Өдрийн сонин үнэнийг хэлнэ
UBCab хүүхэд, ахмад настнуудад үнэгүй үйлчилж байна DNN.mn Оросууд түүхэн дээд амжилт тогтоов DNN.mm Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn UBCab хүүхэд, ахмад настнуудад үнэгүй үйлчилж байна DNN.mn Оросууд түүхэн дээд амжилт тогтоов DNN.mm Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2012.10.09 06:10

Манхэтэн дүүргийн нэгдүгээр өргөн чөлөөнд...

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж НҮБ-ын чуулга уул­залтад орол­цо­хынхоо өмнөхөн Бостонд очиж, магистр хийж хоёр жил суралцсан Харварддаа лекц уншсан талаар өм­нөх тэмдэглэлдээ өгүүл­сэн би­лээ. Ангийнх нь хүүхдүүд Ерөн­хийлөгч ангийн анддаа хүндэтгэл үзүүлэн тал талаас Хар­вард сургуульдаа цуглан ирж, нэ­гэн оройг хамтдаа өнгө­рүү­лэхээр шийдсэн нь сайхан санагдаж байс­­­ныг хэлэх хэрэгтэй байх. Суралцаж төгссөн сур­гууль­даа очиж, түүнд өг­сөн тэтгэлэг ер нь мон­гол­чуудад тэтгэлэг өгвөл хоо­сонгүй гэдгийг нэг тал­даа ба­талж өгчихөөд Ерөн­­­хий­лөгч НҮБ-ын хуралд үг хэлэхээр Нью-Йор­кийг зорьсон билээ. НҮБ-ын Ерөн­хий ассамб­лей жил бүрийн есдү­гээр сараас арванхоёрдугаар сар хүр­тэл хуралддаг бө­гөөд бусад үед нь зарлан ху­ралддаг онцлог­той ажээ. Есдүгээр сард бо­лох нээл­тийн үеэр нь ги­шүүн 193 орны төр зас­гийн тэргүүнүүд ирж оролц­­­дог уламжлалтай.

Өнөө жилийнх нь нээлт есдүгээр сарын 18-нд эхэлжээ. Харин манай Ерөнхий­лөгч 25-нд НҮБ-ын индрээс үгээ хэлсэн. НҮБ-ын танхимд суух дарааллыг улс орнууд жил бүр сугалаа татан тохирдог бөгөөд энэ жил Mьянмар улс нэг гэсэн оноол­тыг авсан учир суудлын дарааллыг эхлүүлж, манайх эхний эгнээний зүүн талаад суудал таарсан аж. Бас Ерөнхийлөгч үг хэлэх 26 дахь төрийн тэргүүн болжээ. Нью-Йор­кийн Манхэтэн дүүргийн нэгдүгээр өргөн чөлөөнд байрлах НҮБ-ын төв байр орчим жилийн энэ л улиралд онцгой харуул хамгаа­лалттай болж, хотынхоо бүх цаг­дааг энэ ажилд дайчилдаг гэдэг. Зарим гудамжийг нь хааж, автоза­мын ганц хоёр урсгалыг хорьж, энд тэндгүй америк биерхүү цагдаа нар зогссон харагдана. НҮБ-ын чуулганд оролцохоор очсон, сур­валжлахаар ирсэн бүхий л хүмүүс нарийн чанд шалгуурыг давах ёстой болно. Хэрэв цүнхэндээ уух усаа аваад орж байгаа бол заавал өөрөө ууж шалгуулж байх жишээ­тэй. Гэхдээ арга ч үгүй юм даа. Дэлхийн хамгийн лут хам­гаа­лалт­тай хүмүүс болох төрийн тэр­гүү­нүүд бүгд нэг дор тэнд цугларсан байна шүү дээ. НҮБ-ын байр руу орж байгаа бол ямар ч мундаг даргын хамгаалагч нь байсан буу зэвсэггүй ордог. Угаасаа тэнд зэвсэггүй бүс, нөгөө талаас НҮБ-ын хамгаалалтад орчихож байгаа гэж үздэг юм уу даа.

Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган "Хямралыг даван туулах, зохицуулах нь" сэд­вийн хүрээнд болж өнгөрсөн бө­гөөд ардчилсан засаглалыг унага­даг, хямралынх нь гол урхагт сур­валж болсон "Хуулийн засаглал" сэдвийн дор төр засгийн тэргүү­нүүд үгээ хэлсэн билээ. Ерөн­хий­лөгч хорин жилийн өмнө салаа замын уулзвар дээр зогсч байсан Монгол Улс өнөөдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдаж байгаад бахархаж буйгаа хэлж, эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн нь нийт ард түмэндээ хүрч мэдрэгдэх ёстойг, дэд бүтэцдээ анхаарах хэрэгтэй, төрийн нэрийн өмнөөс ялын дээд хэмжээ өгдөг тэр жишгийг халах гэж оролдож байгаа  тухай, боловсрол бол эрх чөлөөт ардчилсан орны хамгийн эхний хэмжүүр гэж боддог тухайгаа дэлгэ­рэнгүй ярьсан. Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтэд хандаж залуу охид, хөвгүүд сурах мөрөөд­лөө биелүүлэх ёстойг, энэ нь хүний эрхийн эхний хэмжээс болж бай­даг. Боловсролтой улс орны иргэд хариуцлагатай, хүний эрхийг дээ­дэлж чаддаг талаар мэдэгдсэн юм. Есдүгээр сарын эхээр манай Ерөн­хийлөгчийн Иранд очсон явдал нь дэлхийн цөөнгүй орны удир­дагч­дад, олон улсын ажиглагч нарт эргэлзээ төрүүлсэн байж болох юм. Дэлхий нийтэд хаалттай байдаг Натанз хотхон дахь цөмийн байгуу­ламждаа Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дор­жийг оруулж сонирхуулсан нь багагүй гайхшралыг дагуулсан байх. Гадны төр засгийн тэргүү­нүүдээс анх удаа хөл тавьсан хүн нь Монгол төрийн тэргүүн. Тэгэхээр ямар ч учраас Ц.Элбэгдорж Иранд очив, яагаад түүнийг оруулав гээд асуултууд дагасан байж болох юм. Олон улсын нөхцөл байдлыг ихээ­хэн сонирхдог бололтой нэгэн эр биднийг Монголын сэтгүүлчид гэж мэдмэгцээ ихэд шохоорхон олон зүйлийг асуусан бөгөөд үнэн­дээ өөрөө ч Монголын нөхцөл байд­лыг хөдөө амьдарч байгаа манай малчнаас дээр мэддэг юм билээ. Тэрбээр "Танай Ерөнхий­лөгч яа­гаад Иранд айлчлав" гээд байн байн асуугаад байсан юм. Түүн шиг асуулттай хүмүүс олон байсан байх. Зарим нь Монголыг төдийлөн сайн мэдэхгүйдээ Азид цөмийн зэвсгээр хөөцөлддөг нэг улс гарч ирэх нь гэж хардана бодож байсныг ч үгүйсгэмгүй. НҮБ-ын танхимд ч Монголын Ерөнхийлөг­чийг Ираны цөмийн байгууламжид орж чадсан гадаадын анхны тө­рийн тэргүүн болж чадсанд нь гайхаж, асуулттай ирсэн хүмүүс ч олон байсан биз. Харин тэр олон хүмүүст Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг мөр хариу өгч санааг нь амраасан. Монгол Улс хорь гаруй жилийн өмнө цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарласныг Ерөнхий­лөгчийг үг хэлэхээс хэдхэн өдрийн өмнө НҮБ-ын Байнгын зөвлөлийн таван орон албан ёсоор баталсан билээ. АНУ, Англи тэгээд цөмийн хэрэглээний тал дээр байр суурь нь тодорхой Хятад, Орос, Франц гээд бодохоор. Ямартай ч өнгөрсөн жилийн НҮБ-ын индэр дээрээс Монголын хөр­сөн дээр цөмийн хог хаягдал булах тухай асуудал байх­гүй гэж харин энэ удаад монгол­чуу­дын хорь гаруй жилийн өмнө харж чадсан өнцгийг батал­гаа­жуулс­ныг зарласнаараа онцлог болов.

Манай Ерөнхийлөгчийн "Авлига бол харанхуйд өсөн үржих халдварт өвчний нян мэт олон нийтийн итгэлийг үгүй хийж, хө­рөнгө оруулагчдыг үргээн айлгаж, иргэдийн боломж бололцоог дээ­рэмдэн тонож, улс үндэстний маань амин чухал дархлаанд халдаж байна. Бид харанхуйг гэрэлтүүлж, энэ өвчний эсрэг эрчимтэй дов­толж, таслан зогсоох ёстой" гэснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ардчилсан орнуу­дын хамтын нийгэмлэгийн хурлыг даргалах үедээ ишлээд байснаас харахад ихээхэн сэтгэгдэл төрүүл­сэн бололтой.

 АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама улс орондоо ирсэн төрийн тэр­гүү­нүүдийг урьж хүлээн авалт хийж, бас НҮБ-ын Ерөнхий нарийн бич­гийн даргын хувьд Бан Ги Мун бас нэгэнтээ зоог барьдаг юм билээ.

Өнөө жилийн хувьд Ерөнхий­лөгч Барак Обамгийн үг дэлхий нийтэд хандахаасаа илүүтэй до­тоодын иргэд сонгогчдодоо ханд­сан байлаа хэмээн олон улсын ажиглагчид дүгнэсэн нь үнэний ортой. Бараг ярианых нь 30 орчим хувь нь олон улс руу чиглэж, үлдсэн 70 орчим хувь нь өөрийн­хөө сон­гогчдод хандсан. Тэрбээр биднийг очих үед өрсөлдөгч Митт Ром­ни­гоосоо хувиар өндөр гарчихаад байсан үе нь билээ. Митт Ром­ни­гийн хувьд ард иргэдийн 47 хувьд засгаас тэжээлгэж, гар хардаг хүмүүс бай­гаа гэж ярьсан бичлэгийг нь ил болгосноор нэр хүнд нь жаахан уначихаад байсан. Харин эхний мэтгэлцээнээр хоёр хувиар эрхэм Ерөнхийлөгчөөсөө давж байх шиг байна. Гэхдээ л мэт­гэл­цээн дахиад хоёр ч байгаа шүү дээ. Ерөнхийдөө АНУ-д Ерөнхийлөгч дахин сонгог­дох магадлал юу юу­наас илүү. Ихэнх Ерөнхийлөгч найман жилээ гүйцээсэн байдаг нь дахин сон­гуульд өрсөлдөх шаард­лагагүй Ерөнхийлөгчөөс хамгийн шал­гар­сан шийдлүүд гардаг гэж үздэгтэй холбоотой билээ. Хэн нэгэн хүнд таалагдах гэж хичээ­гээгүй шийд­вэрүүд нь ард олондоо хамгийн хэрэгтэй байдаг гэж тайл­бар­ла­маар ч юм уу. Мэдээж, дэл­хийн хэмжээний том уулзалтууд төр засгийн тэргүүнүүд нэг нэгэн­тэйгээ уулзах том боломж байдаг. Гэхдээ тэр бүрт нь сэтгүүлчид очиж сур­валжлаад байх боломж тун муу юм. Зай талбай, хамгаалалт энэ тэрээс эхлээд асуудал их бий. Гэхдээ НҮБ-ын байранд нөгөө дэлхийн томчууд чинь бараг хам­гаалалт ч байхгүй алхаж байна шүү дээ. АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон гэхэд л энгийнээр хүмүүстэй ярилцаж, хүссэнтэй нь зургаа авахуулаад явж байна лээ. Ер нь ийм төрлийн хурал цуглаан маш том дипломат арга хэмжээ болдог. Манай Ерөн­хий­лөгчийн хувьд ч уулзалтууд нэлээд байсан. Чехийн Ерөн­хий­лөгч Вацлав Клаус, Швейцарийн  Ерөнхийлөгч хатагтай Эвелин Видмер, Шлумпф, Мьянмарын Ерөн­хийлөгч Тейн Сейн, Японы Ерөнхий сайд Нода гээд.

Японы Ерөнхий сайд манай Ерөнхийлөгчид бараалхах хүсэлт тавьж уулзсан нь Японы тал анх удаа Монголын талд хүсэлтээ тавьж уулзсан тохиолдол болж байгаа юм билээ. Хоёр талууд уулзах өрөөнд эхлээд манай Ерөнхийлөгч орж ирсэн. Тэгэхээр нь сэтгүүлч бидний нөхөд "Хоёр талаас орж ирээд уулздаггүй юм байх даа. Манайх түрүүлж ороод ирэх чинь, эсвэл манай тал хү­сэлтээ тавьсан болохоор хүлээгээд сууж байдаг юм байна л даа" гээд баахан таавар дэвшүүлээд байсан нь эсрэгээрээ байж. Харин манай тал хүлээж авч байгаа болохоороо нэг утгаараа гэртээ хүлээгээд сууж байгаа нь тэр аж. Энэ жижиг жишээ мэт боловч Монголын тал уулзах хүсэлт тавиад гүйгээд бай­даг цаг ард хоцорч л гэж хэлэх гээд байгаа юм.

НҮБ-ын чуулганы нээлтийн үеэр нэг хүн жигтэйхэн "од" болсон нь Мьянмарын Аун Сан Су Чи байлаа. Нобе­лийн Энх тайвны шагналт, ард­чилал хүний эрхийн тэмцэгч, Мьян­марын Үндэсний ардчилсан ли­гийн тэргүүн Аун Сан Су Чиг АНУ-д ирмэгц нь Сенат дээд шагналаа өгөөд, НҮБ-ын чуулганы хамгийн чухал хүн тэр болсон. Нийтдээ 15 жилийн турш гэрийн хорионд байсан тэрбээр нэг талаас бүр юу ч хийгээгүй мэт. Гэхдээ амьдралаа­раа, хань ижлээсээ хол төрсөн нутагтаа хоригдож ирсэн түүний гунигт амьдрал нөгөө тал­даа бирм­чүүдэд эрх чөлөө, хүний эрхийн үнэ цэнийг мэдрүүлж, дэл­хий дахинд ч үүнийг баталж чад­са­наар өнөөдөр дэлхий нийтийн талархлыг хүлээж байгаа мэт. Түүнийг гэрийн хорионд нь байхад сул­луулах талаар Мон­голын Ерөн­хийлөгчийн санаачил­гаар дэлхийн 60 гаруй орны төрийн тэргүүнүүд гарын үсэг зурж ил­гээсэн талаар хэвлэлээр бичигдэж байсан бөгөөд Аун Сан Су Чи ч суллагдангуутаа хамгийн түрүүнд Ерөнхийлөгч Ц.Эл­­бэгдорж руу утасдан та­ларх­лаа илэрхийлж байсан юм билээ. Тэд НҮБ-ын 67 дахь ассамблейн үеэр нүүр тулж уулзсан. Хатагтай Аун Сан Су Чи "Таны НҮБ-ын индрээс дөнгөж саяхан хэлсэн үгийг миний бие сэтгэл догдлон хүлээн авлаа.  Монгол Улс Ард­чиллын салбарт амжилт олж туул­сан туршлагаа бусадтай ху­ваал­цаж байгаад бид баяртай байна. Мөн Монгол Улс АОХН-ийг дар­галж олон сайн санаачилга гарган хүн төрөлхтний өөдрөг ирээдүйд хувь нэмрээ оруулж байгаад баяр­тай байна" гэсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Харвардад лекц унш­чихаад НҮБ-д ирсэн бол ха­тагтай Аун Сан Сун Чи НҮБ-ын хурлаасаа Харвард руу илтгэл тави­хаар явах гэж байсан билээ. Ард­чилсан орнуудын хамтын ний­гэм­лэгийг даргалж буй орны хувьд хурлыг манай Гадаад хэргийн сайд Л.Болд даргалж явуулсан бөгөөд дарга орны Төрийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг ху­ралдаан дээр орж ирж үг хэлсэн. Манай улс тус нийгэмлэгийн дар­гын хувьд Мьянмарын ардчилсан өөрчлөлтөд дэм болгох зорилгоор Ардчилсан орнуудын хамтын ний­гэмлэгийн Ажлын түр хэсэг бай­гуулах санаачилгыг өнгөрсөн дол­ду­гаар сард гаргасан ажээ. Харин энэ удаагийн хурлаар уг санаачилгыг дэмжиж, ажлын хэс­гийн анхны хуралдааныг хийсэн. Ингэхдээ даргаар нь Монголын талыг сонгосон билээ. Ер нь манай улсыг даргалж байх хуга­цаандаа маш идэвхтэй, өндөр үүрэг оролцоотой оролцсон гэж үнэлж байгаа гэсэн. Манай зүгээс ч энэ нийгэмлэгийг олон улсын байгууллага болгох са­наачилга гаргах гэж байгаа аж. Ирэх хавар дараагийн улсад хүлээлгэж өгөхдөө бас хийсэн юмтай байж чадвал монголчуудын нэр хүндэд хэрэгтэй юм даа.

НҮБ-ын хаш ногоон индэр бүхий том танхимд үйл явдал өрнөж байхад гадаа гудамд ч амьдрал буцалж байлаа. Ардчилал, эрх чөлөөний өлгий гэгддэг АНУ-д төр засгийн тэргүүнүүд ирсэн дээр гэсэн шиг үгээ ч үзэл бодлоо ч илэрхийлэх шиг болдог юм билээ. НҮБ-ын байнгын төлөө­лөгчийн газрын цэргийн зөвлөх С.Амарсайхан ах хурлын үеэр хүмүүс жагс­даг газар хэмээн урт гэгчийн гудамжийг зааж  байсан билээ. Үнэхээр ч эзгүй тэр гудамж хурлын үеэр жинхэнэ амь орох шиг болсон шүү. Энд тэндгүй уриа лоозон барьсан ул­сууд. Эхний өдөр "Free Tibet" гэсэн уриа лоозон барьсан хүмүүс "Ич ич, Хятад улс, Сэр сэр НҮБ" гээд л үг толгой холбож ирээд цуглаан хийж байх нь жигтэйхэн содон харагдсан билээ. Дэргэд нь бас хэдэн өндөр хар нөхөд зогсоод дэмжиж байх нь содон байв. Гэтэл тэд Түвдийн асуудал биш өөрс­дийнхөө зовлонг ярьж байгаа кон­гочууд байсан аж. Түвдүүд эрх чөлөөт Түвдийн төлөө амьдаараа зулын гол болж байгаа залуус, лам нарын зургийг нэр устай нь хэвлээд зогсжээ. Зари­мынх нь зураг ч олддоггүй бо­лолтой. Тэр хүмүү­сийн насыг нь харахад 17-18 тэгээд 19 настай нь гэх жишээтэй. Залуу нас л хүнийг юунаас ч айдаггүй, юуг ч бодуул­даггүй гэнэн тэнэг, эрмэг зоримог байлгадаг даа гэж бод­моор. Харин конгочууд одоогийн Ерөнхийлөгч Жозеф Кабилаг олон зуун хүний аминд хүрч байна гэж буруутгаж цугларчээ. Дараагийн өдөр нь бүр олон хүн цугларсан харагдана лээ. Тэнд Хятадын удир­дагчдыг буруут­гадаг Фалунго хө­дөлгөөнийхөн, Сирийн удир­дагч­дыг буруутгаж буй хүмүүс, Ираны Ахмадинежадын багийг бүр хэд хэдэн төрлийн дүр царайтай хий­гээд хип хоп аяанд бүжиглэгсэд гээд. Нэг хятад залуу "Шанхай хотын захиргаа манай газрыг булааж авах гээд ээжийг маань үхэлд хүргэсэн" гэсэн бичиг бүхий пайз барьчихаад ганцаараа зогсч байх жишээтэй. Тэд олон газрын өөр өөрийн асуудалтай боловч урт нарийн гудмаасаа гарна гэж байх­гүй, тэндээ л өөрс­дийн­хөөрөө дуу хоолойгоор өргөж байгаа харагд­сан. Тэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байна, бас гудмаар явах хүмүүсийн замд саад болохгүй хашиж тавьсан хашаандаа л орилж байна. Аме­рикт ингэж жагс­даг ажээ. Манхэтэн дүүргийн нэгдү­гээр өргөн чөлөөнд...

Онцлох нийтлэлүүд