Ч.Дагвадорж: Миний дуунууд Хотгойдын гэгэлгэн дуунаас эхтэй


Далан насныхаа ойг хамт олон, утга зохиолын хүрээнийхэнтэйгээ тэмдэглэж буй соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ч.Дагвадоржтой ярилцахаар урилаа. Тэрээр утга зохиолын хүрээний олон Дагвадоржоосоо "дууны" гэдгээрээ онцлон танигддаг. Мөн түүнийг "буурал Дагваа" гэх нь ч бий. Энэ эрхэмтэй уран бүтээлийнх нь он жилүүдийн талаар ярилцсанаа хүргэе.
-Саяхан тоглолтоо хийсэн гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Х.Сүглэгмаа, Д.Цэдэв, Д.Саруулбуян, Д.Сумъяа бид хэд "Түмэнд хүрсэн дуунууд" хамтарсан уран бүтээлийн тоглолтоо хийлээ. Мөн Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо, Улаанбаатар их сурууль, Хүүхдийн номын ордноос "Утга зохиолын ертөнц, туулсан он жилүүд" нэртэй олон улсын бага хурлыг миний уран бүтээлээр хийлээ. Олон орны утга зохиолын төлөөлөл энэ хуралд маань оролцлоо.
-За тэгвэл таны туулсан он жилүүдийг сонирхмоор байна. Та чинь хотгойд хүн байх аа?
-Би
ардын аман билэг, хотгойд дууны өлгийд өссөн хүн. Манай Хөвсгөл аймгийн Хотгойдын арваад сум бий л дээ. Дэлгэрмөрөн гэж аймгийн төвөөр урсдаг их сайхан том гол байдаг. Тэр мөрнийг дагасан Хотгойдын хэдэн сум байдаг. Их өвөрмөц ёс заншил, өөрийн гэсэн дуу хууртай ястан л даа. Хотгойдын ноён, Хотгойдын шадар жанжин Чингүнжавын албат шүү дээ, бид нар. Энэ хошуунд Хотгойдын гэгэлгэн дуу маш их дэлгэрсэн. Ердөө арван долоон дуу л бий.
-Хотгойдын гэгэлгэн дууны онцлог гэж байх уу...
-Дотоод
сэтгэлийн нандиныг нээсэн тийм нэг гэгэлгэн дуунууд. Би зургаан настай байсан санагддаг юм. Намар нэлээд орой болж байсан цаг. Би хүргэн ахындаа хүүхэдтэй нь тоглож байсан чинь авга эгч маань оройныхоо саалинд гарах гэтэл нэг хүн зөрөөд ороод ирэхгүй юу. Тэгсэн манай авга эгч "Лхаамаа дээшээ суу" гээд урьж суулгах мөртлөө идээ, цай тавьж өгөөд эргэнэгээ уудлан, галуун хүзүүт гаргаж ирэн, хүрэн хундаганд хийж тавиад "Би одоо саалиндаа гарлаа. Лхаамаа наад архиа уугаарай" гэчихээд гараад явчихлаа. Авга эгчийн охин бид хоёр зүүн талын орон дээр гарчихсан тоглоод нөгөө архи ууж суугаа хүнийг хараад л байлаа. Нэг мэдэхэд нар шингээд гэр доторх юмс нэг их тод биш харагдаж байх үед Лхаамаа гуай ганцаараа дуулаад л...
Дэлтэй цэнхэр зовно уу яана
Дэлгэр мөрөн бооно уу, яана гэж дуулаад л өнөөх галуун хүзүүтээсээ хүрэн хундагандаа хийгээд уух гэсэн өөрөө дуундаа уяраад нулимс нь нүдний аягаа дүүрч гарч ирснээ, хамрынхаа овгор дээгүүр мэлтэрч, хамрынх нь нурууг дагаж урсаад, үзүүр дээр нь бөнжигнөж байснаа аягатай архи руу унаж байсан. Тэр дүр зураг миний сэтгэлд их тод үлдсэн байдаг. Би тэгээд багаасаа ардын билэгт сонирхолтой болсон юм.
-Хэдийд сургуульд оров?
-Би
1950 оны сурагч. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын бага сургуульд таг харанхуй, бичиг үсэг мэдэхгүй, цагаан толгой нүдлээгүй хүн очиж байгаа юм. Ээж авдар дотроос цоо шинэ өмд, цамц гаргаж өмсгөөд даавуун цүнх өгөөд л явуулж байлаа. Бид анх төрийн дуулал зохиогдсон тэр жил сургуульд орсон. Сургуульд ороод долоо хоног хэртэй таг харанхуй амьтан яваад нэг л мэдэхэд уншаад сурчихсан. Уншаад сурчихаар унших юм олдохгүй. Одоо бол юм өөр болжээ. Унших юм нь ихдээд уншиж барахгүй байна. Тэр үед би уншихын дон тусчихсан байлаа. Пионерийн үнэн сонины тасархай, Сталины зохиол гээд юу л байна, уншаад байна. Эхлээд Хотгойдын аман билэг, аман дууны яруу найргаар дамжаад, дараа нь Дамдинсүрэн багшийн уран бүтээлийг уншиж, тэр нь миний тагнайд яг ангир уураг шиг уусаад, тэгж уран зохиолд татагдсан байгаа юм. Тэгээд тэр намрын ус гэдэг юмыг би хоёрдугаар ангид байхдаа ямар байдгийг мэдэрсэн. Нэг хагас сайн өдөр гэртээ морьтойгоо давхиад иртэл ээж данхаа сэгсэрч үзсэнээ "Цай байхгүй юм байна ш дээ. Миний хүү ус руу жирийгээрэй" гэлээ. Тэр үед манайх Бөхний суга гэдэг газар намарждаг байж. Тэгээд гуулин домбо, гуулин шанагаа бариад ус авахаар гүйж очлоо. Усаа авах гээд тонгойтол хадны ангалаас урсах тас хар ус тэр доор гялтганаад, ус руу үлээхээр хүрр гэж хүржигнэж дуугараад, гуулин шанагаа ус руу хийх гэтэл алтан шанага орж байгаа мэт мэдрэмж төрсөн. Урьд огт ажиглаж байгаагүй мөртлөө би намрын ус гэж тийм гоё юм байдгийг мэдэрсэн юм. Дамдинсүрэн багшийн "Намрын ус" гэдэг шүлгийг би бодитоор харж байгаа нь тэр. Намрын ус үнэхээр гайхамшигтай. Бороо холдчихсон, бүх навч намиа хийсдэг юм байхгүй, хадны ангалд тэр гоё ус байдаг.
-Сэтгэлд бууж байна шүү. Та хожим нь Дамдинсүрэн багштайгаа хамт ажиллаж байсан байхаа..
-Сүүлд
Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд Да багштай хамт ажиллалаа. Тэгээд өөрөөр нь өнөө намрын усны тухай яриултал "Манай нутагт ус их ховор оо. Би Дорнод аймгийн Матад сумынх. Манай тэнд эрэгтэй хүүхэд төрөхөөр заавал нэг худаг гаргадаг байсан. Намайг төрөхөд гаргасан тэр худаг нь одоо болтол байдаг" гэж ярьж билээ. Гэтэл ус ховортой тийм газрын хүн мөртлөө намрын ус гэдэг юмыг тэгж хүний сэтгэлд хоногштол бичсэн байсан. Билгийн нүдээр л харж, мэдэрч дээ. Тэр нь хангай газрын надад хүртэл хүрч байхав. Ингэж л би уран зохиол руу хөтлөгдсөн юмаа.
-Та анх ямар шүлэг бичиж байв. Шүлэг бичих мэдрэмж төрсөн тэр үеэ дурсаач..
-Би
долдугаар анид байхдаа намар гэж шүлэг оролдож байсан юм. Тэр үеийн бичдэг загвараар л бичиж байсан санагдана. Намайг долдугаар ангид байхад уран зохиолын багш Долгорсүрэн гэж нэг их сайхан хүн байсан. Уран зохиолыг ярьж байхдаа тэр зохиолын баатар өөрөө юм шиг тэгж гоё ярьдаг. Миний амьдралд хамгийн хүнд хэцүү үе бол тэр долдугаар ангид орсон жил байсан. Хөдөөнөөс аймгийн төв рүү орж ирээд байр олдохгүй. Ээж минь таньдаг айлаа зааж өгсөн чинь тэр айл маань хөдөөнөөс авчирсан мах дуусахаар намайг гэрээсээ хөөчихсөн. Гэрээсээ идэшний мах авчир гэж хэл гээд. Би айгаад гэрийнхэндээ хэлж чаддаггүй. Тэгээд ангийнхаа Хадбаатар, Намбардагва гэдэг хоёр хүүхдийг дагаад жилийн турш айл хэссэн. Тэр хоёрынхоороо очно. Бүтэн жил айл хэссэн.
-Хичээлээ тараад та хэнийх рүү явахав гэж л бодох уу?
-Нөгөө
хоёр маань аймгийн төвийн хүүхдүүд учраас гэр орондоо намайг хооллоод дагуулаад явдаг байв. Тэр үеийн хүүхдийн нөхөрлөл тийм л байсан. Дотуур байранд сууж чадахгүй бол хөдөөний хүүхэд чинь сургуулиасаа оргоод л явдаг байсан үе. Би ч гэсэн сургуулиас гарчихмаар л байдаг. Ганцхан Долгорсүрэн гэж уран зохиолынхоо багшид хоргодоод, тэр багш маань ч уран зохиолын хичээлийг ёстой нэг заана даа. Тэр багш л миний сэтгэлийг тогтоож, долдугаар ангид би уран зохиолын амтанд бүрэн ороод өөр бодох юм байхгүй болсон.
-Ахлах ангидаа бол аль хэдийнээ олон шүлэг биччихсэн байв уу?
-Ес,
аравдугаар ангидаа нууцгайхан бичдэг болсон. Гэхдээ зохиолч болно гэдэг зорилго маань долдугаар ангид аль хэдийнээ бий болсон байсан. Тэгээд аравдугаар анги төгсөхдөө монгол хэл уран зохиолын багш, эсвэл сэтгүүлч болъё гэж бодсон.
-Таны ургийн овог юу вэ?
-Ээж
хадных гэдэг овогтой.
-Ямар учиртай юм?
-Ээжийнхээ
дурсгалд зориулж өвөөлжөөнийхөө тэндэх есөн метр орчим ургаа хадан дээр долоон метр орчим өндөртэйгээр дүрийг нь сийлүүлсэн. Охин маань өөрөө зураач хүн. Найз нөхөдтэйгөө нийлж бүтээсэн. Цээж дүрийнх нь доор "Ээж минь дээ" дууныхаа эхний бадгийг, ноттой нь бичсэн.
-Будантай юу буурал хорвоодоо бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө... гээд л үү?
-Тиймээ,
манай нутийнхан баярлаж байсан. Залуучууд орон гэрээсээ дайжаад нутагтаа ч ирэхгүй байхад та өдий хэр насалчихаад аль эрт өөд болсон ээжийгээ дурсаад, өвөлжөөн дээрээ ийм сайхан зүйл хийсэн байж, нутгийнхаа баяр болгооч гэсэн. Бид оролцъё гээд баг сумынхан бэсрэг наадам хийж, дуу хуур болж сайхан нээлт хийсэн. Энэ газар маань Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нэгдүгээр багийн Ямаат гэдэг ууланд байдаг Бэтүүгийн ам гэдэг газар. Тэр газрыг маань Ээж хад, Ээж хайрхан гэж нэрлэдэг болчихсон. Одоо хүмүүс очсоор байгаад жим гарчихсан. Хорин нэгэн аймаг, хотоос, гарал нэгтэй урд талын монголчууд гээд дуулсан хүн болгон Хөвсгөл далайгаар ирэхдээ очдог болсон. Би өөрөө хотгойд ястай гэдгээ мэднэ. Эзэнтэй, эзэнгүй овог авч байхаар гээд Ээж хадныхан гэдэг овгоо авсан.
-Та АНУ явж ирэхдээ өөртөө тусалсан Сюзанна гэдэг бүсгүйд зориулж шүлэг бичсэн байсан...
-АНУ-д очиход намар оройхон шиг Атлантын бороо цутгадаг. Тэр бороо хувингаар асгасан шиг шаагина. Тэгээд нэг өдөр би зээ хүүгээ сургуулиас нь аваад явж байсан чинь бороо шаагиад орлоо. Уг нь гэр ойрхон. Манайхаар бол автобусны буудал хүрэхгүй л газар. Зам дагаад явж байвал улаан жийпнээс нэг их сайхан бүсгүй гарч ирээд "Гэрт чинь дөхүүлж өгөх үү" гэж асуусан юм. Бодсон ч үгүй шууд л ороод суучихсан. Би чинь хөрөнгөтөн оронд зангий нь мэдэхгүй хүүхний машинд суучихдаг гэж бас бодоод явлаа. Тэгээд гэрийн гадаа хүргэж өгөөд явсан. Манай нутагт хэрвээ би бороонд цохиулаад явж байвал манай чинээлэгдүүхэн залуу бүсгүйчүүд намайг хүргэж өгөх болов уу яах бол гэж бодогдоод тэр бүсгүйд шүлэг бичсэн. Сүүлд нь зээ хүүгээ авах гэж явахдаа тэр бүсгүйтэй хэд хэд таарсан. Багш хүн юм билээ. Өөрийг нь Сюзанна гэдгийг нь мэддэг болж мэндтэй устай болсон.
-Та их олон дууны шүлэгтэй. Дуу болгоё гэж анхнаасаа бичдэг үү, хөгжмийн зохиолчид таны шүлгэнд ая зохиогоод дуу болгочихдог хэрэг үү?
-Ерөөсөө
би шүлгээ дуу болгоно гэж бичээгүй. Хөгжмийн зохиолчид "Таны шүлэгнээс аялгуу аяндаа сонсогдоод байдаг" гэж хэлдэг. Бодвол тийм юм байлгүй. Тэрийг нь хөгжмийн зохиолч мэдэрдэг юм байлгүй. Түүнээс биш би үүнийг л дуу болгоно гэж шүлэг бичиж байгаагүй. Хамгийн анхны олонд хүрсэн шүлэг маань "Ээж минь дээ" дуу байна. С.Цэрэнчимэд тэр дууны аяыг зохиож, өөрөө дуулсан. "Богд нь уулын сүндэл" гэж Сийлэгмаагийн дуулсан дуу байна. Аяыг нь Мэндбаяр хийсэн. Энэ дуу юугаараа онцлог гэхээр дууны шүлэг бичсэн намайг, дуулсан Сийлэгмааг, аялгууг нь бичсэн Мэндбаярыг гурвууланг нь гавьяат болгосон. Р.Оюунбат гэж язгуур урлагийг онцгой мэдэрдэг хүн бий. Бид хоёр нэлээд олон дуу хийсэн. Тэрэн дотроос "Харзны хайланд чинь автлаа шүү дээ хонгор минь дээ хө.." гээд дуу ардын дуу бүжгийн Баасанжав, Цогтсайхан нарын хамтран дуулсан дуу бий. Одоо дуучин Бурмаа, Мөнхбат нар хослон дуулж байна. Ардын жүжигчин Долгорын дуулдаг "Аав л, ээж л хоёр минь" гээд олон дуу бий л дээ.
-Та утга зохиолын шинэ үеийн түүхийн төлөөллүүдийг ихэнхийг нь таньдаг, хамт ажиллаж байсан гэдгийг мэдэх юм байна...
-Нэг
л мэдэхэд тийм болдог юм байна. Үнэхээр далан насны даваан дээр гараад ирсэн хойно харахад XX зууны Монголын уран зохиол гэдгийг үндэслэсэн Нацагдорж, Буяннэмэх хоёроос бусад Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, тэрний дараа үеийн Ц.Цэдэнжав, Б.Явуухулан наашлаад утга зохиолын бүх үеийнхэнтэй ямар нэг байдлаар холбогдсон байгаа юм. Нэг бол хамт бүтээл туурвиж, эсвэл үерхэж нөхөрлөж, нэг бол халуун сургаалыг нь сонсч, бүтээл туурвилынх нь түүхийг сонсож явсан байдаг юм. Эргээд харахад утга зохиолын тогоонд буцалсан он жилүүд байж. Тэгээд бодоход сайхан байдаг юм.
-Та болор цом, Мөнгөн цомд орж байна уу?
-Мөнгөн
цомд бол байнга ордог юм. Болор цомд хэд хэд орсон. Хамгийн амжилттай оролцсон нь "Атлантын далайн захад ээжийгээ л их саналаа" шүлгээрээ айрагдсан юм байна. Болор цомд эхний гуравт бол орно гэж байхгүй л дээ. Орохоор ч байсан орохгүй л байдаг нэг тийм юм байсан.
-Тэр нь ямар учиртай юм. Зохиолчдын хороо хоёр салсан нь таны хэлээд байгаатай бас холбоотой юу?
-Мөнгөн
цомд зохиолч яруу найрагчид чөлөөт, хүлээт гэхгүй их оролцдог шүү дээ. Мөнгөн цомд бол Г.Мэнд-Ооёо, Д.Цоодол гээд Зохиолчдын хорооныхон түрүүлж л байсан. Буурь сахиж үлдсэн улс маань харин хуучин барилаасаа нэг л салдаггүй юм. Энэ бол учрыг нь мэдэхгүй ялангуяа залуу улсууд бол Монголын утга зохиолыг хагалаад хэсэг улс гарсан гээд бидэн лүү чулуу нүүлгээд л байдаг юм. Цаанаа их учиртай. Утга зохиол чинь дэг сургууль гэж юм байна. Энэ дэг сургуулийн хоорондын өрсөлдөөн явж, явж 1990-ээд оны эх гэхэд үзэл бодлын зөрчилдөөнөөс хоёр салсан юм байгаа. Чөлөөт зохиолчдын холбоог байгуулахад сэтгэлийн хөөрлөөр гарсан юм биш. 1957 онд Монголын зохиолчдын хоёрдугаар их хуралд манай Гаадамба багш "Манай зохиолчид юм уншихгүй байна. Ерөөсөө өсч хөгжихгүй байна. Пушкин чинь лицейд байхдаа сонгодог шүлгээ биччихсэн шүү дээ. Гэтэл манай зохиолч, яруу найрагчид өвгөн болтлоо олигтой юм бичихгүй, өөрийгөө хөгжүүлэхгүй байна. Зохиолч болъё гэвэл авьяастай бай. Юм унш" гэж хэлсэн. Тэрийг нь үзэл бодлын зөрүүтэй байсан хүмүүс мушгин гуйвуулаад "Гаадамба Монголд утга зохиол хөгжүүлэх шимтэй хөрс байхгүй" гэж хэлсэн гэж үгүйсгэх үзэлтэн гэсэн хаяг зүүгээд тэр хүнийг хавчин гадуурхаж, түүний хэлснийг дэмждэг үзэл бодол нэгтэй зохиолч Ц.Дамдинсүрэн гуайг сэхээтний төөрөгдөл гээд ерөнхийдөө ингэж явсаар Монголын зохиолчид хоёр салсан. Тэр үеэс эхэлж зарим зохиолч чөлөөт сэтгэлгээг эрхэмлэж, нэг үзэл суртал, нэг хананд баригдахгүй гэж явсаар 1990 оны нийгмийн хөдөлгөөнөөр л хоёр тийш болсон. Тэрнээс биш гэр бүлийн хоёр таарч тохирохгүй болоод данх саваа шидэлцээд салдаг шиг юм биш. Манай чөлөөт зохиолчдын холбоо чинь Ринчен гуайн дэг сургуулийг дагадаг Жамцын Бадраа, Ц.Дамдинсүрэнгийн дэг сургуулийг дагадаг Гаадамба тэргүүтэй хүмүүс орж, нийт 28 хүн Зохиолчдын хорооноос гарсан.
-Зохиолчдын хороо тэгэхэд хэдэн хүнтэй байсан юм?
-Би
зохиолчдын хорооны дүн бүртгэлийг хариуцдаг байсан ш дээ. Тэгэхэд зохиолчдын хорооны гишүүн нийтдээ 185-205-ын хооронд байсан. Зохиолчдын эвлэлийн гишүүн болно гэдэг өчнөөн хүнд шалгуур давдаг байсан. Биднийг салаад гартал Зохиолчдын хороо нэг удаагийн хурлаараа л 40 хэдэн хүнийг бөөнөөр нь элсүүлж байсан. Одоо хичнээн мянган зохиолчтой юм мэдэхгүй.
-Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Б.Явуухулангийн тухай сайхан дурсамж өгүүлээч...
-Би Явуутай нэг их нөхөрлөж байгаагүй
ч танихын хувьд таньдаг байсан. Ринчен гуай,
Дамдинсүрэн гуай хоёртой бол Хэл зохиолын хүрээлэнд хамт ажилладаг байсан. Хэл зохиолын хүрээлэнд
байхдаа нэг өглөө карт бичдэг ажил хийгээд сууж
байтал Ринчен гуай зогтусаад миний хийж байгаа ажлыг хараад л байв. Би хүн
хараад байхад бичихээ болилтой нь биш үргэлжлүүлээд бичээд байлаа. Гэтэл Ринчен
гуай надад "Таны наад карт бичиж байгаа байдлыг харвал шинэ цагийн эрдэм боловсролд
шунан тэмүүлж байгаа хүн биш, Манжийн үеийн бичиг хэргийн түшмэл шиг санагдаж байна" гэж байлаа.
Би ажилдаа хэтэрхий улайраад их түүртэнгүй харагджээ. Жаахан чөлөөтэй байх хэрэгтэй
юм байна гэж бодсон. Да багш бол хөгшин, залуу гэлтгүй бидэнтэй их хамаагүй ярьдаг хүн байсан.