АЙРАГ СУМАНД АХИЖ ОЧООД ОЛСОН СОНИН ХАЧНААС


"ХУВЦСААР НЬ УГТАЖ УХААНААР НЬ ҮДДЭГ"-ИЙН УЧИР
Дорноговь аймгийн Айраг суманд жонш олборлодог нинжа
нар олон байдаг учир
архидалт, гэмт хэрэг,
амь насаа алдахаас
эхлээд бусад алт ухагчдын
адилаар ухаж олсон
жоншоороо арилжаа солилцоо хийдэг тухай
сурвалжлахаар тийшээ томилолт
өвөртлөн зүглэсэн юм.
Эхлээд ерөнхий байдлыг
мэдэх гэж сумын Засаг
даргын Тамгын газарт очлоо.
Даргын өрөөний үүдэнд суугаа
эмэгтэйд зорьж ирсэн учраа
хэлж үнэмлэхээ үзүүлсэн биш чамгүй доромжлуулаад авсныг эс
тооцвол ажил гайгүй эхэлсэн
гэхэд болно. Тэр
эмэгтэйг Дэлгэрнаран гэх
бөгөөд "Тогтвортой амьжиргаа
төсөл"-ийн ажилтан гэнэ.
Тэр төслөөс сумын иргэд
бүгд л хэд гурван
төгрөгийн зээл авах
гэж хөлд нь суун
царайчилсаар байгаад муу
зан сургачихсан
тухай хэд хэдэн хүнээс
сонсов. Аймгаас шууд томилогдож
ирсэн "том дарга" болохоор
сумандаа л "нэгдүгээр
хүн" хэмээн томордог
тухай Засаг дарга
ч хэлээд авч
байна лээ. Хувийнхаа
мөнгийг өгөх гэж байгаа юм шиг
л авирладаг бололтой.
Дээр үед орос дэлгүүрийн үүдний жижүүр хийдэг авгай
нар нэг иймэрхүү байдагсан.
Бас болоогүй энэ хатагтайгаас
(уг нь төслийн мөнгөнөөс шүү дээ)
зээл авахын тулд
авсан зээлийнхээ тодорхой
хувийг эсвэл тийм
хэмжээний бэлэг өгөх энүүхэнд
гэх яриа ч дуулдсан.
Сонин хэвлэлийнхэн дандаа худлаа
бичдэг гэхчлэн томроод
цагдаа дуудаж баривчлуулах ч
юм болоод утсаа шүүрсэн
гээч. Хаа газарт нэг
иймэрхүү нөхөд төслийн
мөнгөнөөс илүүчлэн хөлжөөд,
төрийн албаны нэр хүндийг
унагаагаад явж л байдаг
шүү дээ. Тэдний л
нийтлэг дүр зураг энэ
хатагтай болов уу гээд
орхив.
ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГААГ НЬ ӨӨГШҮҮЛЭЛТЭЙ БИШ
Сумын Засаг дарга Л.Баяр энэ үгийг
хэлсэн юм. Дарга өөрийнхөө хийсэн болон хийхээр
төлөвлөсөн ажлаа түлхүү ярьж
байна. Буруу нь юу
байхав. Бас ч гэж
хийсэн ажилтай, хэлэх
үгтэй байгаадаа сэтгэл
өег харагдана. Өнгөрсөн
дөрвөн сард хүн амины
хэрэг гарч улс орон
даяар шуугиулаад авсан
болохоор аль аль талаасаа
хичээсэн нь ийм үр
дүнд хүрсэн буй за.
Жоншны хэд хэдэн уурхай
ажилладаг. Ихэнх нь нинжа
нарын ухдаг бичил уурхайнууд гэнэ. Тэднээс
татвар авах гэхээр
"хулгайчаас хулгай хийснийг нь
өөгшүүлэн авлига авах гэж
байгаа мэт санагдаад юу
ч авдаггүй"
хэмээн онцлоод харин албан
ёсны зөвшөөрөл лиценз
авсан дөрвөн ч уурхай
ажилладаг боловч тэднээс
улсад төлөх ёстой татвар
хураамжийг авдаг ч аймаг
бүгдийг нь татаад авчихдаг учир суманд
ямар ч ашиггүйг хэлсэн.
Жоншноос гадна нүүрсний
нөөцтэй. Саяхнаас "Цагаан шонхор" компанийнхан олдворлоод
эхэлсэн байгаа. Бас
үзмэн мана их байдаг.
Нэг компани мана олзворлодог. Ихэвчлэн
өмнөд хөрш рүү гаргадаг юм байна
лээ. Бэлэг дурсгал, гоёл
чимэглэлд л ашигладаг
гэж дуулсан. Өчигдөрхөн (2010.10.05) Швейцарийн хөгжлийн агентлагийн
шинжээчид ирсэн. Мана
болон жоншны сорьц
үзэх юм гэсэн.
Тэгээд төсөл хэрэгжүүлэх
эсэхээ шийдэх байх гэхчлэн тайлбарлаад
хамгийн гол нь манай газар нутаг
сэндийчигдээд дууслаа.
Нөхөн сэргээлт хийдэг газар гэж
алга. Өмнө нь "Монросцветмет"-ийн
ухаад хаясан газар
тэр чигтээ овоолсон
шороо нүх суваг
болоод үлдсэн. Энэ талаар
анхаардаг газар гэж
алга. Хэд хэдэн удаа
БОАЖЯ-нд дээр очсон.
Компьютер тоглосон залуучууд л байх
юм билээ. Хаа юу
болж байгааг мэддэггүй гэхчлэн шүүмжилсэн үгс дайлаа.
ХАМГААЛЖ ЧАДАЛГҮЙ ОРХИГДСОН ҮЗЭСГЭЛЭНТ АГУЙ
Жонш хамгийн ихтэйд тооцогддог Цагаан дэл
гэж газарт очлоо. Сумын
төвөөс гучаад км зайтай,
алсаас харахад яг л
морины дэл мэт арзгар
цагаан чулуу даваа гүвээний оройгоор сэрвийж
харагдах нь ийн нэрлэх
болгосон байж таарна. Энд
тэндгүй овоолсон шороо, ухсан нүх,
нинжа нарын гэр овоохой,
газар ухаж, гүнээс жонш
татан гаргаж буй залуус,
чулуу ачсан машинууд.
Эхлээд хүн амины
хэрэг гарсан "Эжүмэн" компанийн уурхайд
очлоо. "Сор" хамгаалалтын хоёр
залууд ирсэн учраа хэлээд
агуйн аман дээр очлоо.
"Алтан өргөө" кинон дээр
гардаг тэр том агуй
л даа. Амсар
хэсэг нь хорь гаруй
метр диаметр гэж байна.
Гүн нь хаа хүрдгийг
сайн мэдэхгүй. Хэн
ч нэвт явж
үзээгүй. Нутгийн иргэдийн
яриагаар бол 200 км орчим ч
гэх нь бий гэсэн.
Мөн гурван ч тийшээ
салаалдаг. Нэг суваг нь
Чойрын хойд талын том
уулын тэнд хүрдэг. Өөр
нэг нь бүр Дундговь
аймгийн нутаг дахь
нэг хавцалтай залгадаг
гэх бөгөөд дотроо
тув тунгалаг цэвэр ус бүхий
горхитой. Зуны халуунд мах
сүү хийгээд орхиход
огт мууддаггүй байгалийн
хөргөгч болдог аж. Кинон дээр "Цагааны
Цэгмэд" гуайн гурван хүү
мэргэн ардтай хамт ордог
доо. Мөс чулуу гялтганан
эрдэнийн унжлага мэт
цохихоор хөгжим адил уянгалаг
дуу гардаг тухай санаж
байгаа биз. Одоо бүгд
устсан гэхэд болно. Нутгийн
хэсэг нинжа агуй
дотор дэлбэлэлт хийгээд жонш
олзворлож эхэлсэн юм
гэсэн. Дараа нь "Эжүмэн"
компани эзэмшихээр лиценз
авсан учир өөр
хүн ойртохоо больсон.
Компанийнхан сумын захиргаатай
хийсэн гэрээнийхээ дагуу хамгаалалтад авна
гэсэн боловч төмөр хашаа
тойруулан барьж агуйн
амсарт хүрэх шат
барьснаас өөрийг хийгээгүй.
Харин ч агуй
дотроос агууламж өндөртэй бэлэн
жонш олзворлодог
байсан гэсэн. Агуй
руу орж үзэх санаа
байсан ч хамгаалалтын
залуус чулуу нурна
шүү хэмээн айлгасан учир
зүрхэлсэнгүй. Жонш ухагчдын
хэлснээр бол энэ олон
ухсан нүхэн дор хүмүүсийн
цогцос ч байгаа
гэх. Сүүлийн тав зургаан жилийн дотор
мэдэгдэж байгаагаар
14 хүн шороонд даруулж
амь алдсан тухай Засаг
дарга хэлж байсан. Нинжа
нарын ухсан ихэнх
нүх сайндаа л
нэг метр орчим диаметртэй.
Хамгийн бага
нь 20-иод метр, цаашлаад 60 метр гүн
ч бий аж.
Чулуу шидэж үзэхэд нэлээд удаж байж
тээр дор тор хийх
чимээ сонсогдож байна лээ. Харанхуй
бүрэнхийд бол
хүн мал, хүүхэд
шуухад унавал олдох найдваргүй
л санагдсан.
Тэр гүнзгий харанхуй
нүх рүү олсоор дүүжлэгдэн
ороод гар чийдэнгийн гэрэлд
жоншоо ухаж, хувингаар
дээш нь гаргадаг. Ингээд
нэг тонныг нь газар
дээрээс нь бол
25-30 мянган төгрөгөөр дундын ченж гэх
машинтай хүмүүст өгнө. Тэд
сумын төвд хүргээд
бөөний ченжид 40-70 мянгаар,
тэд нь хил давуулан
100-150 мянгаар гэхчлэн сүлжээ
байдлаар худалдагддаг. Хятад
улсаас саяас сая 500 мянга
орчим төгрөгөөр оруулж
ирдэг бутлагч өрөмтэй бол
сардаа дунджаар 1-3 орчим
сая төгрөг олчихдог гэж
байсан. Энэ тухай
жич бичих учир товч
санааг дурдлаа.
НАРААГААС НАРААГ СУРАГЛААД ОЛООГҮЙ БУЦСАН ТУХАЙ
Дөрөвдүгээр
сарын 23-нд Жан гэгч
хятад эзний машин
хүн дайрч хөнөөх үед
түүний машин дотор орчуулагчаас
гадна Нараа гэх
эмэгтэй байсан тухай өмнө
нь бичиж байсан.
Тэр эмэгтэй Говьсүмбэр
аймгийн харьяат гэх ба
тэндээс үе, үе залуу
бүсгүйчүүд авчран хятадуудад
биеийг нь үнэлүүлдэг
байсан юм билээ. Нутгийнхан
төдийгүй Говьсүмбэрийн цагдаагийнхан
андахгүй мэдэж байсан
юм даг. Зургийг нь
үзүүлмэгч шууд л "Нөгөө
Нараа байна" хэмээн шууд
хэлж байснаас үзвэл чамгүй
цуутай нэгэн бололтой байсан.
Энэ тухай эргэн дурдсаны
учир нь бид тэр
хавиар биеэ үнэлдэг бүсгүйчүүд байвал олж
уулзах, бас Увс аймгаас
нийслэлд суралцах гэж ирээд, зардал мөнгөө олох
нэрээр Айраг суманд сураг
алдарсан нэг
охины тухай олж мэдэх
санаатай явсан юм.
Бичил уурхайнуудын дунд
нэг дэлгүүр байдгийг мэдээд
очлоо. Төмөр замын дэр
модоор барьсан дэлгүүр дотроо
хоёр тасалгаатай
юм. Ойр зуурын чихэр
жимс, ундаа, ус, лаазтай
загас, бэлэн гоймон гээд
юм юм л өрөөстэй. Залуувтар эмэгтэй
худалдаа хийгээд зогсож байна.
Жоншны үнэ ханш сонирхож
яваа гэж хэлээд, ийшээ
явах сургаар хүн захисан
юмаа гээд нөгөө охины
тухай сураглавал "Мэдэхгүй. Манай энэ
хавиар тийм биеэ
үнэлдэг хүүхнүүд огт
ирдэггүй шүү дээ" гэж
байна. Тэр охиныг Нараа
билүү Нарандулам ч
билүү гэдэг тухай хэлтэл
царай нь хувьсхийх
нь анзаарагдсан ч
бид лавласангүй. Архи олдох уу
гэсэн чинь олдоно
гэнэ. Үнэ нь сумын
төвийнхөөс бага зэрэг илүү
6000 төгрөг юм. Жонш хэрэгтэй
юм уу, яаж авах
юм гэж асууж байхыг
бодвол дамжуулан зардаг бололтой.
Тэндээсээ жонш ухдаг нэг
хүнтэй уулзлаа. Тэр эмэгтэйг Нарантунгаа
гэдэг юм байж. Жонш
ухагчдын эрх ашгийг хамгаалах
Төрийн бус байгууллага
байгуулсан. Албан ёсны эсэхийг
мэдэхгүй. Тэргүүн нь л
гэдэг юм байна лээ.
Манайхан жоншоор архи авнаа.
Өөр бэлэн мөнгөтэй
хүн байхгүй юм чинь.
Жонш гаргадаг нэг
хувин чулуу нэг шил
архи болдог байх
шүү. Одоо сургууль
цэцэрлэг цуглаад залуус буцсан.
Ихэнх айлууд нүүчихсэн болохоор хүн цөөрсөн
байгаа. Бүсгүйчүүд тогооч энэ тэрхэн
хийх нэрээр ирсэн л
байдаг. Одоо бол сумын
төв хавиар байдаг биз.
Харин энэ хятадуудын уурхайд
14-16 орчим насны хэсэг охид
бий. Маш нууцалдаг.
Гадагш нь гаргадаггүй. Эзэд
нь зоддог, хэлснээрээ хөдөлгөдөг. Алсаас
дурандвал хоолондоо орж
байх үед нь ажиглаж
болно гэхчлэн ярилаа. Хүн
ойртуулдаггүй. Ойр хавиар нь
явахаар "Сор" хамгаалалтынхан
тэр дороо гүйлдэж
ирээд бөөн юм болно
хэмээн сэрэмжлүүлэв.
Бид газар дээр нь
очиж тэдгээр бүсгүйчүүдтэй
уулзсан тухайгаа жич
бичнэ.
Ийнхүү бүрэнхий болтол тэр
хавиар явж цөөнгүй хүмүүстэй
уулзаад сум руу
буцлаа. Цагдаагийн тасгаар
орвол жижүүр ганцаараа сууж
байна. Энд ирээд хоёр
жил орчим болж байна.
Лав л хоёр хүн
уурхайн ослоор нас барсныг
мэднэ гэнэ. Хятад
нөхөр хүн дайрах үед
Чойрын Нараа гэж
эмэгтэй машинд нь байсан.
Тэр хүүхэн юу болсон
бэ. Бид Чойрын цагдаад
тэмдэглүүлсэн гэвэл "Цагаан
дэл"-д нэг дэлгүүр
байгаа биз дээ. Дэлгүүрийн эзэн
хүүхэн чинь тэр Нараа
шүү дээ" гэдэг байгаа.
Мөн таарваа Нараагаас
өөрөөс нь Нарааг сураглаад
ирсэн байгаа юм даа.
Олхонууд ШААБАР