Өдрийн сонин үнэнийг хэлнэ
БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.04.04 10:04

МИАТ-ийн захирал шаардлага тавьсан инженерүүдээ халж, оронд нь хятадуудыг авчирсан байна

МИАТ компани олон ул­сын нислэг цаашид хийх эсэх нь эргэлзээтэй бо­лоод байгаа аж. Олон улсын иргэний нисэхийн бай­гуул­лагаас ч манайд энэ та­лаар анхааруулж хугацаа өгсөн боловч асуудал  хүнд хэвээр, МИАТ-ийн үйл ажил­­лагаа арай зогсчихоо­гүй торгоож ажиллаж бай­гаа гэнэ. Компанийн асууд­лаа шийдэх гэж дээд удирд­лагууддаа хандаж санаа тавьж гүйсэн гурван ч хэлт­сийн дарга, инжене­рийг МИАТ-ийн захирал хал­чихаад байгаа юм байна.   Мөн техник, засварын хэлт­сийн бусад дарга, ин­женерүүд ч ажлаас гарах өргөдлөө өгөөд байгаа аж. Ингээд ямар шалтгаанаар  халагдсан  талаар нь  МИАТ-ийн  Аюулгүй ажилла­гаа, чанар, нисэхийн аюул­гүй байдлын албаны техни­кийн хяналтын хэсгийн ахлах байцаагч-инженер Б.Баяр, Инженерийн хэлт­сийн дарга Ц.Амгаабазар, Техникийн хангамжийн хэлт­сийн дарга Ж.Чулуун­жав нартай  уулзлаа.

-МИАТ-т юу болоод бай­гаа юм бэ. Ямар учраас та гурав ажлаасаа халагдах болов?

Ж.Ч: -Бид Иргэний нисэ­хийн хууль дүрэм, олон улсын дүрэм, стандартын хүрээнд ажиллах шаардлагыг удирд­лагадаа удаа дараа тавьж байснаас болсон. Халах ту­шаал дээрээ харин компа­нийн нууц задруулсан, буруу бичиг цаас ашигласан гээд биччихсэн байгаа.

-Тэр шаардлага нь ямар утгатай байсан юм?

Б.Б:-Манай компанийн сүүлийн үеийн үйл ажиллагаа хууль дүрэм зөрчөөд байна. Агаарын хөлгийн засвар үйл­чилгээг хийхдээ стандарт дүр­мээр хийх ёстой. Манайд байгаа онгоцнууд гадаад улсад бүртгэлтэй  түрээсийн  онгоцнууд. Европын иргэний нисэхийн "EASA Part-145" гэдэг стандартаар явах ёстой бай­даг. Тэр стандартаар  ма­най засвар үйлчилгээний бай­гуул­лага маань гэрчил­гээж­сэн. Онгоцны засвар үйл­­чил­гээ нь бүгд ийм стан­дартаар явуулна гэсэн ам­лал­тыг Ев­ропын иргэний нисэхийн га­зарт Монголын "МИАТ" компа­ни өгдөг. Үйл ажиллагааны явцад ялангуяа удирдлагын зүгээс энэ стан­дартыг мөр­дөхдөө алдаа­нууд гаргаад байсан. Бид МИАТ-ийн удирд­лагад ал­даа­нуудаа засаач гэж өнгөр­сөн хавар, зунаас удаа дараа бичгээр болон амаар мэдэг­дэж уул­заж ярилцаж  байсан.

-Тэгээд тэр шаардлагыг чинь танай компанийн удирд­­лага хүлээж аваагүй юм уу?

Б.Б: -Европоос жилд нэг удаа  стандартаа барьж бай­на уу, үгүй юу гэж ирж шал­гадаг юм. Нэгдүгээр сард ирэхдээ "Засвар үйлчил­гээ­ний үйл ажиллагааг болж байна. Бага сага жижигхэн зөрүүнүүд байна. Үүнийгээ засаарай гэсэн. Мэргэжлийн хэлээр үл тохирол гэж хэлдэг юм. Заасан хугацаанд нь засаад тайлагнана  гэж бид хэлээд ажиллаад явж байсан. Хоёр жилд нэг удаа Европын "EASA" байгууллагын манай­хыг хариуцсан газраас "Та­найх манай олгосон эрхээр үргэлжлүүлээд ажилла"  гэдэг.  Нэг ёсондоо гэрээгээ сунгаад явдаг гэсэн үг. Миний бие  МИАТ компанийг төлөөлсөн  Чанарын менежер учраас  тэдэнтэй харьцдаг. Тэгээд  Европын холбооны Монго­лыг хариуцсан төлөөлөгчөөс "Та бүхний цаашид үргэлж­лүүлээд ажилла гэдэг зөв­лөмж хэзээ гарах гэж байна" гэж лавлахад сунгах процесс чинь зогсчихлоо гэсэн. Яагаад зогссон бэ гэтэл "Та­най Орхон захирал чинь  өн­гөрсөн оны долдугаар сард ирээд уулзаад явахдаа өн­гөр­сөн жилийн 4,5 дугаар  сард болсон үйл явдлын ту­хай тайлан ирүүлнэ гэж ам­лаад явсан. Тэрийгээ одоо болтол ирүүлээгүй байгаа учраас" гэж бичигт дурдсан байсан.

-Монголыг хариуцсан мэргэжилтэн нь хаана бай­даг юм бэ. Тэр тайлан гээд байгаад нь юу шаардсан юм бэ?

Б.Б: -"EASA"-ийн гишүүн улс Францын Иргэний нисэ­хийн удирдах газрынхан бай­даг. Яг "EASA" mөв нь Гер­манд байдаг юм. Тэр тайланд гур­ван зүйл шаардсан байна лээ. Өнгөрсөн жил манайхан  засвар үйлчилгээ хийж бай­гаад онгоцон дээр алдаа гаргаж онгоцныхоо далавчийг гэмтээсэн. Тэр гэмтээсэн асууд­­лыг яаж шинжилсэн юм. Шинжлэн шалгахдаа тэр "Part 145" стандартад заасан хү­ний хүчин зүйлийн нөлөөлөл бо­лон үл шийтгэх бодлогыг хэрхэн хэрэгжүүлсэн бэ.

Энэ бүхнийг багтаасан тай­лангаа гаргаж өгөөч гэсэн. Орхон дарга энэ талаар тайлан бичиж гарга гэж надад үүрэг өгөхөөр нь тайлангийн эхний хэсгийг  дол­дугаар сард гаргаад Орхон дар­гад өгсөн. Би өгөхдөө "Энэ бол миний хэрээс хэтэрсэн асуудал байна. Тэр онгоцны далавч гэмт­сэн асуудлаас чинь болж манай­хан хэд хэдэн хүнээ шийт­гээд, цагдаад өгөх замаар асууд­лыг шийдсэн. Нэгэнт ингэж ший­дээд явчихсан асуудлыг EASA -д тэр чигээр нь явуулбал тэд хүлээн зөвшөөрөхгүй ээ. Хүний хүчин зүйлийн нөлөөлөл үү, санаатай юу санаагүй юу,  дав­тан гаргахгүй байх тал дээр, урьдчилан сэр­гийлж яаж ажил­лав гэж асууж байхад "Та нар шийтгээд эсрэгээр юм  хийчих­сэн байна гэж хэлээд, харин эрхээ хураалгаж магадгүй тул та үүнийхээ учрыг өөрөө ол, миний эрхээс хэтэрсэн асуудал бол­лоо" гэж хэлсэн. Тэгээд энэ чигээрээ байсаар гуравдугаар сарын 18-нд Европын холбоо­ноос сунгах процесс зогсчихлоо гэсэн захиа ирсэн. Яг амралтын өдөр таарсан байсан. Би Орхон захирал руу хамгийн түрүүнд утасдаж ийм юм болжээ. Гэр­чилгээ сунгах үйл ажиллагаа зогссон байна гэж хэлсэн. Чи хариуг нь бэлдээд над руу явуулчих гэсэн. Миний хэм­жээ­­нээс хэтэрсэн асуудал бай­наа, одоо тэд эрхээ хурааж ч магад­гүй нь гэж би хэлсэн. Орхон захирал чаддагаараа намайг загнаад  өнгөрсөн. Энэ нь зөвхөн манай байгууллагын асуудал биш төдийгүй цаашлаад агаарын хөл­гүүдийн нислэг үйлдэх эсэх нь тодорхой бус болоод явчихаж байгаа юм.

-Гэрчилгээгээ сунгахгүй бол яадаг юм?

Б.Б: -Тэгвэл онгоцоо нислэгт тэнцэж байна гэж гарын үсэг зурж нислэгт явуулж чадахаа байчихаж байгаа юм. Гэрчилгээн  дээрх 3 дугаар сарын 23-ны өдрөөр тэд дүгнэлтээ гаргаж, сунгах эсэхээ шийддэг.

Ж.Ч: -Тухайн байууллагаас танай үйл ажиллагааг зогсоолоо гээгүй, сунгах процесс зогслоо гэж явуулсан.

Б.Б: -Ингээд Техникийн газ­рын ерөнхий менежер, хэлт­сийн дарга, ахлах инженерүүд бид арвуулаа амралтын өдөр байсан хэдий ч энэ талаар хуралдсан. Онгоцны засвар үйлчилгээ хариуц­сан зургаан хэлтэс байдаг. Ингээд бид Орхон захирлын ч хэрээс хэтэрсэн асуудал байна. Дээшээ төр засагтаа хандъя гээд миний ажил үүргийн хуваарьт заасан ёсоор салбарын яам, Ерөнхий сайдад "Байдал ийм байна. Цаашид ингэж болзошгүй байна шүү" гэсэн захиа бичиж явуулсан. Миний ажлын үндсэн үүрэг бол Европын энэ стандарт хэрэгжиж байна уу, гажиж байна уу, үгүй юу, гажуу­лахгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ гэсэн үүрэг байдаг. Зургаан хэлт­сийн дарга дээр нь хэлтсүүдийг хариуцсан ерөнхий менежер бүгд ярилцаад энэ шийдвэрийг гар­гасан. Дараа нь даваа гаригт биднийг харьяалж байдаг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэд хандаж бүг­дээрээ очиж уулзсан. Тэгээд ажил дээрээ ирсэн чинь компанийн сүлжээгээр захиа тараасан бай­сан. Гурван хуудас гаруй захид­лын тал нь намайг баахан буруут­гаад "Өөрийн эрх мэдлийг хэт­рүүлэн ашигласан.  Монгол Улс Японоос иргэдээ татах гэж буй хэцүү үед үймээн тарьж, саад хийхийг оролдлоо" гэх мэтийн үгтэй захиа явуулсан байсан. Захирал болон бусад удирдлага­тайгаа 3 дугаар сарын 21-нд 11 цагт бид уулзаж, байдал хүндэр­вэл яах вэ гэж ярилцаж нислэгээ зогсоохгүйгээр үргэлж­лүүлэн ажиллуулах чадвартай болгох арга хэмжээг авцгаая. Захирал өөрөө тэр захиа тай­лангаа Евро­пын холбооны иргэ­ний нисэхийн удирдах газар луугаа явуулъя, онгоц эзэмшиг­чид рүүгээ ч хандъя, энэ хуга­цаанд манай онгоцыг  таг зогсоо­чихгүй байх арга хэмжээг авъя гэж хоёр талдаа тохирсон. Онгоц  эзэмшигчид маань ч тодорхой хугацаанд, тодорхой нөхцөл­тэйгөөр нислэг үйлдэж болно гэсэн. Зөвшөөрлийн бичиг өгсөн ба "EASA"-аас ч гэсэн "Зогсоолгүй ажиллаж бай. Тай­лангаа ийм ийм асуудлаар дэл­гэрүүлж явуул. Бид дөрөвдүгээр сард очиж уулзъя" гэсэн хариу өгсөн.   Тийм ч учраас  гуравду­гаар сарын 23-наас хойш  онгоц­нууд маань таг зогсолгүй, нислэг хэвийн, манай компанийн үйл ажиллагаа үргэлжлээд явж байна.

-Компаниа аврах гэсэн энэ бүх үйл ажиллагаанд Орхон  захирал чинь оролцсон бай­на, тийм үү?

Б.Б: -Оролцсон. Тэгээд захи­рал нэг тайлан гаргаад явуулсан. Мэдээж Орхон захир­лын гаргасан тайлан Европын шаардлагыг хангаагүй байх. Би тайланг нь хараагүй ч сургийг нь сонссон. Европын иргэний нисэ­хийн газ­раас буцаагаад хариу ирүүлэхдээ өмнө шаардсан тайлангаас бүр их нарийвчилсан асуулга тавьсан байсан.

-Нэгэнт байдал нааштай болоод тодорхой хэмжээний ажил явагдаж эхэлж байхад яагаад та бүхнийг халчихсан юм бэ?

Ц.А: -Дээрх үйл явдлаас гадна бас нэг зүйл байна. Ма­найд нислэгт бэлэн байгаа "А310 "онгоц байхад Хятадаас хуучин "B767" онгоц түрээслэхээр оруулж ирэх нь буруу гэж бид хэлсэн.  Хята­даас авах гэж байгаа онгоц нь түрээслэх эзэн олдохгүй  бүтэн жил болчихсон онгоц. Сүүлдээ аргаа бараад АНУ-ын  компанид онгоцоо зараад тэр нь цааш түрээслэхээр болж байгаа юм билээ. Гэхдээ АНУ-ын ком­пани нь манай МИАТ-ийг тү­рээсэлнэ гэсэн гэрээ хийсэн тохиолдолд Хятадаас тэр онго­цыг худалдаж авах гээд байгаа юм. Бид тэр онгоцыг очиж үзсэн. Шаардлага хангахгүй онгоц бай­на. Бүх бичиг баримт нь ч хятад хэл дээр байхад юу мэдэж үзэж шалгах вэ гэсэн юм. Онгоц европ болон бусад улс руу нисэхэд тодорхой шаард­лагуу­дыг хангасан байх ёстой. Гэтэл энэ онгоц нь 16 жил Хятадад орон нутагт ниссэн, сайндаа л Гонконг орж байсан тийм онгоц байгаа. Олон улсад огт нисч байгаагүй болохоор олон моди­фикаци, өөрчлөлт нэмж хийх шаардлагатай болчихсон онгоц байна, шаардлага  хангахгүй нь гээд тайлангаа гаргаж өгсөн. Ийм хоёр асуудлыг удирдлагадаа бид олон удаа тавьсан учраас халагдлаа.

Ц.А: -Манайх түрээслэх гээд байгаа "B767" гэдэг онгоц чинь манай өөрийн эзэмшлийн, зог­соочихсон байгаа "А310" онгоцтой ижилхэн ангиллынх. Манайд байгаа "А310" онгоц түрээслэх гээд байгаа онгоцноос аль та­лаасаа илүү. Манай онгоц Хята­дын тэр онгоц хоёр өдөр шөнө шиг ялгаатай байхгүй юу. Манайх техникийн үзүүлэлт нь хамаагүй илүү. Тийм онгоцоо нисгэхгүй байж тэндээс шаард­лага хангаа­гүй онгоц авах гээд байгаа нь ёстой ойлгомжгүй хэрэг. Тэгээд ч манай онгоц Монгол Улсын өмч болчихсон. Ямар ч түрээс төлө­хөөргүй болчихсон. Тийм байхад түрээ­сээр ижил ангиллын онгоц авах гээд байгаа юм. Хятадын онгоцыг авбал техникийн  болон эдийн засгийн талаасаа асар өндөр  зардалтай.  Тэр онгоцыг авбал эхний жилд арван сая долларын зарлагатай. Нисэхэд бэлэн бай­гаа манай онгоц жилд нэг сая долларын зардлаар л нисэх боломжтой. Энэ талаар бид бас Засгийн газар, холбогдох хү­мүүст бичиг хүргэж ч байсан. Тэгээд биднийг ажлаас халах гол хоёр шалтгааны нэг нь  дээр өгүүлсэн зөв зүйтэй энэ ажлаа явуулаач гэсэн шаардлага, хоёр дахь нь энэ онгоцыг хүлээж авах­гүй гэсэн бидний тайлбар юм. Энэ асуудалтай холбоотой­гоор УИХ-ын гишүүн Г.Батхүү, Р.Буд хоёр  Х.Баттулга сайдад асуулга тавь­сан юм билээ. Үүний дагуу салбарын сайд энэ бүх асуудалд тус бүрт нь де­тальчлан хариулна уу гэсэн бичиг өгсөн байна лээ.

Б.Б: -Тэр асуулгад юу гэж хариулсныг нь бид мэдэхгүй байна. Бидний дээр ярьсан хоёр зүйл ч гэсэн энэ асуулгад тус­гагд­сан байсан.

-Та бүхнийг халах үндэс­лэлдээ юу гэж  бичсэн байв. Халах тухайгаа хэзээ мэдэгд­сэн юм?

Ж.Ч: -Гуравдугаар сарын 31-нд биднийг хариуцсан Ерөнхий менежер Аюуш "Захирлууд дуу­даж байна" гэж ирээд "Та гурвыг ажлаас халсан тушаал гарлаа" гэсэн. 

Б.Б: -Намайг  халсан тушаал дээр "Компанийн дотоод дүрэм журмыг ноцтой зөрчиж албан ёсны бус бланк ашиглаж, ком­панийн хэвийн ажиллагааг алдаг­дуулах, олон нийтийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх буруу ташаа мэдээллийг төр засгийн албан тушаалтан, ажилтан албан хаагчид дур мэдэн тараасан, "Аэробус 310" агаарын хөлгийн техникийн дүгнэл­тийн талаархи мэдээллийг олон улсын "EASA" байгууллагад өгөх үүрийг бие­лүүлээгүй, дээрх олон улсын байгууллагын нэр хүндэд хал­даж тус байгууллагын өмнөөс гэрчилгээ сунгагдахгүй талаар­хи буруу ташаа мэдээлэл хийс­нээс компанийн нислэг тех­ни­кийн хэвийн ажиллагааг алдаг­дахад хүргэсэн, улмаар компа­нийн бизнесийн болон ажил хэр­гийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх байдалд хүргэсэн зэрэг ноцтой зөрчлүүдийг гарга­сан тул ажлаас халсугай гэсэн тушаал байсан.

Ц.А: -Чулуунжав бид хоёрыг халсан тушаал нь яг ижил утга­тай байсан. Бид хоёрыг дунд мэргэ­жил­тэй болохоор нь аж­лаас хал­сан гэсэн бор шувуу нисгэсэн байна лээ. Бид эхлээд нисэхийн дунд сурууль төгссөн боловч дараа нь хэд, хэдэн дээд сур­гуульд мэргэжлийн дагуу сурч төгссөн хүмүүс.

-Орхон захирал баривч­лагдлаа гэсэн мэдээлэл ин­тернэтээр тараад байсан. Та бүхний ярьсан асуудалтай арай холбоотой юм биш биз дээ?  

Б.Баяр: -Үгүй байх аа. Ин­тер­нэтээс л харин тийм юм олж уншсан. Ер нь МИАТ компанийн удирдлага буруу ажиллаад бай­гаа. 2010 онд 1.8 тэрбум төг­рөгийн алдагдалтай ажилласан. Дээр нь зорчигчийн тоо нь ч нэмэгдээгүй. Харин зардал нэмэгдсэн. Жишээ нь зорчиг­чийн хоол ундны зардал нэг тэрбумаар нэмэгдсэн. Тэр тав зургаан тэрбумыг идсэн гэж нэтэд тавигдаад байгаа нь үнэн бол МИАТ компани гурав, дөр­вөн тэрбумын ашигтай ажиллах бо­ломжтой байжээ гэж бодогдож байна. Монгол Улсад компани амжилттай удирдаж байгаа биз­нес­мэнүүд зөндөө. Тийм хүмүүс манай компанид хэрэгтэй байна. Нарийн мэргэжлийн нисгэгч,  инженерүүд  зэрэг бусад хүмүүс ажлаа хийдгээрээ хийнэ. Гэхдээ МИАТ-ийг хүнийхээ аж­лыг үнэлж чаддаг, нисгэгч, инже­нерүүд, ажилчдаа ойлгож чаддаг, шудар­га бизнесмэн удирдвал бараг дээр гэж бодогддог юм.

-Тэгэхээр чинь  мэргэж­лийн бус энэ, тэр гэж улстөр­жүүлээд л эхэлдэг биз дээ?

Б.Б: -МИАТ-ийн маркетинг, удирдлага  заавал мэргэжлийн байх албагүй шүү дээ.

Ж.Ч: -Бид улстөржөөд байх шаардлага угаасаа байхгүй. Бай­гууллагад эрүүл уур амьсгал байхгүй бол ажиллахад үнэхээр хэцүү. Мэргэжлийн бид худал хэлж, бусдыг хуурч, шударга бус зүйлтэй эвлэрч  байснаас аж­лаасаа гарсан ч гомдох юм алга. Ард түмнийг хуурч ажиллаж угаас чадахгүй.

-Та нар  гэнэт халагдсаны өргөдлөө шүүхэд  өгөхгүй юм уу?

Б.Б: -Мэдээж өгнө. Гэхдээ шударга бус зүйлийнх нь төлөө л өгнө. Түүнээс ажилдаа орох гэж гуйж давхиад байгаа хэрэг гэж шууд утгаар нь ойлгож бо­лохгүй. Одоо техникийн газрын үлдсэн хэлтсийн дарга нар ч гэсэн ажлаасаа гарах өргөдлөө Орхон даргад өгчихсөн байгаа. Энэ алдаа дутагдлаа засч ажил­лахгүй бол цаашид энд ажиллах шаард­лагагүй боллоо гэсэн утгатай өргөдөл өгсөн гэсэн.

Ж:Ч: -Амгаабазар бид хоё­рыг халсан нь ташаа зүйл болж. Уучлал гуйгаад ирвэл авч болох юм гэж манай ерөнхий менеже­рээр хэлүүлсэн байна лээ. Одоо өөр таван хүн өргөдлөө өгчихөөд байгаа.

-Халсан нь буруу болсон юм бол дарга чинь өөрөө уучлал гуйхгүй та нар гуйдаг нь ямар учиртай юм бэ?

Ж.Ч: -Үзэгний үзүүрээр хү­ний амьдралыг шийдчихээд гуйгаад ирвэл ажилд нь авна гэдэг нь өөрөө утгагүй зүйл юм. Тэгсэн атлаа халагдах өргөдлөө өгсөн нөгөө таван хүний өргөдөл дээр гарын үсэг зурахгүй гэсэн байна лээ. Хөдөлмөрийн хуулин дээр өргөдлөө өгөөд сар болоход шийдэхгүй бол өргөдөл нь шууд  хүчин төгөлдөр болно гэсэн  заалт бий. Тэгэхээр манай тех­ни­кийн газрын хэлтсүүдийн үйл ажилла­гаа цаашид яах нь то­дорхойгүй болж байна. МИАТ-ийн удирдлага хууль, дүрэм, стандартаараа ажиллахыг зори­хын оронд гадны хүмүүс, хята­дуудыг ирүүлчихээд байна.

-Тэр хятад инженерүүдийг та нарыг халснаас хойш ав­чир­сан уу?

Ж.Ч: -Үгүй ээ, өмнө нь ав­чирсан. Гуравдугаар сарын 20-доор манай онгоц нисэх эрхгүй болчих гээд байхад шүү дээ.

-Инженерүүд  нь байхгүй юм чинь  цаашид нөгөө ирсэн хятадууд ажиллах байх, тийм үү?

Ж.Ч: -Тийм л болж таарч бай­гаа. Энэ хятадууд ажиллалаа гэхэд онгоцны нисэх үйл ажил­лагаа сараас илүү үргэлжлэх боломжгүй болно. Тэд зөвхөн өдөр тутмын ажил л гүйцэтгэх болно. Яагаад гэвэл  долоон хятад зүгээр нэг ирээд тэр их ажлыг хийж чадахгүй. Бусад чухал нарийн ажлыг гүйцэтгэ­хийн тулд нэмж 30-40 хятад ажилчин нэмж ирэх байлгүй. Ер нь тэгээд үндэсний боловсон хүчин иргэний нисэхэд хэрэггүй болох нь шиг байна. Манай инженерүүд чинь асар их зардлаар бэлтгэгд­дэг, дадлага туршлагатай, тэр EASA Part145 стандартын шаард­лага хангасан, тэднээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс юм, уул нь.                                                                                

Ярилцсан Д.МӨНГӨНДАЛАЙ

Онцлох нийтлэлүүд