Н.Энхбаярыг дагагсад хийгээд МАН-ыг орхигсод


Н.Энхбаярыг явснаас хойш МАН-д ч, МАХН-д ч бужигнаан үүслээ. Н.Энхбаяр шоронд явсан ч ажлаа хийсээр байгаа юм шиг сэтгэгдэл заримдаа төрөх юм. Тиймээс хоёр хоногийн өмнө яах аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн МАН-ын улстөрчид нь МАХН руу орчихлоо.
Н.Энхбаярыг баривчлах үед гэрт нь очоод диванд даруулж, нүдний шилээ хагалуулаад, эрхээ зөрчүүлээд байсан гэх эрхэм гишүүд МАН-даа гомдож туньсан тал ч бий. Нөгөө талаас юунд ингэтлээ нэг хүний төлөө хамгаа золин гүйгээд байна гэдэг нь анхаарал татна. Учир нь бүгд Н.Энхбаяртай тухайн үед эрх мэдэл, мөнгө төгрөгөөр холбогдсон эртний сэжимтэй аваа, өгөө эдэнд бий. Нөгөө талаас харвал манай улстөрчдөөс хайгаад олдохоо больсон хүний мөс жудаг бас МАХН-д элссэн энэ хэдээс үнэртээд байх шиг. Хүнийхээ хувьд нам биш, нөхөрлөл нь чухал л даа. Н.Энхбаярыг өөдөлж дэвшиж, хаан шиг байх үед нь хөлд нь сөхөрч, хэлснээр нь дуулгавартай гүйцэтгэгч байсан нөхдүүдээс одоо нүүрээ буруулж элдвээр нь хэлээд сууж буй нь МАН-аар дүүрэн байгаа. Тэдэнтэй харьцуулахад эзэндээ үнэнч, бас ч гэж нөхөрлөлөө авч үлдэж буй нь Д.Тэрбишдагва тэргүүтнүүдээс харагдаад байгаа. Гэвч улс төр хойно ашиг сонирхол, албан тушаал, мөнгө санхүүгийн холбоотой байсан нь ийнхүү үнэнч мэт явахад нь нөлөөлсөн ч байж болох. Мөн Н.Энхбаярыг дагагсдаас аль ч үгүй хоцорч буй хүмүүс ч байна. Тухайлбал Ц.Даваасүрэн гишүүн нэг талдаа асуудлаа шийдэхгүй явсаар МАХН ч үгүй, МАН ч үгүй хоцорлоо. Нөгөө талаар Энхбаярыг дагагсдыг түүнд ямар нэгэн шалтгаанаар барьцаалагдсан гэж хэлэх хүн олон бий. МАН хүсээд байгаа албан тушаал, тойргийг нь өгсөн бол эд нар ингэж явах байсан ч уу, үгүй ч үү гэж бас бодогдмоор. Намаасаа гарахдаа тулбал найз Энхбаярыгаа дагаад аль хэдийнээ МАХН-аа байгуулж байх үед нь л явчихаж болох л байсан. Гэвч тэгээгүй нь бас нэгийг хэлнэ. Ямар ч байсан дээрх нөхдүүд МАН-д сонгуулиар суудал авчрахаар хүчтэй лидерүүд мөн үү гэвэл мөн.
Д.ТЭРБИШДАГВА
Түүнийг мөнгөөр албан тушаалд очсон хүмүүсийн нэг гэгддэг. Н.Энхбаярын хамгийн шадар хүмүүсийн нэг. Мэдээж албан тушаалд очих, нэр дэвших олон асуудал дээр нь тусалсан хүн бол Н.Энхбаяр. С.Зоригийн хэрэгт сэжиглэн Францаас хулгайлан, Германаар дамжин авч ирсэн Д.Энхбатын хэрэгт Д.Тэрбишдагва холбогдож байсан. Учир нь тэр үед тэрээр Германд элчингээр сууж байсан билээ. Энэ хэргээс нэр цэвэр гарсан нь Н.Энхбаярын тус. Д.Тэрбишдагва ч Н.Энхбаярыг хүнд хэцүү үед нь огт урваж байгаагүйгээр нь түүнийг жудагтай, хүний мөстэй, үнэнч хүн гэж харж болохоор байгаа юм.
Ч.УЛААН
Тэрээр Сүхбаатар аймгаас УИХ-д өвдөг шороодолгүй олонтаа сонгогдож байсан хүн. Яах аргагүй МАН-ын лидер байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад ч, Ерөнхийлөгч болоход нь ч андын харилцаагаа хэвээр, түүнээс хойш иргэн Н.Энхбаяр болоход нь ч урваагүй.
Өөр талаас нь харвал МАН нэр дэвших эрх өгөхгүй болохоор нь намынхнаа айлгах гэж тоглолт хийсэн гэх нь бий. Энэ нь ч бас хардах үндэслэл мөн. Учир нь Сүхбаатар аймаг өмнө нь хоёр мандаттай байсан бол энэ удаа нэг болсон. Тэр ганц мандатыг түүнээс намынхан нь булаах гээд байхаар, мөн Сангийн сайдын суудал өгөөгүй зэрэг нь намдаа гомдоод Н.Энхбаяр руу гүйсэн гэж харагдмаар. Гэвч эцсийн мөчид Энхбаяртайгаа үлдэхээр шийджээ.
О.ЧУЛУУНБАТ
Нэгэн үе Энхбаяртайгаа анд явж олон зүйлийн ард хамтдаа гарсан. Ялангуяа Худалдаа хөгжлийн банкийг хувьчлах үед Н.Энхбаяр тус банкийг өөрийн болгохоор улайрч байхад тэрээр түүнд тус болж байлаа. Дараа нь Монголбанкны захирлынх нь хугацаа дуусч Н.Энхбаяр дахин О.Чулуунбатыг тавих гэж үзсэн ч Ц.Нямдорж С.Батсүхийг сөргүүлж зүтгүүлж байлаа. Мөн өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр О.Чулуунбат Н.Энхбаяр нар хоорондоо харилцаа муудсан байсан юм. Гэвч Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд унаж, хэн ч биш болсон үед нь буцаад нөхөрлөчихсөн байсан. Тэдэнд тэгэх ямар нэгэн холбоо сүлбээ байсан нь гарцаагүй. О.Чулуунбатын хувьд олон дуулианд нэр холбогдож явсан. Энэ олон асуудлаас мултрахад нь Н.Энхбаярын оролцоо тус байсан биз.
Ц.Даваасүрэн гишүүн харин хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордгийн үнэн жишээг харууллаа. Одоо бол түүнийг МАН нь албан ёсоор хөөчихлөө.
Гэсэн атлаа МАХН-д бас очсонгүй. Тэрээр төрийн сангийн дарга байсан. Сангийн яаманд байхад нь түүнийг "арван хувь" хэмээн хочилдог байсныг бодоход тендерийн арван хувь гэдэг жишгийг тэр анх бий болгосон юм уу гэлтэй. Магадгүй Н.Энхбаяртай түрийвч нь холбоотой байсан биз.
Намдаа нөлөөллөө тогтоох гэж, Н.Энхбаярт үйлчлэх гэж аль аль талын эрх ашгийг харж, МАХН-ын жигүүрийг хүртэл толгойлж үзсэн ч, жигүүр нь албан ёсоор татан буугдаж МАХН руу ихэнх гишүүд нь гулссан.
Н.Энхбаярыг дагагсдаас гадна замаасаа буцсан, бултсан хүмүүс бас бий. Бас замдаа гээгдсэн нь бий. Үүний жишээ бол Б.Жаргалсайхан. Хэд хэдэн намтай эвсэж, нэгдэж явсан тэрээр туйлбартай байгаагүй нь Н.Энхбаярын болгоомжлох шалтгаан болсныг үгүйсгэхгүй. Гэхдээ тэрээр Н.Энхбаярыг баривчлагдах үед байшингийнх нь гадаа нэлээд удаан хугацаанд хэрүүл тэмцэл хийгээд зогсч байсныг нь бодоход яадгаа алдчихсан муу хүн биш бололтой. Харин гэрт нь яагаад ороогүй вэ гэвэл Н.Энхбаяр ярьж хэлж байснаасаа буцсанаас үүдэлтэй гэнэ. Тэр ч бүү хэл баттай эх сурвалжийн мэдээллээр тэр хоёр барьцалдах шахаж, бүр сүүлдээ бие бие рүүгээ аяга хүртэл авч чулуудсан гэсэн шүү.
Мэдээж дээрх хүмүүс Н.Энхбаяр гэдэг хүнтэй олон талаараа холбогдох сэжимтэй нь тодорхой. Мөн О.Чулуунбатыг "Гандирс" хороолол, Оросын банкинд алдсан арван сая долларын асуудал, Монголбанкны эрдэнэсийн сан хөмрөгт байсан эд зүйлийг өөрийн болгосон нь ямар учиртай вэ гээд шалгаж болно. Ч.Улааныг цайртаар, Ц.Даваасүрэнг тендерийн арван хувиар нь Д.Тэрбишдагвыг тусламжийн улаан буудайн асуудлаар нь Авлигатай тэмцэх газраар шалгуулж барьж, хорьж оролдож болох л юм.
Ямар ч байсан У.Хүрэлсүх ч саяхан болсон бага хурал дээрээ "Энэ хэдэн нөхдөөс би гуйсан. Намын дарга ч уулзсан. Бүр архи хувааж ууж байгаад ч гуйж үзлээ. Нэмэр болоогүй" гэжээ. Нэгэнт үг аваагүй нөхдөө МАН тэр чигт нь явууллаа. Харин дунд нь Ц.Даваасүрэн аль ч үгүй хоцорлоо. Р.Раш, Б.Бат-Эрдэнэ нарын хувь заяа ч цаашид бүрхэг байх нь. Эцэст нь МАН лидерүүдээ алдаж, МАХН УИХ-д гишүүдтэй болж, хүч сэлбэлээ.