Ц.МӨНХБАТ: Миний хоолойны чадал Ф.Киркоровын хэмжээнд хүрнэ


Дуучин Ц.Мөнхбаттай ярилцлаа.
-Нэлээд хугацаанд уран бүтээл хийж харагдсангүй. Одоо
юу хийж байна вэ?
-Хүний амьдралын жамаар гэр бүлээ
бүтээх гэж тодорхой хугацаанд уран бүтээлээ хойш тавилаа. Залуу, тэгээд урлагийн
хүний ар гэр бат бөх байх хэрэгтэй гэж би боддог. Бат бөх гэр бүлийг бүтээх хамгийн
том хөшүүрэг бол санхүү. Мэдээж сэтгэл чухал л даа. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх
гэж хувийн бизнес эрхлээд явж байна. Ямар ч байсан худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй,
эх орныхоо газар шороог худалдахгүй амьдарч байна.
-Бүл нэмсэн үү. Та чинь хоёр хүүтэй байх аа. Гэргийгээ
танилцуулахгүй юу?
-Тийм ээ. Хоёр дүрсгүй залуутай. Гэр
бүлийн маань хүн МУИС-ийг гадаад харилцаагаар төгсч дипломатч мэргэжил эзэмшсэн
сайхан бүсгүй бий. МИАТ-д ажилладаг.
-Дуучин М.Үүрцайх та хоёрыг хөгжмийн зохиолч Л.Балхжавын
шоунаас төрсөн уран бүтээлчид гэдгээр нь манай уншигчид сайн мэднэ. Тэр ч утгаараа
та хоёрыг хамтдаа уран бүтээл хийгээсэй гэсэн
хүлээлттэй хүн олон байх шиг санагддаг. Үүрээ юу хийж байгаа вэ?
-Тэгэлгүй яахав. Балхаа ахын шоунаас
төрсөн анхны дуэтууд шүү дээ. Үүрээ маань ээж болсон. Одоо хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа.
Бид хоёрыг хүмүүс Монголд болсон дууны анхны
уралдаанаас төрсөн дуучид гэж их ярьдаг. Тухайн үедээ шоунд орж зоригтойгоор гарч
ирсэн болохоор хүмүүс сайн мэддэг байх. Ийм тэмцээнд ороод амжилттай дуулж болох
юм байна шүү гэсэн урмыг олон залууст өгсөн байх гэж боддог юм. Харин өнөөдөр шоу, уралдаан, тэмцээн их болчихож.
-Та хоёр дахиад дуулах уу?
- Үүрээ бид хоёрын хувьд урлагаас бүр хөндийрөөгүй. Өнгөрсөн хугацаанд
зүгээр суугаагүй.Саячын өвөл гэхэд бид хоёр
"Хайр гэрэлтсэн харц" дуугаа сонсогчдодоо хүргэсэн байгаа. Одоо хоёр дахь цомгоо
гаргахаар бэлтгэж байна.
-Цомог чинь хэзээ
бэлэн болох вэ. Өнгөрсөн намар цомог гаргана гэж ярьж байсан санагдах юм?
-Одоогийн байдлаар зуун хувь бэлэн
болчихсон тав, зургаан дуу байна. Энэ эрчээрээ цомгийн ажилдаа шамдах юм бол ирэх
намар гэхэд бэлэн болчих байх. Бидний уран бүтээлийг дэмжиж, сонсдог та бүхэндээ
шинэ цомогоо толилуулах болно гэдгээ амлаж байна. Тодорхой шалтгааны улмаас цомгийн
ажил удааширсан нь үнэн.
-Ямар шалтгаанаар хойшилсон юм бэ?
-Шинэ цомог маань анхны цомог шигээ
болох гээд байсан юм. Цомогт багтаж байгаа
дуунууд маань өмнөхөөсөө ялгарахгүй адилхан болчих гээд болж өгдөггүй. Гэтэл
бидний уран бүтээлийг тэсч, ядан хүлээж байгаа
сонсогчдодоо нөгөө л дуулдаг дуугаа хүргэвэл муухай биз дээ. Фэнүүдийнхээ
урмыг хугалж, нэгэн хэвийн уран бүтээлээр хуурах сэтгэл, хүмүүжил бид хоёрт байхгүй. Тиймээс Үүрээтэйгээ ярилцаад хэсэг хугацаанд
цомгийн ажлаа ор тас барихгүй байхаар шийдсэн. Арай өөр өнгө аястай цомог хийхээр
шийдсэн. Уран бүтээлч хүний хувьд шинэ санаа
маш чухал. Дуугаа бүтээхдээ үг нь ямар байх уу, одооны залуус ямар үг хэрэглэж
байна гэдэг дээр нэлээд анхаарсан. Үгийн сонголтыг амьд бие гэж бодвол цохилох
зүрх нь. Ялангуяа Үүрээ дууны үгэнд их ач холбогдол өгдөг. Сайн ч сонголт хийдэг.
Хамтарч уран бүтээл хийнэ гэдэг нэгэн санаанд дуу нэгтэй нэгдсэний үндсэн дээр бүтээл
туурвихыг хэлдэг гэж би боддог. Тэр дундаа дуэт дуучид нэг гэр бүл шиг байх ёстой.
Өөрөөр хэлбэл би уран бүтээлийнхээ хувьд
ч гэсэн айл гэрийг авч явах ноён нуруу нь. Тийм болохоор шинэ санаа олохоос эхлээд
бүх зүйл дээр санаачлагатай ажиллахыг хичээдэг. Шинэ дууны үг бариад Үүрээ дээр
очихоор заримдаа шүүмжилнэ. "Ямар панаалтай,
худлаа үг вэ" гэж ирээд хайр найргүй шүүмжилнэ шүү дээ. Үүрээгийн нөлөө байсан
байх, аль болох амьдралд нийцтэй, үнэн үгээр дуугаа амилуулахыг хүсдэг болсон.
Угаасаа уран бүтээлч хүмүүсийн нэг үүрэг бол хүмүүсийн мэддэг хэрнээ анзаардаггүй зүйлийг уран бүтээлээрээ илэрхийлэх гэж боддог.
-Тэгэхээр Үүрээ, Мөнхбат хоёр энэ удаа фенүүддээ уянгын хайрын дуунаас арай зүйлээр бэлэг барина
гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Мэдээж хайрын дуугаа
дуулна. Гэхдээ хэдэн жилийн өмнө анх учирч буй залуусын хайр дурлал, үерхлийн тухай
дуулдаг байсан бол одоо арай өөр дуу дуулна. Дуундаа амьдрал шингээж дуулна. Бид
хоёр тус тусдаа өөрсдийн гэсэн амьдралтай аав, ээж болсон. Өөрөөр хэлбэл, намба
сууж, амьдралыг арай өөрөөр хардаг боллоо шүү дээ. Тиймээс шинэ дуунууд маань хүртэл
гэр бүлийн утга учир юу байх ёстой, аз жаргалтай амьдрал гэж юу болох гээд илүү
өөр амьдралыг өгүүлнэ. "Нар атгасан амьдралын минь бэлэг, намайг дуурайсан хүү минь
хамгийн том бэлэг" гэж ирээд дуулна даа /инээв/.
-Саяхан та хоёрыг хамтдаа шинэ жүжгийн дуу дуулсан гэж
сонссон?
-Тийм ээ. Яруу найрагч, зохиолч Ш.Гүрбазар
ахын "Гэрээс" жүжгийн дууг дуулсан. Анх энэ жүжгийн дууг дуулаач гэсэн санал ирэхэд
нь зохиолыг нь уншиж үзсэн юм. Тэгсэн чинь маш их таалагдсан. Жүжиг маань бэлэн
нөгөөдрөөс үзэгчдийн хүртээл болж эхлэх байх. СУИС-ийн жүжигчний ангийг 2003 онд
төгссөн төгсөгчид энэ жүжигт ангиараа тоглож
байгаа юм билээ. Арван дүртэй. Одоогоос арван жилийн өмнө яг арвуулаа төгссөн оюутнууд
олон жил уулзалдаагүй байж байгаад ойдоо зориулж жүжиг бүтээхээр шийдсэн юм билээ.
Хэдий цөөхөн хэд нь мэргэжлээрээ ажиллаж, бусад нь өөр өөрийн амьдралын зам мөрөөр
явж байгаа ч оюутны ширээнд юу сурч мэдсэн, одоо болтол урлагтаа хайртай байгаа
гэсэн хүсэл тэмүүллээрээ уран бүтээл хийсэн. Олон жил уулзаагүй нэг ангийнхны уулзалтын
тухай өгүүлэх маш сайхан жүжиг. Дуу нь гэхэд л
анд, нөхөрлөлийн утгатай гоё дуу.
-Та хоёроор дуугаа дуулуулах ямар нэг шалтгаан ч юм уу,
түүх байсан уу?
-Мэдэхгүй ээ. Бид хоёрын хоолойны
өнгө аяс жүжгийн зохиолтой зохицох байх гэж л бодсон байх. Үг нь хүртэл уянгын хэрнээ
энгийн аятайхан. Жүжгийн зохиолтой танилцаад хэлэх гээд байгаа утга санаа нь таалагдсан.
Тэгээд шууд л бид хоёр дуулъя гэсэн. Удаан уулзаагүй нөхөд минь уярал асган
тэврэлдэхийн цагт хэлж амжаагүй бүхэн эзнээ хүлээн чимээлэх... гэсэн үгтэй. Үг нь үнэхээр таалагдсан. Яг л миний хэлэх гээд
байгаа бүхнийг шүлгийн хэлээр хэлчихсэн байсан. Би 14 жилийн өмнө арваа төгсч
байлаа. Заримдаа ангийнхаа хүүхдүүдтэй
тааралдахаараа "хэзээ ангиараа цугларах бол"
гэж ярьцгаагаад салдаг юм. Бид ч гэсэн уулзвал ийм гоё байх болов уу гэж бодсон шүү. Дууг нь дуулахад л эрдмийн
өргөөнд шуугисан, гэнэн цайлган, дэггүй нас минь өөрийн эрхгүй нүдний өмнө урссан.
Тэгээд ч Гүрээ ахтай анх удаа драмын уран бүтээл дээр хамтарч ажиллалаа. Энэ чиглэлээр
хэр хол явахаа мэдэхэд илүүдэхгүй байх гэж бодоод хамтарч ажилласан. Магадгүй хүмүүст
хүрээд хол явах ч юм билүү /инээв/.
-Ингэхэд та СУИС төгссөөд хэдэн жил болж байна вэ?
-Найман жил болж байна. 2005 онд СУИС-ийн
дуулаачийн мэргэжлээр дүүргэж байлаа.
-Цаашдаа ганцаараа уран бүтээл хийе гэж боддог уу?
-Оросын дуучин Филипп Киркоровын уран
бүтээлийг голдуу сонсдог. Түүний өнгө аястай төстэй уран бүтээл хийхийг боддог.
Миний хоолойны чадал тэр чинээнд хүрнэ. Энэ утгаараа ганцаараа дуулсан нэлээд
хэдэн дуу бий. Гэхдээ анхнаасаа дуэт дуулаад
олонд хүрсэн болоод ч тэр үү хамтарч уран бүтээл хийхийг илүүд үздэг. Яагаад ч
юм нэг байхгүй болохоор айл эзгүйрдэг шиг санагддаг.
-Одоо уран бүтээлийн ажилдаа эрчтэй орсон юм чинь тоглолт
хийх үү. Манай урлагийнхан хэсэг нам гүм байж байгаад эргэн тайзнаа ирэхдээ тоглолт
хийдэг жишиг байдаг шүү дээ?
-Бие даасан тоглолтыг үзэгчдийн хүсэлтээр
хийдэг. Аяндаа хийх байх.
-Дуэт дуучдын хувьд хоорондоо нэр холбогдох тохиолдол
гардаг. Энэ байдал та хоёрыг ч тойроогүй. Одоо тус тусдаа гэр бүл зохиосон ч хааяа
эхнэр тань хардах ч юм уу асуудал тулгардаг уу?
-Бид хоёрыг хамтарч уран бүтээл хийснээсээ
хойш гэр бүлээ зохиоцгоосон шүү дээ. Хэрвээ Үүрээ бид хоёрын хооронд ямар нэг харилцаа
байсан бол ингээд тус тусдаа амьдрал зохиогоод явахгүй байсан. Тийм болохоор бид
хоёрын гэр бүлийн зүгээс хардаж, сэрдэх ч юм уу ямар нэг асуудал үүсгэдэггүй.
Д.ДАВААСҮРЭН