Төрийг чөдөрлөх МАН-ын санаа хийгээд МАХН-МҮАН-ын зөрчлүүд


Орон нутгийн сонгуультай холбоотой намуудын улс төрийн амьдрал идэвхижжээ. Намуудын дотоодод юу болж буй талаар уншигчдадаа хүргэе.
МАХН-ЫН БАГА ЧУУЛГАНЫ ГИШҮҮД Д.ТЭРБИШДАГВАА ДЭД ДАРГААС НЬ ОГЦРУУЛАХ ГЭЭД БҮТЭЛГҮЙТЭВ
МАХН-ын Бага чуулган нэлээд хэд хоногийн өмнө хуралдав. Д.Тэрбишдагвыг намын дэд даргаас нь огцруулахаар намын хэсэг нөхөд нь тохироод байсан ч чадаагүй байна. Намын дарга нь хоригдож байх зуур дөнгөж бүрэлдэж бий болсон МАХН дотооддоо зөрчилдөж эхэлжээ. МАХН-ыг байгуулахад анхнаасаа дэмжиж, үйл ажиллагаанд нь оролцож байсан хүмүүсээ биш МАН-аас ирсэн П.Хангал, О.Лхагвацэдэн, У.Барсболд нарыг нарийн бичгийн даргаар шууд томилжээ. Ийнхүү томилохдоо шийдвэрээ эхлээд гаргасны дараа Бага чуулганд танилцуулсан зэрэг нь МАХН-ын гишүүдэд таалагдаагүй бололтой. Мөн өөрийн ах дүү, танил тал, найз нөхдийг ажил албанд томилж байхад анхнаасаа хар бор ажлыг нь хийж, сайн, муу нэр сонсч явсан жирийн гишүүдээ таагүй хандаж байгаа аж. Тиймээс ч хоёр тал болон талцаж дотооддоо үймээн ихтэй байгаа гэнэ. Мөн тус бага чуулганаар зарим нэг хүн Ц.Оюунбаатарын УИХ-д суух ёстой суудлыг "Хэлмэгдэгсдийн суудал" гэж зарлан Н.Энхбаяр даргадаа авч үлдье гэсэн санал ч хэлжээ. Гэхдээ энэ санал төдийлөн дэмжлэг авсангүй. Ц.Оюунбаатарын хувьд ямар ч тохиолдолд УИХ-ын гишүүн болно гэдгээ албан ёсоор хэлчихээд байгаа. Дотооддоо иймэрхүү байх зуур УИХ-ын сонгуульд гар барилцан орсон МАХН-МҮАН-ын эвслийн удирдагчид түнжин тааруу байна. Тохирсон ёсоороо албан тушаалыг тэнцүү хуваарилж очих ёстой атал МАХН-ынхан хэлснээсээ буцсанаас болж МҮАН-ын дарга М.Энхсайхан хоосон хоцорсон. Үүнд хорссон М.Энхсайхан Н.Энхбаярыгаа "Шүүх Энхбаярыг буруу шүүгээгүй байх" гэсэн утгатай үг хэлчихсэн. Энэ үг Н.Энхбаярын уурыг барж, М.Энхсайханыг зайлуулаач гэж нэгэн томоохон албан тушаалтанд хэлсэн байгаа юм.
МАН-Д ГАДНЫХАН ХИЧЭЭЛ ЗААЖ, ЖИГҮҮР, ХОЛБООД НЭМЭГДЖЭЭ
МАХН, МҮАН иймэрхүү зөрчилтэй байх зуур МАН, МАХН хоёрыг алсдаа дахин нийлүүлэх зорилготой яриа хөшигний цаана ярилцах болжээ. Олны гайхлыг төрүүлсэн У.Хүрэлсүхийн шийдвэртэй хамт энэ яриа сөхөгдөх болсон нь мөн л анхаарал татаж буй юм. Дээр нь боловсон хүчин ихтэйгээ гайхуулдаг энэ нам Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж өрсөлдөх хүн олдохгүй байгаа аж. Мэдээж цаг нь ирэхээр хэн нэгэн өрсөлдөх л байх. Одоогоор яриа хэлцлийн түвшинд л яваа болохоос тодорхой товлосон нь үгүй байна.
УИХ-ын сонгуулийн ялагдлын шоокноос гарч чадаагүй хүндхэн байгаа Ардын нам "Жолоогүй төрд хазаар хэрэгтэй" гэсэн уриаг орон нутгийн сонгуульд дэвшүүлжээ. Орон нутгийн сонгуулийнхаа агуулгыг ойлгоогүй юм уу, эсвэл 1996 оных шиг улсын ажил явуулахгүй улстөржиж суухаа зарласан юм уу, нэлээд ойлгомж муутай уриа аж.
Орон нутагт гарч ирлээ гэхэд хууль баталж байгаа УИХ-д юм уу, Засгийн газарт тээг болох юм байна гэж энэ урианаас нь ойлгогдож байгаа юм. Ямар ч байсан өөрсдийнх нь явуулсан судалгаагаар бол нийслэлд рейтинг тааруу байгаа учир хөдөөд илүү ажиллах ёстой хэмээн баг томилж тал бүр тийш илгээжээ. Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг шиг л тухайн газар орноо өөд татах асуудал болохоос УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг хазаарлаад ажил хийлгэхгүй байхыг хэлээгүй. Нэг үгээр хэлбэл төрийн ажлыг чөдөрлөөд суух юм байх аа. МАН-ын хувьд гаднаас баахан хүмүүс авчирч сонгуульд хэрхэн ажиллах талаараа Нүхтэд сургалт явуулжээ. Тэд нь чухам юу зөвлөснийг хэн мэдэхэв.
Сонгинохайрханд гэхэд "Төрийн хяналтыг сонгинохайрханчууд тогтооно" гэж яриад яваа. Үүнээс нь харахад дүүрэг, нийслэл, аймаг, сумаа хөгжүүлэх биш төрийн ажил руу хошуу дүрээд ажил хийлгэхгүй санаатай бололтой. Мөн "Парламентчдын нээлттэй холбоо" гэж МАН-ын гишүүдээс голдуу бүрдсэн холбоо байгуулагдаж тамга тэмдгээ авчээ. Энэ холбоо нь хуучин УИХ-ын гишүүн асан, МАН-ын Бага хурлын гишүүн байсан хүмүүс багтаж байгаа аж. Өөрсдийнх нь хэлснээр өөр намын гишүүд ч энэ төрийн бус байгууллагад нь орж болох гэнэ. Одоогоор АН-ын Л.Гүндалай нэгдэхээ илэрхийлээд байгаа гэсэн. Тэд хууль зүйн зөвлөгөө өгөх, лобби хийх, бүр цаашлаад улс төр хийхээ ч нуусангүй.
Ардын намын хувьд "Ардын жигүүр"
хэмээх залуусын байгуулсан жигүүр
ургалаа. Засаг барьж байх үед албан тушаалгүй
хоосон хоцорсон хүмүүс жигүүр
байгуулж шантаажилдаг байсан бол засаглалгүй үед
чухам яах гэж байгуулагдав. Нэгмөсөн томчуудаа унасан дээр нь нам
дарж авч, өд жигүүр ургуулж өөдөөс нь өрвөлзөж, өөрсдийн
байр сууриа бий болгох гэсэн хувилбар байж болох. Ер нь ч тэгээд орон нутгийн сонгуульд
унавал чиг унаг, тэрэн дээр нь дөрөөлж нэгмөсөн намаа шинэчилж авъя гэсэн санаа бодолтой залуус
ч МАН-д бас байдаг болсон байна лээ.