Засгийн газраа унагавал АН амиа хорлохтой адил


МАН-ынхан
намаа шинэчлэх тухай бүтэшгүй юм ярьж байх зуураа АН-ын Засаг огцрох тухай "бор шувуу" нисгэж эхлэв. Мэдээлэл янз бүрээр л явж байна. Анзаарах
нь ээ, зориудаар цацаад байх шиг.
Дараагийн Засгийн газрын тэргүүний нэрийг ч тодруулаад эхэлчихэж. Засагтай
холбоотой муу мэдээллүүдийг МАН-ын хаягтай
хэвлэлүүд шидээд байгаа. Наадмын дараа Засгийн газар унана гэдэг яриа
бол үнэн болтлоо хоногшиж байна. "Сайхан наадсан уу" гэхийн оронд "Засаг хэзээ огцрох
гэж байна" гэж улс төрийн хүрээнд ярих болж. МАН-ынхан Засгийн газар унагах юм яриад эхэлвэл гайхаад
байх зүйлгүй. Угаас сөрөг хүчний хийх ажил. АН-ынхан өмнүүр нь гүйж ороод өөрсдийгөө
дэгээдээд байх шаардлагагүй. Тэгээ ч үгүй
байх. МАН үүнийг дөгөөж байгаа нь тодорхой.
Н.Алтанхуягийн Засгийн газар ажлаа хийж л байна.
Яачихсан гэж солих гээд байгаа юм хэн мэдэхэв.
Мэдээж юу ч хийхгүй хүн алдаа гаргахгүй, хийж байгаа хойно алдаа оноо байгаа
л биз. Ямартай ч дараагийн Ерөнхий сайдын
нэрийг сөрөг хүчнийхэн нь тодруулаад л байна. Д.Дорлигжав, Х.Баттулга, Д.Бат-Эрдэнэ
гээд л чих дэлсэнэ. Н.Алтанхуягийг унагах тоглолтыг тэднийг хатгаж байгаад хагаралдуулах сонирхол МАН-д бий. Тиймдээ
ч "Ажнай" Д.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд болохыг хүстэл нь магтаж эхлэв. Цаг нь ирэхээр
хэн нь ч Ерөнхий сайд болох магадлалтай.
Ялангуяа Х.Баттулгыг намынхан нь байтугай нь Ерөнхий сайд болно гэж ярьдаг
шүү дээ. Тэгэхээр энэ бол томоос том яс хаялт явуулж байгааг илтгээд байна.
Засгийн газрыг унагах тоглоомондоо МАХН-ынхныг бас хавчуулжээ. Гүйцэтгэх товчоо нь хуралдаад юу юугүй Засгийн газраас гарах гэж
байна гээд л. Тэд тохироо ёсоор Н.Энхбаярыг суллахгүй бол Засгаас гарна хэмээн
айлгасан гэх. МАХН-ынхан нь харин энэ талаар
тодорхой хариу өгөөгүй байгаа. Гүйцэтгэх товчоондоо Н.Энхбаярын улаан фанатууд
иймэрхүү санал оруулсан ч Засгийн газрын
гишүүдийн олонхи нь хөдлөхгүй байгаа
гэнэ. Албан ёсоор энэ асуудлыг яриад шийдчихсэн нь үгүй. Ер нь бол МАХН цаад даргынхаа
шахалтанд орж байгаа. Тиймээс ч энэ тал дээр шийдвэр гаргаагүй ч хоёр талцаж байгаа
нь үнэн.
АН-ынхны хувьд юугаа булаацалдаж хэмлэлдэхэв дээ. Үнэн хэрэгтээ бол албан тушаалыг фракцууд адил
тэнцүү л хуваагаад авсан ш дээ. Муудалцаж
талцаж, тамын тогооны үлгэрээс биесээ татаж
унагаад байвал Ардчилсан нам өөдлөх ч үгүй, ажил явах ч үгүй. Магтсан хүүхэн хуриман дээрээ гэгч болж мэдэх л юм. Засаг огцруулах
талаар яаран мэдээлэл түгээгч нь МАН. Огцруултлаа өдий л дөө. Улс төр энэ зун биш,
намраас л бужигнаж эхлэх болов уу. Намууд
их хурлаа хийнэ. МАН шинэчлэл ярьсан хэдэн нөхөдтэйгөө тохиролцохын тулд намын
их хурлаа яаруулахгүй байгаа. Шахаа хийгээд байгаа залуусаас ганц нэг нь Удирдах
зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга болно биз. Ард нь байгаа ах нараас
нь хэн нэг нь намын дарга болно биз. За тэгээд хэдэн сонгууль дараалан унагасан
буруутныг хайж хэрэлдэх байх. Шинэчлэл гээч нь тэгэсхийгээд л дуусна.
Угтаа бол Н.Алтанхуягийн Засгийн газар
сайн л ажиллаж байна. Юу нь болохгүй байгаа юм. Урьд өмнө байгаагүй л бүтээн
босголт хийж байна. Шинэчлэлийн Засгийн газрын
рейтинг 65 хувьтай байгаа нь урьд хожид байгаагүй өндөр байгаа юм. Өмнө ямар ч Засгийн үед 50 хувиас дээш
гарч байгаагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд ч одоогийн Засгийн газрын үйл ажиллагаа, нийслэлээс хийж байгаа ажлууд их нөлөөлсөн. Өнгөрсөн сонгуулиудаар АН нэгдэж ажиллаж чадсан.
Нэгдэж хамтарч чадвал амжилтанд хүрдгийг мэдэхээрээ л нэг боллоо. Том эрх ашиг дээрээ
АН-ынхан нэгдэж чадсан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй биз. Өнөөдөр нэг жижигхэн улс төр
ярьж, фракцуудын сонирхлоос болж, бүтээн
байгуулалт зогсоосой гэж хэн ч хүсэхгүй байгаа.
Харин албан тушаалд горилогч, амиа хоохойлогчид л ийм юм сэднэ байх. Н.Алтанхуяг сонгуульд ялагдал хүлээсэн бол хариуцлага тооцох нэрээр унагачихъя гэхсэн. Хэд
хэдэн сонгуульд нам нь ялчихаад байхад ямар хариуцлага тооцох юм. Ийм практик хаана
ч байхгүй.
1996 онд эхэлсэн Засгийн газраа унагах ажилд АН-ынхан
өөрсдөө оролцсон. Дөрвөн ч Засгийн нүүр үзсэн дээ. АН-ын
"хөдөөгийн" гэх хэдэн нөхөд нөгөө намынхантайгаа нийлж байгаад сайн хувь
нэмэр оруулсан. Үүн дээр нь Н.Энхбаяр ч сайн
тоглосон. Ингэж урваач, шарваач, нам доторх самуурлаасаа болж АН тэр үед ёстой л
сүнсгүй арчуулсан даа. Гашуун туршлагаа бодвол АН-ынхан Засаг унагаж тоглохгүй л байлтай. Ялагдал гэдгийг л амссан даа, санаж байгаа бол. Засгийн газрыг унагахыг АН-ын зарим нь дэмжвэл
дотооддоо тэмцэлтэй байгаа МАН-ынханд бөөн
завшаан болно. Түүгээр явсан гайг үүгээр дуудна гэсэн үг. Нэг ёсондоо амиа хорлохтой л адил. Гэхдээ арай
үгүй байлгүй дээ.
Одоогийн Засгийг унагах тоглоом ч тийм л гайг дуудаж байна. Яахав
Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагачихъя. Тэгээд юу өөрчлөгдөх юм. "Алтан гадас" өшөөгөө аваад л эхэлнэ. Ажлаа зүгээр
хийж байхдаа өшиглүүлсэн хүн алгаа ташаад л баярлаж сууна гэж үгүй. Дараагийн Засгийн
газар хэнийх болох нь хамаагүй. Н.Алтанхуяг тооцоо бодож байгаад л унагана. Үүнд
нь МАН-ынхан баяртайгаар оролцоно. МАН-ыг оролцуулахдаа Н.Алтанхуяг ч тоохгүй. Бүр
цааш нь яривал МАН хэнийг ч унагахад бэлэн байгаа. Тэгэхийн тулд хэнтэй нь ч хор
найруулахад МАН хоёр гараа өргөөд л дэмжинэ.
Ер нь ч дэмжээд хүч өгөөд эхэлсэн. Хожил МАН-д ирнэ.
Ингэсээр засгаас засгийн
хооронд дөрвөн жил дуусна. Сонгууль болно.
Нөгөө намынхан нь АН-ыг баалах гол идэш тэр болно. Одоо бол АН-д өөр намынхантай сүлбэлдээд ч хамаагүй Засгийн
газрыг унагах сонирхолтнууд ганц нэг байхыг үгүйсгэхгүй. Сөрөг хүчин Засгийн газрыг
унагах юм яриагүй байхад сайн дураараа засгаа унагах юм бол өөдөө хаясан чулуу өөрийн
толгой дээр гэгч болно. Тэр хооронд бүтэлгүй ч гэсэн шинэчлэл ярьж байгаа МАН гоё харагдаж эхэлнэ дээ. Шууд л шинэчлэгдлээ гээд
зарлаад эхэлнэ. Дээр нь МАН-ынханд улс төр
хийх том шалтаг Ардчилсан намынхан өчигдөр гаргалаа. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын тэргүүлэгчид иргэдээсээ ч асуулгүй Сүхбаатарын талбайг Чингэс хааны нэрэмжит
талбай болгох шийдвэр гаргалаа. АН-ынхны олж авсан нэр хүндийг энэ шийдвэр харин
үгүй хийж орхих шиг болсон. Сошиал медиагаар зөвхөн энэ тухай л ярилцаж, олонхи
нь эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Хэтэрхий туйлширсан энэ шийдвэр иргэдэд таалагдахгүй
нь эндээс шууд харагдаж байгаа юм. Үүнийг
Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдээр батлуулсан ч цаана нь улс төр яваа, АН-ын
зарим өндөр албан тушаалтны сонирхол ч бий. Хэтэрхий намчирхсан иймэрхүү шийдвэр
бол харин МАН-ын аманд өөрсдөө гүйж орсонтой адил юм.