Японы туршлагаар бол АНАТХ-ий ч хэрэггүйгээр манай УИХ тэр чигээрээ татан буугдах байж дээ

Хүний өмнөөс саналын
товчлуур дарсан хэргээр Японы парламентын гишүүн 75 настай Масатоши Вакабаши албан
тушаалаасаа огцорчээ. Түүний энэ үйлдлийг танхим дахь камер илрүүлсэн байна. Тэрээр
огцрох үедээ ард түмнээсээ уучлал гуйсан байх юм. Хариуцлага гэдэг энэ байх. Сонгогчоо хүндлэх, хуулиа дагах, ёс суртахуунтай байх гэж үүнийг хэлнэ. Эрүүл ухаанаар бодоход хүний өмнөөс санал өгнө
гэдэг сонгогчдыг доромжилсон хэрэг яалт ч үгүй мөн. Японы парламентын сөрөг хүчнийхэн ч үүнийг нь
уучлах аргагүй зүйл гэж хатуу эсэргүүцсэн байгаа юм. Манайд бол сөрөг хүчин байхгүй учраас хамтдаа
гараа явуулж хүний өөрийнх гэж зэнзийрхэлгүй кноп дарчихаж байгаа.
Өчигдөрхөн хаврын чуулганаа нээж ажлаа эхэлсэн манай парламент
өнөөдрөөс эхлэн хорт муу зуршлаа хог дээр хаяж Японы туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй болж. УИХ-ын дарга нь ирц бүрдүүлэх
гэж үйлээ үзэж нэр цолоор нь дуудаад нэмэр байхгүй. Арайхийж ирц бүрдүүлээд хурал
эхэлмэгц увж цуваад нөгөөдүүл нь гараад явчихна. Үлдсэн хэд нь
улаан модон сандал дээр өндөлзөөд, баруун, зүүн тийш гараа сунгаад төгөлдөр хуураар наадах мэт дүр зураг харагдвал
Монголын парламент хуралдаж, хууль баталж байгаа нь тэр. Үнэн хэрэгтээ хажуу хавийнхаа хурал таслагч нөхдийн өмнөөс саналын
кноп дарж дураараа дургиж байгаа нь тэр. Арван хэдүүлээ сууж байгаад хууль батлахдаа
ширээний найз нь өмнөөс нь санал өгүүлчихнэ.
Протоколд эзэн нь байхгүй ч гэсэн дарагдсан кнопны тоогоор бүртгэгдэнэ. Үүнийг дарга нь харсан ч хараагүй царайлж, бусад
нь инээдээр хөхиүлэн дэмжинэ гээч. Хууль
баталж байгаа нөхдүүдийн үнэн нүүр царай энэ. Монгол Улсын хувь заяа, ард түмний
аж амьдрал, ахуй нөхцөл гээд мөн ч олон хуулийг ингэж шийдсэн дээ. Ам бүл 76-уулаа
ч тал хүрэхгүй нь бидний хувь заяаг иймэрхүү
тоглоом тохуу, товчлуурын өнгө төдийхнөөр
хурууны өндгөөрөө шийддэг. Эрхэм гишүүдийн ингэж аяглаж байгааг интернэтэд
хүртэл дүр дүрслэлээр нь тавьчихсан байгаа.
Мөн ч идэвхтэй харагдаж байна лээ. Одоо ч энэ байдал хэвийн үзэгдэл. Тэд ч эндээ дасаж. Бид ч хараад сурчихаж. Тэгж
л байдгийм энэ хэд гээд. Кноп дарж тоглох гэж УИХ-д сонгогддог юм бол хэвтрийн хөгшин ч гарынхаа үзүүрээр кноп дарж
дөнгөнө өө дөө. Цэцэрлэгийн жаахан жаал ч удирдлагатай машиныхаа кнопыг эрхэм гишүүнээс хурдан дарж чадна. Уг нь улаан,
цэнхэр кнопонд учир нь байгаа юм биш. Тэр дарсан кнопны ард талд хичнээн хүний
эрх ашиг хөндөгдөж, хичнээн сонгогчийн санал
гутлын уланд наалдсан хог болж, хувь заяа
хаашаа ч хамаагүй шийдэгдэж байгаа юм. Тэд
хүний өмнөөс товч дарлаа гээд хариуцлага хүлээх нь бүү хэл инээд наадам болоод өнгөрч
байна. Кноп дарна гэдэг эмч мэс засал хийж байгаагаас илүү аюултай. Үргэлжийн хүний
амины дэнсэн дээр байдаг тэд алдаа гаргавал нэг л хүний гарз. Жолоочийн алдаа өөрт болон машиндаа
гай авчирна. Улстөрчид ингэж буруу солгойгүй кноп дарвал нийгмээрээ ч үхэж болох
аюултай. Тэр ганц кнопны ард Монгол Улсын хувь тавилан ч явж байдаг.
Хурал тасалж, эсвэл орж ирж бүртгүүлээд нуруугаа харуулаад гардаг
нөхдүүд ч гэсэн дээ. Хууль батлах гэж биш, гишүүн болох гэж орж ирсэн нь тодорхой.
Оюутан сурагч хичээлээ таслах, ажилтан албан хаагчид ажлаа тасалбал яадаг билээ.
Гэтэл парламентын гишүүн ажил тасалж болно гэж хэн хэлсэн юм. Тэд ингээд хуралдаа
суухгүй болохоор нөгөөдүүл нь даажин хийгээд байдаг нь ч бас юув.
Японы парламентад 76-гаа аваачаад нэг өдөр суулгачихвал үйлдэл дээрээ баригдаад унах нь тодорхой юм байна. Бүгд хөөгдөж туугдах биз. Харин хурлын
танхимын хойморт залардаг Д.Дэмбэрэл дарга л хажууд нь дарах кнопгүй учраас
толгойгоо илээд хоцрох байх. Өнөөдрөөс эхлээд
эрхэм гишүүдийн ийм буруу үйлдлийг зураглаач, зурагчин, парламентын сурвалжлагчид
хальсандаа сайн буулгаж аваад сонгогчдод илүү сайн хүргэж байя. Хэн нь ажлаа хийж
байгаа, хэн нь хууль завхруулж хүний өмнөөс "төгөлдөр хуур тоглож" байгааг илчлээд
өгье. Уг нь ч сэтгүүлчид, зураглаачид, зурагчид зөндөө илчилдэг. Даанч нөгөө хэд
нь чихэнд нь ус хийсэн ч, алт хийсэн ч адилхан юм.
Манай парламентын хувьд хүний өмнөөс санал өгөх нь хэзээ ч ичгүүртэй зүйл биш болоод удсан. Уучлал гуйх хэмжээний хэрэг гэж тэд хүлээж авахгүй
нь тодорхой.
Авлигатай тэмцэх газар хэргийг нь шалгаад тогтоочихсон байхад
яаж ч чадахгүй болтол нь дархан эрх яриад суучихдаг Монголын улстөрчид шиг эрх
мэдэлтнүүд дэлхийд алга. Албан тушаал үүрдийн
биш гэдгийг ард түмэн нь ойлгуулаад байна.
Гэтэл Японы Сангийн сайд хэвлэлийн хуралд согтуу ирсэн гээд л хэл ам гарахад
огцорч байсан. Хариуцлага гэж энд байна. Монголын парламентын гишүүн нээлтийн
ёслол дээрээ хөл нь дэлхийгээ олохгүй, хэл
нь тагнайгаа олохгүй дэн дун юм л орж ирж байлаа. Хөөж, тууж огцруулах нь бүү хэл
хүний урманд шүүмжлэх ч хүн алга даа.
Рекламанд тоглосны төлөө улстөрч нь ажлаа өгч байна. Огцрох шалтгаан нь хоол хийдэг шоунд орлоо гэж байгаа юм шүү. Ичих булчирхай,
дагах хуультай байх ёсон энэ юм. Манай улстөрчид
хэн нь олон рекламанд тоглосноороо гайхуулах нь холгүй л байна. Бүгд тогооч болж, хоол халбагадан телевизээр
хөлсөө дуслуулан улс төрөөр хачирласан шоунд оролцоод л байдаг. Энэ янзаараа
бол эрхэм гишүүд маань эротик киноны гол дүрийг ч бүтээхэд бэлэн гэлтэй.
Арван хэдүүлээ сууж байх атлаа хорь, гучуулаа санал өгчихсөн сүнстэй юм шиг парламент
маань Амлалт нэхэх хөдөлгөөнийхөнд амаа асуулгаж, огцрохыг шаардуулах нь ч аргагүй
биз. Японы жишгээр Амлалт нэхэх хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй манай УИХ тэр чигээрээ,
парламентаараа татан буугдах байж дээ.
Ингэхээр Монголын парламентын
гишүүд бүгдээрээ дугаар хорооны иргэн болно гэсэн үг. Бид ч гэж бид. Тэднийг сонгож л байдаг. Хувь тавилангаараа
хөгжим тоглох мэт наадуулах гэж сонгосноо хожим нь дандаа ухаарах юм. Тэгээд бүр
алдаж ханахгүй дахиад л ийм юмнуудаа сонгох байх даа.