ХАВРЫН ЧУУЛГАНААР бид юуг хүлээж байгаа вэ?

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган эхэлж байна. Энэ хаврын чуулган одоогийн парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн цагаас хойших гурав дахь чуулган. Өөрөөр хэлбэл, парламентчид нь хамгийн туршлагажиж, хамгийн ажил хэрэгч хандах хаврын сүүлчийн чуулган. Ирэх жилийн өдийд хууль батлахаар бодол санаагаа төвлөрүүлж суух хүн хуруу дарам болж, ихэнх нь сонгуулийн буухиандаа мордсон байх вий. Тийм ч учраас энэ удаагийн хаврын чуулганаас ихийг хүлээж байна. Улс төрийн нөхцөл байдлыг харж саатсан хуулийн төслүүд, улам бүр чамбайруулан сайжруулахаар буцаагдсаар өнөөг хүрсэн хуулийн нэмэлтүүд гээд ер нь хамгийн ажил хэрэгч байх чуулган энэ болж таарна.
Хаврын чуулганы хэлэлцэх асуудлуудаас Сонгуулийн тухай, Ашигт малтмалын тухай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гээд хүмүүсийн анхаарлыг татаж байгаа асуудлууд бий. Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөх нь тун ойрхон байсан сан. Гэвч хаврын чуулган эхэлж байгаа энэ нөхцөлд асуудал хэрхэн шийдэгдэх нь тун бүрхэг болоод байгаа нь намууд дотор яригдаж байгаа яриануудаас тод болж байгаа юм. Бараг энэ хууль батлагдахгүйгээр дараагийн сонгууль болж магад гэдгийг ажиглагчид онцолж байгаа. Хэдийгээр төгс төгөлдөр сонгуулийн тогтолцоо байхгүй ч хамгийн боломжийн хувилбар энэ гэдэг дээр намууд нэгдэж, уг хуулийн төсөл бараг бэлэн болчихсон байв. Харамсалтай нь аль тогтолцоо ирэх жилийн сонгуульд ашиг дагуулах вэ гэж тооцоо хийсэн нам хийгээд хувь хүмүүсийн жижигхэн сонирхлын улмаас энэ хууль гацахыг үгүйсгэхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өмнөх чуулган дээр яригдахдаа 2007 онд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийг сайжруулах тал дээр төвлөрөн, ажлын хэсэг байгуулагдаж байсан. Гэхдээ сүүлийн үед өрнөөд байгаа үйл явдлаар энэ өөрчлөлт хоёр танхимтай болох асуудлаар өрнөх төлөвтэй. Хоёр танхимтай болох нь хяналтыг сайжруулж, улс орны томоохон асуудлуудыг шийдэхэд чухал тустай гэж парламентын гол хоёр намын дарга нар онцлон ухуулж байгаа.
Хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг тэргүүлж байгаа нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл билээ. Засгийн газраас өнөө жилийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, хөдөлмөр эрхлэлтийн яармаг үзэсгэлэн энэ тэр гээд олон ажил зохион байгуулаад эхэлсэн ч хууль нь батлагдаагүй байсан санж. Бодвол хуульгүй атлаа пиараа эхэлсэн Засгийн газарт хуулийг нь баталж өгөх гээд парламентын эхэнд нь тавьсан бололтой юм. Мэдээж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуультай болох нь ажилгүй олон иргэд ажлын байраар хангагдаж, энэ цагийн хүмүүсийн гол бэрхшээлээс гэтэлгэхэд тус дөхөм болж таарна.
Энэ удаагийн чуулганаар эрүүл мэндийн салбараас нэлээд хэд хэдэн бодлогын чанартай даацтай хуулиуд орж ирнэ гэж хүлээгдэж байгаа. Монголчууд шилжилтийн үеийг туулна гээд ханцуй шамлан орохдоо зарим салбаруудаа онхи тас мартаж орхисны нэг нь энэ салбар гэгддэг. Сүүлийн үед гараад байгаа асуудлууд бүгд бодлого алдагдсантай холбоотой гэх нь ч бий. Тэгвэл энэ удаад хэлэлцэх асуудлын жагсаалтад орж ирсэн Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга)-өөр эрүүл мэндийн тогтолцоо, эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээнд тавих хяналтын хоорондын уялдаа холбоог сайжруулах тал дээр ихээхэн анхаарах аж. Мөн анхан шатны болон хоёр, гуравдугаар шатны эмнэлгүүдийг гүйцэтгэх үүргийг тодорхой болгоно гэсэн үг. Манайд аймаг, дүүргийн эмнэлгүүдийн хувьд өрхийн эмнэлгээс бичигтэй ирсэн хэдэн хүнийг үзээд, дотрын голдуу эмчилгээ хийхээс хэтэрдэггүй. Орцныхоо үүдэнд халтирч унаад хөлөө хугалсан бол дүүргийнхээ эмнэлэг дээр очоод чиг бариад боолгуулах боломж ч үгүй. Өнөөх л Гэмтлийн эмнэлэг рүү явах ёстой болдог. Тэгвэл мэргэшсэн хийгээд клиникийн нэгдсэн нэг, хоёр, гурав гээд гурав дахь шатлалын эмнэлгүүд дээр ачаалал дийлдэхгүй түмэн бэрхшээл. Хэдийгээр сүүлийн үед энэ тал дээр уг салбарынхан санаачилга гарган зарим ажлуудыг хийж эхэлж байгаа ч хуульчилж байж л бодлогын хэмжээнд үр дүнгээ өгч таарна.
"Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл мөн шинэчилсэн найруулгаар орж ирнэ. Үүнийг мэргэжлийн хүмүүс тун чухал хууль болно хэмээн онцолж байгаа билээ. Өөртөө анхаарч эрүүл байдаг хүн, биеэ гаргуунд нь хаячихаад эмнэлэгт үнэгүй эмчлүүлдэг хүмүүс адилхан мөнгө төлж ирсэн тэр асуудал энэ хуулиар хөндөгдөх болов уу. Мөн манайд олон жилийн турш явж ирсэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй бие даасан тогтолцоотой болгоход уг хууль нөлөөлөх ёстой юм. Манайд орныхоо тоогоор эрүүл мэндийн даатгалаас эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд руу мөнгө торхийн унаж, харин уг үйлчилгээ нь чанартай байна уу, үгүй юу гэдэг хяналтын тогтолцоо байдаггүй явж ирсэн. Тэгэхээр тэртэй тэргүй багахан төсвөөр урд хормойгоо хойдохоороо нөхөж ирсэн энэ салбарынхан үйлчилгээгээ чанаржуулахын талаар бодоход хэцүү. Харин эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалгаж, үүнд тохирсон үйлчилгээг гаргаад ирвэл хүмүүс чанартай үйлчилгээг авч, бас хяналтын хөшүүргээр ахиц дэвшил гарах нь мадаггүй юм.
Мөн энэ удаагийн чуулганаар дэлхийн олон газар хэрэгжиж эхэлсэн ч манайд л мэдээгүй мэт хоцорсоор ирсэн "Тамхины хяналтын тухай хууль" яригдана гэж байгаа. Ингэснээр тэртэй тэргүй агаарын бохирдлоос өдөрт таван хайрцаг янжуур татдаг бид дахин бусдын татсан тамхийг дам татдаг тэр явдал эцэс болох юм. "Тамхины хяналтын тухай хууль" батлагдвал үйлчилгээний бүх газар тамхи татахыг хориглоно. Энэ нь зарим тамхичдын уур унтууг барах ч тамхилдаггүй мөртлөө дам тамхидалтын золиос болдог олон хүний талархлыг хүлээж таарна.
Бас "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл" ч энэ чуулганаар орж ирэх бөгөөд сүүлийн үед үүссэн шинэ нөхцөл байдалд тохирсон хууль цаг үеэ хүлээж байгаа асуудал билээ.
Сүүлийн үед хуулиар тусгайлан хамгаалагдаагүй мэдээллийг иргэд чөлөөтэй авч байх эрхтэй талаар онцлон ярих болсон. Гэтэл хуулиар тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй мэдээллийг ч төрийн түшмэд, байгууллагууд нууц хэмээн цааш хийдэг байсан тэр явдал "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний хууль"-аар эцэслэгдэх юм. Энэ хууль батлагдвал төрийн ажил бүхэлдээ ил ойлгомжтой байж, хөшигний ард байдгаас хаданд гарсан хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлүүд тодорхой болж ирэх билээ. Жинхэнэ утгаараа төрийн ажил тунгалаг шилний цаана байхын эхлэл энэ хууль болно хэмээн олон хүн найдаж байгаа. Магад ингэснээр төрдөө итгэх итгэл нь алдарч, бүгд хуйвалдаан булхайгаар хийгддэг гэж хүмүүсийн бухимдаж байсныг багасах байх.
Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн тухай хууль нэг талаасаа нийслэл хотоос зайдуу амьдардаг хүмүүсийг дэмжсэн мэт боловч нөгөө талаасаа хотын хэт төвлөрлийг сааруулах давхар ач холбогдолтой гэгдэж байгаа. Уг хуулийн төслөөр алслагдсан аймгуудын төрийн албан хаагчдын цалин дээр 20 хувийг нэмж, таван жил тутам зургаан сар ажилласантай тэнцэх нэмэгдэл олгон, гурил будаа, цай, түлш шатахуун зэрэг чухал хэрэглээний бараа бүтээгдэхүүний НӨАТ, гааль, онцгой албан татварыг багасгаснаар амьжиргааны чанарыг төвийнхөнтэй ойртуулах талаар ярих юм. ОХУ, Канад, АНУ гээд орнуудад хэрэглэгддэг энэ зарчмыг хэзээнээс хэрэглэж эхлэх бол гэсэн хүлээлт баруун аймаг, говийнхонд эл хуулийн төслийг яригдаж эхэлсэн цагаас нь л бий.
Цахим гарын үсгийн хууль цаг үеэ олсон гэгдэж байгаа нь үнэн ч нэг л асуудлаас болж гацах магадлалтай юм. Монгол Улсын иргэний бүхий л мэдээллийг хадгалсан ухаалаг үнэмлэхийн асуудал яригдаж, хувь иргэний эд хөрөнгө, хувь мэдээлэл гээд бүгд Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт бий. Шинэчилсэн бүртгэлээр ч иргэдийн тухай мэдээлэл нэгэнт төрийн энэ байгууллага дээр цугларсан. Ухаалаг үнэмлэх дээр тохирох цахим гарын үсгийг авахуулах ажлыг УБЕГ бус нэр бүхий гурван компаниар хийлгэх зөвшөөрлийг Засгийн газраас өгчихсөн юм гэсэн. Уг нь цахим гарын үсэг хэрэгтэй ч Монгол Улсын иргэн бүр 90 ам.доллар хувийн компаниудад төлөх ёстой гэвэл багагүй маргаан дагуулж таарах болов уу. Ямар гурван компанид иргэн бүрээс орж ирэх 90 ам.доллар нийт 180 сая, аж ахуйн нэгжүүдээс орж ирэх 80-90 сая ам.долларыг давуу эрхээр олгож байна гээд яривал яригдах л байх.
Бас хэлэлцэх асуудлын бусад гэсэн хэсэгт багтсан нэг хууль яах аргагүй хүмүүсийн анхаарлыг татна. Тэр нь Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбар дахь гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл юм. С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, Ц.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Тэрбишдагва гэсэн зургаан гишүүний өргөн барьсан уг хуулийн төслөөр бол уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, банк санхүү, хэвлэл мэдээлэл гээд чухал чухал салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах чухал хууль ажээ.
Иргэдийн чухалчлан хүлээж байгаа нэг хууль бол Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл. Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн төслөөр суралцагчдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тал буюу 54 мянган төгрөгийг сар бүрт өгөх тухай дурдсан нь бараг айл бүр оюутантай монголчуудын хувьд чухал сэдэв. Манай 670 мянган өрхийн 65 хувь нь оюутантай гэсэн судалгаа байдаг билээ. Уг хууль нь оюутанд тэтгэлэг өгөхөөс гадна дээр дурдсан эрүүл мэндийн салбарын адил хаягдсан боловсролын салбарыг дэлхийн жишигт ойртуулах, тэр гольдролд дөхүүлэх зорилготой хууль гэгдэж байгаа. Зах зээлийн нийгэмд шилжин орох үедээ хувийн сургуулиудыг хувийн компани мэт тооцож хаясан нь бидний том алдаа болсон хэмээн үздэг. Гэтэл дэлхийн улс орнуудад боловсролын салбар гэдгээр нь хамаагүй өөр авч үздэг. Европын холбооны улсуудад боловсролын байгууллагадаа нийт зардлын 84, АНУ-д 47 хувийг нь төрөөс өгдөг бол манайд 5-9 хувийн үзүүлэлттэй гэж байгаа. Харин энэ хаврын чуулганаар яригдах хуулийн төслөөр бол 20 хувь гэсэн хувилбар яваа юм билээ. Ямартай ч эхний шатанд үүнээс эхлэн олон улсын боловсролын чиг хандлага руу шилжинэ гэдэг нь чухал гэх хүмүүс олон.
Энэ мэт хаврын чуулганаар хэлэлцэж, шийдэх олон хуулиуд байна.
Э.ЭНЭРЭЛ