Улс төр
2015.02.18 06:02

Өргөдлийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.18/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг буцааж эзэмших хүсэлт гаргасан 3375 иргэний өргөдлийн талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү танилцуулав.

Танилцуулгад дурдагдсанаар, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд “Хувьцаа эзэмшигч, Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв" ТББ-аас “Засгийн газарт хувьцаагаа буцаан худалдах буюу нэг сая төгрөг бэлнээр авах хүсэлтээ гаргасан боловч мөнгө нь олгогдоогүй иргэд 1072 хувьцаагаа буцааж үнэт цаасны дансандаа байршуулахыг хүссэн" тухай өргөдлийг ирүүлсэн. Энэ тухай өргөдлийг тус төрийн бус байгууллагаар дамжуулан “Эрдэнэс Тавантолгой" ХК-д өгсөөр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 5800-д хүрсэн ч шийдвэрлэгдээгүй байна.

Уг асуудлыг судалснаар, Засгийн газрын 2012 оны №201 тоот тогтоолоор батлагдсан “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам"-д өөрчлөлт оруулах, хувьцаагаа нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтэй гаргасан боловч мөнгөө аваагүй 1 120 285 иргэний хувьцааг буцаан олгож, дансанд байршуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр байгаа бөгөөд эдгээр иргэдээс 3 375 иргэн Төрийн бус байгууллагаар дамжуулан Байнгын хороонд өргөдөл гаргажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Ж.Батзандан, М.Энхболд, С.Бямбацогт нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусгасан Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоол батлах санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив.

Байнгын хорооны тогтоолоор, Монгол Улсын иргэн бүрд олгосон “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх арга хэмжээ авах, “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлсан бүлэг болгон тусгаж, тогтоолын биелэлтийг 2015 оны хаврын чуулганы хугацаанд багтаан зохион байгуулж, тус Байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт даалгалаа.

Мөн хуралдаанаар Нэгдсэн чуулганы завсарлагааны хугацаанд тус Байнгын хорооны хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох нийтлэлүүд