрүүл маргаан хөөрхөн үүснэ. Зарим маань тэгж яваад нөгөө түүдэг гал дээр нь бууж дээлээ шатааж ч байсан удаатай. Улаанбаатараас зүүн тийш гарсан хөдөлгөөн энэ үеэр эрс ихэсдэг. Шөнөжин ууж наргисан, нойргүй хоносон гэх мэт есөн шидийн нөхдүүд машин унаа хөлөглөн жолоогүй мэт давхилдах нь түгшүүртэй. Замын цагдаа зэрэг амрыг сахиулах үүрэгтэй байгууллагууд ч энэ үеэр энэ зүгт гол анхаарлаа хандуулсан байдаг. "Дөрөв хоног нар гарахгүй" байх тухай хүртэл цуурсан 2012 он дууслаа. Өнгөрөгч он хойшид удтал яригдах домгийн жил болох байх. Харин шинээр мэндэлж буй энэ хүү 2013 он нь "Маяа"-чуудын тоолж амжаагүй цоо шинэ жил юм уу даа. Бүр эрин ч юм уу. Эрин зууны эхний өглөөг арай өөр газар очиж үзмээр санагдав. Тэгээд хотоос зүүн биш баруун тийш шөнө өнгөрөөгөөд зорилоо. Нэгдүгээр сарын нэгний үүрээр баруун зүг рүү хэдэн зуун мянгаар тоологдох машинтай болсон нийслэлийнхэн явдаггүй юм байна. "Таван шар"-аас цааш цагдаа ч алга. Ёстой дэлхий сөнөөд ганцаархнаа үлдчихсэн юм шиг эв эзгүй гудамжаар, дараа нь эль хуль хээр талаар унаа машинтай үл тааралдан явах нь эвгүй юм билээ. Уг нь утаанаас жаахан холдоод "22-ын товчоо" хавьцаа зогсож нар мандахыг харах гэснээ цаг арай ч болоогүй тул цаашиллаа. Хар зам дээр эхний тааралдах машин хүртэл явсугай хэмээн шалтаглан явсаар байтал Хустайн нурууны харалдаа хүрээд болилоо. Бидний бүх л үйл ажиллагаа хэт туйлшрал дунд өрнөдгийн нэгэн жишээ л энэ юм уу даа. Өдийд хотын зүүн зүг Налайх хавьцаа бол бараг түгжрэл үүсчихсэн байгаа даа. Өглөөний нар Монгол орны хувьд хаана ч адилхан мандах бөгөөд гэрэл гэгээ илчээ хэнд ч алагчилгүй түгээх нь мэдээж. Дэлхий бөөрөнхий учир нарыг эхэлж буюу сүүлдэж харах цэг гэж байдаггүй. Түүнээс гадна өвлийн хамгийн богинохон өдрүүд үргэлжилдэг энэ үеэр үүрийн гэгээтэй уралдан нойр хоолоо хугаслан биеэ бэлдэх ч шаардлага төдийлөн байхгүй юм шүү дээ. Өдийд нар бараг ес хүргэж байж гийдэг. Бид аль хэдийнэ босоод цайгаа уугаад ажил дээрээ ирчихсэн хойно нар мандаж байна. Утаа, барилга хоёр таглачихгүй бол цонхон дээрээ зогсоод оны өглөөг угтаж болно. Харин зуны өглөөний нарыг үзэх бол өөр хэрэг. 2013 оны эхний өдрийн өглөө маш тунгалаг байлаа.

Ойрын өдрүүдэд үе үе цасан хялмаа тавьж, хүйтэн жавар хургасан өдрүүд үргэлжилсэн. Энэ өглөө тув тунгалаг, эргэн тойрон цав цагаан. Тэртээх малчны хот айл аль хэдийнэ боссон бололтой. Гэрээс яндангийн утаа эгц дээш суунаглан, тооноор уур савсах нь цайгаа уудалж буй бололтой. Хажуугийн модон дээрх ам нь цантсан ганц хэрээ хааяа дон дон гэхээс өөр ямар ч чимээ аниргүй. Аниргүйн тэртээгээс алтан нар мэлтэсхийн гарч ирмэгц бяцхан бор шувууд тэнгэрт нисэн шулганалдаж, үхэр малд ч хөдөлгөөн ороод эхлэв. Зам дээр эхний машин үзэгдлээ. Тэрээр гэрлээ унтраахаа мартсаныг бодоход шөнөжин явсан бололтой. Ийнхүү Монгол орны нэгэн өглөөний амьдрал ургах нартай хамт эхэллээ.

"Өдрийн сонин"-ы архиваас. 2013 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн №001 (4328) дугаар


Онцлох нийтлэлүүд