Орчин цагийн “Нүцгэн хаан”-ы үлгэр

Хэмжээлшгүй их эрхт эзний 32 ордны нэгэнд хэдэн жилийн өмнө зочилсноо саналаа. Эзэн нь хэдийнэ байхгүй болсон хэдий ч амьдарч байсан ордон нь түүний дарангуйллын үеийг сануулан үлджээ. Эртний сүмийг санагдуулам өндөр таазтай цэлгэр танхимд орж ирээд баруун талын эхний хаалгыг бидэнд заасан нь хамт яваа бүсгүй бид хоёрын байрлах өрөө байв. Давхарлан тавьсан цэргийн зориулалттай орыг эс тооцвол хуучны гайхалтай ур хийцтэй эртний хэв маягийн барилгын бусад зүйлс хэв хэвэндээ. Хана, таазны нарийн ур гаргасан хээ хуар Арабын ертөнцөд ирснийг санагдуулна. Шидэт дэнлүү, нисдэг хивсний үлгэрийн дүр зураг өөрийн эрхгүй нүднээ бууж сэтгэл хөдөлгөв. Байрлах болсон өрөөнийхөө гайхам сайхныг бахдан нөгөө бүсгүйтэйгээ ярилцаж суулаа. Багийн гишүүн нөхөд маань аль өрөөнд оров гэж сониучирхав. Бурхан минь, бид хоёрын гайхан бахдаад байсан өрөө минь тэдний байрласан өрөөний хажууд ичмээр санагдаж билээ. Хөлбөмбөгийн талбай шиг том өрөөний хийц маяг гэж дэндүү гоё. Бодвол Саддам тэр хавьцаа л жаргаж хэвтсэн байх. Эрчүүд түүний хаанчилж байсан тэр тансаг өрөөнд тухалжээ. Арабчуудын эмэгтэй хүнийг дараагийн эгнээнд тавьдаг нь эндээс мэдрэгдэв. Тиймээс ч бид хоёрт шивэгчний өрөө ногдож дээ хэмээн гэмгүй гомдол тээгээд үлдсэнсэн.
Хээнцэр засал чимэг, эртний уран нарийн хийцтэй тансаг тавилга, нүд эрээлжлэм гоё чамин эдлэл, алтадмал ширээ сандлаас эхлээд гайхалтай урлагийн бүтээлүүд нь нүд баясгам тэр ордонд хүн төрөлхтний мэдэх сахалт Саддам заримдаа морилдог байсан. Тансаг ордон дайны хөлд тоногдож үгүй болсон гэхэд ийм байгаа юм чинь өмнө нь ямар байсан нь сэтгэлд бууж байна аа. Саддамын 32 ордны дээгүүр зэрэглэлд нь багтаж байгаагүй гэх энэ ордны баруун талын ханыг алсын барааг харахад зориулан сум нэвтэрдэггүй шилэн хана болгон өөрчилжээ. Тэр цонхоор харж байх нь ээ томоос том нуур байна. Эзний эрх ямбыг хангахын тулд хиймэл нуур ийнхүү байгуулжээ. Одоо бол өнгө зүс алдаад булингартчихсан усны мандал дээр ганц нэг өвс хөвж байх аж. Энэ хиймэл нуурт Саддамыг зугаацуулах гэж баахан загас авчирдаг байж. Саддам энэ хиймэл нуурт завиараа зугаалж загасчлан зугаагаа гаргадаг байсан аж. Харгис түрэмгий тэр эрийг ард иргэд тэр олон ордныхоо алинд нь байгааг мэддэггүй байсан гэдэг.
Өөрийнхөө зурагтай мөнгөн тэмдэгттэй, өөрөөс нь өөр агуу хүн тэр нутагт байхгүй мэт ойлгуулж, хэмжээгүй эрхт ёсоо тогтоогоод амьдарч байсан бололтой. Ард түмэн түүнийг дотроо үзэн ядавч гаднаа бүхнийг хүслийнх нь дагуу хийж, ардчиллын төлөө мөрөөдөхөөс айн амьдарч байсан нь аймшигтай.
Тийм л цаг үе байж. Юм гэдэг хачин шүү. Ард иргэдээсээ хол тасарсан тэр сахалт эр нэгэн удаа энгийн айлд зочилжээ. Айлын жаахан хүү түүнийг гэнэт харснаа "Аав, ээж хоёрын хамгийн дургүй хүн байна шүү дээ. Энэ ахыг хараад хурдан үхэж далд ороосой гэж яриад байдаг" гэж телевизээр гардаг, хойморт нь хөрөг нь залаастай байдаг нөгөө ахыг орж ирсэнд итгэж чадахгүй дуу алджээ. Ингээд л тэр гэр бүл сүйрэх нь тэр. Жижигхэн навтгар байшиндаа дарангуйллаас болж цөхөрч, битүүхэндээ эгдүүцэж байсан гэр бүлийн хоёр тансаг амьдралтай эзний таашаалд нийцэхээргүй үг алдаж, хүү нь түүнийг илчилснээр оргүй алга болсон юм. Эзэн тэднийг өршөөгөөгүй.
Андерсений үлгэрт эзэн хаанаа нүцгэн байгааг мэдсээр байж "Тэнэг хүнд харагддаггүй хувцас" гэж зальт хүмүүсийн хэлснээс болж тэнэг гэж хэлүүлэхгүйн тулд чимээгүй байх үед нэгэн бяцхан хүү хааныхаа нүцгэн байгааг хэнэг ч үгүй хэлж орхидог.
Иракийн тэр бяцхан хүү ч Саддамыг ард түмэн адгийн амьтан гэж үздэг ч хэлж чадахгүй тэвчин ирснийг илчилсэн нь тэр. Даанч аав, ээжийгээ дарангуйлагчид барьж өгч цаазлуулсан болохоос Ирак хүү, Андерсений үлгэрийн гол баатар болсон тэр жаахан хүү хоёр яг адилхан. Үлгэр үнэн болох нь энэ. Хүүхдүүд томчуудаас ялгаатай нь үнэнээс айдаггүй.
Тэр хүүгийн хэлсэн үнэн дарангуйлагч Саддамыг ард түмэн хэрхэн үзэн яддагийн нотолгоо байсан юм. Монголчууд бид ч нүцгэн хааныгаа, дарангуйлагч эзнийг, нүдэн дээрээ халаасыг нь тэмтэрч хулгай хийдэг олигархиудаа эсэргүүцэн хашгирч чаддаггүй.
Нэгэн цагт монголчуудын байлдан дагуулалт хийж байсан улсын нэг бол Ирак. Гэтэл хэдхэн жилийн өмнө монгол залуус Иракт энхийг сахиулахаар явцгаасан. Харгис дарангуйлал, газар доорхи шингэн алтнаасаа болж хувь тавилан нь төөрөлдсөн гэмээр энэ ард түмнийг дайны хүнд жилүүдэд хэрхэн амьдарч байсан үеийг очиж сурвалжилж байсан болохоор одоо ч үйл явдлыг тод санаж байна. Иракийг сангалзан дурссан маань ч ийм учиртай юм.
Саддам бие хамгаалагчдын хамт зарим айлд гэнэтийн шалгалт хийдэг байжээ. Айл бүр түүний хөргийг хоймортоо бурханчлан залах ёстой. Гэнэтийн айлчлалаар өөрийнх нь хөргийг залаагүй байвал тэр айл өнгөрөх нь тэр. Шууд л үг дуугүй баривчилна. Ардчиллын өмнөхөн Улс төрийн товчооны гишүүдийн хөргийг байгууллагынхаа хананд өлгөөгүйгээс болж шийтгүүлж байсан хүний яриаг сонссон юм. Энэ мэтээр Монгол, Ирак хоёрт адилхан юм олон байна. Сахалт Саддамын адал явдлаас дутахгүй л байгаа биз дээ.
Тэр аймшиг одоо Иракт байхгүй болсон. Иракийн ард түмний амьдрал өнөөдөр арай өөр болж байгаа. Дайн болж байгаа ч намхан байшингийнхаа гадна гивлүүртэй бүсгүйчүүд нь хувцсаа угаан хэцэн дээрээ хатааж, нүцгэн хааныг дураараа илчилж чадах гэнэ сэрэггүй бяцхан жаалууд том алаг нүдэндээ гэрэл цацруулан бөмбөг тоглож байсан үеийг санаж байна. Дайны хүнд үед гэнэтийн элдэв довтолгоо, менометын дэлбэрэлтийн дуу энд тэндгүй сонсдох түгшүүр айдастай өдрүүд тэднээс алсарч байгаа болов уу. Ганц шөнийг Багдадад өнгөрүүлэхдээ битүүхэндээ айдаст автаж, бүтэн нойртой хоноогүй болохоор тэнд амьдарч байсан тэдний сэтгэл санаа ямар байсныг төсөөлж байна. Гуниг тээсэн тэр ард түмэн дахин битгий зовоосой. Одоо тэд сахалтай эрээс ангижирсан. Харин бид олигархиудаасаа салах болов уу. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн бяцхан жаал тэднийг хулгайч байна гэж барьж өгөх цаг ирэх вий.