Хамтдаа мөхөх гээгүй л юм бол АН дэр нэгтгэсэн эмгэнийхээ өврөөс гарах хэрэгтэй болжээ


Жижиг намуудын эвсэж, нэгдэх үйл явц эхэлчихлээ. Ганц нэгээрээ сонгуульд өрсөлдөөд гавихгүй нь гэдгээ ч мэдсэн байх. Хорин жилийн хугацаанд сонгууль бүрээр жижиг намуудын гялайх ганц нэгхэн лидер нь суудал л авч байлаа. УИХ-д сонгогдсон ч нэг их үүрэггүй, хичнээн зөв юм яриад олонхид дарлуулаад дуусдаг. Одоо тэд гуравдагч хүчний орон зайн тухай ярьж байгаа.
Төдийгөөс өдийг хүртэл Монголын төрд эрх баригч, сөрөг хүчин хоёр л явж ирлээ. Үгүй бол хамтарч засаг барьж үзлээ. Хөнжилдөө шургалсан ийм хувилбар зөв биш гэдэг нь харагдлаа. Угаасаа эрх баригч, сөрөг хүчин хоёр тэврэлдэх нь ардчилсан зарчимд нийцэхгүй.
Жижиг намууд сонгуульд өрсөлдөөд ганц нэг төлөөлөл УИХ-д гарч ирсэн ч ардчилалд биш эрх баригчдад аргаа бараад үйлчилдэг жишиг бий болчихоод байна. Түүнээс биш хэд гурваараа дуугараад ч тэр яриад байгаа гуравдагч хүчнийхээ хэргийг гүйцээж чадаж байсангүй. Үнэндээ ардчиллаар гарч ирсэн тэд Ардчилсан намын саналаас зулгааж ардчилалдаа гай авчирснаас гавьяа тарьж байгаагүй. Хоёр сая гаруйхан хүн амтай манайх шиг улсад ийм олон намаар ч яадаг юм билээ.
Өнгөрсөн хорин жилийн хугацаанд хоёр намаас өөр нам торойж тодорч гарч ирсэн удаа ч алга. Үүнийг мэдээд ч энэ удаа жижиг намуудын нэгдэл явагдаж байна. Гэхдээ тэдний нэгдэл МАН, АН хоёрыг ялж, тодорч гарна гэдэг бараг л худал зүйл. Харин Ардчилсан нам жижиг намуудын нэгдлийг ашигтайгаар эргүүлж тэдэнтэй эвсэж, нэгдэх замыг сонговол энэ сонгуульд ялах магадлал өндөрсөнө. Түүнээс биш хорин настай АН мөхөх гээгүй л юм бол ерэн настай МАН-ын өвөрт ийм удаан хэвтэх шаардлагагүй юм. АН-ыг Хамтарсан Засгийн газраас гарах хэрэгтэй тухай улс төрийн хүрээнд нэгэнт яригдаад эхэллээ.
Түүхийн тавцангаас арчигдах шахсан ерэн настай МАН энэ янзаараа удаан явбал АН цуг арчигдах дээрээ хүрнэ. Хамтдаа мөхөх гээгүй л юм бол АН дэр нэгтгэсэн ерэн настай эмгэнийхээ өврөөс гарах хэрэгтэй болжээ. Ингэхгүйн тулд АН жижиг гэх бүх намуудад найр тавьж байж л ялах магадлал нь өндөрсөнө. Сөрөг хүчингүй Монголын төрд жижиг гэх тэр намууд сөрөг хүчний үүргийг хагас дутуу гүйцээх гэж мэрийж байгаа. Иргэний зориг, Ногоон нам, ҮШН, бүр цаашлаад Н.Энхбаярыгаа ч эвсэлд дуудсан яадаг юм.
МАН-ын хувьд дотоодоо асуудлаа шийдэх гэж үйлээ үзэж одоо бүр салж үлдсэн хэдтэйгээ хэл үгээ олох гэж асуудалтай байна. Хоёр толгойтой мангас шиг л толгой бүр өөр, өөр юм ярьж маргаж мэтгээд ард түмнийг төөрөгдүүлж суугаа.
"Ардчилсан
нам ардчиллыг аварч үлдэхийн тулд бусад бүх сөрөг хүчинтэй нийлж энэ сонгуулиар ялалт авчирч байж МАН-ыг бүлгийн хэмжээнд хүргэхгүй унагаж байж л улс төрийн тавцангаас зайлуулна. Ингэж мөнхийн шахам эрх барьдаг коммунист, олигархиудаасаа сална. Тэдний ихэнх хугацаанд эрх барьсан энэ он жилүүдэд эрх Монгол Улс өөдөлсөнгүй" гэж хал үзсэн улстөрчид ярьж байна.
Хамаа алга, жижиг намуудтай боломжийн тохироо хийг л дээ. Хүсээд байвал 50 квотоо өөрсдөө авч үлдсэн 26-г нь бусад намдаа өгчихнө биз. Тэдэнд боломжийн квот өгчихвөл аль өнгөтэй өөдтэй лидерүүд нь гараад л ирнэ. Жижиг гэх намууд ч парламентад боломжийн суудалтай болохын тулд ийм алхам хийж АН-аас биш МАН-аас суудал булааж ардчилалд хувь нэмрээ оруулах юм. Уг нь жижиг гэх намууд АН-ыг бараадаж ирсэн жишиг байдаг. Одоо хэрэгжүүлэх л хэрэг байгаа юм. Тэдний том болох үндэс нь АН.
Түүнээс
биш иргэний хөдөлгөөнүүдийн
яриад байгаа элдвийн хувьсгал хийвэл олсон ардчиллаа шууд алдаж байгаа хэрэг болохоос
ардчиллыг аварч байгаа хэрэг биш. Төрийн
эрх барихын тулд Үндсэн хуулийн
хүрээнд шударга сонгуулиар
л ялалтыг олж авах хэрэгтэй юм.