Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.08.03 12:08

Тэд харлах тухай бодож эхэлжээ

-НИЙГМИЙН ДААТГАЛЫН ДУГААРЫГ НЬ ХУДАЛДАЖ АВЪЯ, ВИЗИЙГ НЬ ӨӨРЧИЛЖ ӨГНӨ ГЭСЭН БИЗНЕСИЙН БҮЛЭГЛЭЛИЙНХЭН ЭРГЭЛДЭХ БОЛСОН ГЭНЭ-

АНУ-д аялангаа ажил­­лах хөтөлбөр буюу "Summer Work and travel"-ийн хүрээнд АНУ руу зорчсон оюутан за­лууст ажил олдохгүйн улмаас хэзээ ч хийж үзээ­гүй хар ажлаа хийж, хэд хэдээрээ гудас хаясан өрөөнд хо­ног төөрүүлж байгаа та­лаар манай сонин мэ­дээлж байсан. Манайд суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас Мон­голын хүүхэд залууст эрх чөлөөний орныг үзэж, нүд тайлах болом­жийг олгосонд олон хү­мүүс баярлаж байгаа. Харин энэхүү ажлыг ха­риуцан гаргасан компа­ниуд гэрээ хэлцлээ на­рийн хийгээ­гүй­гээс, ашиг хонжоо харж хариуцла­гагүй ханд­санаас, манай залуус ч АНУ явж ажил хийж мөнгө олно гэсэн бодит амьд­ралаас та­сар­сан гэгээн мөрөөдөл­тэйгээр тэнд очсоноос үйл явдал таагүйгээр эргэчихээд байгаа. Эхний нэг сард хэрхэхээ мэдэх­гүй барьц алдаж байсан хүүхдүүдэд тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс тусалж, онлайнаар зар тарааснаар өөр өөрийн байгаа газар­таа ганц нэгээр нь татаж авч бай­гаа талаар тэнд бай­гаа эх сурвалж ярьж бай­сан. Бас хоноглох га­зартаа төлөх мөнгө­гүйгээс барьц алдаж буй хүүхдүүдийг ч хоёр, гур­ваар нь гэртээ амьдруулж байгаа хү­мүүс цөөнгүй байгаа юм.

Оюу­тан залуусыг газар үзүүлж, зуны хэдэн сард ажлын амтыг мэд­рүүлэх тө­лөвлөгөөтэй ажлаа эхэл­сэн ч бүгдийг нарийн тооцолгүй, хэдэн төгрө­гийн илүү харснаар үүс­сэн энэ таагүй байдал сүүлийн үед өнөө бай­гаа­гаасаа ч илүү ноцтой болж магадгүй болоод байна. Учир нь АНУ-д очиж газар үзэх, нутаг оронтой танилцана гэд­гээсээ илүү мөнгө олж ирэх мөрөөдөлд автсан хүүхдүүд газар дээрээ байдал өөр байгааг мэд­сэн. Харин тэд үлдсэн сар­­даа боломжийн ажил­­лаж, газар үзээд ирэхийн оронд тэнэг алхам хийх гэж байгаа тухай сонстох болсон нь харамсалтай. Сүүлийн үед дээрх хөтөл­бөрөөр очсон залуус ту­хайлсан цагтаа нутаг бу­цахгүй, харлахаар шийд­сэнээ өөр хоорондоо ярих болжээ. Энэ нь тэнд байгаа монголчуудын  эрх­лэн явуулдаг вэб сай­туу­дад байгаа материал түүний дор бичигдсэн санал сэтгэгдлээс ч ха­рагдаж байгаа юм. Эцэг, эхчүүд нь хүүх­дүүддээ газар үзүүлж, ажлын зах зухаас амсуу­лахаар явж байгаа гэд­гийг нь хэлэ­хийн оронд чухам л гадны оронд очиж, мөнгө цаас олж ирнэ гэсэн мөрөөд­лийг нь хөөрөгдөөд явуул­чихсан бололтой.

Нөгөө талаас хөдөөд амьдар­даг эжий, ааваа­саа өн­гөрсөн хав­рын ноолуу­рын хөлс, хо­тод амь­дар­даг бол толгой хорогдох байрных нь гэр­чилгээг барьцаанд тавь­чихсан хүүхдүүдийн ху­вьд гэр бүлдээ том "шатаалт" хийсэн. Харин тэд үүндээ шаналан бу­руу алхам хийхээр ший­дэж эхэлжээ. Монгол хүүх­дүүдийн хувьд 18 нас хүрч, нас бие гүйцсэн хүмүүс. Гэтэл АНУ-ын хуу­лиар бол бү­хий л бо­ломж нь хаалт­тай хүүх­дүүд. Тэнд 21 нас хүрээ­гүй бол тодорхой хэм­жээнд хуу­лийн ха­риуц­­лага хүлээх чад­вар­гүйд тооцож, архи тамхи хэрэглэх эрхгүй байдаг. Талын Монгол­доо таа­ваа­раа байсан хүүхдүүд хууль чанга, бас өөрсдийг нь насанд хү­рээгүй хүүхдүүд гэж тооц­соор байгаа тэр нийгэмд очоод барьц алдаж, ша­халт хавчилтад орсон мэт са­нагдсаныг үгүйсгэх ар­га­гүй. Үнэндээ тэр насны­ханд жинхэнэ дураа­раа дургиж, томчуудаас ду­тахгүй том авирладаг нөхөд байдгийг хатуу ч гэсэн хэлэх л хэрэгтэй.

Одоо ээж, ааваасаа хол, их мөнгөөр шатаж, түүнийгээ олж чадахгүй нь гэсэн айдаст автсан, мөн хар бор ажил хийж, ходоодондоо хоол хий­хийн хэцүүг мэдэрсэн хүүхдүүд алдаа эндэгдэл гаргаж, буруу алхам хийх вий гэдэг нь гол анхаарах асуудал болчихоод байна. АНУ-д амьдарч байгаа монголчууд тэ­дэнд хоёргүй сэтгэлээр тусалж байгаа ч олны олон дунд өөр сэтгэлээр яваа хүмүүс байгааг ч хэлэх хэрэгтэй. Учир нь сүүлийн үед "Summer Work and travel" хөтөл­бөрийн хүрээнд АНУ-д очсон хүүхдүүдээс нийг­мийн даатгалын дугаарыг нь буюу Social Security Number-г нь авъя гэсэн хүмүүс вэб сайтуудад зар тавих болжээ. Нэг талаас харахад энэ нь гар дээрээ тавих мөнгөгүй байгаа хүүхдүүдэд хял­бараар мөнгө олох бо­ломж гаргаж өгөөд зүгээр ч юм шиг. Гэвч үүнийг дагалдах сөрөг тал нь дэндүү ихийг ан­хаарах хэрэгтэй. Улс төрийн амлалт болсон хэдэн төгрөгөө тарааж өгөхийн далимд иргэний бүрт­гэлээ хийх гэж байгаа Монгол Улстай маань алсын АНУ адилгүй. Тэн­дэхийн бүртгэлийн тог­тол­цоо нь маш нарийн, энэ дугаарын бүртгэлээр л хүмүүсээ хянаж байдаг. Хэрэв уг дугаараа арил­жих юм бол өөртөө маш том эрсдэл дагуулна гэсэн үг. Тухайлбал уг дугаарыг ашиглан нэ­рээр нь ажилд орж, жолооны үнэмлэх авч, нийгмийн халамж болон эрүүл мэн­дийн үйлчил­гээнд хам­рагдан бүр банкнаас ч зээл авч болдог ажээ. Америкчууд бол энэ ду­гаа­раа хүнд зарах бүү хэл маш нарийн нууцалдаг гэх юм билээ. Мөн энэ дугаарыг хууль бусаар хэрэглэж байгаа хүмүүст ч хатуу шийтгэл ногдуул­даг аж. Торгохоос гадна муж ул­суудын хуулиасаа шалт­гаалаад 5-10 жи­лийн хорих ял сонсгодог гэсэн. Хариуцлагагүй компаниу­дын гайгаар АНУ-д хаягдсан хүүхдүүд хөлөө олохгүй байгаатай зэрэг­цээд тэдэндээ таар­сан бизнес ч  өргөжиж байгаа юм билээ. Нийгмийн даатгалын нь дугаарыг нь худалдаж авъя, мөн визийг чинь өөрчлөөд өгье гээд дор бүртээ үнэ ханш тогтоож байгаа су­рагтай. Гэвч энэ хөтөл­бөрийн хүрээнд ажилла­хаар явсан хүүх­дүүдийн хувьд визний ангиллыг нь өөрчилж, тэнд суралца­хаар юм уу, ажиллахаар болгож болохгүй гэдгийг мэдмээр байгаа юм. Хүүхдүүд яа­хав, хэн нэгний хэлсний зоргоор итгэж байж хэдэн доллараа өгөөд явуулна, харин өнөөх хүмүүс нь хэдэн сарын дараа бол­сонгүй гэх юм бол хууль ёсны хугацаа нь ч дуус­сан байж таарч, визийн зөрчилтэй харлагч болж таарна. Эдгээр хөтөлбө­рөөр явсан залуусын хувьд ажиллах хугацааг нь зааж, үүнээсээ гуч хоногийн хугацаанд АНУ-д үлдэж аялах боломж олгож байгаа нь ажил­лаад, аялах гэсэн тэр хөтөлбөрийнх нь утгыг илэрхийлж байгаа хэрэг. Заасан хугацаа­наас хэтрүүлж ажиллаж болохгүй бөгөөд энэ то­хиолдолд SEVIS-ийн мэ­дээллийн санд бүртгэг­дэж визний заалтыг зөрч­сө­нөөр виз нь шууд хүчин­гүй болох юм билээ. Мөн J-1 буюу солилцооны аялагч ангиллын визийг "Summer Work and travel" хөтөлбөрийн хү­рээнд авсан хүүхдүүд тэндээ үлдэж суралцах боломж­гүй. Гэвч зарим хүүхдүүд сүүлийн үед тэн­дээ үлдэж суралцана, ажиллана гэж ярих бол­сон нь хуулийн хүрээнд ямар ч боломжгүй хэрэг. Визийн ангиллыг солих боломж байдаг ч яг зун­даа ажиллаж аялахаар ирсэн оюутнуудын хувьд тийм боломж байдаггүй юм билээ. Тиймээс мөн­гийг нь аваад визний ангилал сольж өгнө гэсэн бизнес хийгчид олон хүүхдийн амьдралыг үрэх болно. Түүнч­лэн Монголд суралцаж буй сургуулиа хаяад тэнд харлан үлдвэл өөрийн­хөө ирээдүйд маш том гай тарьж бай­гаа хэрэг болно. Дахин АНУ-д хөл тавина гэдэг мөрөөдөл төдий зүйл болж таарна.

Манай нэр бүхий гурван компанийн гэрээ­гээр албан бус тоогоор 1200 орчим хүүхэд АНУ-г зорьсон би­лээ. Тэдний дунд хэлний мэдлэгтэй, гэрээ­нийхээ дагуу ажлаа олж чадсан гээд болом­жийн байгаа цөөн хүүх­дүүд бий. Гэх­дээ уг хө­төлбөрийн мөн чанараа гүйцэд ойлгоо­гүйгээс, хариуцсан ком­панийн хариуцлагагүй­гээс олон хүүхэд хөтүүхэн хэдэн сарыг туулж байгаа нь үнэн. Нөхцөл байдал төлөвлөснөөс нь өөрөөр эргэснээс болж цааш­дын­хаа амьдралд том толбо суулгахгүй байхыг анхаарах нь зүй. Энэ удаад жаахан хэцүүхэн зуныг өнгөрүүлээл биз. Харин цаашдын олон арван зуныг харлуулах алхмыг бүү хийгээсэй. Үүнийг нутагтаа байгаа эцэг, эхчүүд нь ухаж, хүүх­дүүддээ нарийн ширий­нийг нь ойлгуулан хэлээ­сэй билээ.

Э.ЭНЭРЭЛ

Онцлох нийтлэлүүд