Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.03.11 12:03

Тэд жагсдаггүй бол бид яах болж байна

Ж.Батзандан О.Маг­найтангууд өнөөдөр  жаг­сана. Бүтэн хоёр жил гаруй сөрөг хүчингүй ам­раглан дугжирсан Мон­голын төрийг нойрноос нь сэрээж, хөнжлөөс нь цухуйлгахаар  хаврын хавсаргатай энэ өдөр  тэд хүйтэнд даарч зогсоно. Эрх баригчид  хүлээсэн үүргээ мартаж, бидний  сонголтыг үл хүндэтгэн,  цөөнхдөө ор хөнжлийн урилга илгээж, нөгөөдүүл нь ардчиллаа умартан, арчаагаа алдчихсан  алга хавсран урилгыг нь хү­лээн аваад, өвөр түрийд нь шургалсан үнэнийг бид мэдэж байгаа.  Дээр нь олигархиудын тэргүүн Ерөнхий сайдаа дагаад Монгол төр амар сай­хандаа жаргаж, ард түмэн нь ходоод хоосон, сэтгэл гонсгор, амьдрал гундуу, толгой сэгсэрч үлдсэн дээ.

Ноднин жилийн өдийд тэд гудамжиндаа гарсангүй. Төр засгаас элдэв зүйл шаардаж, хэрүүл тэмцэл хийсэнгүй. Нэг хэсэг нь айгаад амаа үдүүлчихлээ гээд л турхираад байсан. Нөгөө  хэсэг нь үгүйлсэн. Энэ жил  тэссэнгүй ээ. Хотын даргаас зөвшөө­рөл авч, хууль ёсоор нь жагсаж, шаардахаар болжээ.  Жаг­сах сургаар нь л эсэр­гүүцэж эхэлсэн дээ, эрх баригчид. Зүгээр ч үгүй бас хардав.  Мөнгө аваад захиалгаар жагс­лаа. Хав­рын өвчин нь сэдэрлээ л гэнэ. 2004 оноос хойш тэд жагсаж тэмцээд эрх ба­ригчидтай сөргөлдлөө. Муугаар хэ­лэ­хэд  Мон­голд сайныг авчирч ча­даа­гүй байлаа гэхэд саа­рыг лав хийгээ­гүй. Ядаж л ямба нь ихэдсэн дарга нар өвлийн хүйтэнд ма­шин, гэр,  ор­дон гурвын­хаа  хооронд орох, гарах зуураа амь эрсдэх дээрээ тулан бээрч байхад, хасах гра­дуст үнэн үг хэлээд даарч зогсох тэвчээр тэр хоёрт байна. 

Жилийн өмнө хэдэн мянган хуудастай  хав­таст хэрэг тэврүүлж, шоронд шар махтай нь хатаасан болохоор хэдийд нь хэ­рүүл тэмцэл хийж жагсах вэ дээ. Нөгөө хоёр чинь зүрхээ туу­лайны­хаар соль­чихож  гээд л тэр үед муулаад байсан. Харин ч энэ хавар төр засагт ху­дал­­дагдаагүйгээ харуу­лаад, амаа үдүү­лээгүй гэдгээ илэрхийлэн, эрх мэд­лийн­хээ дал­баан­д эх орноо худал­даж, зүрх сэтгэлээ албан ту­шаа­лын сандал дороо хий­гээд мартсан дарга нар­тай заргалдаж,  жагслаа.

Дуугүй байхаар нь айлаа гэнэ. Дуугарахаар нь өвчтэй гэнэ. Тэгээд ер нь яах ёстой гэж. Монго­лын түүхэнд шударга тэмц­лийн төлөө дуугаа өргөж, үгээ хэлсэн бол­гоныг шоронд суулгаж,  бүр болохгүйг нь нөгөө ертөнц рүү илгээж байсан коммунист ёсны гашуун улбаа өнөөдрийн ардчи­лалтай зэрэгцээд  амь бөхтэй оршин тогтноод л явж байна. Олигархиуд галзуурч, ордон бари­хаар уралдаж байхад  маш олон болох ёстой Монголын үрс төрөх га­зар­гүй, өвдөх эрхгүй эм­нэл­гийн коридорт эрхээ зөрчүүлэн хэвтэж байгааг бид хараагүй, мэдээ­гүй биш.

Ингээд байхаар нө­гөө Ж.Батзандан, О.Маг­най хоёрт  иргэд итгэл өгч дэмжээд жагсаж байна.

Зуданд хотоо хар­луулсан малчид  хөсөр хаягдсан ч хөдөөнөөс зориод Сүх жанжны тал­бай руу зүглэ­лээ. МАХН-ын гишүүний гэргий  ма­най сониноор  жагсаалыг  дэмжихээ илэр­хийлсэн.   Тэр хоёр хавар жагсдаг  өвчтэй байлаа гээд бусдад ямар  халдах биш,  тэмцлээ гээд  татвар төлөгчдийн мөн­гийг   залгих биш. Хашгир­лаа гээд ард түмний  хоо­лойг сөөлгөх биш. Юунд  нь тэгтлээ ундууцсан юм. Тэднийг талбайд очоод жагсахаар Монгол Улс  сүйрчих нь үү гэлтэй айц­гаах юм.

Хавар болохоор жагсдаг хэмээн  ундуу­цаад байгаа бол өвөл нь өөрсдөө жагсаж болох л байсан шүү дээ. Хэн ч гараад хахир өвлийн хүй­тэнд эх орон, ард түмэн гэж хашгирахгүй л байна. Тэр хоёр бусдын жагсах эрхийг хаагаагүй л байл­тай. Хоёр залуу, хоёр мянган иргэнтэйгээ  төр засагтай хэрэлдэж, жаг­саж, тэмцлээ гээд ард түмнээс юу хорох юм. Харин ч эрх чөлөөндөө дураараа халдуулаад дуугүй байхад минь дуу хоолой болоод яваа  Ж.Батзандан, О.Маг­най­даа баярлах минь.

Арав гаруй удаа эрүү­гийн хэрэг үүсгэн шалгаж, айлгах гэж элдвээр үзлээ. Иргэд сонголтынхоо тө­лөө жагсахаар муу л бол урд талын хар овоохой гэгчээр нөгөө хоёрыг барьж аваад шоронд суул­гачихна. Өнөөдөр жагсах сургаар нь өчигд­рөөс  шүүхэд дуудна гээд л яриад эхэлнэ лээ.  Оли­гархиуд галзуурч, дураа­раа аашилж байхад  идэр насны  хоёр залуу тэмцэж яваад шоронд орж, бидний өмнөөс хашгирч яваад ханиад хүрснийх нь төлөө харааж зүхэх хэрэг юу билээ. Тэр хоёр ард иргэд рүүгээ хэзээ ч буу   шагайгаагүй.  Иргэ­дээ буудсан төртэй хэрэл­дэж, идсэн уусан нөхдийг илчилж, гудамжинд ба­хир­лаа гээд Монголын ард түмний идэх хоол  хороогүй.

Шоронд суухад нь бидний эрх чөлөөний төлөө үгээ хэлсэн гээд үмх талх аваачиж өгсөн хэн байгаа билээ. Дуртай бол гудамжиндаа жагсаж л байг. Халуун дулаан ор­дон­доо ханатлаа хэрэл­дээд, шөнө дөлөөр амраг­лан жаргадаг Ардчилсан нам, МАХН хоёроос хав­рын хаварт   гудамжинд гарч, хэрүүл тэмцэл хий­дэг О.Магнай, Ж.Батзан­дан хоёр хавьгүй дээр санагддаг шүү. Усны шу­вууд хавар ирэхийг хүлээ­дэг шиг  улс төрд О.Маг­най, Ж.Батзандангийн дуу хоолойг хүсдэг ард түмэн бий.    

Сөрөг хүчингүй Мон­го­лын төртэй сөрж тэрсэх Ж.Батзандан, О.Магнай хоёр байж л байг. Айхгүй ч гэсэн аягүй, дуугүй байс­­наас дуугарч байсан нь дээр. Тэд жагсдаггүй бол бид ер нь яах болж байна гэж өнөөдрийн  улс тө­рийг хараад өөрийн эрх­гүй  бодогддог  юм.

Онцлох нийтлэлүүд