Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ DNN.mn Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглов DNN.mn ТББХ: Хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn Улсын хэмжээнд 570.8 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn Наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn ​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна DNN.mn Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ DNN.mn Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглов DNN.mn ТББХ: Хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn Улсын хэмжээнд 570.8 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn Наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn ​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.05.12 12:05

Ц.Зоригт: Хүний амийг ямар ч тохиолдолд егүүтгэж болохгүй гэдгийг төр өөрөө үлгэрлэн харуулах ёстой

Улсын Дээд шүү­хийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөв­лө­лийн дарга Ц.Зоригт­той ярилцав. Түүний Ерөнхий шүүгчээр то­ми­логдсоноосоо хойш хэвлэлд өгч байгаа анх­ны ярилцлага нь энэ юм.

-Та Улсын Дээд шүү­хийн Ерөн­хий шүүгчээр томилогдоод бараг ха­гас жил болох гэж бай­на. Энэ хугацаанд юуг хийж амжуу­лав гэдгээс яриагаа эхлэх үү?

-Юуны өмнө "Өдрийн сонин"-ы уншигчдын энэ өдрийн амар амга­ланг айлтгая. Миний бие Ул­сын Дээд шүүхийн Ерөн­хий шүүгч, Шүүхийн Ерөн­хий зөвлөлийн дар­гын ажлыг хүлээн аваад удах­гүй зургаан сар бо­лох гэж байна. Өнгөрсөн хуга­цаанд Монгол Улсын Үн­дэсний аюулгүй байд­лын зөв­лөлөөс зөвлөмж бол­госон "Шүүх эрх мэд­лийн хүрээнд шинэт­гэ­лийг гүнз­гийрүүлэх хөтөл­бөрийг шүүхэд хэрэгжүү­лэх аж­лыг эрчимжүүлэх үндсэн чиглэл" гэсэн аж­лын тө­лөв­лөгөөг боловс­руулж гаргалаа. Энэ ба­римт би­чиг нь шүүхийн стратеги төлөвлөгөө буюу бидний цаашдын зорил­го, зо­рилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнг тодор­хойл­сон нэг үгээр хэлбэл үйл ажилла­гааны "газрын зураг" гэж ойлгож болно.

Мөн шүүхэд эрх зүйн шинэт­гэлийг гүнзгий­рүүлж, Захиргааны хэр­гийн шүүхийн тогтолцоог улам боловсронгуй бол­гох үүднээс Захир­гааны хэр­гийн давж заалдах шатны шүүхийг шинээр бай­гуулж, үйл ажилла­гааг нь эхлүүллээ. 2004 онд Мон­гол Улсад Захир­гааны хэргийн дагнасан шүүх анх байгуу­лагдаж, үйл ажиллагаагаа эхэлс­нээс хойш 2011 оны дө­рөв­дүгээр сарын 1-ний өд­рийг хүртэл давж заал­дах шатны чиг үүргийг Улсын Дээд шүүхийн За­хиргаа­ны хэргийн танхим хэрэг­жүүлж байлаа. Давж заал­дах болон хяналтын шат­ны шүүхийн чиг үүр­гийг нэг танхимын шүүг­чид хэрэг­жүүлж байсан нь дагнасан шүүхийн зо­рилго, үйл ажил­лагааны үндсэн зар­чим зөр­чиг­дөж, зарим хүндрэлүүд үүсгэдэг бай­сан. Одоо давж заалдах жур­маар гомдол гаргасан захир­гаа­ны хэргийг улсын хэм­жээнд бие даа­сан шүүх хянан шийдвэрлэх болс­ноор Монгол Улсад за­хир­гааны хэргийн даг­на­­сан шүүхийн тогтол­цоо бүрэн утгаараа ажиллах болов. Шинэ шүүхийг бай­гуулж, хуульд заасан хуга­цаанд үйл ажил­ла­гааг нь эхлүүлэхэд дэмж­лэг тус­лалцаа үзүүлсэн Монгол Улсын Ерөнхий­лөгч, Ул­сын Их Хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороонд энэ даш­рамд та­лархлаа илэр­хийлье.

Шүүхийн үйл ажилла­гааг олон нийтэд нээлт­тэй, ил тод болгоход чиг­лэсэн зарим ажлуудыг хийж байна. Юуны тү­рүүнд бүх шатны шүүхүү­дийг өөрийн цахим хуу­дас­тай болгож, түүнд ту­хайн шүүхийн талаарх мэдээ, мэдээлэл, үйл ажил­ла­гааны тайлангаас гадна шүүхийн шийдвэр, тогтоо­луудыг нийтэлж байна. Энэ нь шүүхийн шийдвэр хэрхэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч бай­гааг иргэд олон нийт үзэж ойлгох, тэдний эрх зүйн мэдлэ­гийг дээшлүүлэх, шүүг­чид шийдвэр, тогтоо­лоо бо­ловс­­руулахдаа илүү чам­бай хандахаас гадна шүү­хийн практик судла­лын чиглэлд чухал ач хол­богдолтой байх болно.

Монгол Улсын бүх шатны шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим санг бий болохоор төлөвлөн холбогдох судал­гаа, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулаад байна.

Энэ хугацаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймаг дахь шүүхүүдийн ажил байдалтай биеч­лэн танилцаад байна. Ингэснээр шүүхийн үйл ажиллагаанд тулгам­даж байгаа ямар асуудлууд бай­гааг газар дээр нь судлан биечлэн танилцаж, шийдвэрлэх арга замуу­дыг тодорхойлж  байна.   

Цаашдаа шүүх эрх мэдлийг Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн шударгаар хэрэгжүү­лэх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхийн удирд­лага, дотоод ажлын зохион байгуулалт, хүний нөөцийг бэхжүүлэх, гадаад харилцаа, хам­тын ажиллагааг өргө­жүүлэн хөг­жүү­лэх, менежментийг боловс­ронгуй болгох зэрэгт гол анхаарлаа хандуулан ажиллана.

-"Шүүх эрх мэдлийн шинэч­лэл ба шударга ёс" чуулга уул­залт саяхан болж өнгөрлөө. Энэ чуулга уулзалтаас ямар үр дүн гарав. Ер нь энэ арга хэмжээний дараа шүүх дорвитой өөрчлөг­дөнө гэж найдаж болох уу?

-Монгол Улсын Ерөнхийлөг­чийн санаачилгаар "Шүүх эрх мэд­лийн шинэчлэл ба шударга ёс" үндэсний чуулган Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганы онцлог нь шүүх эрх мэд­лийн шинэт­гэлийн талаар зөвхөн тухайн салбарын төдийгүй, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл, иргэ­ний нийгэм, бизнесийн төлөөлөл, хууль зүйн сургуулиуд болон эрдэм­тэн судлаачид, олон улсын байгууллага зэрэг бүхий л талуу­дын төлөөллийг оролцуулсан, асуудлыг олон талаас нь ярилцаж, шийдлүүдийг тодорхой хэмжээнд томъёолж чадсанаараа чухал ач холбогдолтой болж чадсан гэж үзэж байна. Үндэсний чуулганаас нэгд­сэн санал, зөвлөмжүүд гарсан, шинээр батлагдан гарах Шүүхийн тухай багц хуулиуд болон бусад хууль тогтоом­жид тусгалаа олно гэдэгт итгэлтэй  байна.

Шүүхийн тогтолцооны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай хуулиудад зарч­мын шинжтэй шинэлэг зохицуу­лалтуудыг зоригтой оруулан, Улсын Их Хурлаас тэдгээрийг баталж чадвал шүүхийн шинэчлэл амжилттай хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэнэ. 

-Олон нийт шүүхэд шүүмж­лэлтэй хандах нь олонтаа. Шүүхийн шинэтгэл гэж яриад удаж байна. Шүүхэд ер нь шинэт­гэл хэрэгтэй байгаа юу. Хэрэгтэй бол юуг нь шинэчлэх хэрэгтэй вэ?

-Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон иргэд төрийн үйл ажиллагааны талаар санаа бодлоо чөлөөтэй илэрхий­лэх, алдаа дутаг­далтай зүйлийг шүүмжлэх эрхтэй. Төрийн байгуул­лагын бүтэц, тогтолцоо нийгмийн хэрэгцээ шаардлагыг даган байнга шинэчлэгдэж байх ёстой, шүүх ч үүнд мөн адил хамаарна. Иймээс хүрсэн үр дүн ололт дээрээ тул­гуур­лан алдаа дутагдлыг залруу­лах замаар шинэчлэлийг байнга хийх шаардлагатай. Нэн түрүүнд чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөөр шүүхийг хангадаг, шударга тогтолцоог бий болгох, шүүхийн санхүүжилтийн өнөө­гийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх, үйлчилгээг олон нийтэд илүү ойр­туулж, чанар, үр дүнг нэмэгдүүлэх, шүүхийн бие даасан байдлыг нь бодитоор баталгаажуулах шаард­лагатай байна.

-Та сайн ажиллалаа ч удирд­лагад тань байгаа хүмүүс алдаа дутагдал гаргасаар л байна. Тэр нь шүүх муу гэсэн нэр зүүхэд хүргэдэг. Тухайлбал нэг дүүр­гийн шүүгчийн хүүхдийн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг нь дуус­гах гэж элдэв арга саам хийсэн тухай яригддаг. Сая Хэнтийд гар­сан үйл явдал гээд шүүгчийн нэрд цөвтэй зүйлс цөөн­гүй гарч бай­­на. Шүүхийн ажилтны ёс зүйн талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Шүүгчийн ёс зүйн дүрмийг 2003 онд Шүүгчдийн зөвлөлийн хуралдаа­наас баталж мөрдсөн боловч цаг хугацааны эрхээр дээрх дүрмийн зарим заалтуудыг өөрч­лөх зайлшгүй шаардлага байсан учир "Транс­пэрэнси-Монгол" ТББ-тай хамтарч Үндсэн хууль, бусад хуулиуд, шүүхийн ёс зүйн талаарх Банглорын болон, Азийн бүс нут­гийн шүүхийн хараат бус байдлын зарчмуудад нийцүүлж, шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн боловс­руулж, 2010 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Шүүгч­дийн зөвлөлийн хуралдааны 02 дугаар тогтоолоор, мөн шүүхийн ажилтны ёс зүйн дүрмийг Шүүхийн ерөнхий зөвлө­лийн даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 31 дүгээр захирамжаар тус тус баталсан, өнөөдөр шүүгчид шүүхийн ажилт­нууд дээрх дүрмийг мөрдөн ажил­лаж байна.

 Өөрөөр хэлбэл манай шүүгч, шүүхийн ажилтнууд бүгд үйл ажил­лагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээтэй болсон. Ёс зүйн зөрчил гаргасан шүүгч, шүүхийн ажилт­нуудад хариуцлага тооцдог меха­низм шүүхийн хувьд бүрэлдсэн бөгөөд шүүгчийн хувьд Шүүхийн Сахилгын хороо, шүүхийн ажилт­нуудын хувьд тухайн шүүхийн тамгын газар, хэлтсийн дэргэд ёс зүйн хороод  ажиллаж байна. 2010 оны 11 сараас хойш нийт 66 шүүг­чид холбогдох 53 гомдол иргэд, байгууллагаас шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн бөгөөд найман шүүг­чид сахилгын хэрэг үүсгэн шалгас­наас долоон шүүгчид сахил­гын арга хэмжээ авснаас хоёр шүүгчийг албан тушаалаас нь огцруулсан байна. 

Цаашид шүүгч, шүүхийн ажилт­нуудыг сонгон шалгаруулахад хамгийн түрүүнд анхаарах зүйл бол нэр дэвшигч нарын зан сурта­хууны байдал бөгөөд түүнд боди­той дүгнэлт өгч, шаардлага ханга­сан хүмүүс шүүхийн өндөр босгоор алхаж ордог төрийн албан хааг­чийн дийлэнх олонхи нь шударга, ёс зүйтэй хүмүүс гэдэгт итгэлтэй байдаг.

-Ээжээрээ шүүлгэж ааваараа мөрдүүлнэ гэж ярих юм. Хууль хяналтын байгууллагад гэр бү­лийн ийм тогтолцоо бий болчих­сон юм биш үү. Үүнийг яаж өөрчлөх вэ?

-Хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийн оролцогч нь шүүгчтэй садан төрлийн холбоотой эсвэл шүүгч нь хэргийн оролцогчтой хувийн харь­цаатай бол шүүгч өөрөө татгалзан гарах үүрэгтэй байдаг. Энэ зарчим прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид ч адилхан үйлчилдэг. Амьдрал дээр харж байхад хуулийн сургуульд хамт сурч байхдаа гэр бүл болсон хүмүүс нэлээд байдаг цаашид мэргэжлийнхээ чиглэлээр буюу шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөл гээд үйл ажиллагаа нь өөр хоорон­доо холбоо­той байгууллагуудад ажиллах нь бий. Энэ нь эргээд олон нийтийн зүгээс элдэв хардлага төрүүлэх үндэслэл болдгийг үгүйс­гэхгүй. Бид энэ хард­лагыг төрүү­лэхгүй байх нөхцөлийг хангах зорилгоор шүүхийн хүний нөөцийн бодлого дээр онцгой анхаарч, зохион байгуулалтын шинжтэй ажлуу­дыг байнга хийж байна.

-Шүүгчид авлигаас ангид байж чадаж байна уу. Тэр энэ шүүгчид мөнгө өгсөн гэх яриа их байдаг. Өөрийнхөө хэргийг бү­тээж байгаа болохоор үүнийг ир­гэд ил хэлэхгүй энэ асуудал да­раг­даад өнгөрдөг гэсэн яриа бий?

-Шүүгч авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ямагт ангид байж, зөвхөн хуульд захирагдан, шударга ажиллах үүрэгтэй. Шүүг­чид мөнгө өгсөн, шүүгч мөнгө авсан нь тогтоогдож, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг одоогоор байх­гүй боловч иймэрхүү төрлийн яриа яагаад гараад байгаад анхаа­рал хандуулж, тодорхой арга хэм­жээ­нүүдийг авна. Шүүгч гаргаж байгаа шийдвэрийнхээ үндэслэ­лийг хэргийн оролцогчдод дэлгэ­рэн­гүй тайлбарлан ойлгуулж байх ёстой. Монголын шүүх авлигагүй гэсэн бат итгэл үнэмшлийг олон нийтийн дунд бий болгохын төлөө бид хичээх болно.

 -Цаазын ялыг халах саналыг Ерөнхийлөгч гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд бэрхшээл хэр байна. Жишээ нь хүнээ алуул­чихсан хүмүүс цаазын ялыг халахыг их эсэргүүцдэг шүү дээ?

-Цаазаар авах ял ногдуулсныг хэрэгжүүлэхгүй байх талаар гарга­сан Монгол Улсын Ерөнхийлөг­чийн шийд­вэрийг хуульч, иргэн хүний хувьд бүрэн дэмжиж байгаа.  Хүний амийг ямар ч тохиолдолд егүүтгэж болохгүй гэдгийг төр өөрөө үлгэрлэн харуулах ёстой юм. Энэ бол соёлт хүн төрөлхт­ний нийтлэг жишиг бөгөөд бид ч гэсэн үүнээс гажих ёсгүй. Ерөнхий­лөг­чийн санаачилгыг хууль хэрэглээ­ний талаас нь авч үзвэл онцгой хүндрэл байхгүй. Учир нь Эрүүгийн хуульд ялын дээд хэмжээг сонголт­той хэрэг­лэж болохоор заасан. Гэхдээ одоо хүчин төгөлдөр үйл­чилж байгаа Эрүүгийн хуульд зарим онц хүнд хэрэг үйлдсэн тохиолдолд цаазаар авах ял оног­дуулах тухай заалт хэвээр үйл­чилж байгаа тохиолдолд шүүх тухайн ялыг хэрэглэх боломж нээлттэй байна л гэсэн үг. Монгол Улс цаашид цаазаар авах ялыг бүрмөсөн хэрэглэхгүй байх заалтыг Үндсэн хууль, Эрүүгийн хуульд тусгах нь зүйтэй.

Нөгөө талаас хохирогч, гэрчийн эрхийг хамгаалах асуудал дээр төрөөс онцгой анхаарах, тэдгээ­рийн эрх зүйн баталгааг хуульчлах шаард­лага зүй ёсоор гарч байна.

 -Танайхан шүүх хараат бус гэдэг ч шүүхийг хараат гэж үзэх нь бий. Тухайлбал Улсын Их Хурал, Засгийн газар төсвөөр боомилох жишээтэй?

-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал хэрхэн бодитой хангагдах нь шударга шүүх оршин тогтнох үндэс, үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн явуулах гол нөхцөл юм. Харамсалтай нь манай улсад энэ зарчмыг хангалттай ойлгож, өргөн утгаар хэрэгжүүлэх тал дээр хуримт­луулсан туршлага, мэдлэг харьцангуй хомс  байгаа нь үнэн. Гэхдээ бид шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиглэлээр тодорхой санал, санаачилгуудыг гаргаж, бодитой ажлуудыг хийж байгаа. Тухайлбал таны хөндсөн шүүхийн бие даасан байдлын нэг чухал бүрэлдэ­хүүн болох төсвийн хараат бус байд­лыг хангах тал дээр чанарын эргэлт хийж, шүүхийн төсвийг үлдэгдлийн зарчмаар хуваарилдаг байдлыг халах нь зүйтэй. Ингэхийн тулд шүүхийн төсвийг улсын нэгдсэн төсвийн тодорхой хувиас буюу 1.5-аас багагүй байх, төсвийн төслийг шүүхээс шууд Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг байх, хэмжээг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх зэрэг зарчмын шинжтэй шинэлэг зохицуулалтуудыг холбог­дох хуулийн төсөлд оруулахаас гадна хуулийн зохицуулалт батал­гаатай  хэрэгжих механизмыг хуульд суулгаж өгөх хэрэгтэй. 

-Жилд дөчин мянган хэрэг шүүхээр шийдэгддэг гэж үзэхэд 400 гаруйхан шүүгч үүнийг хянана гэдэг нь өөрөө боломж багатай юм шиг. Энэ талаар?

-Монгол Улсад нийт 436 шүүг­чийн орон тоотой. Улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг мар­гааны 50 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа шүүхүүдэд ногддог. Харин эдгээр шүүхүүдэд Монголын нийт шүүгч нарын 1/3 нь л ажил­ладаг тул нэг шүүгчид оногдох ажлын ачаалал их байдаг. Гэтэл орон нутгийн анхан шатны шүүхүүд сум дундын гэх нэртэй боловч ихэвчлэн аймгийн болон томоо­хон сумын төв дээр байнга байрладаг болохоор хөдөөгийн иргэд тэр болгон шүүх дээр очиж  үйлчлүүлж  чадахгүй, эрх ашиг нь хохирч  байна. Өөрөөр хэлбэл тэнд шу­дарга ёс хүртээмжтэй биш байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн арга байна. Нэгдүгээрт шүү­хийн өнөөгийн тогтол­цоо, зохион байгуулалтыг эргэн харж, газар нутаг, дэд бүтцийн хөгжлийн байд­лыг харгалзан зарим аймгийн давж заалдах болон захиргааны хэр­гийн шүүхийг нэгтгэн тойргийн жур­маар байгуулах, анхан шатны шүүхийн хэргийн харьяаллыг заа­вал засаг, захиргааны нэгжийн хил хязгаарт баригдалгүйгээр аль болох иргэдэд ойр дөт байхаар зохион байгуулах, сулар­сан хүний болон санхүүгийн нөөцийг ачаа­лал ихтэй газарт шилжүүлэх, анхан шатны шүүхийг иргэдэд илүү ойр болгох, шүүхийн үйл ажил­лагаанд орчин үеийн мэдээллийн технологийг эрчимтэй ашиглах зэргээр шүүхийн дотоод менеж­ментийг сайжруулах замаар шийд­вэрлэнэ. Хоёрдугаарт шүүхийн хүний нөөцийн хангамжийг зөв тооцоолон  зохистой хэмжээнд нэмэгдүүлэх замаар тус тус  шийд­вэрлэж болно гэж үзэж байна.           

-Шүүх хурлаас хэргийг нэ­мэлт мөрдөн байцаалтад буцаа­даг. Гэтэл нэг их шинэчилж өөрчлөгдөө­гүйгээр хэрэг буцаад л ороод ирдэг шиг санагддаг?

-Сүүлийн үед Эрүүгийн бай­цаан шийтгэх хуулийн талаар олон нийт, судлаачид, практик ажилт­нуудын дунд нэлээд хүчтэй яриг­даж байгаа зүйл бол шүүхээс эрүү­гийн хэргийг нэмэлт мөрдөн бай­цаал­танд буцааж байгаа асуудлын талаар юм. Шүүх хөндлөн­гийн байгууллагын хувьд хэргийн нэг тал болох прокуророос яллах дүгнэлт үйлдээд шүүх дээр ирсэн хэргийг хянаад яллагдагчийн гэм буруу тог­тоог­дохгүй байх тохиолдолд түүнийг заавал яллуулах гээд бай­гаа мэт нэмэлт мөрдөн байцаал­танд дахин буцаадаг явдал нь зарчмын хувьд зөв биш гэсэн байр суурь давамгайлж байна. Энэ то­хиол­долд шүүх хэргийг шууд хэрэг­сэхгүй болгодог  байвал хэрэг бүрт­гэл, мөрдөн байцаах, проку­рорын байгууллага болон шүүгч шийдвэр гаргахдаа илүү хариуц­лагатай ханд­даг болох  ач холбог­долтой юм. 

-Сүүлийн үед шүүхээр ший­дэгд­сэн зарим хэргийн тухайд иргэдийн хандлага харьцангуй эерэг байгаа. Жишээ нь Ц.Жар­гал­сайханд тулгасан эх орноо­соо урвасан гэх ялыг Дээд шүүх өөрчил­сөн нь талархал хүлээ­сэн. Гэхдээ яагаад анхнаас нь ингээд шийдчихэж болоогүй юм бол?

-Хэрэг шүүхээр хянан шийдвэр­лэгдэх явцад анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр, тогтоол нь давж заалдах болон хяналтын шатанд өөрч­лөгдөх, хүчингүй болох явдал байдаг. Хүний эрх, эрх чөлөө ханган батал­гаажуулах, шударга ёсыг тог­тоох шүүхийн үйл явц нь их хариуц­лага шаардаж, алдаа мадаг гарах аливаа боломжийг аль болох бага байлгах, алдаа гарсан тохиолдолд өөрийгөө засах до­тоод механизмтай байдаг. Таны дурд­сан тодорхой хэргийн хувьд анхан шатны шүүх тухайн хэргийг хуулиар олгогдсон өөрийн эрх хэмжээний хүрээнд хянаж шийдвэрлэснийг буруут­гах боломжгүй бөгөөд шүүг­чийн дотоод итгэл үнэмшил юм. Ер нь бол шүүг­чийн хууль хэрэглээний ур чадварыг  сайжруулахад  бид байнга анхаар­даг.

-Та аль аймаг, сумын хүн билээ.

-Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн.

-Жалга довны үзэл шүүхийн­хэнд байдаг уу?

-Жалга довны үзэл гэж шүүхийн­хэнд, эсхүл шүүгчид байхгүй. Шүүгч хэрэг маргааныг хуулийн дагуу шийд­вэрлэдэг. Хууль Монгол Улсын хэмжээнд хэрэгж­дэг, нийт ард түмний ашиг сонирхлыг  илэрхийлдэг  тул ямар нэгэн "жалга дов"-ны  үзлээр асуудалд хандах боломжгүй. Шүүхийн хүний нөөцийн хувьд ярьж байгаа бол шүүгч, шүүхийн ажилтны сонгон шалгаруулалтыг бид нээлттэй зарладаг, хуулийн шаардлага ханга­сан хэн ч сонгон шалгаруулалтанд орж нэрээ дэвшүүлэх эрх нь нээлт­тэй байдаг.

-Аль намын гишүүн байлаа?

-Би аль нэг намын гишүүн байгаа­гүй ээ. Шүүгч нь төрийн тусгай албан хаагчийн хувьд хууль болон ёс зүйн дүрмийн дагуу улс төрийн үйл ажил­лагаанд идэвхтэй оролцох, аль нэг намд харьяалагдаж болдоггүй. 

-Таны найз нөхөд чинь элдэв хэргийг аргалуулах гэж хандах уу.  Тэр тусмаа улс төрийн хүрээнд найз нөхөд байдаг л байлгүй. Хэрэв ханд­вал та яадаг вэ. Танилын нүүр халуун биш үү?

-Нам, улс төрийн үйл ажилла­гаанд анхнаасаа оролцож байгаагүй болохоор  намаар холбогдсон нөхөд гэж алга. Шүүх улс төрөөс ангид байх ёстой. Ер нь шүүгч хүн аливаа хэрэг маргааныг шийдвэр­лэхдээ зөвхөн Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хуулийг баримталж, хараат бусаар өөрийн дотоод итгэл үнэмш­лээр л шийддэг тул найз нөхдөд  найр тавих асуудал байхгүй.    

-Шүүхийг улс төрөөс яаж ха­раат бус байлгахав. Уг нь шүүгчид өөрс­дөө асуудлаа шийдмээр бай­на. Шу­дарга хийе гэхээр улс төр нөлөөлөх гээд байдаг гэх юм билээ. Шүүхийн шинэчлэл яриг­даж байгаа энэ үед үүнийг ч гэсэн анхаармаар санагддаг?

-Шүүхийг улс төрөөс, улстөрч­дөөс хараат бус байлгах тэрхүү эрх зүйн орчныг л бодитой бүрдүүлэх хэрэгтэй. Шүүгчид хөндлөнгөөс нөлөөл­­сөн аливаа албан тушаал­танд хариуцлага хүлээл­гэдэг механиз­мыг хуульчилж өгөх ёстой. Манай улстөрчид үүнд өөрсдөө манлайлан оролцох ёстой гэж би боддог. Шүүх улс төрийн гар хөл болоод л эхэлвэл энэ нь улс орны цаашдын хөгжил, иргэдийн эрх чөлөөнд аюул учруулах нөхцөл үүснэ.

-Нямдоржийн хар хууль Монго­лыг шоронжуулж байна гэдэг. Энэ хэр үндэстэй вэ?

-Хуулийг хэн нэгэн хүний нэрээр нэрлэж, өнгө будгаар будах нь зохимж­гүй юм.  Гэхдээ би таны хэлэх гэсэн санааг ойл­гож байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Ням­доржийг өмнө нь мөн энэ албан тушаалаа хашиж байх үед буюу 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн талаар ярьж байх шиг байна. Одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийг илүү боловс­ронгуй болгох, ялыг тухайн хэр­гийн нөхцөл байдлаас шалтгаа­лан ялгамжтай ногдуулах эрхийг шүүгч нарт олгох нь энэ байд­лаас гарах гарцын нэг гэж үздэг. 

-Хүн хорих эрх маш олон газар байх юм. Захын цагдаа ч хүнийг хэрэг үйлдсэн үйл­дээгүйг нь л харгалзан баривч­лах гэх юм. Тухайл­бал манай нэг сэтгүүлчээс тайлбар авна гээд цагдаагийн нэг байцаагч очиж тайл­бар өгөх гэхээр нь барьж хорино гэж бөөн юм болсон. Ийм олон баривчлах эрх­тэй байгууллага байх нь зөв үү?

-Ардчилсан нийгэмд хүний эрх, эрх чөлөө хамгийн дээд үнэт зүйл байдаг. Төрийн байгуулла­гаас хүний эрхэнд халдах үндэс­лэл холбогдох хуульд маш тодорхой заагдаж, тэр хүрээнд нь төрийн албан хаагчид үйл ажил­лагаагаа явуулдаг байх шаард­лагатай. Цагдан хорих таслан сэргий­­лэх арга хэмжээг одоо зөвхөн шүүгчийн зөвшөөрлөөр авдаг бол­сон. Харин хуульд заасан үндэслэл, журмын дагуу богино хугацаанд түр саатуулах эрх хэрэг бүртгэх, мөрдөн байцаах буюу цагдаагийн бай­гуул­лагад байгаа бөгөөд проку­рор үүнд хяналт тавьдаг. Гүйцэт­гэх ажил­лагаатай холбоотой зарим үйлдлийг зөвхөн шүүгчийн зөвшөөр­лөөр авдаг болох талаар ч яригдах болсон. Энэ нь ч зөв байх. Цаашид хэрэг бүрт­гэлт, мөрдөн байцаалтын явцад хүний үндсэн эрх, эрх чөлөө хөндөгдсөн тохиолдолд асууд­лыг зөвхөн шүү­хээр шийдвэр­лэдэг байх журманд шилжих нь зүйтэй юм даа.

-МАХН-ыг танайх яагаад хуга­цаанд нь бүртгэхгүй зув­чуулаад Үндсэн хуулийн Цэц рүү шил­жүүлчихэв ээ?

-Улс төрийн намын бүртгэ­лийг хуульд заасны дагуу Улсын Дээд шүүх хийдэг.  МАХН-ыг бүртгүүлэх тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд хянаж үзсэн. Хянах явцад Улс төрийн намын тухай хуулийн тодорхой заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарсан. Мөн энэ үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх Монгол Ардын Намын гарга­сан нэхэмжлэлийг хянан шийдвэр­лэх явцад Улс төрийн намын тухай хуулийн тодорхой  заалт Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэл­зүүлж, саналаа УДШ-д оруулсан юм. Эдгээр  асуудлуудыг Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасны дагуу Улсын Дээд шүүхийн нийт шүүгч­дийн хуралдаанаар 2011 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хэлэл­цээд саналыг үндэслэлтэй гэж үзсэн тул 3 дугаар тогтоо­лоор Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргаад байна. Улсын Дээд шүүхийн хүсэлтээр Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэсэн, энэ асуудал удахгүй шийдэгдэнэ гэж найдаж байна.

Өөрөөр хэлбэл МАХН-ын бүртгэ­лийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гартал түр түдгэлзүүлээд байгаа.

-МАН энэ шийд­вэрийг гарга­хад нөлөөлөв үү?

-МАН-ын зүгээс шууд болон шууд бус хэлбэрээр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдэд нөлөөл­сөн эсхүл нөлөөлөхийг оролд­сон асуу­дал байхгүй. Харин олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжин санал, шүүмжлэл нэлээд хүчтэй өрнөс­нийг та бид мэдэж байгаа шүү дээ.  Шүүх улс төрийн ч бай, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ч бай аливаа нөлөөнд автах учиргүй, гагцхүү хуульд захираг­даж шийдвэрээ гаргасан.

-Сангарагчааг албан тушаа­лаас нь түдгэлзүүлээгүй бай­хад шүүх анхан шатны хурлаа­раа шийдвэр гаргалаа гэх юм. Одоо Улсын Их Хурал энэ асууд­лыг сөхөх гээд байгаа гэсэн. Заавал албан тушаа­лаас нь огцруулж байж шийдэх ёстой байсан гэж үү?

-Авлигатай тэмцэх газрын дарга болон зарим удирдах албан тушаалтнуудтай холбоо­той эрүүгийн хэрэг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байгаа. Шүүх бүрэлдэхүүн хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу шийдвэр гаргасныг  Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга хөндлөнгөөс "Ингэж, тэгж шийдвэрлэх ёстой байсан" гэж тайлбарлах нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөө­лөх тул боломж­гүй юм. Шүүгдэгч­дийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан гэсэн. Тэгэхээр хуульд заасан журмын дагуу Нийслэлийн Давж заалдах шат­ны шүүх хэргийг хянаж шийдвэр­лэх байх аа.

Онцлох нийтлэлүүд