Өдрийн сонин үнэнийг хэлнэ
НББХ: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил үр дүнгүй байна DNN.mn Нагояагийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзав DNN.mn Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn Газрын тосны үнэ өсчээ DNN.mn НББХ: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил үр дүнгүй байна DNN.mn Нагояагийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзав DNN.mn Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn Газрын тосны үнэ өсчээ DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.01.07 09:01

Цагаан сарын өмнө...

Монголын улс төрийн амьдрал томоохон баяр наадмын дараа бас үндэсний хэмжээний баярын өмнө­хөн нам гүм болчихдог юм. Гэнэ­тийн томоохон үйл явдал өрнө­чихгүй бол шүү дээ. Учир нь баярын үеэр, баярын өмнө хэнбугай нь ямар ч том улс төр хийж байсан сонирхох сөхөөтэй хүмүүс байхгүй учраас  илүү ажил гаргах хэрэггүй гэж улстөрчид, нам эвслүүд үздэгээс тэр. Шинэ жилийн баяр дуусч, Цагаан сарын их хөл хөдөл­гөөн эхлэх завсрын үе ид ноёлж байна. Энэ завсрын үед улс төрийн үйл явц намдуухан ч гэсэн хэрхэн долгилж байгааг анирдаад үзвэл:

МАН-ЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙ САЙДЫГ ХҮЛЭЭСЭЭР...

 УИХ дахь МАН-ын бүлэг албан ёсоор байгуулагдаад удаагүй бай­на. Тэд албан ёсоор байгуулагд­санаар Засгийн газрын гишүүдийг, Ерөнхий сайдыг "дуудаж уулзах" эрхтэй болчихож байгаа хэрэг билээ. Удтал бүлэггүй байж чадуул­сан тэд хэд хэдэн асуудал дээр тодруулга авахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дууджээ. Гэвч Ерөн­хий сайд ямар нэгэн тайлбар хийсээр очихгүй байгаа аж. МАН-ын бүлгийнхэн хуулийн хүрээнд бичгээр хүртэл хүсэлтийг хүргүүл­чихээд байхад "ээлжит булталт"-аа хийлээ гээд тун дургүй байгаа сурагтай. Уг нь өнөөдөр болох бүлгийн хурал дээр Н.Алтанхуяг сайдыг дуудаж, бондын асуудал болон Орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан АН-ын 12 Засаг даргыг батламжилсан атлаа МАН-ын ялалт байгуулсан есөн аймгийн гурваас бусдыг нь батламжлахгүй байгаагийн учир юу вэ гэж асуух гэж байсан ч Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригт очих боломжгүй гэдгээ мэдэгдсэн тул МАН-ынхан ихээхэн ууртай байгаа гэнэ. Нэг талаас тэдний уурлах нь ч аргагүй л байх. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ын бүлгийн хурал дээр Даш.Зоригтоос эхлээд сайд нар нь дуудагдан асуугдаж, бас Ерөнхий сайд С.Батболд ч очиж мэдээлэл хийж байсан болохоор тэгцгээж байгаа биз. Нөгөө талд Н.Алтанхуяг сайдад ч амаргүй байгаа. Бүлгийн хурал дээр бөө­нөөрөө боорлож байгаад асууж өгдөг гэм бий. Бас өмнөх дөрвөн жилд хамтарчихаад гээд дайрах хүмүүс ч олон байгаа учраас хал­гаж байгаа биз ээ. Нөгөө талдаа ойлгомжтой асуудал дээр бүлгийн хурал дээр тайлбар хийгээд байх шаардлагагүй хэмээж байж ч болох юм.

МАН бүлэгтэй болсон гэснээс энэ намынхны хөнгөхөн боловч хийж байгаа жижиг пиар нь "Ерөн­хийлөгчийн сонгуулийн хуулийг баталсны дараа бидний бүлэгтэй болох асуудал шийдэгдэв" гэсэн яриа. Бүлэгтэй болох боломж УИХ-ын анхдугаар чуулган хуралдахад л МАН-д байсан ч буруу ишилсэн сүх шиг хуульчид нь буруу замаар будаа тээлгээд олон сараар сул гишүүд шиг явуулахад хүргэсэн. Тэгээд АН болон бусад намын гишүүдийг МАН-гүйгээр олон асууд­лыг шийдэхэд хүргэснийг өөрсдийн­хөөрөө тайлбарлахаа тэд мартсангүй. Хамгийн сүүлд гэхэд л Ерөнхийлөгчийн сонгуу­лийн хууль батлагдаж байж  бид бүлэгтэй боллоо гээд байгаа. Үнэн­дээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль нь Монгол Улсад Ерөн­хий­лөгч болох хүнийг сонгох үйл явцыг тодорхойлж өгч байгаа хууль боло­хоос одоогийн Ерөнхийлөг­чийн асуудлыг шийдэж байгаа хууль биш билээ. Энэ хууль батлагд­санаар дараа, дараагийн олон удаад Ерөнхийлөгчөө сонгоход, урьдын адил амралтын өдөр сон­гууль нь болох уу, сүүлийн үед хүмүүст таалагдаад байгаа шиг ажлын өдрийг сонгуулийн өдөр болгоод амрах уу гэх зэрэг олон зохицуулалтыг шийдсэн. Түүнээс найман хүүхэдтэй айлын отгон хүүхэд нэр дэвших эрхтэй гэх мэтээр Ц.Элбэгдорж гэдэг хүнд зориу­лагдсан зүйл байхгүй гэдгийг ялгаж салгамаар байгаа юм. Улстөрч­дийн хувьд энгийн иргэдэд үл ойлгогдох байдал төрүүлэхээр явуургүй энэ мэтийн улс төрийг хийх нь элбэг юм даа. Бүр хүмүү­сийн тархийг угааж, хэвлэл мэ­дээллийн хэрэгслүүдээр санаатай эсэх нь мэдэгдэхгүй зөрүүтэй мэдээ­лэл тараах нь ч харагдах юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн төс­вийг хэлэлцэх үеэр сонгуулийн төсвийг Ерөнхийлөг­чийн тамгын газрын хөрөнгө мөнгөтэй зөрүү­лээд л бичсэн байгаа нь харагдсан. Тэс өөр зүйлүүд шүү дээ. Ерөн­хийлөгчийн сонгуулийн төсөв бол УИХ-д суудалтай улс төрийн намуудаас тодорсон хэд хэдэн хүний дунд улс орон даяар болох сонгуулийн төсөв. Гэтэл үгэн дээр тоглоод л хүмүүст хүргэчих гээд үзээд байх юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЧИМЭЭ

Дөрвөн жил тутамд хэвлэл мэдээллийн хуудаснаа ийм гарчиг­тай тоймууд гарч эхэлдэг. Хэдий­гээр зарим хэвлэлээр нэр дэв­шихээр яригдаж байгаа гэсэн нэрс гараад эхэлсэн хэдий ч яг үнэндээ нарийн яриа хөөрөө нь эхлээ ч үгүй байгаа гэх. АН-ын хувьд нэр дэв­шигчийн тухайтад яриад байх зүйл байхгүй, харин Цагаан сарын дараагаас улс төрийн намуудын сонгуулийн өмнө хийдэг шиг судал­гаа руугаа орно гэлцэж байгаа аж.  МАН-аас сүүлийн үед УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Ерөнхий­лөг­чийн сонгуульд нэр дэвшигчээр  тодруулахаар яригдаж байгаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэх болсон ч үүнийг давхар зорилготой мэдээ­лэл, зарим нэг зүйлд зориулсан сөрөг арга хэмжээ, ерөндөг гэж харж байгаа улс төрийн тоймчид олон байгаа юм. Үнэндээ МАН-ын хувьд хэнийг явуулахаа ч яриагүй, одоо­хондоо намын даргынхаа амыг л харж байгаа аж. Сүүлийн үед хэвлэлээр бас нэг явж байгаа мэдээлэл бол МАХН-ын даргын эхнэр О.Цолмон нэр дэвших санаатай яригдаж байгаа гэсэн яриа хөөрөө. Магадгүй өөрөө ийм бодол санаатай байхыг үгүйсгэхгүй ч тус намын хувьд санаанд оромгүй амжилт үзүүлсэн УИХ-ын сонгуу­лийн амжилтын хөөс нь улам бүр дарагдсаар байгаа. МАХН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эхний босгоо давах 45-аас дээш настнуудын нэрсийг жагсааж, гишүүдийнхээ дунд судалгаа явуулж байгаа нь үнэн аж. Тэр дунд нь О.Цолмонгийн нэр байгаа бололтой. Үнэндээ МАХН-д Д.Тэрбишдагва, Ч.Улаан гээд энэ сонгуульд өрсөлдчих сонирхолтой хүмүүс цөөнгүй байхад О.Цолмон гэгдэх нь юу л бол. Гэхдээ сон­гуулийн өмнө нэр дэвшилттэй холбоотой олон л мэдээ мэдээлэл хөвөрч байдаг шүү дээ. Аль ч улс төрийн хүчний хувьд тандалтын хэлбэрээр мэдээлэл цацдаг тэр үе шат нь эхлээд явж байна даа.

БОНД ХЭМЭЭХ

БОНДГОР

Толгойн дээрх бондойчихсон булдрууг байн байн цохиод байвал хэцүүхэн л байдаг сан. Энэ Засгийн газрын хувьд Бонд гэдэг сэдэв бондгор булдруу шиг л байх юм. Гэхдээ МАН-ынхан л энэ сэдвээр оролдож, булдруу шиг болго­чи­хоод байгаа хэрэг л дээ. Олон улсад анх удаа бонд гаргаж, санаанд оромгүй мөнгө босгож чадсан нь энэ Засгийн газрын хийж чадаж байгаа олон ажлуудын нэг нь. Чингэс нэртэй бонд олон улсад борлуулж, тэр мөнгө нь ороод ирсний дараахан МАН-ынхан "Бид­ний өнгөрсөн үед хийж байсан ажлуудын үр дүн л яваад байна. Бид нар ч бас бонд гаргаж борлуулж байсан" гээд хэвлэлээр яриад эхэлсэн билээ. Харин сүүлийн өдрүүдэд Засгийн газрыг буруутгахдаа их хэмжээний хүү төлөөд эхэллээ, тэр хөрөнгөөр тэдэн цэцэрлэг барих мөнгө хэмээж улс төрөө хийж байгаа харагдах юм. Иймэрхүү ажлыг бид ч хийсээр ирсэн гэж эхэндээ явуулах гэж үзээд олон нийт сонсохгүй боло­хоор нь одоо бондыг нь буруутгаж, үнэ хүндийг нь унагах ажиллагаа хийж эхлэх шиг. Ямартай ч Хөгж­лийн банк дансандаа хөрөнгөтэй болж, хөгжлийн бодлогуудаа дэм­жих хөрөнгөтэй болчихоод байгаа нь сайн хэрэг. Харин цаг алдахгүй томоохон хөрөнгө оруулалт шаард­лагатай ажлуудаа эхэлж, бондын хүүд мөнгө өгч байна гэсэн сөрөг улс төрийг зогсоовол дээр байх. Тэгэхгүй бол сөрөг хүчнээс нь явуулж байгаа бондоо зах зээлд яаран гаргасан, хөгжлийн хөтөл­бөрүүдээ тодорхой болгож, цаасан дээр эхний мөрүүдээ гаргасныхаа дараа хийхгүй, хүүнд нь сул мөнгө өгсөөр байна гэдэг ойлголт газар авбал муу. Үнэндээ ч одоо орж ирээд байгаа 1,5 тэрбум ам.дол­лар, ирэх жил орж ирэх 3,5 тэрбум ам.доллараа долоо хэмжиж нэг огтолж байж хянуур шийдэхээс ч аргагүй. Тэгэхгүй бол эргүүлж төлөх төслүүд шүү дээ.

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРҮҮД

 Шинэ Засгийн газрын шийд­вэрүү­дийг хүмүүс өөр, өөрийн­хөөрөө л ойлгож хүлээн авч байгаа. Дийлэнхдээ хийж бүтээж байгаа ажлуудыг нь эерэгээр хүлээн ав­сан. Тэдний хувьд ч бас шийдэхийг хүлээж байсан олон зүйлийг нь шийдэж, тийш анхаарлаа хан­дуулсанд нь иргэд дуртай байгаа. Гэхдээ сүүлийн үед "Будаач будаач гэхээр сахлаа будав" гэгчээр хэт асуудалд тулж орж байна хэмээн олон нийт дургүйцэх болсныг анхаа­ралдаа авбал зүгээр болов уу. "Дугаарын хязгаарлалтыг дий­лэнх хүмүүсийн эрх ашигт нийцэж байвал нэг өдрийн асуудал яамай байна" гэж хүмүүс үзэж байсан бол сүүлийн өдрүүдэд буруу талдаа жолоотой машины асуудлыг хөн­дөөд ирэхэд дийлэнх олонхи таа­гүй хандаж байгаа нь анзаарагдаж байна лээ.

Засгийн газрын зүгээс хийж байгаа сайн алхмууд байгаа ч бас алдаатай ажиллагаанууд гарч байгааг нь үгүйсгэх аргагүй. Үнийг тогтворжуулах хөтөлбөр гэж нэлээдгүй мөнгө зарцууллаа. Үнэхээр ч үнийг тогтоож байвал мөнгө зарцуулсан ажил нь үр дүнгээ өгч байна гэхсэн. Махны үнийг тогтвортой болгох 87 тэрбум, шатахууны үнийг барихад зар­цуулж нефть импортлогч компа­ниудад тараасан бага хүүтэй 167 тэрбум тэгээд хаана байна. Махны үнэ дээд оргилдоо хүрсэн өнгөрсөн жилийн өдийд хонины цул мах 7500 төгрөг байсан бол энэ жил 7000-7300 төгрөг, үхрийн ястай мах 7500-8000 төгрөг байсан бол одоо 7200-7500, ямааны цул мах 5500-5800 байсан бол одоо 5500-6000 төгрөг байгаа юм билээ. Тэгэхээр ингэж мөнгө тараачихаад өнгөрсөн жилийн өндөр үнээс бууж мах идэхгүй бол ямар хэрэг байна гэж МАН-ынхан нотолж байгаа бол АН-ынхан "Хуучин эрх баригчид шиг цаасан дээр мах бэлтгэхгүй. Хатуу хяналт дор махаа бэлдэж байгаа. Тиймээс махны үнэ ид өсдөг цагаар үнэтэй мах идэхгүй" гэлцэж байгаа билээ. Бас шатахууны үнийг нэмэхээр зэхэж, түгээх газруудаа хааж айлгаж байгаад 167 тэрбумыг авсан нефть импортлогч компаниуд үнээ саяхан өсгөчихлөө. Уг нь өсгөхгүй гээд л мөнгө авсан улсууд шүү дээ. Энэ мэт үр дүн нь гарахгүй үрэлгэн бодлогууд олширвол бас харам­салтай. Ямартай ч байдал хэрхэхийг нь харж л байя даа.

Намууд улс төр хийж өөр хоорондоо цэц булаацалдаж, өөр өөрийнхөөрөө тайлбарлаад байхаар хажуугаас нь харж байгаа ард олон бүр төөрөлдчих юм. Улс төрийн хүрээнийхний ярьж байгаа нь байдал дээрээ бас ямар байгааг Цагаан сарын өмнө анир­дахад ийм байх шив дээ.

Онцлох нийтлэлүүд