“Өдрийн сонин”-д Долдугаар сарын 1-нийг хар дурсамж гэхээсээ эвлэрэл, ойлголцлын өдөр байлгая нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ны мягмар гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Энэ дугаарын эхний нүүрээс “Бяр тэнхээ нь жигдэрсэн бөхчүүд сэтгэлзүйн бэлтгэлдээ орлоо” сурвалжлага хүрч байна. Булган, Төв, Завхан, Ховд аймгийн бөхийн галаас бэлдсэн энэхүү сурвалжлага наадмын өмнөх өдрүүдийн өнгийг тодорхойлно. Хэн гэдэг улсын цолтон хаана, хэдэн шинэ цолтон төрүүлэхээр бэлтгэлээ базааж буйг эндээс уншаарай. Тэрчлэн “Ерөнхийлөгч давхар дээлийн тухай хуулийн төслөө намар дахин өргөн барина” сэдэвт нийтлэлийг эхний нүүрээсээ толилуулж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д суудалтай намуудын төлөөлөл болон сэтгүүлчидтэй уулзаж бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлаад буй хуулийн төслүүдийнхээ талаар ярилцсан юм. Энэ үеэр “Давхар дээл”-ийн гэгдэх, Шилэн дансны тухай гээд олон хуулийн төслийг хэлэлцжээ.
Харин улс төрийн мэдээллийн буланд Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшсэн ч тодорхой шалтгаанаар томилогдож чадахгүй байгаа УИХ-ын гишүүн Д.Ганбатын ярилцлага нийтлэгдэв. Тэрээр сэдвийн хүрээнд өөрийнхөө байр суурийг илэрхийллээ. Тэрчлэн Н.Батбаяр сайд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх” гэрээнд гарын үсэг юм. Уг мэдээллийг болон түүнийг огцруулах асуудлын талаар өөрөөс нь байр суурийг нь авсныг нийтэлжээ.
“Өдрийн сонин”-ны нийтлэлийн бодлогын өнгийг тодорхойлдог гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулуун “Долдугаар сарын 1-нийг хар дурсамж гэхээсээ эвлэрэл, ойлголцлын өдөр байлгая” нийтлэлээ хүргэлээ. Улс төрийн сөрөг уур амьсгалаас үүдэн таван хүний халуун амийг авч одсон тэр хар өдрөөс хойш зургаан жил болжээ. Тэрээр энэхүү өдрийг тохиолдуулан уг нийтлэлээрээ долдугаар сарын 1-нд монголчууд эвлэрч, ойлголцолд хүрч чадаагүйгээс уг хэрэг үүдсэнийг дахин сануулж байна. Энэ дугаарт бас нэгэн сонирхолтой ярилцлага нийтлэгдэж байгаа нь “Орт-ийн Жди меня нэвтрүүлэг 29 жилийн дараа Монгол хүүхдүүдийг ээжтэй нь уулзуулжээ” гэсэн гарчигтай. Энэ ярилцлагад 29 жилийн тэртээд болсон үйл явдал эхнээсээ багтсан. Тодорхойлбол, тэртээ онд Монголд амьдарч, Монгол залуутай нэгэн бүл болж байсан Украйн эмэгтэй нутаг буцсан байгаа юм. Тухайн үеийн нөхцөл байдлаас үүдэн тэр бүсгүй нэг охиноо тэврэн хоёр хүүхдээ эцэгт нь үлдээгээд харьж одсон. Хагацлын тэр өдрөөс хойш 29 жилийн дараа тэд уулзсан гунигт бас баярт явдлын тухай хүүрнэл ярилцлагыг уншихад таны сэтгэлд бас нэгэн зүйл хургах бизээ.
Бас ГЕГ-ын дарга О.Ганбатын “шинэчлэл” гэх шоуны үнэн нүүр царай “эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан” тэмдэглэлийн гуравдугаар цуврал багтаж байна. Өмнөх нийтлэлүүдийн үргэлжлэлийг эндээс олж уншаарай.