ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.09.12 08:09

Ө.Дэлгэр: Би хүүхдүүдээ хол яв, эрдэм сур, эх орондоо эргэж ир, бүтээлч хүн бай гэж сургадаг


Боловсролын салбарт 60-аад жил хүчин зүтгэж яваа, Монголын анхны хувийн сургуулийг байгуулсан Боловсролын тэргүүний ажилтан Өнөрийн Дэлгэртэй ярилцлаа.


-Таны удам угсаа ямар хүмүүс байв. Багш хүн байсан уу?

-Би боловсролын салбарт оюутан ахуй цагаас эхлэн жараад жил зүтгэж явна. Миний овог Өнөр. Гэхдээ миний төрсөн аав Дарам гэдэг хүн байсан. Би аав ээжээсээ арвуулаа. Би долоо дахь хүү нь юм. Миний аав намайг сургуульд орох үед бурхан болсон. Тэр үед миний нагац ах намайг сургуульд бүртгүүлэхдээ Урианхай ардын уламжлалаар саяхан бурхан болсон хүний нэрийг дууддаггүй заншлыг дагаж ээжийн минь нэрээр овоглосон юм. Ээж минь 100 нас хүрсэн буянтай сайхан буурай байлаа. Аавын минь аавыг Баянбойтог гэж нутгийн ардууд нэрлэдэг байлаа. Учир нь бойтог гутал сайхан оёдог хүн байжээ. Түүний жинхэнэ нэр нь Гөнөзгөөн Цэвэг гэдэг байв. Тухайн үедээ алдартай баян 1500 гаруй адуутай айл байсан. Улаан армид 600 адуу бэлэглэсэн түүх бий. 3000 гаруй хоньтой, 500-гаад үхэр, 50-иад тэмээ бүхий таван хошуу малтай, алдарт уяач хүн байж. Сүүлд нэгдэл байгуулагдахад бүх малаа төрд өгсөн юм. Манай өвөө маш хөдөлмөрч, ер зүгээр сууддаггүй, дандаа арьс шир элддэг байсан бөгөөд 1911 онд арьс ширний хувийн үйлдвэр байгуулж байсан юм билээ. Түүний гол шинж нь бүтээлч, хөдөлмөрч хүн байсан төдийгүй багийн засаг дарга хийхийн хажуугаар шинэ үсгийн багш хийж нутгийн олон ардыг бичиг үсэгт тайлуулсан гэдэг. Түүний энэ хөдөлмөрч чанар нь хойч үедээ өвлөгдсөн. Тухайлбал, миний ах эгч нар бүгд хуучин болон шинэ монгол бичгээр маш сайн бичдэг, уншдаг.

-Тэр зан чанар нь бас танд өвлөгдөж дээ?

- Би ч хөдөлмөрч зангийн тухайд тэдэнд яаж хүрэх вэ дээ. Гэхдээ нэг зүйлийг барьж авбал дуусгахаас нааш салдаггүй.

-Таны хүүхдүүд бас хөдөлмөрч байх даа?

-Тийм ээ. Хүүхдүүд минь бүгд гадаад дотоодын их дээд сургууль төгсөж, өөр өөрийн мэргэжлийн дагуу ажиллаж, амьдарч байна.

-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?

-Би Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрж, өссөн. Баян-Өлгий аймгийн Хоёрдугаар арван жилд тавдугаар анги хүртлээ сурсан. 6-7 дугаар ангиа казах сургуульд сураад эргэж Хоёрдугаар арван жилдээ шилжин ирж тус сургуулиа төгссөн юм. 1960 онд Багшийн дээд сургуульд элсэн суралцаж 1964 онд математикийн багш мэргэжлээр төгссөн.

-Яагаад математикийн багш болъё гэж бодсон бэ?

-Тэр их учиртай. Би хоёр жил казах сургуульд сураад эргээд хоёр жилийн дараа монгол сургууль руугаа ортол математик, монгол хэлний хичээлдээ муу гарчихлаа. Тэр үедээ “Сургуулиа орхиё, би сурахгүй юм байна” гэж бодоод гутранги байлаа. Тэгтэл Улаанбаатараас нэг хүү шилжиж ирээд миний хажууд суулаа. Тоог гайхалтай боддог. Аз болоход тэр хүү манай хамар хашаанд байдаг байлаа. Тэр цагаас хойш бид байнга хамт тоглоно, ноцолдоно. Хүүхэд хүүхдээсээ нэрэлхэхгүй асуудаг шүү дээ. Нэг өдөр тэр надад хэлж байна. “Чи ер нь урьд ангийн математикийн хичээл юу ч мэддэггүй юм байна ш дээ” гэхээр нь “Би казах сургуульд байсан юм аа” гэхэд тэр “чи математикийн ном олоод ир ээ” гэж надад хэлсэн. Өмнөх ангийн ном аваад унших ёстой л байсан юм байна лээ. Түүнийгээ санадаггүй л юм байна лээ. Тэгээд найзтайгаа хоёулаа уншдаг боллоо. “Эхлээд чи өөрөө унш. Асуух юм гарвал асуугаарай” гэв. Нэлээд хэдэн хуудас уншлаа. “Болчихмоор юм байна шүү дээ. Би сурч чадахаар юм байна” гэлээ. “Чадахгүй яадаг юм бэ. Ингээд уншаад надаас асуугаад байгаарай” гэж надад хэлэв. Тэр хүүхэд шилжиж ирсэн нь надад их аз болсон. Би 31 хүүхэдтэй ангид хамгийн хойно нь сууна. Биеэр жаахан том. Сурлага муутай учир ангийн хүүхдүүд намайг тоодоггүй байлаа. Нэг өдөр тооны хичээлийн дэвтрээ уншиж байтал “тахиа туулай 49, тэдгээрийн хөлийн тоо 100 гэсэн бодлогын бодолт /(49-х)*2” гэсэн зүйлтэй таардаг юм байна. “Энэ чинь одоо тооноос үсэг хасаад юу болж байна аа” гэж бодогдлоо. “49-х”= бол тахианы толгойн тоо юм байна. хоёроор үржүүлэхээр тахианы хөлийн тоо гарчээ. Х- ээр туулайн толгойн тоо, х*4-өөр туулайн хөлийн тоо гарсан байна. (49-х)*2+4х=100 нийлээд тахиа, туулайн хөлийн нийлбэр тоо гарч байгааг нэг л өдөр мод хагалж байхдаа гэнэт л “Энэ чинь зүгээр тэмдэглэж л байгаа юм байна шүү дээ” гэсэн бодол төрсөн. Энэ бодлогыг өөрөө бодсон, өөрөө ухаарсан учраас болдог юм байна, чадах юм байна гэж хүч орсон. Тэгээд л бага багаар ахиад байсан. Гуравдугаар улирлын амралтаар би математикийн хичээлдээ онц гарлаа. Багш “Дэлгэр ээ, чи их хурдан ахиж байна” гээд толгойг минь иллээ. Хүүхдүүд над руу хараад л. Муу сурдаг хүүхэд багшаараа магтуулна гэдэг хүүхдийн хувьд гайхамшигтай зүйл. Энэ нь надад бие даах аргыг сургасан. Тэгээд би есдүгээр анги төгсөөд аравдугаар ангид орох жилээ аравдугаар ангийн бүх тоогоо, бүх бодлогоо бодоод очиж байлаа. Миний хоцрогдол надад их тус болсон. Хоцрогдлыг өөрөө нөхөж болдог, сурч болдог гэсэн итгэлийг надад өгсөн юм.

-Тэр үеэс математикийн багш болъё гэж шийдсэн юм уу?

-Би аравдугаар ангиа онц төгссөн. Намайг М.В.Ломоносовын нэрэмжит сургуульд яв гэлээ. Тэр үед аав минь бурхан болчихсон, ээж олон малтай ганцаараа учир “Ээждээ тус болдог юм билүү, сургуулиас гардаг ч юм билүү” гэтэл ээж минь надад “Чи сургуулиас гарч болохгүй. Чи Монголдоо сур” гэж байна. Тэгээд би багшийн мэргэжил сонгосон. Яагаад гэвэл би математиктаа муу гарч байсан ч математикийг сурч чадсан. Юм мэдэхгүйн зовлонг биеэрээ туулсан учраас сонгосон юм. Юм мэдэхгүйсээд байх ч юу байхав, учраа олдоггүй юм байна лээ. Тиймээс хүүхдэд тус болъё гэж математикийн мэргэжлийг сонгосон.

-Багш болоод өөрийн бодож байсан шигээ хүүхдүүдэд ойлгуулж чадаж байв уу?

-Тэр үед зургадугаар ангийн математикийн хичээлийг арифметикаар шалгалт авдаг байлаа. Манай ангиас хоёр хүүхэд муу гарчихлаа. Нөгөө ангийн багшийг Металов гэдэг байлаа. Бас математикийн багш. Тэдний ангид муу гарсан хүүхэд байсангүй. Тэгээд би бодлоо. Бодох тал дээр би Металов багшаас илүү л дээ. Арифметикаар ч бодно, тэгшитгэлээр ч бодно. Надаас бодлого асуудаг байхгүй юу. Надад ямар дутагдал байсан гэхээр заахдаа ярих маягаар л явдаг байж. Одоогоор бол багш төвтэй сургалт. Хүүхдэд ойлгуулах арга нь Металов багш надаас илүү байж. Би тэр тал дээр дутуу юм байна гэдгийг ойлгосон. Мэддэг хэрнээ заах арга барилаа олоогүй. Баахан юм тайлбарлаад хаячихдаг, самбарт биччихнэ. Ойлгосон уу гэхээр хүүхдүүд худлаа ойлгосон л гэдэг. Хүүхдийн нүдний гал асахгүй, баяр баяслыг мэдэрч чадахгүй байсан юм. Тэгэхээр би муу багш. Мэдэхийн хувьд мэддэг, өгч чаддаггүй. Нөгөө талдаа арга барилаар их хоцрогдолтой багш. Хуучин юмаа давтаад л... Тэгээд бодсон юм... Энэ хүүхэд над шиг математик ойлгохгүй зовж байгаа, эднийг яаж би сургах вэ, Арга барилаа өөрчлөх юм байна гээд багштай холбоотой зүйлийг маш их уншсан л даа. Тэгээд өөртөө шаардлага тавьж арга барилдаа шинэчлэл хийсэн. “Арифметикийн бодлогыг хэрчмээр бодохгүй гэсэн шинэ арга зүйг боловсруулж, улсын хэмжээнд туршлага болгон түгээн дэлгэрүүлсэн”. Энэ аргаар ном бичиж, нийтийн хүртээл болгохоор шамдан ажиллаж байна.

-Та хувийн сургуулиа хэзээ байгуулсан юм бэ?

-1990 онд байгуулсан. Яг ардчилал эхэлдэг жил би Дархан-Уул аймгийн Долдугаар сургуулийн захирал байлаа. Манай хүү нэг герман хүн дагуулж ирсэн юм. Сургууль байгуулна, надад багш мэргэжилтэй хүн хэрэгтэй гэж тэр герман хүн хэлсэн. Анх тэр нөхөртэй хамт Долдугаар сургуульд хоёр анги нээсэн. Дөч гаруй хүүхэдтэй. 1992 оны үед захирлыг сонгуулиар сонгодог боллоо. Сонгуульд залуучууд надтай өрсөлдлөө. Би гурван саналаар ялсан юм. Тэгсэн надтай өрсөлдсөн хүү “Та олон жил багшилсан. Одоо залуучууддаа өг” гэлээ. Би ялчихсан ч “Өгье, та нар ав” гээд өгсөн. Дотроо жаахан дургүй л байлаа. Шинээр байгуулагдсан сургуульд ажиллая гэж бодон, ажлаас чөлөөлөгдсөн.

-Танай сургуулийн сургалтын системийн онцлог юу вэ?

-Анх сургууль байгуулахад надад нэг зүйл бодогдсон. Монголын багш нар бүтээдэг юм байна. Стандарт өгдөг юм байна. Нэг л зүйл дутуу байдаг. Гадаад хэлийг заасан шиг зааж, өгсөн шиг өгч чаддаггүй. Хэл гэдэг агуу юм. 1990 оноос нээлттэй боллоо шүү дээ. Би сургууль байгуулна, гэхдээ гадаад хэл заадаг сургууль байгуулна гэж мөрөөдсөн. Үүнд минь Дархан-Уул аймгийн үе үеийн дарга бүгд сайхан сэтгэлээр хандаж, их тусалсан. Тэгээд л олон зуун шавьтай болсон. Монголын арваннайман аймагт миний шавь нар байдаг. Тэгээд л Монгол Улсын төрийн бус өмчийн анхны дунд сургууль Дархан- Уул аймагт 1993 онд байгуулагдсан юм.

-Гадаад хэлийг танай сургууль ямар стандартаар заадаг вэ?

-Манай сургуулийн англи хэлний хичээлийг Сингапурын сургалтын стандарт, хөтөлбөр, сурах бичгээр, герман хэлний хичээлийг Германы дунд сургуулийн хөтөлбөр, стандарт, хөтөлбөр, сурах бичгээр, япон хэлний хичээлийг Японы дунд сургуулийн хөтөлбөр, стандартаар явуулдаг онцлогтой. Манай сургуулийн англи хэлний хөтөлбөр, стандартыг АНУ-ын Денверийн их сургуулийн профессор Деннис Билхойд гэдэг эрдэмтэн манай сургууль дээр ирж монгол багш нарын хамт таван жил боловсруулж, хөтөлбөр стандартыг 2008 оноос эхлэн хичээллэж байна. Манай сургуулийн англи хэл заадаг, монгол багш нарыг гадаадын мэргэжилтэн багш нарын түвшинд хүргэж заадаг болохоор Сингапур, герман, Япон, Америк, Швейцарийн олон улсын сургуульд жил, хагас жилээр багшлуулж, мэргэжил арга зүйг дээшлүүлж, хамтын гэрээгээр ажилладаг. Энэ нь манай сургуулийн холыг харсан, үр өгөөжтэй, том бодлого юм. Манай сургуулийг одоогоор 700-гаад хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшиж, дэлхийн 17 оронд сурч, төгсөн, суралцаж гадаад болон дотоодод ажиллаж амьдарч байна. Зөвхөн Оюу толгойд манай сургуулийн 54 төгсөгч ажилладаг. Бид багш ажилчдынхаа хүүхдүүдийг өөрийн сургуульд үнэгүй сургаж, дотоод гадаадын их сургуульд 100 хувь төлбөрийг нь даан сургаж нийгмийн асуудлыг шийддэг гэх мэтээр манай сургуульд олон давуу тал бий.

-Хүүхдийг багаас нь тоонд дуртай болгохын тулд эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Хамгийн гол нь математикийн хичээлийг зааж байгаа багш гол үүрэгтэй, сурагч мэрийн сурах үүрэгтэй, эцэг эх туслан дэмжиж өгвөл үр дүн гарна. Хамгийн гол нь суралцагч эрдэм мэдлэгийг чухалчилж, өөрөө мэдлэгийг бүтээж, бие даан сурах хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй.

-Танай сургууль ямар нэртэй юм бэ?

-Дархан-Уул аймгийн Гадаад хэлний сургалттай 19 дүгээр сургууль. Зарим хүмүүс Дарханы герман сургууль л гэдэг юм. Германуудтай анх байгуулсан болохоор тэгдэг л байх. Зарим нь Дэлгэр багшийн сургууль гэдэг. Олон нэртэй л дээ.

- Таны хөдөлмөрийг төр их үнэлсэн байх даа?

-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Эрх чөлөөний одон, Боловсролын тэргүүний ажилтан зэрэг гавьяа шагналыг төрөөсөө хүртсэн.

-Эцэг эх, багш нарт хандаж хэлэх үг байгаа байх?

Хүний амьдрал баялаг. Гэхдээ хүн бүхэн өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө зөв сонголт хийж, сурч мэдэж, боловсрохын төлөө хичээх хэрэгтэй. Мэдлэг, боловсрол бол хүний насан туршид үр хүүхэд, шавь нарт өвлөгдөх үнэтэй өмч юм. Эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид бид хамтдаа эх орныхоо ирээдүй болсон үр хүүхэд, шавь нарынхаа төлөө ихийг бүтээхийн ерөөлийг өргөе.

Г.НЯМДЭЛГЭР

Онцлох нийтлэлүүд