ФРАКЦУУД буюу УЛС ТӨР


Сонгууль ч дөхөж байгааг хэлэх үү, улстөрчдийн идэвх сэргэжээ. Наашаа харж нахилзаж, цаашаа харж тонголзоод, үг хэлэх нь олширч, үйл явдал өрнүүлээд эхэлж байгаа нь сонгууль ойртсоны дохио гэлтэй.
Засгийн газар огцорно гэнэ, огцрохгүй гэнэ, Огцруулна, огцруулахгүй гэнэ. Ямар ч байсан иймэрхүү үйл явдалд гайхаад байх хэрэггүй болж. Хэнийг ч засаг толгойлж байхад болж л байдаг процесс. Одоо бол Засгийн газрыг огцруулах гэсэн хүсэлтэй АН-ын ч, МАН-ын ч нөхдүүд олон байна. Үр дүнд хүрэх эсэхийг хэн мэдэхэв. Улс төрийн энэ үйл явдлуудтай уялдуулж фракцууд ямар байр суурьтай байгаа хийгээд үйл явдал хэрхэн өрнөж байгаа талаар хүргэе.
Ардчилсан нам Ардын намаас олон фракц бүлэглэлтэй. Гэвч албан ёсоор фракц гэдгээ зарласан нь цөөхөн. Ардын намд албан ёсны фракц зарлагдаагүй ч, байдаг гэдэг нь хэний ч мэдэх хэрэг. Мэдээж аль аль нь өөр өөрийн эрх ашгийн төлөө хуйвалдахдаа хуйвалдаж, хэлэлцэхдээ хэлэлцдэг. Хэн нь Засгийн газарт их суудал авсан, хэн нь УИХ-д олон кноптой гэдгээсээ илүү намынхаа ҮЗХ, Бага хуралд хэр олон хүнтэй гэдэг нь эхний том шалгуур үнэлгээ болно. Ардчилсан намын анхны партизануудаас гаралтай, бас анхны, хүчтэй, томоохон фракц нь яах аргагүй МоАХ. Үргэлж ганц маршалтай, баахан явган цэргүүдтэй явж ирсэн. Өмд гутал, бакал нь цоорхой ч байсан хамаагүй явган цэргүүд нь урвашгүй үнэнч гэдгээрээ сайн талтай. Нэг үгээр хэлбэл, боловсон хүчин хомс. Харин чөлөөнд гарсан баахан хурандаатай. Цагаандарийн Энхтүвшин, Билэгт гээд л хөвөрнө. Хэдэн гайгүй хурандаа, генерал байсан ч түүнийгээ өөд нь татаж гаргаж ирж чадаагүй. МоАХ фракцын хувьд ганц нэг Дандар баатар шиг нөхөд байдаг ч тэднийгээ хэлмэгдлээр шоронд хийчихэж мэдэх талтай. Багийн тоглолт төдийлөн хийгээд байдаггүй. Зөвхөн удирдагчдын жолоо хэрхэн залж байгаагаас л бүх зүйл хамаардаг. Х.Баттулга одоо энэ фракцыг толгойлж байгаа бөгөөд өмнө нь Ц.Элбэгдорж маршал нь байсан. Халааг нь авсан маршал болох Х.Баттулга улс төрд гол тоглолт хийдэг, хүчтэй лидерийн хувьд намынхаа ч, Монголын улс төрд ч голлох үүрэгтэй нэгэн. Тэрээр ҮЗХ-д ч хэрхэн тоглолт хийснээс их зүйл хамаарна. Нэг үгээр хэлбэл, тэрээр Монголын улс төрийн хаашаа явахад нөлөөтэй нэгэн. Түүний нэрээр фракц нь ч дагаж хүчтэй харагддаг. Одоогийн байдлаар Хамтарсан Засгийн газрын хувь заяа ч түүний шийдвэрээс ихээхэн хамааралтай гэж улс төр судлаачид харж байна.
АЛТАН ГАДАС
Н.Алтанхуягаар удирдуулсан "Алтан гадас" нь эв нэгдэл сайтай. Тодорч гарсан лидер гэхээр хүн нь фракцын ахлагчийг эс тооцвол бараг үгүй. Гэхдээ нэлээд хэдэн генералтай гэж болох юм. Анх Соцдекээс уламжлалтай энэ фракцыг ч Увсынхны бүлэглэл гэж тодотгох нь бий. Энэ фракцыг олон офицертой гэж хэлж болох юм. Тиймээс өрсөлдөгч намуудынхаа Увсаас гаралтай томоохон лидерүүдтэй тохиролцож улс төр хийдэг гэлцдэг. Ямар ч байсан өнөөдөр Засгийн газарт шадар сайд, сангийн сайдтай учир хүчирхэг фракц. Гол хорыг эдний фракц мөн найруулж ирэх сонгуулийн өнгийг тодорхойлно. "Алтан гадас"-ын одоо барьж буй бодлого бол Засгийн газраас гарахгүйгээр сонгуультай золгох хүсэлтэй байгаа аж.
МҮДН
Албан ёсоор зарлагдаагүй фракц боловч хүлээн зөвшөөрөгдсөн. Армиар бол хангалтын албанд ар талд зогсдог гэж хэлж болох юм. дайнд оролцдоггүй ч ялалтын үр шимийг ч, ялагдлын ашгийг ч яаж ийж байгаад хүртдэг. Ардчилсан намын генсек Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Лу.Гантөмөр, Ц.Баярсайхан, Зоригт, гээд жагсана. Төдийлөн идэвхтэй биш ч ямар нэг улс төрийн акц явагдсаны дараа яаж ийж байгаа юмтай хоцордог.
АРДЧИЛСАН ХҮЧНИЙ ХОЛБОО
З.Энхболдоор удирдуулсан Ардчилсан хүчний холбоо нэлээд сүүлд бий болсон ч урд ургасан эврээс сүүлд ургасан чих урт гэдэг шиг нэлээд хүч түрэн орж ирсэн. Яах аргагүй Ардчилсан намын лидерийн нэг З.Энхболдыг яалт ч үгүй маршал гэж хэлэх байна.
НЭГ АРДЧИЛАЛ
Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын залуусын фракц. Эхэндээ ах нарынхаа өөдөөс сөрж босох хүчтэй фракц мэндлэх нь гэж байна гэсэн сүрхий айдас бий болсон, Уг нь анх энэ фракцыг үүсгэн байгуулагч нь Б.Батбаатар, Лу.Гантөмөр нар юм. Олон залуус тэднийг дэмжиж байсан боловч нэгдэхээр удалгүй Ардчилсан намын залуусын амбицаас болж томорч чадаагүй. Гэхдээ бүр тасарчихгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Цаашид хүчирхэгжих эсэх нь энэ намын залуусын эв нэгдэл, нэг зүг рүү харж чадах эсэхээс л шалтгаална.
Мөн Ардчилсан намд Зүүн хойд ази гэж бий. Батж.Батбаяр, Лу.Болд, М.Зоригт зэрэг хүүүс багтдаг. М.Зоригтыг нэрлэх болсон нь Зүүн хойд Ази фракцын халаасанд ИЗН-ыг явдаг гэж хэлэлцдэг. Кроун хэмээх фракц бий бөгөөд Алтан гадаст гомдогсод голдуу орсон байнгын үйл ажиллагаатай.
ЗҮҮНИЙ ХҮЧНИЙ ХОЛБОО
МАН-ын хувьд фракцын нэгдлээс гадна намын эрх ашиг гэдэг том зүйл бий. Харин сүүлийн үед энэ нь нэлээд өөрчлөгдөж байгаа. МАН-ын хувьд маршал, генералууд олонтой. Гэвч тэд тохиролцож ч, хохиролцож ч чаддаг. Сүүлийн үед МАН дахь хамгийн том фракц бол Зүүний хүчний холбоо болоод байна. Нам шигээ анхан, дунд шатны байгууллагатай. Бүр чуулганы хэмжээнд хурал хуйгаа хийдэг. У.Хүрэлсүх Бага хуралд тэрээр өөрийн хүмүүсийг сайтар шургуулж дөнгөсөн гэнэ. Уг нь МАН-ыг МАХН байх үед дүрмээр хүлээн зөвшөөрөгдсөн ганц албан ёсны фракц байсан нь "Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс" жигүүр. Мөн Онц их хурлын төлөө хөдөлгөөн, Шинэ эргэлт хөдөлгөөнүүд бий болж байлаа. Дээрх хөдөлгөөнүүдийг нам нь хүлээн зөвшөөрөөгүй ч эд үүргээ гүйцэтгэсэн. Харин жигүүрийн олон хүн Н.Энхбаярыг дагасан. Дээр нь Н.Энхбаярыг МАХН-аа байгуулахаар Онц их хурлаа хийх үед У.Хүрэлсүх намын байрнаасаа жигүүрийнхнийг хөөснөө мэдэгдэж өрөөнийх нь түлхүүрийг хурааж авсан. Тэгэхээр одоогийн МАН аль хэдийнээ жигүүрээ тасдаж хаясан гэсэн үг. Тэр жигүүрийг нь харин Н.Энхбаяр цуглуулж өд сөдийг нь эвлүүлэн өөрийн болгосон ажээ. У.Хүрэлсүх НАМЗХ-ны залуусын загалмайлсан эцэгээр тодроод байгаа бөгөөд элдэв улс төрийн акцдаа тэдний хүчийг ашиглаж байгаа. НАМЗХ-ны залуус ч амбицтай, мөнгөтэй учраас юунд ч хөдлөхөд бэлэн. МАН-д дараагийн сонгуульд эднээс нэлээдийг нь У.Хүрэлсүх сойх нь тодорхой.
ХОТЫНХОН
Мөн МАН дахь хамгийн том бүлэглэл бол хотын фракц. Генерал нь М.Энхболд. Тэр бүр хөнгөн хөдлөөд байхгүй түүнийг зангарагтай улстөрч, ийм том бүлэглэлийн удирдагч болно гэж харсан хүн цөөхөн. Магадгүй Н.Энхбаяр түүнд олон юм сургасан биз. Дээр нь нөхөрлөж явсан Н.Энхбаяр нь дайсан болсон учраас илүү хурцалж өгсөн байх. Гэхдээ хотын фракцынхан ч өөр өөрийн замаа бодсон хүмүүсийг нь тооцвол хуучнаасаа суларсан гэдэг.
С.БАЯРЫН ФРАКЦ
С.Баяр МАН-ын дарга, Ерөнхий сайд асан түүнийг энэ цагийн томоохон улстөрчөөр зүй ёсоор нэрлэнэ. Яалт ч үгүй маршал. Нам нь түүний ар талын арми гэж хэлж болох юм.
Түүнийг өнөөдрийн улс төрийн томоохон акцуудыг хийдэг гэж үздэг. Тэрээр хэнтэй л бол тохиролцож, хэнтэй л бол байлдахад бэлэн. Өнөөдөр МАН энэ хүний гар дор зангидагдаж байна. Харин МАН-ын дарга С.Батболдын хувьд өөрийн үеийн чадалтай хэдэн сэхээтнүүдээр тойруулсныг эс тооцвол ард нь С.Баяр байдаг гэж хардах хүн олон. Ямар ч байсан С.Баяр намдаа том үүрэг гүйцэтгэсээр байгаа.
С.БАТБОЛД ХИЙГЭЭД СЭХЭЭТНИЙ БҮЛЭГ
Тэдний бүлэглэлийнхнийг улс төрийн хүрээнийхэн ингэж нэрлэж байгаа. Ц.Мөнх-Оргил, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, хотын дарга Г.Мөнхбаяр ч Ерөнхий сайдын багт ажиллаж байгаа. С.Батболд "Таньдаг бурхнаас таньдаггүй чөтгөр дээр" гэж нэгэнтээ хэлсэн гэдэг. Тэгэхээр өөрийн баг, фракц гэхээсээ илүү хүчтэй шинэ үеийнхнийг өөртөө татаж баг бүрдүүлэхээр чармайж буй аж.
Мөн энэ намд олон лидер, чадалтай улстөрчид бий бөгөөд лидерүүдээ дагаж үйл явдлууд өрнөж, фракцууд бий болж, бас өөрчлөгдөж буй. Гэвч одоо түүнд байсхийгээд довтлох 20-ийн бүлэг буюу хор намын гишүүдээс бүрдсэн гишүүд гол айдас болж байна. Улс төрийн хүрээнийхэн дээрх хорин гишүүнийг 76 дотор байгаа эх оронч гишүүд гэж нэрлэж байгаа бол нөгөө хэсэг нь УИХ дахь МАХН-ын бүлэг гэж хардаж байгаа юм.
Н.ЭНХБАЯР, М.ЭНХСАЙХАНЫ ХОРШИЛ
МАХН-ын дарга Н.Энхбаяр ганцаараа маршал партизаны дайн хийж
байна. Хажуудаа бас М.Энхсайхан гэдэг генералтай болов. Баахан партизан дагуулсан
тэд дараагийн сонгуульд УИХ-д овоохон суудал авахаар нарийн тооцоотой хөдөлж байна. Бусад нь биш байлаа гэхэд өөрсдөө гарч ирнэ гэдэгтээ тун итгэлтэй байгаа учраас ч
эвсэл, нэгдлийг эхэндээ тавьж байгаа билээ.