Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.07.26 12:07

Гавьяат жүжигчин Д.Гүрсэд: Даян хааны дүрд намайг биш Сүххуягийг тоглуулсан нь зөв болсон

"Мандухай сэцэн хатан" ки­но­ны Баянмөнх жонон, "Гэрлэж амжаагүй явна" киноны Энхээ, "Говийн зэрэглээ" киноны нисгэгч зэрэг олон сайхан уран бүтээлд дүрээ мөнхөлсөн Д.Гүр­сэд жүжигчин Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм алдрыг хүртсэн билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө таньд баяр хүр­гэе. Гавьяатынхаа найрыг хэзээ хийх гэж байна даа?

-Баярлалаа. Олон жил урла­гийн салбар, тэр дундаа кино урлагт дурлаж үлдсэний минь буян хишиг гэж бодож байгаа. Одоохон­доо зураг авалттай, завгүй байгаа болохоор намар аравдугаар са­раас гавьяатынхаа найрыг хийх бодолтой байна.

-Киноны зураг авалт уу?

-Онцгой байдлын ерөнхий га­зар­тай хамтарч байгалиа хамгаа­лах сэдэв бүхий баримтат киноны зураг авалтад гараад байна. Дараа нь бас нэг киноны зураганд гарах төлөвлөгөөтэй. TV5 телевизээс санаачилсан 25 анги­тай кинонд тоглоно гээд зуны улирлыг завгүй л өнгөрөөх нь шиг байна.  Ер нь он гарсаар зүгээр суусангүй.

 -"Хувь тавилангийн ээдрээ" олон ангит кинонд төрсөн ахтай­гаа тоглосон байх аа?

-Тийм ээ. Би эхээс тавуулаа, хамгийн бага нь. Бүгд эрчүүд.  Хамгийн бага ах маань найруулагч, жүжигчин Жигжиджав гээд надтай адилхан урлагийн хүн бий. Уншиг­чид "Цагаан дуганын гэгээ"-д тог­лос­ноор нь андахгүй байх. Саяхан цацагдсан "Хувь тавилангийн ээд­рээ" олон ангит кинонд бид хамт­даа тоглосон.

-Эцэг, эх тань аль нутгийн хүмүүс вэ? 

-Миний ээжийг Эвшин, аавыг маань Далхсүрэн гэдэг. Завхан аймгийн уугуул хүмүүс байсан. Аав маань насаараа цэргийн газар ажилласан их сайхан хүн. Аав цагтаа анхны нэгдлийн орлогч дарга явсан гэсэн. Нэг сонин юм хэлэхэд манайд аав бид хоёроос бусад нь цэргийн алба хааж үзээ­гүй. Аав Дорнодын Халх гол, Баян­тү­мэнд тулалдаж явсан дайны үеийн цэрэг. Тиймээс би ааваараа бахархдаг. Би ч гэсэн  Дорнодын Матад суман дахь агаараас эсэр­гүүцэн хамгаалах ангийн локотар­чин, ахлах түрүүч цолтой хүн ш дээ. Харин ээж маань маш сайхан хоол хийдэг тогооч хүн байлаа.

-Та Сэлэнгэ аймагт нэг хэсэг ажиллаж амьдарсан. Зарим хү­мүүс ярихдаа таныг фактлаад Сэлэнгэ рүү хуваарилагдсан гэж ярих юм билээ. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Мэр сэр хүмүүс тэгж ярьдаг байсан. Үнэндээ бол худлаа. Тэр үед би Улсын хүүхэлдэйн театрт найруулагчаар ажиллаж байлаа. Гэтэл Сэлэнгэ аймагт "Долгио" чуулга байуулагдаж даргаар нь МУГЖ Баадайжав гуай очсон байж л дээ. Тэгээд намайг чуулгынхаа найруулагчаар ажиллуулах хүсэл­тийг яаманд гаргаж намайг явуу­лахаар болсон тухай мэдэгдсэн. Яг тэр үед гэр бүлийн маань хүний бие тааруу, хүн хард үзүүлэхээр төрсөн нутагт нь аваач гээд байсан боло­хоор тэр саналыг үг дуугүй хүлээж авсан.

-Сэлэнгэд байхдаа та ямар ямар уран бүтээл хийсэн бэ?

-Намайг Сэлэнгэд найруулаг­чаар очиход хүнд байсан. Зах зээлийн давалгааны үеэр хөдөө битгий хэл хотын томоохон чуулга хүртэл хаалгаа барьж байсан үе. Аймгийн театрт урлагтаа үнэнч цөөн хэдэн уран бүтээлч л үлдсэн. Үүний ачаар чуулга маань эргэж сэргэсэн. Тус аймагт 10 гаруй жил ажиллахдаа урлаг, соёл, утга зо­хиолын арга хэмжээг найруулсан.  Мөн олон ч "Морин эрдэнийн дуулал", ардын дууны концерт, Өргөн Сэлэнгийн дуулал зэргийг найруулан тавьсан. Өргөн Сэлэн­гийн дуулал бол Монголын хам­гийн анхны шашин урлагийн наа­дам. Цам харайх, гал тахих зэрэг шашны бүхий л зан үйлийг нэгтгэн гаргаж чадсан тоглолт болсон.

-Хуучны сор болсон ихэнх кинонд та дүрээ мөнхөлсөн. Ер нь кино урлагт зүтгэснээс хойш хичнээн дүр бүтээгээд байна. Тоолж үзсэн үү?

-"Мандухай сэцэн хатан", "Саруул талын ерөөл", "Говийн зэрэглээ", "Их авхай", "Ширүүн тулааны өмнө", "Унаган хайр", "Төрийн сүлд өршөө" гээд 150 орчим уран бүтээлд дүр бүтээсэн байх юм. Үүнд богино хэмжээний кино бүтээлүүд ч орж байгаа.

-"Мандухай сэцэн хатан" киноны найруулагч танд Бат­мөнх даян хааны дүр өгчихөөд Баянмөнх жононгийн дүрд тог­луулсан гэдэг юм билээ. Тухайн үед шаралхаж, дургүй чинь хүрч байв уу?

-Уг түүхэн кино 11 сая төгрөгөөр бүтсэн томоохон уран бүтээл. 1986 оны 11 сая төгрөг бол их мөнгө шүү дээ. Уран бүтээлчдийн багт гэхэд л 5000 орчим хүн ажилласан. Ийм том уран бүтээлийг хийхэд цаг хугацаа, ачаалал гээд хөлс, хүч их шаардсан. Тиймээс найруулагчийн бие чилээрхэж Балжинням найруу­лагчид халаагаа өгсөн. Тэгтэл зураг авалт аль хэдийнэ эхэл­чихсэн байтал Балжинням най­руулагч зарим дүрд өөрчлөлт оруулж намайг Батмөнх даян хаа­ны дүрд тохирохгүй байна гээд Сүххуягийг хуваарилж, намайг Баянмөнх жононгийн дүрийг бүтээ гэсэн. Хүмүүс их гайхсан ч тухайн дүрийг хэнд өгөх нь найруулагчийн эрх учраас шийдвэрийг дагаж ажилласан. Энэ нь маш зөв сонголт байж гэж би одоо боддог. Тэр үед Сүххуяг нарийхан, гонзгой залуу, би болохоор биерхүү 90 кг жинтэй байсан юм. Балжинням найруу­лагчтай би өмнө нь "Саруул талын ерөөл", "Гэрлэж амжаагүй явна", "Говийн зэрэглээ" кинонд хамтарч ажиллаж байсан болохоор би түүний зөв гэж бодсон. Магадгүй би Батмөнх даян хаан тоглосон бол ширүүн, омогтой зан надаас гарах ч үгүй байсан юм билүү. Мандуул хаан чинь бас догшин хүн ш дээ. "Чи өөрөө өрмөө идээд хусмаа надад өгөөд байгаа юм биш биз" гэж хэлдэг хэсэгт жонон дүрс гээд уурлаад босоод ирсэн бол гал авалцах байсан биз дээ. Гэх мэт Балжинням найруулагч тухайн жүжигчнийхээ төлөв байдлыг сайн мэддэг хүн. Тиймээс би ерөөсөө муу санаж явдаггүй. Зуурсан гури­лаар тогооч юу хийхээ мэддэг шиг найруулагч хүн тухайн уран бү­тээлийг яаж босгохоо мэддэг.

-"Саруул талын ерөөл" кино­ны Нацагдоржийн дүргүйгээр таны залуу насыг дурсахгүй байхын аргагүй. Энэ тухай дур­сахгүй юу?

-Тэр үед би чинь цэл залуухан, бага ч байсан. Тухайн үед Нацаг­доржийн дүрийг бүтээх болсондоо  баярлахын хажуугаар больдог ч юм билүү гэсэн айдас төрсөн.

-Яагаад?

-Нацагдорж мундаг боловс­ролтой сэхээтэн хүн. Эх орныхоо төлөө бүхий л сэтгэл зүрхээ зо­риулж явсан мундаг түүхэн, бид­нээс алслагдсан  дүр. Ялангуяа түүний ойр орчимд хамаатан садан гээд байхаар хүн ховор. Хэн ч түүнийг ийм араншинтай гээд дүрс­лээд хэлээд өгчихөж чадахгүй. Гэтэл тийм дүрийг үзэгчдийн сэт­гэлд мөнхлөх үүрэг надад оногдож байна шүү дээ. Тиймээс жаахан бэргэж байсан. Гэхдээ найз, нөх­дийнхөө зөвлөснөөр энэ дүрийг бүтээж чадна гэсэн итгэл төрсөн. Нацагдорж маш цэвэрч, өглөө ажилдаа явахдаа гэрээсээ монгол дээлтэй гараад цайныхаа цагаар гэртээ ирэхдээ хятад хувцастай, орой нь бүжгэнд европ хувцастай ирдэг нямбай хүн байсан юм би­лээ.

Тэр бүү хэл, Нацагдоржийг ирээ­гүй тохиолдолд бүжиг эхэл­дэггүй байсан юм билээ. Түүнийг улс төрийн шалтгаанаар хэлмэг­дүүлэх бодлого нэн эртнээс төлөвлөгдөж байсан юм шиг санагддаг. Эх­нэрийг нь хүртэл гурван жил шо­ронд хоригдоод гарч ирэхэд нь хятадууд хар тамхинд оруулж, гэмт хэрэгтэн болгоод шоронд хорьсон байдаг. Яагаад гэхээр эхнэр Паг­мадулам нь мөн л гадаадад бо­ловсрол эзэмшсэн нөхрийнхөө үйл хэрэгт нөлөөлдөг сэхээтэн хүн байсан учраас хятадууд нөхрөөс нь холдуулж авч суусан байгаа юм. Энэ байдлыг л хүмүүст харуулах зорилготой кино л доо.

-"Говийн зэрэглээ" кинонд тоглосон ихэнх жүжигчид өөд болсон. Үүнтэй холбоотой яриа олны дунд байдаг. Энэ үнэн үү?

-Худлаа. Энэ яриа яаж тарх­саныг би мэдэхгүй.

-"Говийн зэрэглээ"-гийн нис­гэгч онгоцоо чадмаг жолоодож харагддаг. Хэр хурдан сурсан бэ?

-Яахав, бага зэрэг дад­лагаж­сан. Хажууд нэгдүгээр нисгэгч, би хоёрдугаар нисгэгчийн суудалд сууна. Миний зургийг авахын тулд нэгдүгээр нисгэгчийн суудал дээр оператор суугаад зураг авах ёстой. Тэр үед яах аргагүй жолоон дээр сууна. Энэ үеэр жаахан дадлага суусных ч юм уу, кино дууссаны дараа Сумхүү найруулагч "Би нисэх дуртай" киноны хоёрдугаар нисгэгчээр намайг авсан юм. Тэнд бол бүр овоо, агаарт жолоо аваад явчихдаг болсон. Харин бууж чад­даггүй байсан. Онгоц сэнсээрээ газар хатгах гээд буулт хийхэд хүндрэлтэй л дээ.

-"Говийн зэрэглээ"-д дандаа тухайн үеийн сор болсон уран бүтээлч тоглосон байдаг. Яаж энэ хүмүүсийг бүрдүүлсэн нь сонин байна?

-Цэвээнравдан маань хэлмэг­дүүлэлтийн үед Дундговийн хөдөө суманд хоёр жил клубын даргаар ажилласан. 1980 онд хот руу татаг­даж театрт ирсэн юм. Тэр үед Эрдэнэтогтох бид нар сургуулиа төгсөөд театрт дөнгөж жүжигчнээр ирж байсан үе. Доржсамбуу маань Багшийн дээдийн Кино, драмын ангид багшаар ажиллаж байсан. Ингэж бид нэг дор бөөгнөж, нэг уран бүтээлд хамтарч ажиллах гараа эхэлсэн дээ. Цэвээнравдан бол их хошин, мэдрэмжтэй, мундаг уран бүтээлч байлаа. Монголын хошин урлагийн нэлээн том тө­лөөлөгч шүү дээ. Доржсамбуу бол мундаг найруулагч. Дэлхийн сон­годгуудаас, тухайлбал "Нора"-г Монголын тайзнаа анх тавьсан хүн. Тэгсэн хэрнээ дүрд ордог. Кинон дээр Арслан Хашхүү захир­лыг модонд хүлж хонуулчихаад, Номинд загнуулаад холбооноос гараад явж байгаа хэсэг байдаг даа. Тэр зургийг авах үед Доржсамбуу "Дугуйгаа өшиглөчихвөл хөлөө хугалчих байх даа" гэснээ "Өө, энэ хувинг энд тавьчихъя. Хувинд л уураа гаргасан хүн байгаа биз" гэх жишээтэй. Харин манай Оюун­цэцэг их чамбай, чадвартай жүжиг­чин байсан.

-Эрдэнэтогтох жүжигчин одоо хаана юу хийж байгаа вэ?

-Ойрд холбоо тогтоосонгүй. Хотод л амьдарч байгаа гэж сонс­сон.

-Та нар сайхан найзууд явсан биз?

-Тэгэлгүй яахав. 1987 оноос Монгол телевизийн шууд эфирт ордог байлаа. Нэг нэг том найраг­лалтай шууд л орж уншина. Тухайн үед гацах эрх байхгүй. Одоогийнх шиг ямар сүүлд нь таслаад мон­тажлана гэх юм биш. Ээлжит нэвт­рүүлгээс буугаад одоогийн UBS телевизийн байранд зурагт үзэж байгаад гартал Эрдэнэтогтох маань шилэн хаалга нэвт мөргөж гараад эрүүгээ, духаа зүсчихсэн. Телевиз үзэх гээд гэрлээ унт­раа­гаад өрөө бүдэгхэн байсан болоод тэр шилэн хаалгыг хараагүй хэрэг. Ер нь энэ мэт инээдтэй зүйл олон болно. Цэвээнравдан, "Гарьд маг­най" киноны  молиго Очирт тогло­дог Алтангэрэл, Эрдэнэтогтох, Доржсамбуу жүжигчин гээд бид хэд үнэхээр сайхан найзууд явлаа. Нэг нь өнөөдөр гэр барина гэвэл очоод тусалдаг. Нүүрс, модыг нь очоод буулгаад өгдөг тийм л сайхан нөхөд байсан даа. Хааяа жаргал зовлонгоо хуваалцаж ярилцангаа уучихна. Тэрнээс биш өнөөгийн залуус шиг нэвт архидалт ямар болох биш. Одоо ихэнх нь л бур­ханы оронд очсон болохоор хааяа хөөрөлдөх хүнгүй сэтгэл нэг л эзгүйрээд, цээж харанхуйлаад явчихдаг. Аргаа барахдаа хуучны хэдэн киногоо ээлжлэн тавьж үзэж тэднийгээ харж сэтгэлээ онгойлгох юм даа.

-Таны хувьд гавьяатын цол оройтсон юм шиг санагддаг уу?

-Яахав төрийн минь буян, урлаг, түмэн олны минь хайр ивээл харж үзлээ. Миний хувьд аль хэдэн жилийн өмнө хүртэх ёстой байсан юм гэж хэлэх дургүй. Мэдээж битүүхэн гордлого бол байсан.

-Гавьяатын цолыг юу дагадаг юм бол?

-Сар бүр 150 мянган төгрөг авах юм билээ.

-Таныг залуудаа их сайхан залуу байсан гэж хүмүүс ярьдаг. Хүүхнүүд араас чинь хэр гүйдэг байв?

-Залуудаа бусдын л адил уран бүтээлд хорхойсч, уран бүтээлээр хөглөгдөж явдаг байлаа. Яахав хөдөө кино зурагт яваад ирэхэд миний хаяг дээр зөндөө захиа ирчихсэн байдаг байсан.

-Захианд нь хариу бичиж байв уу?

-Үгүй ээ. Хүний юм бол хүний л юм байдаг гэгчээр амьдралын ханиа сонгочихсон гэр бүлтэй болсон хүн чинь хажуудахаа яалаа гэж гомдоохыг хүсэхэв. Захиа ирс­нийг нь хараад л өнгөрдөг байсан.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд