Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ "The Hu" хамтлаг "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ Дараах ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна МҮСХ: Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна Эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олжээ Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ "The Hu" хамтлаг "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ Дараах ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна МҮСХ: Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна Эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олжээ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.03.16 02:03

Миний муу охин нурсан байшингийн буланд суугаад л уйлж байгаа даа…

Японд болж буй үйл явдлуудын тухай Сэн­дай хотоос  Монголын  сайтад Э.Онон хэмээх оюутан охин сэтгэг­дэл бичиж ирүүлснийг олон хүн уншсан байхТэрээр өнгөрсөн  даваа гаригт Монголдоо ир­жээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Сайн явж ирэв үү. Би чиний сайтад бичиж явуулсан зүйлийг ун­шаад эрэгтэй хүн гэж бодож байлаа. Гэтэл эмэгтэй хүн байж. Сэн­дайгаас хэдүүлээ ирэв?

-Сэндайгаас гурвуу­лаа ирсэн. Өчигдөр л ир­лээ. Миний бичсэн зүй­лийн талаар сониндоо бичсэн таны материалыг  онгоцоор ирж байхдаа уншсан.

-Японд аль сур­гуульд сурдаг юм бэ?

-Тококүгийн их сур­гуульд эдийн засгийн чиг­лэ­лээр Япон улсын Засгийн газрын тэтгэл­гээр суралцдаг. Одоо хоёр­дугаар курст сурч байна.

-Нэгэнт халуун цэгээс ирсэн хүнтэй уулзаж байгаа болохоор  тэнд болж буй үйл явдлын талаар л юуны түрүүнд сонирхмоор бай­на?

-Монголчуудтайгаа хорго­дох байранд байлаа. Жар орчим монгол хүн тэнд бай­сан. Тог нь тасарсан  учраас Сэндайд  бүх юм нь зогссон  Их хүйтэн байгаа, халаалт ч ажиллахгүй бол­сон. Хоол хүнс нөөцлөөгүй байсан уч­раас тэр өдрөө аргацаагаад маргаашаас нь өглөө үүрээр дугаарлаж байж ус талх олж авсан даа. Япон­чууд ч гэсэн үүрээр  очоод дугаарлаад зогсчихсон байна лээ. Их  урт дараалал  үүссэн байсан. Тэгээд савтай цэвэр ус, талх  олж авсан. Сэндайд гаднаас хүн оруулахгүй, гадагшаа хүн гаргахгүй хөл хорио тогтоо­чих­сон байв. 

-Чиний бичсэн зүйл дээр яарч сандраад бичиг барим­таа аваад гарсан гэж бай­сан. Буцаад байр руугаа очсон уу?

-Очсон. Их газар хөдлөл­тийн үеэр визнийхээ сунгал­тыг хөөцөлдөж явж таарсан.  Тэгээд байдал ийм болсныг сонсоод гэртээ орж дулаан  хувцсаа өмсөөд, бичиг барим­таа аваад  явсан. Маргааш нь  гэртээ буцаж очоод тэр зүй­лийг бичиж Монгол руу ил­гээсэн. Эхлээд хэрэгтэй мэ­дээллээ олохын тулд Япон дахь Монголын  Элчин рүүгээ холбогдох гэхээр Монголоос  эцэг,  эхчүүд маань бидэн рүү байн байн утсаар  ярьж утас­ны цэнэг дуусгаж байсан. Тоггүй учраас утасныхаа цэ­нэ­гийг хайрлахгүй бол болох­гүй байлаа. Хоргодох байрны эргэн тойронд тог байхгүй байтал маргааш нь хотын төвд зарим газар тог ирсэн  учраас  амьдарч байсан бай­ранд минь интернэт ажиллаж байлаа. Би оюутны байранд биш орон сууцны байр хөл­сөлж  амьдардаг байсан. Тэ­гээд л сайтад тэр зүйлийг бичиж үлдээхээр шийдсэн. Юм бичээд сууж байхад  да­хин нэг цунами үүсч магадгүй гэж зарласан. Тэр үед их хо­лоос алхаж ирсэн болохоор гар бээрээд хаалгаа онгойл­гож чадаагүй. Нэг давхарт үл хөдлөх хөрөнгийн газар бай­даг. Тийшээ  орж цай уугаад дулаацаж гэртээ орсон.  Мон­гол руу бичиж байхдаа байр­ны цонхоор буух,  олсоо ха­жуу­даа ойрхон байлгаж та­виад дахин газар хөдөлбөл   олсоороо цонхоор бууна гэж бодож байлаа.

 -Хэдэн давхраас вэ?

-Манайх гурван давхарт байдаг.

-Байрандаа  дахиж очи­ход зүгээр байсан уу?

-Байшин маань зүгээр. Өрөөн доторх эд зүйл л газар хөдлөлтөөс болоод л ундуй сундуй, эмх замбараагүй бол­сон байсан.

-Тийм хэцүү үед юм би­чье гэж  яагаад бодоо вэ?

-Тухайн үедээ юмыг яаж мэдэхэв. Үхчихвэл тэрнээс өмнө энэ тухай бичсэн нь дээр гэж бодсон юм. Байр руугаа ирэх замдаа бичих зүйлээ бодчихсон байсан болохоор бичихэд төвөггүй байсан. Ха­рин компьютерийн товчин дээр хуруугаараа тогшиж суу­хад гар чичрээд л байсан  даа.

-Энэ үйл явдал эхлэх тэр мөчид  ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Одоо юу хийхэв,  дараа нь яахав гээд л ар араасаа тол­гойд янз бүрийн бодлууд  орж ирсэн.  Хүн бүр өөр болохоор зарим хүн ингээд үхдэг юм байна гэж ярьж суух нь ч сонсогдож байлаа. Эхний өдөр хоргодох байранд очих ёстойг би мэдээгүй байсан. Ойр хавьд өндөр байшингүй болохоор цэцэрлэгт хүрээ­лэнд хүмүүс их цугларсан байсан. Би нэг тэмээний ноо­сон хөнжил, нэг дэртэй  аваад тэр хүмүүс рүү очиж хонохоор гарлаа. Тэгэхдээ хөлдчих байх гэж их айсан. Гадаа хасах градустай. Дараа нь хоргодох байр луу явсан даа.   Тэр  шөнө  би монголчуудтай биш япон­чуудтай  хамт хоргодох бай­ранд байсан. Сүүлд монгол­чуудтайгаа нийлсэн. Нэг  шөнө бид нар гадаа хоносон юм. Учир нь  биднийг нисдэг тэр­гээр авна гэсэн буруу  мэдээ­лэл тарсан байсан юм.  Тэгээд мод цуглуулж байгаа газраа мэдэг­дэхийн тулд гал гаргая гэж ярьцгаасан байсан. Гэтэл  энэ нь худлаа болж таарав. 

-Япончууд энэ бүхнийг яаж хүлээж авч байна?

-Ямар ч байсан айж сан­дарч байгаа нь мэдэгдээгүй. Шоконд орсон байдалтай яахаа мэдэхгүй болсон бай­сан байх.

-Телевизээр аймшигтай зүйл болсон юм шиг хараг­даж байна лээ. Чамд ямар санагдсан бэ?

-Гамшгийн голомт болсон хот боловч би тэрийг нь олж хараагүй. Хүчтэй газар хөд­лөлтийн үеэр байшингийн цонх хагарч, ан цав гарсан байсан. Гэхдээ миний амь­дарч байсан байшин биш. Газар хөдлөлтөөс болж бай­шин нурах нь бараг үгүй юм билээ. Яаж тэгж барьдаг юм мэдэхгүй. Байшин нурж сүйд­сэн нь цунамигаас болсон болохоос газар хөдлөлтөөс шууд болоогүй.   Манай сур­гууль олон факультеттэй. Ми­ний сурч байсан эдийн зас­гийн факультетын лабора­торийн хэсэг нурсан гэж сонс­сон.

-Тэнд ямар ч газар ажил­лахгүй байгаа юу?

-Тог ирсэн гэж сонссон. Одоо ажиллаж байгаа байх. Сургуулийн хувьд амралтын үе таарсан байлаа. 

-Монгол руу яаж ирэв ээ?

-Интернэтээр  Сэндайгаас Ямагата руу автобус явж бай­на гэсэн мэйл ирсэн. Тэр цагийн хуваарийг нь аваад монголчууд руугаа очсон. Энэ тухай дуулгатал манайхан  бужигначихсан. "Автобус ирэ­хээр суугаад явъя" гэсэн чинь хүмүүсийн санал зөрөлдсөн. Зарим нь Ямагатад очихоор ямар байдал угтахав, тавь жаруулаа очлоо гэхэд хонох газар хоол хүнс олдох уу, хурдны замаар  давхиж байх замд ямар нэгэн осол гэмтэл учирвал яана гээд байсан. Мөн цацраг идэвхт бодис тархсан гэдэг мэдээлэл сонс­сон байсан тул тэр тархсан газар нь хаана вэ гэх мэтээр ярьж эргэлзэх нь эргэлзэж эхэлсэн.  Мэдээлэл авна гээд  элчин­гийнхэнтэй холбогдтол  тодор­хой мэдэхгүй байна гэ­лээ. Элчингийнхэн  байдгаа­раа хичээж байсан ч яахыгаа мэ­дэхгүй эхэндээ их л санд­ралдсан юм шиг байна лээ. Тэгээд цагдаа дээр очъё гэсэн. Гэтэл цагдаа нар нь ч мэдээ­лэлгүй сууж байсан юм. Энэ бүхнээс болоод тэнд байсан монголчууд явахгүй байхаар шийдсэн.  "Ямар ч байсан би аргалаад явлаа" гэж тэдэнд хэлж тэнд байсан гэр бүлийн хоёр хүнтэй Ямагата орохоор болсон.  Тэд маань ч азаар машинтай хүмүүс. Хэд дам­жиж байж нэг Токиод ирээд Элчин дээрээ очиж уулзан өргөдөл бичиж, бичиг хийлгэж аваад Монгол руу нисэх билет авч  Наритагийн онгоцны буу­дал дээр ирэхэд  наашаа ирэх онгоцонд суух хүмүүс битүү дугаарлачихсан байв.

Урдуур нь оруулах гэж манай нисэхийн төлөөлөгч залуу хэлэхэд япончууд үүнийг зөвшөөрөхгүй байсан. Сүүлд нь би уйлаад. Гаднаас хара­хад бэртэж гэмтээгүй юм шиг бо­ловч дотроо ямар хэцүү бай­гаагаа хэлсэн юм. Тэгээд сүүл­дээ биднийг онгоцонд оруулж Монголдоо ирсэн нь энэ.

-Хүмүүс наашаа ирэх дур­гүй байна гэж сонссон юм байна?

-Бүс бүсэд өөр, өөр байгаа. Бидний байдаг газрын  ойрол­цоо аймгууд гамшгийн бай­дал­тай байгаа. Өөр хотуудад байгаа хүмүүс биднийг дэгс­дүүлээд байна гэж бодсон юм шиг байна лээ.

-Энэ бүхэн хэвийн бай­далдаа орохоор сургууль руугаа буцах уу?  

-Миний хамгийн гол санаа зовж байгаа зүйл бол эргэж яаж явах вэ гэж бодож байна. Виз маань дөрөвдүгээр са­рын нэгэнд дуусна.  Би тэтгэл­гээр сурдаг Японы Засгийн газрын тэтгэлэгтэй болохоор тэнд албан ёсоор хэлэлгүй ирсэн нь ямар байдалд хүргэх бол гэхээс эмээж байна.

-Монголын Засгийн газар энэ талаар анхаарах байл­гүй дээ..

-Зарим хүүхдүүд маань хойноос ирэх байх. Тэдэн­тэйгээ ярьж байгаад Боловс­ролын яаманд хандана даа.

-Бид ч гэсэн энэ талаар зохих байгууллагаас нь лав­лаж асууя..

-Тэгвэл сайн л байна. Су­руулиасаа хасагдчих вий гэж хүүхдүүд санаа зовж байгаа. Би ч гэсэн.  Дахин виз авах гэж их олон бичиг баримт бүр­дүүлдэг. Уг нь тэндээ визээ сунгуулахаар хөөцөлдөж бай­тал ийм юм болчихлоо. 

-Монголдоо буухад уйлав уу?

-Уйлсан. Уйлсан гэхэд ч хаашаа юм. Нулимс ч гарахаа больчихсон байсан даа.  Хам­гийн гол нь энд байгаа ар гэрийнхэн илүү санаа зовж бай­сан юм билээ. Манай өвөө, эмээ хүртэл "Миний муу охин нэг нурсан байшингийн буланд л уйлаад сууж байгаа байх" гэж ярьж суусан байна лээ.

Онцлох нийтлэлүүд