Амлалт нэхэхдээ хуйхлагч биш, хувьсгалч хүчин гэдгээ харуулах хэрэгтэй юм

АМЛАСНАА
ӨГӨХГҮЙ БОЛ ХУВЬСГАЛТ НАМ ХӨГЖЛИЙН НАМ БОЛОХ НЬ АРД ТҮМЭНД ПАДГҮЙ
Монголчууд
олон ч жагсаалын нүүр үзлээ дээ. Итгэж үзлээ,
итгэлээ гээж ч үзэв. Гол нь тасарчихгүй
бүүдийх хонгилын гэрэлд найдаад өнөөдрийг хүртэл явсаар ирлээ. Их, бага үр дүн
ч авчирч байсан. Хоосон сүржигнээд өнгөрөх үе ч байлаа. Долдугаар сарын нэгнээс
хойш жагсаж болохгүй юм шиг, эрхийнхээ төлөө тэмцэж болохгүй юм шиг айдас хургасан
зүрхтэй ард түмний энэ хаврын тэмцлийн салхийг Ж.Батзандан, О.Магнай нар хагалснаараа үр дүнтэй болсон. Тиймээс энэ дөрөвдүгээр
сарын 5-ны Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний
жагсаалд ард түмэн алдах юмгүй, авах юмтай
гэдгээ хэлж жагсах биз ээ. Харин жагсаад
үр дүнд хүрэхгүй бол сүржин зарласан тэмцэл даржин болоод өнгөрнө. Итгэлээрээ тоглуулсан ард түмэн энэ олон хөдөлгөөн,
жагсаал зохион байгуулагчдад итгэхээ болино.
Магадгүй
жагсаал цуглааны сүүлчийн боломж ч энэ байж болох юм. Маш олон хөдөлгөөн нэгдэж байна. Үнэн хэрэгтээ 1 сая, 1.5 саяыг нэхээд ч өгөх нь
худлаа. Үүнийг бүгд мэдэж байгаа. Гэлээ гээд нэгэнт амласан юм чинь тэднээс авах
гэж нэхэх нь зүйн хэрэг. Өгч чадахгүй байнаа гэдэг чинь биднийг хуурчээ гэсэн үг.
Төр амласан бол ард түмэн авч байж салдаг
аюул бий. Уянгаатай Уянгаагүй авах юмаа нэхэх л байсан. Түүнийг Г.Уянга ч байна уу, хөдөлгөөнүүдийн тэргүүнүүд
мэдэж олж харснаараа л давуу юм. Тэгэхээр тэдний дэвшүүлж буй санаа нь зөв. Цөөхөн
хэдэн төгрөгөөр өл залгуулж хуураад дараагийн
сонгуульд орох гэж байгаа бол дандаа ийм байхгүй л болов уу. Харин ард олноосоо тасарсан дээдсээс амлалтыг
нь нэхэхдээ "Хэд хоногийн дараа хариу өгнө"
гэсэн хууран мэхлэлтэд уначихгүй тууштай
тэмцээд хүлээвэл амжилт олох байх. Талбайд
цугласан иргэд нь тэвчээртэй, цуглуулсан удирдагчид нь хаяад зугтчихгүй бол үр дүн
ирж л таараа. Тэгээд дараа нь Үндсэн хуулиа
өөрчилж, хоёр танхимтай парламент байна уу, Ерөнхийлөгчийн засаглал байна уу,
тэрийгээ ярьж хэлэлцэхээ өөрсдөө мэдэх хэрэг.
Тоглоом
хүртэл тоотой нь дээр байдаг. Нэгэнт иргэн бүртээ өгч чадахгүй мөнгө амлах нь энэ
төрийн хуурамч дүр төрхийг зүгээр л нялайтал дэлгээд тавьж байгаа юм. Өгч чадаагүй бол Ардчилсан нам ч, МАХН ч ард түмнээс
дараа нь санал гуйх нүүр байхгүй ээ. Тэдэнд тийм ёс суртахууны эрх байхгүй. Алгаа
тосоод, амлалт өгөөд дахиж явна гэж бодолтгүй.
Нэгэнт худал амлаж, төрийн эрхийг авсан болохоор энэ
парламент хууль бус болж таараад байна. Тэгэхээр амласнаа биелүүлдэггүй энэ парламентыг
ч тараах хэрэгтэй болж байна. Парламентыг тараагаад зогсохгүй Ардчилсан нам, МАХН
хоёр ч тарах хэрэгтэй юм. Ингэж чадвал л Монголын төр жинхэнэ утгаараа цэвэрлэгдэнэ. МАХН нөгөө олигархиудаасаа салж амрах цаг ирнэ. Тэгээд Монгол ардын хувьсгалт
нам (МАХН) биш, Монгол ардын хөгжлийн намаа
(МАХН)-аа байгуулсан ч хамаа алга. Зам зуурын олигархиудаасаа салж жинхэнэ коммунистуудаараа
удирдуулбал тэднээс дээр болох биз.
МАХН-д
орж ирсэн завсрын хэн дуртай нь л төр барьж,
бизнес хийгээд баяждаг. Хэдэн хүн ашиг олж, хожоод сайд болдог байснаас намгүй улс болсон ч яахав.
Тэртэй тэргүй нам гэдэг том малгайн доор оруулчихаад харж үзэж байгаа нь юу билээ.
Улс орноо хоёр намд хувааж хэрэлдүүлээд өөрсдөө бие биенээ тонгорч унагаад дараагийн
суудалд нь суудаг. Дахиад нэг нь гарч ирээд бас л хор найруулаад унагачихна. Эдний
элдэв хор найруулга нь эцсийн дүндээ биднийг хорлоод байх юм. Тэгэхээр тарааж байж
л санаа амрах байх даа.
АРДЧИЛСАН
НАМ "АЛТАН ГАДАС"-АА СУГА ТАТАХ ЦАГ БОЛЖЭЭ
Ардчилсан
нам ч "Алтан гадас"-аа зоогдсон газраас
нь суга татаж хаяхгүй бол ард түмнээ хамтарч хуураад явсаар байх нь. Үүссэн цагаасаа л энэ гадаст уягдлаа.
Алийн болгон уяатай нохой шиг гадаснаас зүүгдэхэв.
Амлалтын
анхны зохиогчийн эрх нь Ардчилсан намынх ч ахиулж амлаж олонхи болсон МАХН бүр
ч их хариуцлага хүлээх ёстой. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг шиг
энэ хоёр намд ялгаа алга.
Дээд
талдаа Ардчилсан нам МАХН-тай эвлэрч засагт орсон. Доод шатандаа бол үүнийг нь хэзээ ч зөвшөөрдөггүй. Дээдсийн нам доодост хэрэггүй.
Жирийн гишүүн ардчиллын төлөө АН-ыг сонгодог болохоос МАХН-тай нэг өвөрт оруулах
гэж саналаа өгөөгүй. МАХН-тай нэгдэхийг
зөвшөөрдөг Ардчилсан намын нэг ч гишүүн байхгүй.
Олонхи
болсон МАХН-тай засагт нэгдэх шийдвэр гаргасан
Ардчилсан намын ҮЗХ тарвал таарна. Ингэхээр
Ардчилсан нам ч тэр чигтээ тарах болно.
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо гэдэг бол 200 гаруй хүний хэрэг. Өнөөдөр
энэ нь хоёр зуу гаруй хүний буюу хумьж тооцвол
хорин хүн албан тушаалд очих тухай л асуудал.
Монголын
ардчилал гэдэг хоёр сая гаруй хүний сайн сайхны төлөө юм. Ардчилсан нам ч үүний
төлөө явах хэрэгтэй юм.
Ингэж байснаас тэр Ардчилсан хүчний холбоо нь
намаа аваад сонгуульд орох нь дээр биз.
Намаа татан буулгаж байж дахин хуваарилалт
хийх нөхцөл ч энэ үед бүрдэж мэдэх юм. Жагсагчид 20 жилийн өмнөх тэр нэгэн ардчиллыг
цэвэр ариунаар нь авчирч чадвал ард түмний санаа сая нэг амрах болно.
Иймэрхүү маягтай Монголын
төрийг авч яваа хоёр намаас
амлалт нэхэж суугаа АНАТХ ч зорилгодоо хүрэхдээ хуйхлагч биш хувьсгалч
хүчин гэдгээ харуулж байж л олон нийтэд таашаагдана.