Улстөржсөн эдийн засаг улс орныг сүйрүүлнэ


УИХ-ын 20 гишүүн "эх оронч" асуудал дэвшүүллээ. Ноднин жил Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч яг иймэрхүү зүйлийг уул уурхай, газрын баялагтай холбож ярьж байлаа. Одоо ч тэр яриа дуусаагүй үргэлжилж байгаа. Нэг талаас харахад энэ хүнтэй ойр байсан хүмүүс, нэг нутаг усныхан эдгээр 20 гишүүний олонхийг бүрдүүлээд байгаа болохоор эргэлзэж, хардах сэтгэл төрөөд байна.
Улс орны эрх ашиг талаасаа энэ 20 гишүүн зөв зүйл яриад байх шиг хэрнээ улс төрийн шийдвэр талдаа Н.Энхбаярт асар их дэм болчих вий дээ гэж бодогдох юм.
Гэхдээ УИХ-ын 20 гишүүнийг мэдэгдэл гаргаснаас хойш Оюу толгойн хувьцааны үнэ таван ам.доллараар буужээ. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намуудын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хүлээж авч уулзахдаа хөрөнгө оруулагчдад хатуурхаж болохгүй гэж хэлэхэд хувьцааны үнэ нь өсөөд ирж байгаа юм. Өнөөдөр Оюу толгой зөвхөн монголчууд юм уу Рио Тинтогийнх гэж шууд ойлгож болохгүй болж. Энэ бол дэлхийд хамаатай хэрэг болсон шүү. Үүний үр дүнд хамгийн их үр шимийг монголчууд хүртэнэ. Иймээс хувьцааны үнэ буурвал хамгийн түрүүнд монголчуудад хохиролтой. Учир нь хувьцаа гэдгийг үүрэн телефоны урьдчилсан төлбөрт үйлчилгээтэй жишье л дээ. Нэгэнт бид мөнгөгүй тул хүний мөнгөөр үйлдвэрээ барьчихаад өөрсдөө ашиг хүртэхээс гадна урьдчилан төлбөр хийсэн хүнд багахан хэмжээний ашиг өгнө. Харин хувьцааны үнэ унах нь Монголд баригдах үйлдвэр, орд ашиглах хугацаа тэр хэмжээгээр хойшилно. Хувьцааны үнэ өснө гэдэг нь бидэнд ашигтай тусна. Хэрэв төр баялгийн орлогыг шударгаар хуваарилж чадвал нийгмийн эмзэг хэсэг баялгаас илүү хүртэх ёстой. Харамсалтай нь УИХ маань хэдэн толгойтой нь үл мэдэгдэх бөгөөд хэзээ нэгэн цагт ямар нэгэн бодлого хэрэгжүүлнэ гэдэг нь тодорхой бус байна. Үүний тод жишээ нь саяхан 20 гишүүн Оюу толгой гэрээнд засвар оруулах тухай санал хэлсэн явдал юм. Хэдийгээр энэ нь наанаа эх оронч харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ Африкийн ядуу буурай орнуудын тогтолцоо руу тэмүүлсэн хэрэг юм. Тэдгээр орнуудад төр барьсан бүлэглэлүүд нь эх орныхоо баялгийг цөлмөөд гадаадад гарчихдаг. Тэдний залгамжлагчид нь эх орон ард түмнийхээ төлөө гэсэн уриатайгаар засгийн эрхэнд гарна. Тэд баялгийг ашиглах боловсруулах тухай ямар ч ойлголт байдаггүй. Өөрсдөө хөрөнгөгүй, технологигүй, боловсролгүй учраас гадны хөрөнгө оруулалтаар баялаг бүтээж ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлж болно гэдгийг маш сайн мэддэг. Гэвч энэ нь ард түмэнд ашиг өгөхөөс эрх баригчдад хүртэх юм бага байдаг. Иймээс тэд гадаадын хөрөнгө оруулалтыг байнга эсэрүүцсээр ирсэн. Үр дүнд нь тус орнууд бослого. хумхаа, алан хядлага хар тамхи, зэвсэг, хүний наймааны голомт болж хувирсан. Буурай орнууд гадны хөрөнгө оруулалтаар өндөр хөгжилтэй орон болсон олон тохиолдол бий. Япон, Сингапур, Хонконг зэрэг орнууд барууны хөрөнгө оруулалтаар боссон. Эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа Хятад, Энэтхэг зэрэг орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг гайхамшигтайгаар ашиглан хэдэн тэрбум хүнийг турааж алчихалгүй өнөөдрийг хүрч байна. Эндээс харвал эрхэм 20 гишүүн XXI зууны Монголын хамгийн том хөрөнгө оруулалтыг зогсоох гэж байгаа мэт харагдана. Гэхдээ тэдний шаарлага нь хөрөнгө оруулалтыг зогсоох гацаах тухай биш юм. Үүнд Засгийн газар ч тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой. Учир нь тэд УИХ-ын 57 дугаар тогтоолын заалт болох "Айвенхоу майнз" компани хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмших хувийг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг 30 жилийн дараа гэж гэрээнд тусгасан. Үнэн чанартаа "Айвенхоу майнз" 30 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн ямар ч тооцоо байхгүй. Магадгүй маргааш ч нөхчихөж болно. Түүгээр ч зогсохгүй 50 жилийн дараа ч нөхөж магадгүй. Энэ нь эрхэм гишүүд болон "Айвенхоу майнз" компаниас шалтгаалахгүй юм. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн нь 10 мянган ам.долларт хүрч эсвэл түүнээс доош унаж байгаа зэс 2000 ам.доллар хүртэл буурахад л хөрөнгө оруулалтаа хэзээ ч нөхөхгүй болно. Тиймээс нэг талдаа эрхэм гишүүдийн шаардлагыг зөвтгөж ч болох юм. Нөгөө талдаа "Айвенхоу майнз"-ын хариуг хүндэтгэх учиртай. Эцэст нь эндээс гарах ганц гарц бол Засгийн газын зөгнөсөн 30 жил ч биш, эрхэм гишүүдийн мэргэ төлөгт буусан шиг 3-5 жил ч биш ердөө л гэрээндээ "Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа.." гэдэг заалт оруулчихад л хангалттай юм. "Айвенхоу майнз"-ынхан хөрөнгө оруулалтаа хуурамчаар өсгөсөн тухай яриа байдаг. Өнөөгийн тусгаар Монголын хувьд энэ бол боломжгүй юм. Ерөнхийлөгчийн хэлснээр УИХ, Засгийн газар анхны энэ том хөрөнгө оруулалтыг бөөцийлөн бойжуулж чадвал Монголд дараагийн томоохон хөрөнгө оруулалтууд санаанд оромгүй их ашиг авчирна.
Улс төр судлаачдын үзэж байгаагаар өнөөдөр манай эрх баригч намууд үзэл баримтлал, тэр тусмаа зах зээлийн эдийн засгийн цогц үзэл баримтлалгүй байна. Монгол ардын нам зүүний нам гэдэг боловч ихэнх тохиолдолд барууны гэгддэг хэт хөрөнгөжих бодлого явуулдаг. Ардчилсан нам барууны үзэлтэй гэдэг боловч олон тохиолдолд хавтгайрсан халамжийн автор болсоор өнөөг хүрсэн. Энэ нь тухайн намуудын үзэл бодол нь явуулж байгаа эдийн засгийн үйл ажиллагаатайгаа нийцэхгүй байгааг харуулж байна.
Нэгэнт намуудын үзэл бодол төлөвшөөгүй тул УИХ,
Засгийн газар цэгцтэй, нэгдсэн, уялдаатай шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх ямар ч боломжгүй юм. Хэрэв
УИХ, Засгийн газар нэгдсэн бодлоготой байж чадвал сонгуулиас өмнө Оюу толгойг
цэгцлээд зогсохгүй төмөр зам автозам,
барилгажилт ногоон
хэрэм зэрэг томоохон бодлогуудаа тодорхойлж ирээдүйд ихээхэн мөнгө босгох боломжтой. Ингэж чадвал дөрвөн жилийн турш
өгөх гэж үйлээ үзэж байхын оронд 1.5 сая төгрөгийн цалин
авдаг хоёр сая ажилтан манайд бий болж болох юм. Тэр үед ажилгүйдлийн тухай
биш ажиллах хүчний дутагдалд
орох тухай л ярих байх. Тэгвэл монголчуудын хувьд ядуурал гэдэг өнгөрсөн үеийн хар дарсан
зүүд л болж үлдэнэ. Тэгэхээр
улстөржих хэрэг
байна уу? Эдийн засгаа улстөржүүлбэл улс орон
чинь сүйрэл рүүгээ л явна.