Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралд үг хэллээ

Манай сурвалжлагч Д.Мөнгөндалай БНХАУ-ын Бээжин хотоос мэдээлж
байна.
НҮБ-аас жил бүр зарлаж Хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж гавьяа байгуулагчдыг шалгаруулдаг Эх дэлхийн манлайлагч шагналын энэ жилийн бодлогын манлайлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тодорсон билээ. Энэ нь Монгол Улс Ногоон бодлогоороо дэлхийн хэмжээнд очиж буйн томоохон илэрхийлэл болсон юм. Бразильд болсон энэхүү шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас БНХАУ-ын Бээжин хотноо хүрэлцэн ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн арванхоёрдугаар хуралдаанд оролцож үг хэллээ. Тус хуралдаан нь энэ сарын 6-7-ны өдрүүдэд болж өнгөрөв. Хуралдаанаар гишүүн орнууд зарим баримт бичгүүдийг байгуулахаар тохиролцов. Тухайлбал Мөнхийн Энхтайван, Хамтын хөгжил цэцэглэлтийн бүс нутгийг байгуулах тухай тунхаглал, тус байгууллагын хөгжлийн стратегийн үндсэн чиглэл, бүс нутгийн энх тайван аюулгүй, тогтвортой байдалд занал учруулах үйл явдлын үед авах улс төр дипломатын арга хэмжээ зэрэг багтаж байгаа юм. Мөн Афганистан улсад Шанхай хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчийн статус, Турк улсад яриа хэлэлцээний түншийн статус олгох тухай шийдвэрийг гаргахаар гишүүн орнууд тохиролцжээ. Энэ талаараа хэвлэлийн бага хурал зарлаж гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнуудад эдийн засгийн хамтын ажиллагааны төслийг дэмжих чиглэлээр БНХАУ-ын зүгээс арван тэрбум ам.доллар олгохоор шийдсэн гэдгээ хуралдааны үеэр БНХАУ-ын дарга Ху Жинтао онцоллоо. Мөн ойрын гурван жилийн хугацаанд гишүүн орнуудынхаа 1500 хүнийг сургалтад хамруулах боломжтой гэлээ. Гишүүн орнуудаас 30 мянган оюутанд Засгийн газар тэтгэлэг олгох, арван мянган багш оюутныг ойрын арван жилд БНХАУ-д мэргэшүүлэх сургалтад хамруулахаар амлав. БНХАУ-ын дарга Ху Жинтао Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнууддаа Найрсаг хөрш, найрамдалт хамтын ажиллагааны хороо байгуулахыг санал болгосон юм.
Мөн өдөр тус хуралдааны индэр дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, "... Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд эдийн засаг, соёл, боловсрол эрүүл мэнд, байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах зэрэг олон салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Гишүүн орнууд онцгой байдлын үр дагаврыг арилгах, урьдчилан сэргийлэх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төв байгуулахаар ажиллаж байгаа нь зөв санаачилга гэж бид үзэж буй бөгөөд тус төв байгуулагдсаны дараа үйл ажиллагаанд нь зохистой хэлбэрээр оролцохыг хүсч байна. Түүнчлэн хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, терроризмтай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг зорьж байна" гэсэн юм.