Нийгэм
2015.06.22 04:06

1000 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажилтай танилцав

УИХ-ын дарга Говь-Алтай аймгийн 1000 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажилтай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.22/ Алтай хотод ажиллах үеэрээ 1000 айлын орон сууцны бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Алтай хотын олон улсын хөтөлбөрийн сургалтыг туршиж буй лаборатори сургуульд зочилсны дараа 1000 айлын орон сууцны “Солонго” хорооллын барилгын ажлын явцтай танилцлаа. 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдах 50 га газрыг хамарсан 5 давхар, 24 блок бүхий “Солонго” хорооллын 250 айлын орон сууцны цогцолборын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц, авто замын зураг төслийг орон нутгийн хөгжлийн сангийн 246.7 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Тус хорооллын ЦДАШ, дэд станцын угсралтын ажлыг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 275.0 сая төгрөгөөр "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК хийж гүйцэтгэсэн байна. Харин ариутгах татуургын 1.3 км шугамын ажлыг "Ундарга-Алтай" ОНӨААТҮГ гүйцэтгэн ашиглалтад оруулж, дулаан, цэвэр усны шугамын ажлыг "Мандал голомт" ХХК гүйцэтгэсэн байна. Төрийн Орон Сууцны Корпораци Говь-Алтай аймагт эхний 130 айлын орон сууц барих, мөн “Люксвүүд хаус” ХХК-тай хамтран 8 га газарт 250 айлын амины орон сууц, хотхон, барихаар тус тус гэрээ байгуулаад байгаа аж.

УИХ-ын дарга З.Энхболд Алтай хотод ажиллах үеэрээ 1000 айлын орон сууцны бүтээн байгуулалттай танилцах үеэр хэлсэн үгэндээ, Говь-Алтай аймаг ийнхүү иргэдийг орон сууцжуулах ажилд ахиц дэвшил гаргаж буй нь сайшаалтай. Цаашид барилгын ажил явагдах хугацаанд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах тал дээр анхаарах шаардлагатай гэлээ. Энэхүү “Солонго” хорооллыг дагасан дулааны шугам сүлжээ, цэвэр бохир ус болон замын асуудлыг энэ жил бүрэн шийдвэрлэж байгаа юм байна. Энэхүү орон сууцны борлуулалтын судалгааг хийж үзэхэд, нийт орон сууцны 75 хувийг иргэд 30 хувийн урьдчилгаа төлж, зээлээр авах боломжтой гэсэн дүн гарсныг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар УИХ-ын даргад танилцуулав.

Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд Алтай хотын Жаргалант багт шинээр баригдсан 1.8 км авто замын нээлтэд оролцлоо. Тус бүтээн байгуулалтыг 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр 2014 онд “Тэмүүн холдинг” ХХК-тай концессын гэрээний дагуу гүйцэтгэсэн бөгөөд авто замын ажлын хамтаар авто замын далан, явган хүний зам, тэмдэг тэмдэглэгээ болон заслын ажил хийгдээд байгааг танилцуулсан юм.

УИХ-ын дарга замын нээлтэд оролцох үеэрээ хэлсэн үгэндээ, Говь-Алтай аймаг жил ирэх бүр замын асуудлыг шийдвэрлэх тал дээр ахиц дэвшил гаргаж байгаа. Харин орон сууцжуулах ажлын хувьд чамлалттай байгааг анхаарах хэрэгтэй. Зам дагаж хөгжил ирдэгийн жишээгээр зам дагасан газрын үнэ цэнэ байнга өсөн нэмэгддэг. Энэхүү замыг барьсан компани урт удаан настай, сайн зам барьсан гэдэгт итгэж байна гэсэн юм.

УИХ-ын даргыг Алтай суманд ажиллах үеэр УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох нийтлэлүүд