Д.Арвин адлагдсан ч Ардын намдаа үлдэж мэднэ шүү

Баянзүрх дүүрэгт УИХ-ын сонгуулийн нэг мандат дээр өрсөлдсөн хүмүүст өгсөн иргэдийн саналын хувь хүрээгүй учраас орон нутгийн сонгуультай хамт дахин сонгууль явагдсан. УИХ-ын дахин сонгуулиар хамгийн олон санал авсан МАН-ын гишүүн Д.Арвин, Б.Батзориг хоёр дахин сонгуульд өрсөлдсөн. Улс төрийн хувьд нэг намын хоёр хүн хоорондоо өрсөлдөж байгаа нь сонин үзэгдэл. Тиймээс Д.Арвин намын эв нэгдлээ бодож "Бид хоёрын хэнийг нь ч битгий дэмжээрэй" гэж удирдлагуудаасаа гуйсан гэдэг.
Өнгөрсөн баасан гаригт Сонгуулийн ерөнхий хороо Д.Арвинг сонгуульд ялсан хэмээн албан ёсоор шийдвэрээ гаргажээ.
Нэг намаас дээрх хоёр нэр дэвшигч өрсөлдөж буй учир МАН үүнд санаа тавьж оролцох шаардлага байгаагүй. Хуулиараа дахин сонгууль болох өдөр хүртэл сурталчилгаа явуулах хориотой, нөгөө талаас нэг намаас хоёр хүн дэвшиж байгаа болохоор МАН-ын хувьд амар амгалан налайгаад сууж болох байлаа.
Хувь нэр дэвшигчдийн хувьд харин санаа зовних нь гарцаагүй. Нэгэнт цөөнх болж сонгуульд ялагдсан МАН-ын хувьд нэг ч гэсэн суудал нэмэгдэж л байвал чухал байлаа. Гэтэл байдал өөр байв.
МАН илтэд нэг нэр дэвшигчээ дэмжлээ. Тэр нь Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг. Сүнжинграндад болсон намын удирдлага зэрэг олон хүн цугласан уулзалтад ч шууд л Батзоригийг дэмжихээ илэрхийлсэн. Үүнийгээ намын байр суурь гэж тайлбарласан байгаа юм. Д.Арвин нь сууж байхад шүү. Аргаа барсан Д.Арвин ч үгээ хэлэх санаатай бостол шууд л микрофоныг нь хааж арга хэмжээ хаасныг мэдэгдсэн байгаа юм. Энэ талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан. Үүнээс өмнө ч намын ерөнхий нарийн бичгийн дарга нь Баянзүрхийн намын үүрүүдийн дарга нартай уулзахдаа ч "Намын бодлого Б.Батзоригийг дэмжинэ шүү" гээд бас хэлчихсэн байдаг.
Ингээд сонгууль ч боллоо. Ардын намынхандаа ад үзэгдсэн Д.Арвин ялчих нь тэр. Харин эх сурвалжаас сонссоноор бол намынхнаас нь түүнд хэн нь ч баяр хүргээгүй гэнэ. Намдаа нэг суудал авчирч буй нэгэндээ ийнхүү хатуу хандан дургүйцсэн нь цаанаа нэг учиртай.
Д.Арвин бүр эртнээс л шинэчлэл ярьж, хүний өөрийн гэлтгүй хатуу шүүмжлэл унагаж байдаг нь намынх нь нөхдийн зүрхэнд айдас бий болгосон байх талтай. Эсвэл түүнийг эмэгтэй хүн болохоор нь ингэж хандав уу. Уг нь тэрээр өөрийн намыг шүүмжлэхээс гадна өрсөлдөгч намуудтайгаа ч намаа өмөөрч хатуу ширүүн үг хамаагүй чулууддаг байсныг нь мартаж болохгүй. Тухайн үед манай сонин ч "Арвинаас өөр дуугарах хүн алга" гэж бичиж байсан. Эрчүүд айж хулчийгаад байгаа асуудлыг ч нам энэ тэр гэлгүй шууд л хэлчихдэг болохоор нь тийн бичсэн хэрэг.
Сонгуулийн үеэр сурталчилгаа явуулж болохгүйг мэдсээр байж "Д.Арвин МАХН-д орох нь" хэмээн нам нь юм уу, намын нөхөр нь юм уу мессэж илгээсэн байдаг. Энэ нь хэвлэлээр ил тод мэдээлэгдсэн. Магадгүй тухайн хэвлэлийн байр суурь ч байж болох. Арвин МАХН-д элсэхээ хүрвэл аль хэдийнэ элсчих байлаа. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын Н.Энхбаярын фракц гэгддэг бусад нөхдийн хамт л явчих байсан шүү дээ. Цагтаа намаа шинэчлэх гэж "Элсний арван гурав"-т багтаж явсан удаа бий. Хэдий тийм байсан ч хүнд хэцүү үед нь намаа орхиж яваагүйнх нь төлөө Д.Арвинд МАН баяр хүргэж дэмжих хэрэгтэй байсан биш үү. Нөгөө талаас Б.Батзориг, Д.Арвин хоёрын улс төрчийнх нь хувьд жингийн туухай дээр тавьсан ч улс төрийн туршлагын хувьд Д.Арвин хамаагүй жин дарна. Тэгээд ч Б.Батзориг дүүрэгтээ бүтээн байгуулалт хийхийн оронд нохойны хөшөөнд тэрбум тэрбумаар нь мөнгө зориулсан зэрэг нь баянзүрхчүүдийн дургүйцлийг хүргэж сонгуульд ялагдахад нь нөлөөлсөн биз. Энэ байдал нь өөрөө УИХ-ын сонгуульд ялагдах нь бүү хэл орон нутгийн сонгуульд ч "МАН-ынхан ийм л байдаг" гэсэн ойлголтыг төрүүлж намаараа ялагдахад ч нөлөө үзүүлсэн. Монголчууд муухай загнаад байгаа хүнд дургүй. Тиймээс илтэд нэг намынхаа нөхрийн эсрэг юм хийгээд байгааг ард түмэн тэнэг биш болохоор мэдсэн байх. Дээрээс нь эмэгтэйчүүдийг дэмжих магадлал их энэ үед УИХ-ын 11 дэх эмэгтэй гишүүнээр Д.Арвин байх нь хэрэгтэй гэж үзсэн байх.
За энэ бүхэн ч яахав. Хамгийн сонин мэдээ гэвэл Д.Арвин ялчихаад байхад Ардын намын удирдлагууд нь өөр намынхантай уулзан сонгуулийг хүчингүй болгох хор найруулах гэж яваа тухай мэдээлэл байна. Д.Арвин л биш бол өөр намын хүн энэ тойрогт нэр дэвшээд гарч ирсэн ч хамаагүй юм байх. Тэгэхээр Д.Арвин намынхаа "но"-г их мэддэг байж таарах нь.
Ямар ч байсан Д.Арвин ялчихлаа. Нам нь үүнд дургүй байна. Намаа гээд МАХН руу яваагүй. Явлаа гэхэд Д.Арвинд алдах зүйл байхгүй. МАН л цөөхөн суудлаасаа дахин нэг суудал алдана биз. Гэлээ гээд "Та нартай, та наргүй энхрий хайрт намдаа үлдэнэ" гэж мэдэх л хүн. Эцэст нь намдаа адлагдсан Д.Арвин одоо хаачих вэ гэдэг улс төр дэх анхаарал татсан сэдвийн нэг болоод байна. Магадгүй МАХН түүнийг алгаа тосон хүлээж байгаа. Д.Арвин харин адлагдсан ч Ардын намдаа үлдэж мэднэ шүү.