Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Цаг үе
2020.08.04 08:08

Өргөн өмдөөр гангарч, “Modern Talking”-ийн дууг шимтэж явсан 10 “А” ангийнхан


“Нэг ангийнхан” буланд энэ удаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын тэргүүний Зүүнхараа хотын арван жилийн Нэгдүгээр дунд сургуулийн 1988 оны төгсөлт 10 “А” ангийнхан уригдан оролцож байна. Тэдний анги 22 охин, 13 хөвгүүд нийт 35 сурагчтай байжээ. Н.Юндэн, А.Отгонбаатар, Сувдаа, М.Оюунсүрэн, М.Цогт-Очир нар Баруун-Өлөнтийн гэр хорооллынхон. Тэд 1 дүгээр ангид орохоос өмнө хамт тоглож гудамжны тоос бужигнуулж өссөн унаган найзууд аж. Деревенгийнхэн С.Дарамбазар, Б.Байгальмаа, С.Мядагмаа, Ч.Жавхланбаяр, Н.Болдмаа, Д.Батчимэг, Д.Цэцгээ, ангийн дарга Б.Баттулга нар бол Төмөр замынхан нь С.Амарсайхан, Мөнхбаяр, Д.Хүрэл-Эрдэнэ, Д.Амар нар юм. Харин 8км-ийн зайтай Сангийн аж ахуйгаас С.Соёлоо, П.Сувд-Эрдэнэ, Гэрэлмаа, Л.Тунгалаг, 45км-ийн зайтай Түнхэл тосгоноос Мөнхгэрэл, Бурмаа, Б.Лхагва, Жаргалсайхан нар сургуулиа зорин ирсэн. Тэд ийнхүү Мандал сумынхаа өнцөг булан бүрээс цуглацгаан нэг анги болон бүрэлдсэн шилдэг хамт олон юм.

Мандал сум нь 28 мянга гаруй хүн амтай. Газар тариалангийн үр шимээр Монгол Улсынхаа хүн амыг олон жил тэтгэж буй буянтай нутаг. Хан Хэнтийн нурууны салбар болох Тахилт, Урт, Тарвагат, Хараа, Түнхэлийн хөх нуруу, Ширээ хошуу, Чивээ, Улааншавар, Матах, Мөнгөлөг, Хараагийн зэрэг 150 гаруй уултай, Хараа, Ерөө, Чулуут, Түнхэлэг гэсэн томоохон 120 гол горхитой, 136 булаг шандтай. Түүх дурсгалын өв болсон Ноён уул, 160 гаруй эртний булш хирэгсүүртэй баялаг түүхийн өлгий, үзэсгэлэнт нутаг юм. Тэр ч утгаараа энэ ангийнхан самар жимсэнд явах, халиар түүх, мод бэлтгэх, ногоо цагаа тарих, намрын ургац хураалтад дайчлагдах, эмийн ургамал түүх, хонины ноос хяргаж, зурам агнаж арьс тушаах зэрэгт эртнээс суралцаж, тэр хэрээрээ ажлын амтыг мэдэрч өсчээ.

Тэд цагаан толгойн “А” үсэг заалгаснаас эхлээд 10 дугаар ангиа төгсөх хүртлээ насан туршдаа мартамгүй гайхалтай дурсамж, дуртатгалыг бүтээж чадсан гэдгээ дуу нэгтэй хэлцгээж байлаа. Цэцэрлэг, эцэг эхийн халамжаас салаагүй тэднийг сургуулийн босго алхаж, сурагч болоход нь зүг чиг болж, ирээдүйн гарааг нь тавьж өгсөн хүмүүс бол бага ангийн багш Б. Ханд, монгол хэл, уран зохиолын багш С.Лувсан, тооны багш Гүрсэд, химийн багш Т.Тунгалаг, шугам зургийн багш Түмэн, орос хэлний багш П.Цэцэгмаа нарын ачтанууд юм. Ангийн багш Боловсролын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан, Төрийн дээд “Алтан гадас” одонт Ц.Суурьбат нь биологийн хичээл заадаг байж. Өдгөө тэрээр 80 насыг зооголсон ч хүүхэд залуучуудыг сурган хүмүүжүүлэх их үйлсэд өөрийн хувь нэмэрээ оруулсаар, зааж, зөвлөсөөр байгаа аж.

Түүний тухай дурссан энэ цаг үед цуглан суусан ангийн хэсэг нөхөд багш руугаа утас цохив. “Сайн байна уу багш аа, би Дарамбазар байна аа” гэхэд “Дармаа юу даа. За Сайн уу” хэмээн Ц.Суурьбат багш шавиа түвэггүйхэн таньж, мэнд ус мэдэлцэх нь тэр. Мөн тэрээр “Та нар минь сайн уу. Хүрлээ хаана байна. Окоо юу хийж байна. Багш нь та нарыгаа өөрийн төрсөн хүүхдүүд шигээ л санах юм даа. Нэг нэгэндээ сайхан түшигтэй яваарай” гэх нь шавь нарынх нь сэтгэлийг хөдөлгөсөн нь илт байлаа. Ангийнхан “Манай Суурьбат багш биднийг сургуульд ч, амьдралд ч маш сайн чиглүүлж өгсөн хүн” гэхийг нь сонсоход үнэхээр л багш хүний холч ухаан, мэдрэмж, мэдлэг хосолсон нэгэн байх нь гэсэн бодол зурсхийсэн юм.


Үнэхээр л Ц.Суурьбат багш нь тэдэнд үлгэр дуурайл болж, зөв залж чиглүүлж байжээ. Үүнийг энэ ангийн хичээл, сурлага, урлаг спортдоо амжилт дүүрэн байснаас нь харж болохоор байгаа юм. Уг төгсөлтийн Б.Баттулга, Т.Мөнхгэрэл, Бурмаа, Мөнхбаяр, Т.Тунгалаг, Золжаргал нар сургуульдаа сурлагаараа тэргүүлж байсан бол С.Амарсайхан 1988 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд конкурс өгсөн нийт төгсөгчдөөс хамгийн өндөр оноо авч аймагтаа нэгдүгээр байранд орж Герман улсад суралцахаар явж байжээ. Сургуулийн спорт, тэмцээн уралдаанд уг төгсөлтийнхөн ахлах ангийнхныгаа ч гаргаадаггүй чадварлаг байж. С.Амарсайхан эдүгээ Хөлбөмбөгийн болон Уулын спортын мастер төдийгүй одоо ч өөрийн насандаа Монгол Улсын үндэсний шигшээ багтаа дуудагдан ажиллаж байгаа аж.

Түүнчлэн ангийн багш Ц.Суурьбат нь хос мэргэжилтэй урлагийн хүн аж. Тэрээр хөгжмийн өндөр мэдрэмжтэйгээс гадна бүжиг дэглэнэ, бүр бүжигчдийн хувцсыг ч өөрөө эсгэж, оёдог гайхалтай уран нэгэн. Энэ талаар М.Цогт-Очир “Сууриа багш маань ардын дуу бүжгийн “Хараацай” чуулгыг үүсгэн байгуулж улс даяар шуугиулж явсан үе саяхан мэт санагдаж байна. Би багшийхаа ачаар кларнет хөгжим тоглож сурсан. Бүх ард түмний урлагийн их наадмаас эхлээд олон уралдаан тэмцээнд Амарсайхан, Хүрэл-Эрдэнэ гээд ангийнхантайгаа тэргүүн байруудад шалгарч, хамтлагаараа уран сайхны кинонд хүртэл зураг авхуулж байж билээ. Мөн олон улсын “Найрамдал” зусланд 14 хоног амарч байсан сайхан дурсамж бий” гэлээ.

С.Дарамбазар “Бид чинь том малгай, өргөн өмдөөр гангарч, итали дуу болон “Modern Talking” хамтлагийн дуунуудыг сонсож өссөн юм шүү дээ” хэмээн тухайн үеийн сурагчид хэрхэн гоёдог байсан тухай хуучилсан юм. Энэ төгсөлтийнхнөөс Б.Лхагва, С.Мядагмаа нар АНУ-д гэр бүлийн хамт амьдран суугаа бол Б.Баттулга зөвлөх инженер болж Хөшигтийн хөндийн шинэ нисэхийн замын төслийн удирдлагын багт ажиллаж байна. С.Амарсайхан УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Мөнхбаяр Багануурт хүний эх эмч, Болдмаа Мэргэжлийн хяналтын газарт, Д.Батчимэг хувийн хэвшилд нягтлан, санхүүчээр тус тус ажиллаж байна. Мөн Б.Отгонжаргал, С.Дарамбазар тэргүүтэй журмын нөхөд нь өдгөө орон нутаг, улс эх орондоо өөр өөрсдийн ажил хөдөлмөр, мэдлэг оюунаараа хувь нэмрээ оруулж явна.

Б.Баттулга “Манай ангийнхан бүх л талын авьяастай, сумандаа манлайлагч хүүхдүүд байсан. Үүний хажуугаар охидоо харамлаад зодоон цохион хийх нь ч бий. Шалбархай дээрээ шороо түрхчихээд л тэгс хийгээд өнгөрдөг байсан сан. Их ч хэрсүү өссөн хүүхдүүд байж” хэмээн инээв. Харин Н.Юндэн “Манай ангийнхан манайд их цугларна. Ахлах ангид үерхлийн тухай их ярьдаг байж билээ. Ахлах ангид ороод хөвгүүд охидуудтай үерхэх гэж хойноос нь их хөөцөлдөнө. Нэг удаа Оток буюу Б.Отгонжаргал тэргүүтэй хэсэг нөхөд охидыг хөөж үс гэзэгнээс нь удаа дараа чангаасан хэрэгт орооцолдлоо. Ангийн багшид хэсэг охид хошуу хүргэснээс хэрэг мандах нь тэр. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр багш ангийн бүх хөвгүүдийг самбарын өмнө зогсоогоод зэмлэлээ. “Бяруу болоогүй байж бух болох нь уу” гээд л авч өглөө. Түүнээс хойш хөвгүүд ихэд ичиж номондоо орсондоо гэв.

С.Амарсайхан “Бас нэг удаа Б.Бахдал тэргүүтэй хоёр нөхөр цэргийн баяраар дээд ангийн хэсэг нөхөдтэй нийлж архи уусан хэрэгт оров. Бахдал болон түүний нөхдийг ангид байцаатал түүнтэй хамт байсан нөгөө хоёр нь “Бахдал уруу татсан. Гэхдээ бид хоёр архи уугаагүй” гэлээ. Багш Бахдалыг босгоод “Том ангийнхантай яагаад нийлдэг байна аа. Анги хамт олны нэр хүндийг унагалаа” гээд л загнаж гарав. Гэсэн ч тэрээр хатуу юм балгаснаа хүлээхгүй гүрийгээд л байлаа. Багш тактикаа өөрчилж Бахдалыг хийсэн бүтээснийг нь ярьж магтаж гартал тэр уяраад нулимс унагаж билээ. Багш яг тэр үед нь “Миний хүү юу гэж архи уухав дээ нэг л хундага балгаа биз, тиймүү” гэхэд Бахдал ч толгой дохиж баригдах нь тэр. Тэр гурав ч багшаас сайн авшиг хүртсэн дээ” хэмээн ярив. Мөн тэрээр “Манай ангийнхан Хараа голын урсгал шиг дөлгөөн, сэтгэл сайтай, хөдөлмөрч бүтээлч. Нутаг усаа шүтэн биширч "Ноён уул", "Ширхэнцэг", "Их мандал", "Бага Мандал", "Дууш" хэмээх сүрлэг сайхан уулс хайрхандаа залбирч явдаг эгэл жирийн л хүмүүс. Тэр ч утгаараа ангийнхан маань амьдрал ахуйгаа сайн авч явж, энх тунх ажиллаж хөдөлмөрлөж явна даа” хэмээн дурслаа.

Ийнхүү тэд хүүхэд ахуй насаа дурсаж яг л тэр үедээ очсон мэт баяр, жаргалд умбацгаан суув. Тэд төгсөлтийнхөө ой бүрээр уулзан учирч, сурагч насны дурсамжаа ярьж, аз жаргал дүүрэн мөчийг хамтдаа өнгөрүүлдэг уламжлалтай гэдгээ ч энэ үеэр хэлж байлаа.

Т.БАТЛХАГВА

Онцлох нийтлэлүүд