Сэтгүүлчид мухар сүсгээс ангид байж, шинжлэх ухаанчаар нийгмийг гэгээрүүлнэ


"Төр
нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ" гэж Үндсэн хуулинд бий. Төрийн байгууллага шашин, сүм хийдийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй гэж бас заасан байгаа. Зарим үед энэ алдагдаад байдаг. Томоохон албан тушаалтнууд шашны үйл ажиллагаанд оролцож, үг хэлж, сурталчилж харагдах юм. Шар дээл намируулаад гандан хийдээр явдаг нь ч байлаа. Дэргэдээ үзмэрч, төлөгчтэй нь ч байлаа. Ер нь бол манай төр шашны үйл ажиллагаа эрхлэхтэй адил үйл зөндөө хийсэн дээ.
Төр, шашин хоёр тусдаа. Угтаа бол төр шинжлэх ухааныг хөгжүүлэхэд анхаарч байх ёстой атал урсгалаар нь хаячихсан. Шинжлэх ухаанаа биш, шашнаа хөгжүүлээд улам дэврээгээд байгаа. Эрдэмтэн судлаачид нь ч энэ тухай дуугарахаа больсон. Дээр нь сэтгүүлчид ч хэт шашинжих, мухар сүсгээс ангид баймаар байна. Шашны дагнасан телевиз, хэвлэл нь үндсэн ажлаа хийгээд сурталчилдаг юм байгаа биз. Тэрэнд сэтгүүлчийн ч хэрэг угаас байхгүй. Сайн номлогч, менежмент хийдэг хүмүүс байхад л болох байх. Харин бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд ингэж шинжлэх ухаанч биш мэдээллийг олон нийтэд хүргэснээрээ нийгмийг төөрөгдөлд оруулж, илүү муу үр дагавар бий болгоод байгаа. Хэрэв дэлхий сөнөх тухай яриаг телевизээр гаргаагүй бол хэн нэгэн нь нүх ухаад ганцаар амьд гарах гээд тэмүүлэх үү. Зүв зүгээр ажлаа хийж явсан хүмүүс зуслангийн байшин руугаа юм уу, хөдөө хээр гэр бариад гарцгаах уу. Угаас хүн төрөлхтөн сүйрчихсэн байхад амьд үлдээд хаа холдох билээ. Янз янзын л арга хэмжээ авсан дуулдана лээ. Энэ зэрэгтэй өнгөрсөн нь болж. Нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн бол яахав. Ийм үед үймээн самуун их гардаг гэлцдэг. Үр дүн яах ч байсан билээ.
Хэрэг хүлээх чадваргүй гэх нэгэн бурхнаар бөөлжөөд, хэн ч харсан хүний биенээс гарамгүй том чулуу гаргалаа гэхээр нь сэтгүүлч гүйж очоод, үнэмшээд, олон нийтэд цацаад байх нь эмгэнэл юм. Хэвлэлээр гарсан юм худлаа байвал дахиж хэвлэл мэдээлэлд итгэх итгэл алдарна. Тухайн үед шар хэмээх олон хэвлэл гарч байсан ч иймэрхүү баримтгүй, үнэмшил муутай мэдээ, мэдээлэл, сүнс, босоо ороолон, хий үзэгдэл, чөтгөр, шулмын тухай борлуулалтаа өсгөх гэж мөн ч их бичдэг байсан даа. Аяндаа зах зээлээс шахагдаж тоотой хэд нь үлдсэн.
Хувь хүний шашин шүтэх эрх нь нээлттэй ч, бид шинжлэх ухааны эрин зуунд амьдарч байгаа гэдгээ санах ёстой. Шинжлэх ухаан гайхамшигтай нээлтүүдийг хийсээр байна. Тиймээс цэгцтэй ойлголтоор асуудалд ул суурьтай хандаж, элдэв шашин, бөө мөргөл, хараал чатга, хий үзэгдэл, сүнс сүүдэр бичиж ярьж үзүүлж, олон нийтийг гэгээрлийн замд биш, мунхралын замаар явуулах хэрэггүй юм. Үүндээ өөрсдөө үнэмшээд явчихдаг сэтгүүлчид ч байна. Энэ байдал маань нийгэмд нөлөөлөөд байна л даа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нийгмийг гэгээрүүлэгч байхыг хэвлэлийнхэнд уриалсан. Олон нийтийг гэгээрүүлэхийн тулд, мэдлэг мэдээлэл өгөхийн тулд ажилладаг болохоос сэтгүүлч бид харанхуй бүдүүлэг рүү чирдэг нь биш. Энэ талаар саяхан нэг нийтлэлч бичсэн байна лээ. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ч шүүгчдийг мухар сүсгээр асуудалд хандахгүй байхыг анхааруулж хуулийн заалт хүртэл оруулж байгаа гэсэн. "Ийм шашинтай учраас энэ хэргийг ингэж болохгүй байнаа" гээд сууж болохгүй гэсэн үг. Хоёр залуу сайдын санал санаачилга, хэлсэн үгс чихэнд наалдацтай зөв байлаа.
Нэг хэсэг айл бүр ламтай байсан бол одоо айл болгонд бөө байдаг болжээ. Үзүүлж харуулна гээд хэдэн төгрөгөө авч очоод эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон хүн олон байна. Өвдсөн хүн эмнэлэг бараадахын оронд шууд л илбэ шидийн хүчээр босч ирнэ гээд ийм л хүмүүсийг барааддаг болж. Илбэ хүртэл хуурдаг гэдгийг мэдсээр байж шүү. Ид шид байсан бол ажиллаж хөдөлмөрлөөд яах билээ.
Ингэж хэллээ гээд хүний шашин шүтэхийг боомилоод байгаа юм биш л дээ. Шашин шүтэх эсэх нь тухайн хүний л хэрэг. Хувьдаа би огт шашингүй хүн биш. Гэхдээ шинжлэх уааанчаар хандахыг илүүд үздэг. Хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаях хэрэгтэй. Хүнийг хүмүүжүүлдэг сайхан сургаал, номлол бишгүй л бий. Буддын шашны тэргүүн Далай лам ч шашинд XXI зууны хүн шиг хандахыг уриалаад байгаа. Шашин бол ёс суртахуун тогтоогч, уламжлал, хүн төрөлхтөний соёлын маш том өвийг хадгалан үлдсэн байдаг. Шашны олон урсгал дэлхийгээр л нэг байна. Авах юм олон бий. Хаях юм ч олон. Буян нүглийг ялгахаас эхлээд муу үйл хийвэл болохгүй гэдгийг бүх шашин номлодог. Гэлээ гээд шашны асуудалд бид шинжлэх ухаанчаар хандах ёстой. Өдөрт хичнээнээрээ нээлт хийгдэж байгаа шинжлэх ухаанд, бодит байдалд илүү итгэх нь дээр. Ялангуяа олон нийтэд мэдээллийг хүргэхдээ шинжлэх ухаанчаар хандаач ээ гэж л хэлэх гээд байгаа юм.
Тухайлбал Христийн шашны олон сайхан сургаал үгс байдаг ч зарим зүйл нь эргэлзээтэй санагддаг. Ертөнцийн эзэн дэлхийг бий болгосон гэдэгт би л хувьдаа итгэхгүй. Тэр эзнийг тэгвэл хэн бий болгосон юм гээд асуух зүйл байдаг. Тийм агуу эзэн юм бол өөрийнх нь бүтээсэн Адам, Ева хоёр яагаад диваажингийн цэцэрлэгийн жимсийг үгэнд нь орохгүйгээр идчихдэг юм. Бүтээл нь төгс болж чадаагүй юм биш үү гэх мэтээр олон зүйл эргэлзээ төрүүлж, асуулт хэвээр үлддэг.
Нөгөө талаар зарим улс орны хамгийн хэцүү асуудал нь шашин болчихсон. Шашин хоорондын мөргөлдөөнөөс болж байнгын дайн дажинтай нь ч бий. Гэхдээ шашныг үндэслэгч нар ч адилхан хүн байсан гэдгийг санаж байхад илүүдэхгүй. Зарим нь миний сургаалыг дагаагүй нь тамд унана гэх мэтээр ярьдаг бол өөр нэг нь шимтэн судалж, зөв гэж үзсэний үндсэн дээр дагаарай гэдэг. Нэг хэсэг шашин нь бусдыгаа огт хүлээн зөвшөөрдөггүй байхад өөр нэг нь бусдыгаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ аль ч шашны тэргүүнүүд хүртэл шинжлэх ухааныг үгүйсгэж чаддаггүй.
Бид шинжлэх ухаан нээсэн, баталсан зүйлд л итгэх хэрэгтэй үе ирчихээд байна. Сэтгүүлчдэд уншигчид итгэхээ байлаа. Улс төрчдийн дараа ортлоо шүүмжлүүлдэг хүмүүс сэтгүүлчид болоод байна. Ёс суртахуунгүй л гэнэ, мөнгө нэхдэг гэнэ. Дээр нь нэмээд мунхаг харанхуйг сурталчлаад эхэллээ. Яг л "Хуучин хүү"-гийн хөмөрсөн тогоонд буцаад оруулах мэт. Ямар сайндаа хэн нэгнийг шүүмжлэх, тэр хүний алдаа гаргасан талаар баримттай материал нийтлэхээр "захиалгаар бичиж" гэж л ярина. Хэн нэгний тухай сайн үйл хийж байгаа, эсвэл сайхан амьдралын замналтай хүний тухай магтаал сайшаал бичвэл "мөнгө аваад бичиж байна" гэнэ. Энэ мэтээр сайнаар ч саараар ч бичсэн итгэхээ байж. Тэд зөвхөн баримтыг л хүсч байна. Тийм уншигч, үзэгчийн өөдөөс мухар сүсгийн ичгэвтэр юм бичээд, үзүүлээд байхаар юу болохов.
Нэгэн үе зах зээлийн ид ороо бусгаа цагт баахан ид шидтэн, харь гаригийнхантай уулзсан нөхөд гарч ирсэн. Хэвлэлийнхэн түүнийг нь мөн ч их дөгөөсөн дөө. Эцэстээ бүгд л худлаа болох нь батлагдсан. Тэр хачирхалтай "шидтэнүүдийн" үе өнгөрсөн дөө гэж бодож байтал сэтгүүлч хүн хээвнэг "Үнэмшихгүй байхын арга алга" гээд олон нийтэд цацдаг байгаа.
Ямар ч үед ийм хүмүүс байж л байх юм шиг байгаа юм. Хялбар аргаар ашиг хонжоо хайх, алдар хүнд олох элдвийн зорилготнууд дуусах биш дээ. Манай сонин дээр ч бурхны элч, Чингэс хаан гэсэн нөхдүүд ороод ирдэг юм. Өөрийнхөө даашинзыг ураад "хуулийнхан ингэлээ" гээд ирдэг нь ч бий. Итгэсэнгүй, үгээ хэлэх эрх олгосонгүй гээд загнана гээч. За тэгээд чөтгөр , шулам, сүнс сүүдэртэй уулзсан гэх нь ч бий. Гэхдээ бид өөгшүүлэхгүй аргалаад л явуулдаг. Ялангуяа хаврын цагт олширдог юм, ийм хүмүүс. Үүнийг ялгаж салгадаг, ухаан сэтгүүлчид хэрэгтэй л дээ.
Саяхан бас л нэг бөө лекц уншина гэсэн зар яваад байна лээ. Мэдээллийн ивээн тэтгэгчээр нь зарим телевиз ажиллаж байгаа юм байх. Ингэх ямар хэрэг байна даа гэж бодогдож байлаа.
Мөн байгаль хамгаалах талаар хүмүүсийн идэвх ид сэргэж байгаа энэ үед мод, чулуу, могой хүртэл шүтээн болчих юм. Хамаагүй халдвал чөтгөр, шулам болдог юм байх. Бидний багад бол усанд сүү, цус усанд дусааж болохгүй гэдэг байв. Энэ бол байгалиа хайрлах өвгөдийн сургаал байж. Өвгөдийн ийм уламжлалт сургаалыг одоо хэт мухар сүсгээр өөрөөр тайлбарлах болж.
Сэтгүүлч бид нийгмийг гэгээрүүлэхэд гартаа үзэг гэсэн зэвсэгтэйгээр мордож болох ч олон нийтийн сэтгэл зүйгээр даажигнах эрх байхгүй билээ. Агуу их Данзанравжаа ч " Там там гэвч там хаанаас байхав, тамтаггүй явбал там чинь тэр буй за" гэж хэлсэн байдаг. Диваажин, там гэдэг хаа нэг газар оршихоосоо илүүтэй та бидний дотор л байдаг. Нийтийг гэгээрүүлэх замдаа мунхаг харанхуйг битгий санал болгооч, сэтгүүлчид ээ. Аль эртний хүн Данзанравжаа үүнийг гэтэлчихсэн байж шүү дээ.