Ард түмэндээ худал амладаг ах дүү хоёр нам сөнөх цаг болжээ

Сэтгэгч Альбер Камю "Төөрөгдөл сайхаан, харин үнэн л аймшигтай" гэжээ. 2008 оны сонгуулийн үеэр улс төрийн намуудын амлалтад итгэж саналаа өгсөн ард түмний төөрөгдөл жил өнгөрөх тусам арилж, бодит үнэн нь худал амлалтаар төрийн эрх мэдэл авсан намуудад аймшиг болон ирж байна. АН сонгогчдодоо хандан иргэн бүртээ нэг сая төгрөг өгнө хэмээн амлаж байлаа. Тухайн цагт МАХН-ын дарга С.Баяр энэ нь боломжгүй зүйл, худал амлалтаар ард түмнээ хуурах гэж байна хэмээж байсан боловч удалгүй өөрсдөө 1,5 сая болгон нэмж сонгуулийн сурталчилгаагаа өргөжүүлсэн билээ. Тухайн үед хоёр намын нэг нэгийнхээ мөнгөн амлалтыг үнэгүйдүүлэх тэмцэлдээн тун сүрхий байсан сан.
Өмнөх сонгуульд нь хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгнө
гэсэн АН-ын амлалт худлаа мэт санагдаж байсан ч хүүхдүүд
нэр дээрээ мөнгө авдаг болсон нь бас чиг итгэл
үнэмшил төрүүлчихсэн байлаа. Тиймээс ч иргэн бүртээ нэг сая төгрөг өгөх амлалт нь хүмүүсийн сэтгэл зүйд
шууд хүрч байгаа нь тогтмол
хийгдэж байсан судалгаануудаас харагдсан тул МАХН сандран 1,5 сая гэх нь тэр.
Удалгүй МАХН хэвлэлийн бага хурал зарлаж, АН-ынхан өөрсдийнх нь 1,5 сая төгрөгийн амлалтыг нь утгагүй болгохын тулд эсрэг арга хэмжээ хийж байна гэж гомдоллосон. Тухайн үедээ МАХН-ын нарийн бичгийн дарга нь хэвлэлийн бага хурлыг хийлгэж байсан бөгөөд МАХН-ынхан 1,5 сая төгрөгийн батламжийг нь утгагүйдуулахын тулд олноор хэвлээд гудамжинд хөсөр хаяж, хогийн савны дэргэд бөөнөөр нь шидэлсэн байна гэж байсан билээ. Тэд чухам аль хэвлэх үйлдвэрт хэвлэснийг нь хэдэн төгрөгөөр хэвлүүлснийг нь ч мэдэж байна гэж ирээд ноцтой гэгчийн хурал хийж байсан юм. Ард түмэн МАХН-ын амлалтыг тоохгүй байна хэмээн нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөхийн тулд АН-ынхан өөрсдийн сурталчилгааг хэвлүүлэхийн оронд өрөөлийн сурталчилгаанд мөнгө хаясан юм даг уу даа. Бас болоогүй ээ, их муу цаасан дээр хэвлэлтийн шаардлага хангахгүй хэвлүүлсэн байна гэж МАХН-ынхан гомдож байсан билээ. Тэр цагт үйл явдал ингэж л өрнөж байлаа. МАХН-ын дарга С.Баяр хот, хөдөөд өрсөлдөж байгаа нэр дэвшигч нартайгаа нэг бүрчлэн уулзаж, 1,5 сая төгрөгийг л голчлон ярьж явахыг зааварчилж, эдийн засагч нэр дэвшигчдээ бүтэхгүй тухай ам дуугарахыг хорьж байлаа. Мэдээж, авна гэж тооцоолж байгаагаас нь гуравны нэгээр илүү хэлсэн санал хэнд ч сайхан байлгүй яахав дээ. Ингээд л үйл явдал өрнөсөөр сонгууль ч дуусч, өдгөө 2010 он гарчихлаа. 2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент, Засгийн газрын ажиллах хугацааны тэн хагас нь дуусчихав. Гэвч улс төрийн намуудын амлаж байсан нэг сая төгрөг ч алга, 1,5 сая төгрөг ч алга. Нийлүүлээд өгөх ёстой гэж нэхэж байгаа иргэдийн шаардсан 2,5 сая төгрөг ч мөрөөдөл байна. Далан мянга гэж үлгэр домгийн хэдэн цаас авсан нь үргэлжлэх нь ч бүү мэд, үүгээр ам хаах гэж байгаа нь ч тодорхойгүй байна. Тэр цагт өөр хоорондоо өрсөлдөж, гэдсэндээ хөлөө жийлцэн байсан хоёр нам нэг Засагт орж ажиллаж байгаа. Тэд үүрэх ачаагаа ч, хүртэх бялуугаа ч нэгтгэн байж нэг засагт орсон болохоор нэг саяд нь бус 1,5 саяд нь саналаа өгсөн юм сан гэж ялгах аргагүй болчихоод байгаа билээ.
"Зарим санаа модноосоо түүхийгээр уначихдаг" гэсэн үг бий. Иргэддээ өгөх 1,5 сая төгрөгийн санаа боловсорч амжихгүй уначихлаа гэж үү. Хэрэв тийм тохиолдолд биелж амжихгүй амлалт өгсөн улс төрийн намууд шийтгэлээ хүлээх ёстой. Энэ цагт жигтэйхэн ах дүү болон сүжрээд байгаа ах нам МАХН, дүү нам АН-ынхан шийтгэлээ хамтдаа хүлээж таарна. Хэрэв амлалтаа биелүүлж чадахгүй бол хүний хорвоогийн хамгийн шударга шүүлтээр тэд сөнөж үгүй болох ёстой. Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр нэг сая төгрөгийн амлалт нь яригдалгүй, 1,5 сая төгрөгийн давуулж хэлсэн амлалтаар нь өрсөлдөгч намаа хөрснөөс арчих боломж байсаар байтал АН-ынхан МАХН-ын урьсан урилгыг хөөр болон хүлээн авсан. Иймийн учир ах дүү хоёр нам амлалтаа биелүүлж чадахгүй бол хамтдаа дуусах цаг нь иржээ. Ер шүргэсэн ах нам хорь хүрч байгаа дүүгээ дагуулаад улс төрийн тавцангаас зайлах цаг болж байна. Монголд МАХН, АН үгүй боллоо гээд амьдрал зогсохгүй. Харин Монголын улс төрд эрүүл тогтолцоог бий болгоход түүхэн үүргийг гүйцэтгэж чадах юм. Худлаа амлалтаар ард түмнээ хуурдаг ах дүү намууд зүй ёсны шийтгэлээ хүлээгээд улс төрөөс холдвол дараа дараагийн намууд бүтэхгүйг нь мэдэж байж худлаа амладаг ийм алхмыг зориглож хийхгүй болно. Тэгээд ч нам гэдэг зохион байгуулалтын бүтцээс татгалзаж байгаа дэлхийн хэв маяг руу шилжихэд ч энэ алхам нь тусалж магад.
Яахаараа Японд сонгуулийн үеэр амласнаа биелүүлж чадсангүй гээд эрх баригч намын дарга нь Ерөнхий сайдын суудлаа өгч шийтгэл хүлээж болдог, яахаараа Монголд хуурч байгаа нь ч илт, хуурагдаж байгаа нь тодорхой байхад ард түмэн нь хөндий хонгио шиг суугаад байдаг юм бэ.
Өнгөрсөн сонгуулиар амласнаа үлдэж байгаа хоёр жилдээ өгч дийлэхгүй бол ах, дүү хоёр намууд минь хөтлөлцөөд Монголын улс төрөөс арилаарай даа.
Э.ЭНЭРЭЛ