Өдрийн сонин үнэнийг хэлнэ
БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.03.21 10:03

Өсгөсөн үнэд өширхсөн сайд

Байгаль орчин, аялал жуулчла­лын сайд Л.Гансүх телевиз хэвлэ­лээс салахаа болилоо. Сайндаа ч биш л дээ. Сэтгүүлч А.Баатархуяг, түүний эхнэр сэтгүүлч Г.Уянга нар Л.Гансүх сайдыг сая долларын үнэтэй хаусанд амьдардаг гэж  бичсэнээс  бүх зүйл эхэлжээ. Хоёр сэтгүүлч үнийг нь жаахан их хэл­чихсэн байж болох юм. Түүнээс биш сайд хаустай нь бол үнэн юм билээ. Хэрэв сэтгүүлч ганц өрөө байрыг тань хаус гэж бичсэн бол бас яая гэхэв. Сайнаар бодвол  сайдын өөрийнх нь хэлснээр  хямд­хан авсан гээд байгаа хаусыг гэр бүлийн хоёр сэтгүүлч харин ч үнэд хүргэж орхиж. Тэрний төлөө л  миний хаусны үнийг нэмж хэллээ гээд  бухимдаж, бачуураад  хэвлэ­лээс салахгүй байгаа нь тэр.

Өмссөн костюм нь арай хямд байхад алдартай брэндийн хувцас өмсч, гоё харагдаж байна гээд биччихсэн бол  дотроо жинхэнэ үнийг нь мэдэж байгаа ч инээд нь хүрээд л өнгөрөх байсан биз. Гэтэл хаусыг нь үнэд хүргэж бичлээ гээд уурлаж бухимдаад "165 саяар л авсан ш дээ" гээд сэтгүүлчийг  шорон оронд оруулахдаа тулах гээд байгаа нь  хачирхалтай. Өөрийнх нь мэдэгдсэнээр 120 саяыг бэлнээр төлөөд үлдсэн мөн­гөнд нь гурван ч вэб сайтыг нэг бүрийг нь 15 саяар бодож хаусны анхны эзэнд өгч төлбөрөө дуусга­сан  гэх. Л.Гансүх сайд яахаараа ч төдийлөн олны дунд танил бус сайтын эрхийг бүр гурваар нь авчихаад нэг томоохон компанийн дэд захиралд байрны үлдэгдэлд тийм өндөр үнээр шахсан байдаг  юм. Түүнийх шиг хаус    зах зээлийн ханшаар 100 гаруй сая байх уу, үгүй юу гэдэг бас эргэлзээтэй. Уг нь сайдын хүргэн нь л хадмыгаа сая долларын хаустай гээд хэлчихсэн юм билээ. Тэр хоёрыг шүүх, цаг­даад өгөхөөсөө өмнө хүргэн хүү­тэй­гээ нэг сайн тооцоо бодох байж дээ. Ер нь тэгээд одоо хэдэн  өрөө байр хэд болчихсон байгаа билээ. Гэтэл хаус яагаад Л.Гансүх сайдад харьцангуй хямдхан ирдэг юм.  Цагтаа Л.Гансүх сайд энэ хоёр сэтгүүлчтэй нэг дор ажиллаж, хамт­ран зүтгэж явсан. Одоо болохоор амьдардаг байшингийнх нь хан­шийг өсгөж хэллээ гээд цагдаа шүүх болоод байдаг. 

Тэгээд дөнгөж төрөөд хоёрхон  сар болж буй сэтгүүлч эмэгтэйг авч явах гэж гэрт нь орж ирчихээд гарахгүй зогсоод байдаг цагдаа­гийн­хан ч бас хэцүү еэ. 1937 онд л эхийнх нь хөхний сүүг асгаруулан нялх үрээс нь салгаад явч явдаг байсан тухай түүхээс мэдэх юм. Одоо чинь хүн болоод мэндэлсэн  байтугай эхийнхээ хэвлийд өсч бойжиж буйнх нь эрхийг бодоод гэмт хэрэг хийсэн эхийнх нь ялыг хойшлуулдаг болсон цаг. Гэтэл Л.Гансүх сайд хоёр сэтгүүлчийг уучлал гуйвал санаа нь амарна,  үгүй бол шилий нь харна гээд гэдийчихлээ. Хүнийхээ хувьд муу­хай л юм.

Иргэний хөдөлгөөнүүд нэгдээд мэдэгдэл хийж байна лээ. Ноён Л.Гансүхийг Монголын олон ний­тийн телевизээр захиалгат нэвт­рүүлэг хийсэн гэж. Монголын үн­дэс­ний олон нийтийн  телевизийн­хэн болохоор бид өөрсдөө ийм нэвтрүүлэг хийсэн,  захиалгагүй энэ тэр гээд байна лээ. Яалт ч үгүй сэтгүүлчийн талд биш, Л.Гансү­хийн талд л зогсоод байгааг нь хэн ч хараад ойлгохоор байлаа.

Сэтгүүлчид хардах эрх байдаг гэдгийг нөхөр Л.Гансүх яагаад тооцоолохгүй байгаа юм бол. Сайд ойлгож чадахгүй бол мэргэжил нэгтэй Олон нийтийн телеви­зийн­хэн  яагаад үүнийг ойлгодоггүй гэж. Олон нийтийн телевизийнхэн бид­нээс ялгаатай нь татварын мөнгөөр цалинждаг. Тийм атал ингэж олон нийтдээ биш эрх баригчид, сайд дарга нарт үйлчлэх нь юуны учир вэ.

Олны нүдэнд ил хардуулахаа, шаардуулахаа, шүүмжлүүлэхээ мэдэж л өндөр албан тушаалд очсон юм байгаа биз дээ. Түүнээс биш өөрийнхөө нэр төрийн төлөө бусдын амьдралыг сүйрүүлэх дээ­рээ тултлаа өс зангидах нь юу билээ. Утсан чинээ улаан амь минь л болж байвал бусдын амьдрал хамаагүй хэрэг үү. Шүүмжлүүлж чадахгүй юм бол сайд болох хэрэг юу байна. Ер нь тэр хаусных нь үнийг бодуулж, олсон орлоготой нь харьцуулж үзвэл зөрүү гарах ма­гадлал өндөр. Даанч сайд үүнийг аргалж дөнгөнө л дөө. Л.Гансүхэд хувь хүний эрх гэж байдаг байх. А.Баатархуяг, Г.Уянга нарт бас бий. Бүр сайдаас илүү эрх  бий. Яагаад гэвэл сэтгүүлчид өөрсдөөсөө гадна нийгмийн төлөө, олон нийтийн төлөө дуугардаг. Сэтгүүлч тэднийг  юу хийгээд,  хэнтэй хаагуур, яагаад байгааг олон нийтэд мэдээлж байх ёстой. Тэд татварын мөнгөөр сайд тансаг хаусанд амьдарч байна уу, үгүй юу гэж хардах эрхтэй. Тэр хаус нь сая доллар байж магадгүй гэж бодох эрхтэй, бичих ч эрх бий. Сэтгүүлчийнхээ төдийгүй олон нийтийн өмнөөс шүү. Тийм атал  ард түмний татвараар боссон телевиз яахаараа нэг сайдыг өмөөрч иргэдээ тэр тусмаа адил­хан  мэргэжилтэй сэтгүүлчээ зүхээд шоронд явуулах гээд  нэвтрүүлэг хийдэг байна. Тиймээс сайдад сөгдөж үйлчилдэг Монголын үндэс­ний олон нийтийн телевизийн   удирдлага олон нийтэд бус ганц сайдад үйлчилснийхээ төлөө ха­риуцлага хүлээх хэрэг гарах  байх. 

Мөн саяхан 60 жилийнхээ ойг сүр дуулиантай тэмдэглэсэн Мон­голын хэвлэлийн байгууллага яагаад өнөө хүртэл сэтгүүлчдээ өмөөрч дуугардаггүй юм бэ. Өч­нөөн сэтгүүлч үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээрээ эрх баригчдад иймэрхүү маягаар дээрэлхүүлж байна. Ой тэмдэглэхээс илүү сэт­гүүлчийнхээ төлөө дуугарвал ард түмэн та бүхнийг ажил хийлээ гэж харах бус уу. Үгүй бол сэтгүүл­чээ өмөөрдөг, дуугардаг удирд­лагатай болмоор юм.

Л.Гансүх сайд ч гэсэн дээ, ичих нүүртэй баймаар даа. Тэр тусмаа Ардчилсан намын гаралтай сайд ингэж дөвчигнөдөг  нь ардчилал ер нь хэцүүдээд байгааг илэрхийлээд байна. МАН-тай нэг хөнжилд ороод АН хачин байгаа юм байна. Үнэ­хээр МАНАН дунд төөрөөд манан­гаасаа гарч чадахгүй яваа юм байна. Угаас эрхэм сайдын харьяа­лагддаг "Алтан гадас" фракц  МАНАН дундаа төөрч. Үүнийгээ ард түмнийг төөрүүлчихлээ гэж эндүүрдэг бололтой юм. Сүүлийн үед дэлхийгээр нэг гараад байгаа хувьсгал гээч нь нэг иймэрхүү юмнаас л болж ард түмний тэсвэр тэвчээрийг нь барснаас үүддэг юм шиг билээ. Тунист нэг нөхөр ажил олдохгүй байна гээд өөрийгөө шатаасан. Египетэд яалаа. Эх баригчид, дарга, доргынх нь эрх  хэтрээд, бусдын амыг дураараа хааж, боогоод байхаар тэсгэл алдан хувьсгалждаг юм байна.  Гэтэл ардчилсан Монголд, тэр тусмаа Ардчилсан намын гишүүн ингэж хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх рүү дураараа дайрч байгаа нь гутамшиг.   Энэ нь зөвхөн өөрийгөө төдийгүй МАНАН-гаа хамгаалах аргаа олж ядаж байгаа оролдлого шиг харагдаж байна.

Харин ч Г.Уянга, А.Баатархуяг хоёроос сайд өөрөө уучлалт гуй­вал яасан юм. Уучлалт гуйвал хоёр сэтгүүлчийг өршөөгөөд өргөдлөө татаж авах юм гэнэ лээ.  Тэд танаас уучлалт гуйх ямар хэрэг хийсэн юм. Сайд та хямд үнэтэй хаусны чинь ханшийг өсгөж өгсөнд баярлаад цаг завыг нь үрж, хувийн өмчид нь дураараа цагдаагаар халдуулж, өдөржин тэр  айлын амгалан  тайв­ныг алдагдуулсныхаа төлөө ууч­лал гуйх хэрэгтэй юм биш үү.

Онцлох нийтлэлүүд