Далай ламын хойт дүр тодорсныг нууцалж байна


XIV Далай ламын хойт дүрээр
есөн настай монгол хүү тодорсон талаар мэдээлэл түгэв. Энэ талаар албаны эх сурвалжаас
тодруулахад үгүйсгэсэнгүй. Чухам яагаад Далай ламыг жанч халаагүй байхад хойт дүр нь тодорчихов гэдэг нь анхаарал
татаж байгаа юм. Учир нь Далай лам өөрийг нь жанч халснаас хойш хойт
дүрийг нь улс төрийн шалтгаанаар Хятадаас тодруулах
вий гэж болгоомжилсонтой холбоотой аж. Тиймээс ч уламжлалт ёсыг эвдэхээс аргагүйд хүрч ийнхүү
хойт дүрээ жанч халахаасаа
өмнө тодруулж байгаа гэнэ.
Далай лам өмнө нь хойт дүрээ Хятад бус харин бурхны шашинт Балба, Монгол, Халимаг, Буриад болон АНУ-аас тодорч болзошгүй хэмээн мэдэгдэж байсан билээ. Харин хойт дүрээр нь тодорсон гэх монгол хүүг олон нийтэд зарлахаас нууцалж байгаа нь хүүгийн аюулгүй байдлыг бодолцсоных юм байна. Далай ламын дараагийн дүр говийн аймгаас төрсөн бөгөөд Энэтхэгээс ирсэн рембүүчий дагалдан ирсэн лам нарынхаа хамт тус аймгийг зорьжээ. Цаашлаад ҮАБЗ ч энэ талаар мэдэж байгаа тухай мэдээлэл байна.
Үүнээс өмнө IV Далай лам Ёндонжамц монгол хүн байсан. Тэрээр 1589-1616 оны хооронд амьдарч байжээ. Хэдийгээр манайд хутагт хувилгаадыг тодруулсан тохиолдол зөндөө байдаг ч VIII богдоос хойш хойт дүрийг нь тодруулахыг хориглож байжээ. Мөн 1994 онд ҮАБЗ-өөс баталсан хутагт, хувилгаадыг тодруулахгүй байх шийдвэр байдаг гэнэ.
Тиймээс хутагт хувилгаан, хойт дүр тодруулах нь манайд бол эрх зүйн хувьд хаалттай аж. Далай ламын хойт дүр тодорлоо гэхэд өмнөх шийдвэрүүдийг өөрчлөх юм уу, ямар нэгэн хууль гаргах шаардлага бий болж байгаа юм байна. Гэлээ ч сүүлийн үед л гэхэд Түвдийн томоохон рембүүчи, хутагт хувилгаадын хойт дүр Монголд тодорсон хэд хэдэн жишээ бий. Хэдийгээр хуульчилж, албан ёсжуулаагүй ч олны сүсэг бишрэлийг хэн нэгэн эсэргүүцэж байсангүй.
Харин БНХАУ-д 2007 онд хутагт хувилгаадыг тодруулахыг хуульчилсан
юм байна.