Оюу толгойн монгол манаач нар

Оюу толгой дээр мөн ч их үзэлцлээ. Хардаж сэрдэж, хэрэлдэж, уралцаж, хамгаа дэлгэж байж арайхийн шийдсэн энэ ордын асуудлын араас Монгол талаас хэн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүн болох нь анхаарлын төвд байлаа. Гаднаас ТУЗ-д орсон нөгөө талын зургаагийн өөдөөс тэнцвэртэй үзэх, Монголын эрх ашгийг тэргүүнд тавих хүн сонгогдож чадах уу, тэр нь хэн байх вэ. Асуултын хариулт ээдрээтэй, эргэлзээтэй байсан ч өнгөрсөн долоо хоногт тодорхой болж, асуултад цэг тавьсан. Оюу толгойд Монгол талаас гал маналцах гурван эрхмийн нэр тодорлоо. Хаа очиж ханатай нэрс сонсогдов.
Арав гаруй хүнээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди нар Оюу толгойн ТУЗ-д өрсөлдөгчдийн хамгийн анхаарал татсан эрхмүүд байлаа. Ингээд Н.Багабанди тодорчээ. Мөн П.Цагаан, Ч.Ганболд нар ТУЗ-д сонгогдов.
Н.Багабанди
МАХН-ын харьяалалтай тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтаа сонгогдож байсан. Хийгүй, бас "найраагүй" нэгэн. Гадныханд найр тавих нь байтугай дотооддоо хэн нэгэнд толгойгоо бариулчих хүн биш. Өөрийн бодол өөртөө зөв гээд Монголын эрх ашгийг хамгаалаад зогсож чадах хүн гэдэгт нь эргэлзэх зүйл алга. Түүнийг англи хэлгүй гэж шүүмжлээд байгаа. Монголын Оюу толгойг англиар шийдэх биш дээ. Тэр тийм чухал асуудал биш. Эх орноо төлөөлж ТУЗ-д байхад эх хэлээрээ эх орныхоо байгалийн баялагт эзний үүргээ гүйцэтгэхэд юу нь болохгүй гэж. Монгол Улсыг найман жил удирдахдаа англи хэлгүй ч аятайхан авч яваад гадаад ертөнцтэй хэл амаа ололцоод болоод л ирсэн. Яах аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн энэ хүнийг С.Баярын анд гэдгийг бараг бүгд мэднэ дээ. Гэлээ ч С.Баярыг биш эх орноо төлөөлнө. Н.Багабанди Оюу толгойн ТУЗ-ийн хамгийн зөв сонголт байлаа. Хал үзэж, хашир суусан түүнд итгэл хүлээлгэхэд алдах зүйлгүй биз ээ.
П.Цагаан
Үнэн хэрэгтээ МАХН-аас АН-д орж ирсэн гэдэг. Тэр нь ч одоо яая гэхэв. Мөн л С.Баяртай нэр холбогдож л байсан хүн. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дотны анд ч мөн. Тиймээс ч зөвлөхөөр нь ажиллаж байсан. Мөн Монросцветметийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байв. Хэдийгээр МАХН гаралтай ч АН-ын хүн болсон болохоор түүнийг нь эс тооцвол МАХН-д харьяалалтай Н.Багабандийн нөгөө талд АН-ын төлөөлөл болох П.Цагаан зогсож байх талтай. Монгол Улсын сан хөмрөг хэцүүхэн байх үед П.Цагаан Сангийн сайдаар ажиллаж байсан. Монголын урдаа барьдаг эдийн засагч. Амьдралын туршлага, улс төрчийн зангаргаараа хэнээс ч дутахгүй түүнийг Монголоо гэсэн сэтгэлтэй байна гэдэгт олон нийт эргэлзэхгүй байна. Түүнд дахин нэг удаа томоохон хариуцлага ирлээ.
Ч.Ганболд
Чулууны Ганболдыг "ХАС" банкны ТУЗ-д байдаг болохоор овог нэгт Чулууны Ганхуягтай ах дүүс гэж эндүүрээд байгаа. Үнэн хэрэгтээ энэ нь цэвэр тохиолдлын чанартай. Ч.Ганболд, Ч.Ганхуяг гээд нэр хүртэл ах дүүс байж болохоор сонсогддог нь эндүүрэхэд хүргэсэн биз. Мөн л С.Баяртай анд МАХН-ын гаралтай ч улс төрийн намд харьяалагдахаасаа илүүтэй "Инээмсэглэл" хамтлагийг үүсгэн байгуулагч гэдгээр нь хүмүүс мэдэх нь их. Англи хэлийг эх хэл шигээ эзэмшсэн, эдийн засагч, орчуулагч мэргэжилтэй. Дипломатч удамтай. Сайн менежер гэгдэг. Ямар ч тохилдолд гадны хөрөнгө оруулагчидтай эв зүйгээ олоод явчих хүн.
Дээрх эрхмүүдийг хэн хэнийг нь муугаар бодож хардах шаардлага алга. Хэн нь ч Монголын эрх ашгийн төлөө ноён нуруутай зогсож чадах хүмүүс хэмээн харж байна. Галаа л сайн манах үүрэг тэдэнд оногдлоо. Эх орноо эрдэнэстэй нь гадаадынханд бариад туучихгүй гэж олон нийт харж байна. Монголынхоо баялгийг хаа хаанаа ашигтай хүртэхийг энэ эрхмүүд л мэдэх хэрэг. Оюу толгой бол монголчууд бидний хувьд өмнөө босгож ирсэн том асуудал, том боломж. Өөрсдийнхөө тарьсан асуудлыг зөв сайхнаар шийдэж цаг хугацааг туулж ирсэн өвгөдийн түүх бидэнд бий. Оюу толгойн түүхийг ч ийм замналтай байна гэдэгт итгэж байна. Монгол Улсын хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр авчирна хэмээн итгэж найдаж буй Оюу толгойн энэхүү төсөлд монголчуудыг төлөөлөх эдгээр гурван эрхэмд амжилт хүсье. Мань гурав бол ТУЗ-д цөөхүүлээ. Гэхдээ энэ бол асуудал биш. Манаач ямар үүрэгтэйг маниар хэлүүлэлтгүй мэдэх хойно.